Эрхэм зочид оо, Эрхэмсэг хатагтай ноёд оо!
Энэ жилийн баяр наадам өнөтэй сайхан зун, түүхэн тэмдэглэлт ойнууд, амжилт бүтээл арвинтай цаг мөчид тохиож байна.
Үндэсний Их баяр наадам, Монголын тулгар төрийн 2220, Их Монгол улсын 805, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100, Ардын хувьсгалын 90 жилийн тэгш дүүрэн ойд зориулсан Төрийн хүндэтгэлийн дайллагад хүрэлцэн ирсэн Та бүхэнд өөрийн болон гэр бүлийнхээ нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлж хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Монгол түмний эрх чөлөөт сонголт, ажил үйлс нь жилээс жилд батжин бэхжиж, ирээдүйн хөгжил дэвшилдээ итгэл төгс тэмүүлж байна. Урьд өмнө тохиож байгаагүй шинэ сорилт, шалгуурууд ч гарч ирж байна. Энэ бүхнийг улс үндэснийхээ нийтлэг эрх ашгийг урьтал болгон даван туулахыг бид чармайн ажиллаж байна. Сайн үр дүнд хүрнэ гэдэгт би итгэлтэй байна.
Мөн манай оронтой хамтран ажиллаж ирсэн дэлхийн олон улс орон, олон улсын байгууллагуудад талархаж байгаагаа илэрхийлье. Монгол улсын хөгжил дэвшил бол зөвхөн монголчуудын төдийгүй манай улсын анд нөхөд, хөрөнгө оруулагчид, нийт хамтран зүтгэгчдийн бүтээл, ажил хэрэгч үйл ажиллагааны үр дүн юм.
Энэ жилийн наадам өргөн дэлгэр сайхан болж байна. Монголчууд бид наадмаар билэг ерөөлийн дээд хэлэлцэж шударга төгөлдөр, элдэв хэрүүл тэмцэл, агсам согтуугүй цэнгэлийн дээдийг эдэлж эрүүл энх тэмдэглэхийг хичээдэг. Энэ уламжлал улам өргөжин дэмжигдэх учиртай.
Баяр наадмын энэхүү сүүн хундагыг:
Монгол Улсынхаа хөгжил цэцэглэлтийн төлөө
Ард түмнийхээ аз жаргалтай амьдралын төлөө
Эрхэмсэг хатагтай ноёдын эрүүл энхийн төлөө өргөе!
2011.07.11
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )