АНУ, Европын холбоо геополитикийн зорилгодоо хүрэхийн тулд эдийн засгийн саад тотгорыг бий болгох оролдлого хийж байгаа нь сөрөг үр дагавартай болно гэж Олон улсын валютын сангийн тэргүүн Кристалина Георгиева мэдэгдэв.
Георгиева Вашингтон Пост сонинд өгсөн ярилцлагадаа "Дэлхийн эдийн засагт хуваагдмал байдал гүнзгийрч байгаа нь миний санаа зовоосон асуудал юм. Үүний үр дүнд бид илүү ядуу, аюултай ертөнцөд нойрмог алхаж магадгүй юм. Хэрэв АНУ, БНХАУ-ын өрсөлдөөн дэлхийн эдийн засгийг эсрэг тэсрэг лагерь болгон хуваах юм бол дэлхийн эдийн засаг жил бүр 1.4 их наяд ам.доллароор буурч, Азийн бүс нутгийн алдагдал хоёр дахин их байх болно” гэв.
Болгар гаралтай Георгиева “Анхны хүйтэн дайны үеийг төмөр хөшигний нөгөө талд туулсан. Тиймээ, тэнд маш хүйтэн байсан. Хоёр дахь хүйтэн дайнд дахин орох нь маш хариуцлагагүй хэрэг” гэдгийг мөн онцолжээ.
ОУВС-гийн тэргүүн АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын үед ногдуулсан, Жо Байдены үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Хятадын бараанд ногдуулах татварыг сөрөг үр дүнтэй арга хэмжээний нэг гэж мэдэгдэв. Тэрбээр Украины мөргөлдөөний улмаас Москвад тавьсан хориг арга хэмжээ болон Вашингтон болон түүний холбоотнууд Оросын эрчим хүчний үнэд хязгаарлалт тавих оролдлогын талаар дурдаагүй байна.
АНУ, Хятадын эдийн засгийн жилийн худалдааны хэмжээ одоогоор 600 тэрбум ам.долларт хүрч байгаа бөгөөд тэд одоо ч гүн гүнзгий харилцаатай байгаа юм. Үүнээс гадна Евро бүс ойрын саруудад уналтад орох төлөвтэй байгаа тул эдийн засагчид энэ удаагийн хямрал гүехэн биш байх болно гэдгийг анхааруулжээ. Евро валютыг хэрэглэдэг 19 гишүүн орон ОХУ хоёрдугаар сард Украинд ямар ч шалтгаангүйгээр түрэмгийлснээс хойш ихээхэн дарамтад орсон. Кремлийн эсрэг хориг арга хэмжээ авч, Оросын байгалийн хийн импортыг гэнэт зогсоосноор эрчим хүчний хямралтай нүүр тулж, айл өрх, пүүсүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх шаардлагатай байгаа нь тус холбооны хэтийн төлөвийг харанхуй болгож, оны эхэнд таамаглаж байснаас нь бууруулахад хүргээд байна.
Европын холбооны гүйцэтгэх байгууллага болох Европын комиссоос гаргасан мэдээллээс харахад хэрэглэгчдийн итгэл есдүгээр сард түүхэн доод хэмжээндээ хүрсэн байна. Беренбергийн ахлах эдийн засагч Холгер Шмидинг евро бүсийн бодит (Инфляцад тохируулсан) дотоодын нийт бүтээгдэхүүн дөрөвдүгээр улирал болон ирэх оны эхний улиралд огцом буурч, нийт дүнгээрээ 1.7 хувиар буурна гэжээ.
Хямралын эрсдэл нэмэгдлээ
Бүс нутгийн өсөлтийн урьдчилсан тооцоогоор III улиралд өмнөх гурван сарын хугацаатай харьцуулахад 0.8-0.2 хувь хүртэл буурсан байна. Өнгөрсөн улиралд Бельги, Латви, Австри улсад эдийн засгийн уналт ажиглагдаж эхэлжээ. “BNP Paribas”-ийн Европын ахлах эдийн засагч Спирос Андреопулос энэ сарын эхээр CNBC-д өгсөн ярилцлагадаа "Энэ удаагийн хямралыг гүехэн гэж хэлэхгүй” хэмээжээ. Европын Төвбанкны ерөнхийлөгч Кристин Лагард энэ сарын эхээр хямралын эрсдэл нэмэгдсэн гэдгийг онцолсон.
Европын Төв банк энэ жил гурван удаа хүүгээ өсгөсөн бөгөөд цаашид ч хэвээр үлдээх төлөвтэй байна. Хүүгийн түрэмгий өсөлт нь зээлийн хүү нэмэгдэх, үнэ өсөх шалтгаан болж, эдийн засгийн өсөлтийг саатуулж болзошгүй юм. Морган Стэнли ирэх онд Евро бүсийн эдийн засгийн өсөлт жил бүр 0.2 хувиар бууруулна гэж таамаглаж байгаа бөгөөд Евро бүсийн эдийн засгийн хүчирхэг гүрэн болох Герман улсад хамгийн огцом уналт нүүрлээд байна.
“Төсвийн дэмжлэг чухал боловч инфляц нь аж ахуйн нэгжийн ашиг, өрхийн бодит орлогод дарамт учруулж, хөрөнгө оруулалт, хэрэглээг бууруулдаг. Мөнгөний бодлого нь санхүүгийн нөхцөл байдлыг чангатгаж, хөрөнгийн зарцуулалтын уналтыг нэмэгдүүлж байна” гэж хөрөнгө оруулалтын банкны шинжээчид онцолж байна.
Ц.ДАВААСАМБУУ
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )