Хаалттай хөршид хамтын ажиллагаа өрнүүлэв

2022 оны 11 сарын 30

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өмнөд хөршид албан ёсны айлчлал хийсэн нь цар тахлын дараах эдийн засгийн хүндрэлийг туулж байгаа Монгол Улсад ихээхэн ач холбогдолтой зүйл болов хэмээн шинжээчид хэлж байна.

Хамгийн гол нь Төрийн тэргүүний билгэ тэмдэг төдий айлчлал байсангүй, хоёр улсын стратегийн түншлэлийг сэргээх, ач холбогдлыг нэмэгдүүлэх, зарим гацаанд байсан төсөл хөтөлбөрийг урагшлуулах, шинээр санаж сэдэх гээд олон талын ашигтай айлчал байсныг дурдах нь зүйн хэрэг.

Үүнээс нэн чухал нь нүүрсний экспортыг нэмэгдүүлэх, хил гаалийн асуудлыг шийдвэрлэх байв. Өнөөдөр Монгол Улсын эдийн засгийн тулгуур хүчин зүйл бол өмнөд хөршид гаргаж буй коксжих нүүрс.

Тиймээс айлчлалын үеэр гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, ялангуяа нүүрсний экспортыг нэмэгдүүлэх, гол нь гацаагүй гаргах асуудлыг хөндсөн нь томоохон асуудлын нэг байв. Ерөнхийлөгчийн энэхүү хөндсөн асуудлыг Хятадын тал ч нааштай хүлээн авч, “Олборлох хэрээрээ нийлүүл, бид авахад бэлэн” гэдгээ дуулгав. Манай улс сүүлийн үед жилд дээд тал нь 31 сая тонн нүүрс экспортолж байсан бол айлчлалын үеэр 40-70 сая тоннд хүргэхээр тохиролцсон.

Энэ бол Ерөнхийлөгчийн айлчлалын онцлох сэдэв юм. Экспортын гол нэрийн бүтээгдэхүүн болсон нүүрсний нийлүүлэлт ихсэж байна гэдэг ажлын байр нэмэгдэхээс эхлээд улсын төсөв нэмэгдэж, эдийн засагт эргэлт бий болно. Засгийн газраас нүүрсний хулгайтай тэмцэж эхэлсэн чимэгтэй мэдээг ийнхүү Хятадад гаргах нүүрсний хэмжээг олон сая тонноор нэмж байгаа мэдээлэл нь олны анхааралд улам бүр оруулж ирж байгаа нь сайшаалтай.

Мөн нэг том ажил бол своп хэлцлийн хугацааг сунгах асуудал байв. Хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих зорилгоор Монголбанк, Хятадын Ардын Банк хооронд анх 2011 онд гурван жилийн хугацаатай, 5.0 тэрбум юанийн дүн бүхий своп хэлцлийг байгуулж байсан бол 2012, 2014 онд хэлцлийн дүнг тус бүр 5.0 тэрбум юаниар нэмэгдүүлж, 15 тэрбум юань буюу 6.0 их наяд төгрөгт хүргэсэн байна. Харин 2020 оны долдугаар сард эл хэлцлийг шинэчлэн байгуулж, хугацааг нь дахин гурван жилээр сунгасан байгаа нь ирэх 2023 онд дуусгавар болох учраас айлчлалын үеэр 15 тэрбум юанийн энэ хэлцлийн хугацааг дахин сунгахаар тохиролцов.

Тодотговол, манай улс 2023 онд Хятадад 6.0 их наяд төгрөг буюу 1.8 тэрбум ам.доллар төлөх ёстой ч энэ үеэр үүнийг хойшлуулж сунгахаар болжээ. Үүний хугацааг хойшлуулна гэдэг бондын мөнгөнөөс эхлээд гадаад дотоод өр зээл төлж байгаа үед ихээхэн ашиг тустай зүйл болов.

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэд хэдэн төсөл танилцуулаад байгаа ч хөрөнгө санхүү, гадаад дотоод нөхцөл байдлаас үүдэж эхэлсэн зүйлгүй байгааг дурдах нь илүүц хэрэг биз. Тэгвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүх айлчлалын үеэр хэд хэдэн том төслийн санхүүжилтийг шийдвэрлэв. Шуудхан хэлэхэд, гацаанд байгаа, зураг төсөлгүй, эхлээ ч үгүй төсөл хөтөлбөрийн санхүүжилт шийдэж байна гэдэг “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг урьд хөршөөр дэмжүүлж байна гэсэн үг. Хаяа хатган орших төдийгүй олон тал дээр хамтын ажиллагаатай явж ирсэн Хятадын тал ч буцалтгүй тусламж хэмээн өглөгийн гараа сунгав. Цар тахал, эдийн засгийн уруу дорой байдал гээд олон зүйлээс шалтгаалан, Төрийн хэмнэлтийн хууль батлан гаргасан. Тиймээс ирэх 2023 оны төсөвт хойшлуулж болох бүхий л бүтээн байгуулалтын хөрөнгийг царцаасан гэдгийг бид мэднэ. Ийм үед буцалтгүй тусламж авна гэдэг бас л том зүйл.  

