Брайл үсгийн АРХИВЧ

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 12

Б.Гомбодорж гэх энэ залуу орчлонгийн зовлон түм түмээр хэмжигдэж байсан ч инээмсэглэхээ мартахгүй ямагт урагшаа тэмүүлсээр яваа нэгэн. Яагаад гэвэл тэр аливаа саад бэрхшээлийг зовлон гэж бодолгүйгээр өөрийнхөө төлөө тэмцэж буй.

Манай улсын хэмжээнд харааны бэрхшээлтэй 11 мянга гаруй иргэн байгаа тоон судалгаа бий. Нийтлэлийн гол баатар тэдний нэг хэдий ч өөрийгөө хөгжүүлж, бусадтай адил тэгш хөдөлмөрлөж, суралцах гэж маш их хичээсэн байна.

Тэрбээр 1998 онд Завхан аймагт айлын том хүү болж төржээ. Гэр бүлээрээ хотод ирж суурьшсан ч 2000-аад оны эхээр манай улсад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан тусгай цэцэрлэг байгаагүйн улмаас сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадаагүй байна. Эцэг, эх нь ажил хийхийн тулд хүүгээ 24 цагийн цэцэрлэгт өгсөн ч хоёр сар гаруй хугацааны дараа явах боломжгүй болжээ. Учир нь тус цэцэрлэгт тусгай хэрэгцээт боловсрол эзэмших шаардлагатай хүүхдийг сургах орчин муу, хараа хяналт тааруу зэрэг асуудал байсан учир цэцэрлэггүй үлдэх сонголттой тулав. Тиймээс хүү ихэвчлэн гэртээ цагийг өнгөрөөж, эмээгийнхээ хуучлах домог яриаг шимтэн сонсож хорвоог таньжээ.

Ерөнхий боловсролын сургуульд бага зэрэг оройтож орсон найман настай Б.Гомбодорж хичээлээ сайн хийхийн тулд өөрийгөө дайчлахаас өөр сонголтгүй болсон байна. Эцэг эх нь түүнийг XII ангиа төгстөл нь гараасаа хөтөлсөөр эрдэм номын захад хүргэжээ. Харин гэнэт төгсөх хавраа элсэлтийн ерөнхий шалгалт өгч өөрийгөө сорин их, дээд сургуульд элсэх бодол тээсэн талаараа ярихдаа түүний царайд мишээл тодорсоор байв.

Тусгай хэрэгцээт боловсрол олгох сургуулийн сургалтын систем нэлээд хоцрогдолтой хэдий ч Б.Гомбодорж хэзээнээс сонирхож ирсэн түүхийн хичээлээрээ ЭЕШ өгөхийн тулд цахим ном идэвхитэй сонсож түүхийн мэдлэгээ бататган хичээллэсэн байна.

Мөн монгол хэл, нийгмийн ухааны хичээлийн ЭЕШ-даа бэлдэхийн тулд багш нараасаа нэлээд тусламж авч шаргуу зүтгэсний үр дүнд амжилттай их сургуульд элссэн. Хичээлийн хоцрогдол, брайл үсэг дээрх материал хомс гэх мэт тоочвол дуусахгүй их асуудал байгаа ч сурах хүслээр дүүрэн байсан нь түүний онцлог гэмээр. Ингээд тэр МУИС-ийн оюутан болж, түүхч мэргэжлийг эзэмшихээр эрдмийн аянд гарав. Их сургуульд элсэх зунаа “Одоо л биеэ даая, тэгэхгүй бол насаараа хүний гар харж амьдрах юм байна. Би чадна” хэмээн өөртөө амлажээ. 11 жил суралцахад гэрийнхэн нь сургууль гэр хоёрын хооронд хүргэж өгч байсан учир гэнэт л өөрөө биеэ даагаад гадуур явна гэдэг амаргүй байсан гэнэ. Мөн тэр зун олон улсын сайн дурын байгууллагаас хэрэгжүүлсэн төсөлд хамрагдаж компютер дээр ажиллаж сурч, брайл үсгийн кэйбоардтай танилцжээ. Мөн компютерийн үйлдлийг дуун хэл рүү хөрвүүлэх программ ч ашиглаж сурсан байна. Иймээс тэр компютероо ашиглан бусад оюутнуудтай зэрэгцэн сурах боломжтой болов.

 

“АМАН ӨВ”-ИЙГ ЦАХИМЖУУЛАГЧ

Түүний өглөө 07.00 цагт босоод гэртээ хувийн бэлтгэлээ базааж цайгаа ууснаар эхэлнэ. Удалгүй гэрийнх нь ойролцоо буудал дээр ажилчдын автобус ирмэгц ажилдаа явснаар цааш үргэлжилж өдөр нь цайндаа орж ажлаа хийсээр 17.30 цагт тардаг байна. Гэр хол учраас ажилчдын автобус байдаг нь сайхан гэдгийг тэр дурдлаа. Мэдээж ажилдаа очоод өрөө тасалгаан дундаа орчны чиг баримжаагаа олоод давгүй ажиллачихдаг гэдгийг цуг ажиллагсад нь ч хэлж байлаа.

Б.Гомбодорж өдгөө Архивын ерөнхий газрын Цахим төвийн цахимжуулалт хариуцсан ажилтан гэх албыг хашиж буй. Ажилдаа ороод аль хэдийн 10 сар гаруй болсон тэрбээр “Оюутан байх, татвар төлөгч болох хоёр нэлээдгүй ялгаатай байна шүү” хэмээсэн юм. Мөн байгууллагын удирдлагын зүгээс “Архивын газар харааны бэрхшээлтэй иргэн ажиллаж болох орон тоо төдийлөн хомс, гэхдээ манай ажилтан Б.Гомбодорж өөрөө хөдөлмөр зүтгэл сайтай, түүхэд дуртай, чадвартай учир манайд ажиллаж байгаа” хэмээн дурдаж байв.

Мэдээж тэр их сургуулийн түүхийн анги төгссөн, шилдэг төгсөгч учир архивын ажилд дур сонирхлоороо хөтлөгдөн мэрийсээр байна. Одоогоор тэр “Аман өв” хэмээх төслийн аудиог сонсоод текст хэлбэрт буулган цахимд нийтлэх ажлыг гүйцэтгэж буй.

 

БРАЙЛ ҮСГИЙН НОМ ХҮРТЭЭМЖТЭЙ БОЛ...

 

Тэр зөөврийн компьютерийнхоо ард суумагцаа оффиссын хэрэглээний программ болох word, excell, powerpoint дээр төвөггүй ажиллаж байлаа.

Б.Гомбодорж “Хөгжлийн бэрхшээлтэй иргэн техник технологи ашиглаж байж л бусадтайгаа хөл нийлүүлэн алхах боломжтой байгаа. Тусгай сургуульд математикийн хичээлд тоо бодуулах нь бодуулна. Гэвч математикийн брайл үсгийн стандарт бага зэрэг ойлгомжгүй учир асуудалтай байсан. Ерөнхий ойлголт өгөх боловч яг бодолт хийхэд хэцүү учир жирийн хүүхдүүдээс их хоцорно. Энэ асуудлаас болж математик суурьтай хичээлээр элсэлтийн шалгалт өгч цаашид их сургуульд мэргэшихэд хүндрэл үүсдэг.

Миний хувьд нийгмийн шинжлэх ухааны чиглэлээр суралцсан тул хүндрэл харьцангуй бага байсан. Намайг суралцаж байх хугацаанд МУИС-ийн хэмжээнд өөр харааны бэрхшээлтэй оюутан суралцаж байгаагүй юм билээ. Их сургуулийн багш нар маань их сайн хүмүүс байсан. Ихэнх нь энэ хүүхдийг яаж сургах вэ гэж их сэтгэл гаргасан. Оюутан байхад сургууль гэрийн хооронд ирж очиход орчны бэрхшээл их таарахаас илүүтэй хичээлийн даалгавраа хийхдээ хүн гуйж цаасан номыг уншуулах нэлээд хүндрэлтэй байсан. Дургүйцэх цөөнх байвч ихэнх нь уриалгахан тусалдаг байсанд маш их талархдаг.

Орчны саад бэрхшээлийн тухайд энэ орчлонд 100 хувь өөгүй сайхан орчинтой газар үгүй л байх. Гэхдээ Япон улсад харааны бэрхшээлтэй хүн бүрэн хараатай юм шигээр өөрийгөө мэдэрч чаддаг гэж тийшээ явсан танилууд маань хэлдэг. Бүх юм нь тэгш хүртээмжтэй байдаг учир заримдаа өөрийгөө хараагүй гэдгээ ч мартсан байдаг гэж хуучилсан шүү” гэв.

 

БИЕСЭЭ ТӨВӨГШӨӨХ ХАНДЛАГА БУСДЫН ХӨГЖИХ ЭРХИЙГ ЗӨРЧДӨГ

 

Их сургуулийн он жилүүддээ тэрбээр оюутны илтгэх урлаг, мэтгэлцээний клубт идэвхитэй явжээ. Бага байхын нэлээд дуу муутай хүүхэд байсан тул өөрчлөлт хийхийн тулд бусдын өмнө ярьж өөрийгөө илэрхийлэх хэрэгтэйг ухаарсан байна. Клубт явснаар зөвхөн илтгэл хэлэлцүүлж, мэтгэлцээн сурсангүй. Олны дунд орж халуун дулаан сэтгэлтэй нөхдийн тус дэмжлэгээр сургуульдаа тэр ганцаардаагүй аж.

Найзууд нь түүний гэр рүү очих чиглэлийн автобусыг харж, хэлж өгнө. Хааяа сургуулийн коридорт замчилна, цуг хооллоно, цаасан номноос хэрэгтэй хэсгийг нь уншиж өгөх гээд багадахгүй их тус хүргэжээ. Мөн шинэ жилийн баярын үдэшлэгт ч оролцож баяр хөөртэйгөөр оюутан насаа үдсэн байна. Өвөл гудамж талбайд хальтиргаа гулгаа ихтэй, тусгай тэмдэглэгээтэй зам хүрэлцээгүй.

Гэхдээ сүүлийн жилүүдэд орчны нөхцөл байдал бага, багаар гэлтгүй сайжирч байгаад баярлаж байгаагаа манай нийтлэлийн гол баатар дурдлаа.  Манай оронд амьдардаг нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ердөө хоёр хувь нь дээд боловсрол эзэмшжээ. Тэдний суралцах явцад тулгардаг саад бэрхшээлд сургалтын орчин, амьдрах нөхцөл, боловсролын тогтолцооны асуудлын аль аль нь нөлөөлдөг байна.

Харин Б.Гомбодорж үүнийг хүмүүсийн сэтгэлгээ, бусадтай харилцах хандлагатай ч холбоотой гэж үздэг аж. “Ялгаварлан гадуурхах, бие биеэсээ төвөгшөөсөн хандлага тусгай хэрэгцээт хүмүүсийг гэртээ л суудаг хүн болгоход нөлөөлдөг” гэсэн юм. 

Энгийн жишээ гэхэд л хоёр жилийн өмнө төв талбайд болсон жагсаалд очиход тэнд байсан хоёр эмэгтэй түүнд хандан “Үгүй ер, чи одоо энд юугаа хийж ирсэн юм бэ. Зүгээр харьсан дээр байх. Яах гэж ч яваа юм” хэмээн ёжилсон байна. Мөн тэрбээр түүхийн ангид элсэн суралцаагүй бол Шашны дээд сургуульд элсэж буддын гүн ухаантай танилцах хүсэлтэй байжээ. Гэвч сургуулийн захиргаанаас түүнд хариу өгөхдөө сургалтын орчин, заах арга барил дутмаг учир татгалзсан гэж хэлээгүй. Харин шашин номын үүднээс муу ёр, билэг дэмбэрэлгүй явдал болно хэмээн сургахаас татгалзжээ.

 

ХЭЛ СУРЧ, НЭМЖ ХӨГЖИЖ ДЭВШИХ ЮМ САН

 

Хэрэв тэр XII анги төгсөх хавраа их сургуульд оръё хэмээн шийдээгүй бол өдийд “гэрийн мухар сахиад” суух байсан болов уу гэдгээ ч нуусангүй. Дийлэнхи эцэг эх тусгай хэрэгцээт хүүхдийг “Чи чадахгүй, гэртээ байж бай” гэж хүмүүжүүлдэг явдлаас болж олон хүүхэд мөрөөдлөө орхиж байж ч мэднэ гэсэн юм.

Мөн Б.Гомбодоржийн эзэмшсэн мэргэжил судалгаа, шинжилгээний төрлийнх учир үргэлжлүүлэн суралцаж мэдлэгээ дээшлүүлэх шаардлагатай. Үүний тулд тэтгэлэг аваад гаднын их дээд сургуульд суралцмаар байвч гадаад хэлний мэдлэг саад болж байгааг учирлав.

Ерөнхий түвшний англи хэл мэдэх ч мэргэжлийн түвшинд суралцах хэрэгтэй. Түүнчлэн Хятад хэлийг ч судлах хүсэл бий гэнэ. Харин шинээр хэл сурахад харааны бэрхшээлтэй иргэнд саад тулгарч байгаа юм байна. Тиймээс тэр яавал бие дааж англи хэлээ сайжруулах, шинэ хэл сурах боломж байгааг цаг үргэлж судалсаар байгаа ажээ. Түүнтэй ярилцаж дуусаад өрөөнөөс гарах хүртэл шинэ хэл сурвал өөрийгөө нэмж хөгжүүлж, илүү их боломжид хүрч болох итгэл найдвартай байгааг ярьсаар байлаа.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top