Монголын хүн амын тэн хагас нь эрх ашгаа эдэлж чадахгүй байна

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 17

-Ирэх 2024 оны сонгуульд эмэгтэй гишүүдийн квотыг 35-40 хувьд хүргэнэ-


Дэлхийн эдийн засгийн форумаас гаргадаг “Жендэрийн зөрүүтэй байдлын индекс”-ийн улс төрийн эрх мэдэл хэсэгт Монгол Улс 155 орноос 0.122 оноогоор 116-д жагсч, дэлхийн дунджаас доогуур хэвээр байна. 1992 оноос хойш Улсын их хурлын найман удаагийн сонгууль зохион байгуулагдсан. Эдгээр сонгуульд 605 их хурлын гишүүдийн төлөөлөл сонгогдсоноос давхардсан тоогоор 64 эмэгтэй гишүүн сонгогдож байжээ. Харин 1992 онд Улсын их хуралд эмэгтэйчүүдийн эзлэх хувь 5.3 хувь байсан бол өдгөө 17.1 хувийг эзэлж буй. Гэвч энэ нь Ази, Номхон далайн орны бүсийн дунджаас найм орчим хувиар доогуур үзүүлэлт юм.

Монгол Улсын 50.1 хувь, нийт сонгогчдын 52 хувь, хөдөлмөрийн насны 50 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг байна.

Иймд шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог 30-50 хувьд хүргэхээр Жендэрийн үндэсний хороо (ЖҮХ) болон бусад төлөөллүүд хамтран ажиллаж байгаа аж. Энэ талаар өчигдөр “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал эмэгтэйчүүдийн оролцоог  дэмжих нь” сэдэвт хэвлэлийн бага хурал хийлээ. Тус хуралд УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүн  Ц.Мөнхцэцэг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Илейн Конкиевич, ЖҮХ-ны Нарийн бичгийн дарга Т.Энхбаяр, МОНФЕМНЕТ Үндэсний сүлжээний Ерөнхий зохицуулагч Д.Энхжаргал, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Гүйцэтгэх  захирал Г.Гүнжидмаа, МҮХАҮТ (Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим)-ын дэргэдэх Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Б.Мөнхзул нар оролцож, санал бодлоо солилцов.

 

Ц.Мөнхцэцэг: Cонгуульд нэр дэвшигчдийн бэл бэнчнээс шалтгаалж ялалт байгуулах эсэх тогтолцоотой явсаар ирсэн

 

Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх хууль, эрх зүйн орчныг сайжруулах талаар УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүн  Ц.Мөнхцэцэг санал, бодлоо илэрхийлж, оролцлоо. Тэрбээр “Манай улс хүн ам цөөтэй, өргөн уудам газар нутагтай, байгалийн баялаг ихтэй орон. Хүн ам цөөн учир улсынхаа хөгжилд хүн бүр хувь нэмэр оруулдаг болгохын төлөө бодлогууд маань чиглэх ёстой. Тэр дундаа эдийн засаг, улс төр, батлан хамгаалах гэх мэт салбаруудад эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих шаардлагатай байна. Монгол Улсын иргэн л бол хэн, хаана төрснөөс үл шалтгаалан хөгжин дэвших боломжтой байж, эзэмшсэн мэдлэг боловсролоо нийгмийн хөгжилд зориулах боломжийг хангах ёстой.

Харамсалтай нь, өнөөдөр эмэгтэйчүүд улс төрд оролцоход асар их саад бэрхшээлүүд тулгардаг. 2011 онд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль батлагдсан. Гэвч энэ хуулийн олон заалтууд одоог хүртэл хэрэгжиж чадахгүй байна. Монголын хүн амын тэн хагас хувь нь эрх ашгаа эдэлж чадахгүй байгаа юм. Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн тухай хууль зэрэг гол хуулиар эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог баталгаажуулах ёстой байдаг. Тэгэхээр олон улсын байгууллагууд, НҮБ, Европын хамтын ажиллагааны байгууллага, Венецийн комисс зэрэг маш олон байгууллагууд “Монгол Улсын улс төрийн түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх хэрэгтэй байна” гэсэн зөвлөмжүүдийг удаа дараа өгч ирсэн.

Тиймээс Улсын их хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Улс төрийн намын тухай хууль, Намын санхүүжилтийн тухай хуульд реформ хийх зорилт тавин ажиллаж байна. Улс төрийн намын тухай хууль бол өнгөрсөн 30 жилийн хугацаанд үйлчилж ирсэн. Энэ хуулийн зарим нэг алдааг засах хэрэгтэй байна.

Монголын сонгууль богино хугацаанд, асар их мөнгийг зарцуулдаг. Сонгуульд нэр дэвшигчдийн бэл бэнчнээс шалтгаалж ялалт байгуулах эсэх тогтолцоотой явсаар ирсэн.

Монголын улс төрд мөнгөний нөлөө хүчтэй байгаагаас үүдэж эмэгтэйчүүдийн оролцоонд сөргөөр нөлөөлдөг. Иймд сонгуулийн мөнгөний нөлөөг багасгах, шаардлагатай тохиолдолд эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог дэмжих үүднээс нэмэлт санхүүжилтийг санал болгох, жендэрийн эрх тэгш байдлыг хангаж байгаа улс төрийн намуудыг төрөөс дэмжих заалтуудыг Улс төрийн намын тухай хуулийн төсөлд оруулж байгаа. Энэ хуулийг шинэчлэн баталснаар, монголын улс төрийг бохир мөнгөний урсгалаас цэвэрлэж, хүний эрх, жендэрийн эрх тэгш байдлыг хангахад дэвшил гарна хэмээн найдаж байна” гэсэн юм.

 

Хөгжлийн түншлэгчид жендэрийн тэгш байдлыг хангахад дэмжлэг үзүүлнэ

 

Үргэлжлүүлэн, хөгжлийн түншлэгчдээс гаргасан шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх амлалт өгсөн юм. Энэ талаар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Илейн Конкиевич “Монголын эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд хүрч ажиллахад санхүүжилтийн эх үүсвэр хангалтгүй, цалин хөлсгүй, тэгш бус халамж асаргааны ажил үүрэг хүлээдэг, дэмжлэггүй хууль эрх зүйн орчинтой байна.

Мөн мэргэжлийн ёс зүйн дабль стандартууд болон жендэрт суурилсан уламжлалт хэвшмэл ойлголтууд зэрэг нь эмэгтэйчүүдэд улс төрд оролцох тэгш боломж, нөхцөлийг бүрдүүлэхгүй байна.

Иймд Солонгосын Олон Улсын Хөгжлийн Агентлаг /КОЙКА/-аас санхүүжүүлж, ЖҮХ-той хамтран хэрэгжүүлж буй НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн хүрээнд хамтын амлалт боловсруулсан. Энэхүү амлалтаараа дамжуулан дараах зорилгоор дэмжлэг үзүүлж хамтран ажиллах болно.

Үүнд, хууль эрх зүйн орчин, санхүүжилтийн хүртээмжийг сайжруулж, хуулиар тогтоосон эмэгтэй нэр дэвшигчдийн квотыг 35-40 хувьд хүргэх, Монгол Улсын хэмжээнд ирээдүйн сонгуульд нэр дэвших боломжтой эмэгтэйчүүдийг бүх шатанд дэмжинэ. Мөн жендэрт суурилсан алагчлалыг бүх салбарт, бүх түвшинд ор мөргүй алга болгоно” гэлээ.

Мөн, шийдвэр гаргах түвшинд хүрсэн эмэгтэй улстөрчид хувийн болон мэргэжлийн амьдралдаа эрэгтэйчүүдээс илүү нийгмийн хяналтад өртөж, нэр хүнд, хувь хүнийхээ хувьд ихээхэн хохирол амсаж байгаад харамсаж байгаа талаар өгүүлсэн юм.

 

Сонгогчдын боловсрол сайн байж улс орон хүчирхэг удирдагчтай болно

 

“Эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээ”-нээс баримтлах бодлогын байр суурийг хүргэхээр МОНФЕМНЕТ Үндэсний сүлжээний Ерөнхий зохицуулагч Д.Энхжаргал уригджээ. Тэрбээр “Эмэгтэйчүүд урт хугацаанд эвлэлдэн нэгдэх хэрэгтэй юм байна гэсний үндсэн дээр “Эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээ” хоёр жилийн өмнө байгуулагдсан. Энэ байгууллага нь манлайлагч болох хүсэл эрмэлзэлтэй, улс төрийн сонгуульд нэр дэвших, улс төрд нэр дэвшигдээд явж байгаа эмэгтэйчүүдээс бүрдсэн. Одоогийн байдлаар 1316 гишүүн, орон нутагт 10 дугуйлантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Цаашдаа 21 аймаг, есөн дүүрэгт дугуйлангаа байгуулна. Монгол Улсын өнцөг булан бүрд дуу хоолойгоо хүргэхээр ажиллаж байна. Саяхан Дорнод аймагт 300 эмэгтэйчүүдийн чуулга уулзалт хийсэн. Маргааш Баян-Өлгий аймагт зохион байгуулна. Ийнхүү эмэгтэйчүүдийг улс төрд татан оролцуулахаар олон ажлыг давлагаалж хийж байна. Бид нарын зүгээс гарааны ижил нөхцөлийг бий болгох, төлөөллийн тэнцвэрт байдлыг хангахын тулд улс төрийн квотын тоог 50 хувьд хүргэх ёстой гэж үзсэн байгаа” гэв.

Мөн энэ үеэр Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, хамтын ажиллагааны талаар санал, бодлоо хуваалцахаар МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Б.Мөнхзул эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийн төлөө ажиллана гэж хэллээ. Тэрбээр “Манай байгууллага МҮХАҮТ-ын 1100 гаруй эмэгтэй захирлыг нэгтгэсэн. 21 аймагт салбар, нэгжтэй зөвлөл юм. Эмэгтэйчүүд бизнесийн салбарт оролцоогоороо 43 хувьтай байдаг.

Ямар ч байгууллагын ажлыг нугалдаг, хариуцлагатай гүйцэтгэдэг нь эмэгтэйчүүд байдаг. Гэтэл шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо тун хангалтгүй байна.

Хөгжлөөрөө тэргүүлдэг, хүний эрхийг дээдэлдэг Скандинавын орнуудын улс төрийн эмэгтэйчүүдийн оролцоо 53-аас дээш хувьтай байдаг. Мөн сонгогчдын оролцоо, боловсрол сайн байж улс орон хүчирхэг удирдагчтай болно. Биз­несийн салбар өнгөрсөн хугацаанд улс төрөөс ангид байхыг хичээдэг бай­сан. Харин одоо шийдвэр гаргах түв­шинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэг­дүүлэхийн төлөө ажиллана” гэж хэллээ.

 

Улс төрийн мэдээллийн 10 эх сурвалжийн нэгд нь л эмэгтэй эх сурвалжийг дурддаг

 

“Мэдрэмжтэй мэдээлье” хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнгийн талаар Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа танилцууллаа. Тэрбээр “Хэвлэл мэдээллийн ёс зүйн код 2015 онд батлагдсан байдаг. Үүний гуравдугаарт, хэнийг ч ялган гадуурхахгүй байх, хэвшмэл ойлголтыг халах тухай заасан билээ. Монголд 500 гаруй хэвлэл мэдээллийн байгууллага, 3000 орчим сэтгүүлч, уран бүтээлчид ажиллаж энэхүү кодыг мөрдөж ажилладаг.

Харамсалтай нь тоо, статистик дээр хангалттай үр дүн гардаггүй. Улс төрийн нийтлэл, бичвэрийн 10 эх сурвалжийн нэгд нь л эмэгтэй эх сурвалжийг дурддаг. Мөн 20-30 хүн байнгын давтамжтай бичигдэж байдгаас 2-3 нь эмэгтэй байгаа юм. “Мэдрэмжтэй мэдээлье” хөтөлбөрт 200 гаруй сэтгүүлч нэгдсэн. Мөн BBC-ийн 50:50 хөтөлбөрийг монголын хэвлэл мэдээллийн зарим редакцууд нэвтрүүлж, тогтмол булантай болсон. Жишээлбэл, “Зууны мэдээ” сонин “Хэвшмэл байдлаа өөрчилье”, “Эмэгтэйчүүдийн манлайлал” гэсэн хоёр тогтмол булан хөтөлж байна. “Gogo” сайт “Тэнцвэр”, Архангайн медиа групп “Мэдрэмжтэй бүтээнэ” гэсэн булантай болсон. Жендэрийн эрх тэгш байдлыг хангахад сэтгүүлч нарын үүрэг оролцоо маш чухал” гэдгийг хэллээ.

Ийнхүү Монгол Улсад шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо хангалтгүй байгаа нь жендэрийн эрх тэгш байдлыг хангах эрх зүйн орчин, нийгмийн тогтсон хандлага, улс төрийн намуудын хүчин чармайлт, эрэгтэйчүүд давамгайлсан улс төрийн орчин гэх мэт олог хүчин зүйлээс шалтгаалж байгаа талаар төлөөллүүд хэлсэн юм.

 

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(64.119.23.142) 2022 оны 11 сарын 17

Тэнэгтээд байгаарай, афган руу очиж амьдарцгаа.

0  |  0
Top