Тухайлбал, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор төмөр зам доогуур дөрвөн нүхэн гарц барих төслийг Хятадын талаас 30 сая ам.доллароор санхүүжүүлэхээр болсон. Хотын удирдлага болон “Түгжээ” сайд Ж.Сүхбаатарын ярьж байгаагаар бол энэ төслийг хэрэгжүүлснээр Улаанбаатар хотын түгжрэл 20 хувиар буурна хэмээн мэдэгдсэн. Ямартай ч “Түгжээ” сайд Ж.Сүхбаатарыг ямар ч шийдэлгүй цахимд жиргэж суухад нүхэн гарцны санхүүжилтийг буцалтгүй тусламжаар шийдчихлээ. Үүнээс гадна Хүүхэд залуучуудын спорт цогцолбор, Урлагийн их театрын төслийг Хятадын талаас санхүүжүүлж өгөхөөр болжээ.

 

АЙЛЧЛАЛЫН ХҮРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРСАН САНАМЖ БИЧГҮҮД

 

1. Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр”,

2. “Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны хөгжлийн хөтөлбөр”,

3. “Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн Монгол Улсын “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв”-ийн дагалдах байгууламжийн төслийн ажил хүлээлцэх акт”,

4. “Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн сургуулийн төсөл (2 дугаар ээлж)-ийн хүлээлцэх акт”,

5. “Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Худалдааны яам хоорондын хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааны ажлын хэсэг байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичиг”,

6. “Эрдэс баялгийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Байгалийн нөөц баялгийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”,

7. “Олон улсын худалдааны “Нэг цонх”-ны хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Гаалийн ерөнхий газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гаалийн ерөнхий газар хоорондын ерөнхий хэлэлцээр”,

8. “Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад байгалийн хадлан өвс экспортлох ургамлын эрүүл ахуйн шаардлагын тухай Монгол Улсын Гаалийн ерөнхий газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гаалийн ерөнхий газар хоорондын протокол”,

9. “Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Үндэсний ойн аж ахуй, бэлчээрийн газар хоорондын гангийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, цөлжилтийг сааруулах, бэлчээрийг нөхөн сэргээх талаар хамтран ажиллах тухай санамж бичиг”,

10. “Монгол Улсын “Үндэсний урлагийн их театр” төслийн техник, эдийн засгийн үндэслэлийн судалгааг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газраас олгох буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын солилцох захидал”,

11. “Ерөнхийлөгчийн нэрэмжит хүүхэд, залуучуудын спорт сургалтын цогцолбор” төслийн техник, эдийн засгийн үндэслэлийн судалгааг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газраас олгох буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын солилцох захидал”,

12. “Монгол Улсын хилийн боомтын дэд бүтцийн бүтээн байгуулалтад тусламж үзүүлэх тухай төсөл хэрэгжүүлэх нэмэлт гэрээ (2)”,

13. “Улаанбаатар хотын “Автозамын түгжрэлийг бууруулах төмөр зам доорх гүүрэн байгууламж” барих төслийн санхүүжилтэд зориулсан Монгол Улсын Засгийн газар, Хятадын ЭКСИМ банк хоорондын тусгайлсан зээлийн хэлэлцээр”,

14. “Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Тяньжин хот хооронд ах дүү хотын харилцааг өргөжүүлэх тухай харилцан ойлголцлын санамж бичиг”,

15. “Монголын Үндэсний олон нийтийн радио, телевиз болон Хятадын төв радио, телевиз хооронд хамтран ажиллах хэлэлцээр”,

16. “Монголын Улаан загалмай нийгэмлэг, Хятадын Улаан загалмай хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.

С.ДАНЗАН

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ялгаа байнаа(64.119.27.187) 2022 оны 11 сарын 30

Бид л хөршөө хаалттай,хахир датуу гэж цоллох ч яс яривал хамгийн нээлттэй улс гэж болноо. Зөвхөн хамгийн сүүлийн жишээ л гэхэд коммунист намынх нь их хурлын дараа маш олон улсын өндөр дээд албаны хүмүүс нь ээлж дараалан зочилж байх жишээтэй. Дэлхийн ДНБ-ний барга 20 шахам хувийг хятад дангаараар бүтээдэг гэх олон улсын тоо баримт байлаг. Тэгвэл бидний ярьдагаар хаалтай юм бол яаж бүтээх билээ дээ. Хятадаас Европ руу жилдээ хэдэн зуун галт тэрэг ачаа явдаг гээд бод хаалттай юм бол юугаа явах билээ дээ.

0  |  0
Top