Энэ жилийн наадам ойрын арван жилд тохиохооргүй олон сайхан тэгш ой зэрэг тохиож байгаагаараа онцлогтой. Тэр ч утгаараа төв цэнгэлдэх хүрээлэнд цугласан наадамчин олон хөл ихтэй байна. Тэдний дундаас цэнгэлдэхийн хаалга болгон дээр ижилсэн ногоон фудволка өмсөж хажуугаараа өнгөрч байгаа иргэдийг “цэмцгэр наадацгаая" хэмээн уриалан зогсох залуус анхаарал татлаа. Энхийн төлөө үйлчлэх төрийн бус байгууллага Нийслэлийн захирагчийн алба, Зиг Заг компани хамтран сайн дурын болон оюутан залуус “Цэмцгэр-Улаанбаатар- Хоггүй наадацгаая” гэсэн уриатай самбарыг барин наадамчин олныг хоггүй байхыг уриалан Төв цэнгэлдэхийн хаалга болгон дээр зогсчээ. Анх бүртгэгдэхэд 700 гаруй сайн дурынхан байсан ч яг баяр наадмын үеэр 800 гаруй хүмүүс ирсэн байна.
Миний Улаанбаатар хоггүй байгаасай гэсэн үндсэн дээр оролцож байгаа сайн дурын болон Өмнөд солонгосоос оюутнууд уг үйлсэд оролцож байгаа ажээ. "Байн байн хэлээд байхаар хаясан хогоо аваад зогсохгүй сайхан наадаарай хэмээн урам өгөх хүмүүс олон тааралдлаа" хэмээн өгүүлэх тэдгээр залуус урамтай байх нь илт анзаарагдаж байв. Үнэхээр хэсэг залуус цэмцгэр наадаарай хоггүй наадацгаая хэмээн уриалж байгаа болохоор төв цэнгэлдэхийн хаалганы тэр хавиар хоггүй цэмцгэр байж чадаж байлаа. Харамсалтай нь хоггүй байхыг уриалсан залуусын дуу холдсон төв цэнгэлдэхийн үүд болон бусад зайдуу газар хог ихтэй харагдана лээ. Өөрсдөө баярлаж цэнгэхээсээ илүү наадамчин олноо уриалан хог бүрийг тосон авч уутанд хийж байгаа сайн дурынхныг хараад бахархах сэтгэл төрж байсныг нуух юун.
Б.Эрдэнэ.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )