Монгол Улсаас гарах их хэмжээний хоосон чингэлгүүдийг ачаатай болгон аялуулах анхны галт тэрэг Улаанбаатар төмөр зам (УБТЗ)-ын төв буудлаас энэ сарын 9-ний өдөр их үдийн үед хөдөллөө.
Өмнө нь импортын ачаанаас суларсан чингэлгүүд БНХАУ руу хоосон буцдаг байсан. Тэгвэл чингэлгүүдийг нэг терминалд цуглуулан дотоодын нэмүү өртөг шингэсэн экспортын бараа бүтээгдэхүүн ачиж, замдаа гарав. Ингэснээр төмөр замын орлого ашгийг нэмэгдүүлээд зогсохгүй жижиг дунд үйлдвэрлэгчид болон экспортлогч бизнесмэнүүдийг дэмжиж байгаа чухал онцлогтой тээвэрлэлт болж хөгжих анхны алхам болж байна.
ЧИНГЭЛГИЙН 2022 ДАХЬ ГАЛТ ТЭРГИЙГ СҮХБААТАР ӨРТӨӨНД ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ
Энэхүү экспортын шинэ тээврийн анхны галт тэргийг үдэн гаргах ёслол УБТЗ-ын Төв буудалд болж, УБТЗ ХНН-ийн удирдлага оролцож, экспортын галт тэрэгний машинист нарыг үдэж гаргалаа. Ёслолд төмөр замын гавьяат, ахмад ажилчид болон Оросын талын төлөөллүүд оролцсон ба УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын алба үүссэний 70 жилийн ой тохиож байгаад баяр хүргэв.
Энэ жил УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын алба үүсэн байгуулагдсаны 70 жилийн ой тохиож буйг ёслолд оролцсон УБТЗ ХНН-ийн нэгдүгээр орлогч дарга И.В.Милостных онцолж, өнөөдрийн экспортын галт тэргийг тус ойн нэрэмжит болгож буйг хэллээ.
Манай улс урд хөрш рүү экспортын галт тэргийг явуулж шинэ тээвэр эхлүүлж буйтай зэрэгцэн, мөн хойд хөрш рүү манай улсаар дамжин өнгөрч буй 2022 дахь Чингэлгийн гал тэргийг ОХУ-ын талд хүлээлгэн өгөх үйл ажиллагаа төмөр замын Сүхбаатар өртөөнд давхцан болж буйг тэрбээр онцоллоо.
УБТЗ ХНН Монгол Улсаар дамжин өнгөрөх чингэлгийн буухиа галт тэрэгний тээврийг сүүлийн жилүүдэд эрс нэмэгдүүлэн ажиллаж байна. Улс орнуудаар дамжин өнгөрч буй төмөр замын транзит тээврийн төлбөр тооцоо нь гадаад валютаар хийгддэг, өндөр ашигтай байдаг тул энэ нь манай улсын хувьд валютын нөөцийг бүрдүүлэхэд тодорхой хэмжээгээр хувь нэмэр болно гэдгийг хэллээ. УБТЗ ХНН анх 2015 онд 75 дамжин өнгөрөх чингэлгийн галт тэрэг аялуулж байсан бол 2020 оноос эхлэн 2000-аас илүү дамжин өнгөрөх чингэлгийн галт тэргийг аялуулж транзит тээврийг урсгалыг тогтворжуулжээ.
МУ-аар дамжин өнгөрөх ачааны хэмжээг нэмэгдүүлснээр тогтвортой тээврийн урсгал бий болж түүнийг дагаад УБТЗ болон шинэ тутам бий болох төмөр замуудаар ачаа барааны урсгал тасрахгүй ган зам дагаж ашиг, орлого тогтвортой болж олон мянган төмөр замчдын хөдөлмөрийн үр шимээ хүртэх урт хугацааны найдвартай бүтээгдэхүүн болно гэдгийг энэ үеэр онцолж байлаа.
НЭГ ГАЛТ ТЭРЭГНЭЭС 57.3 САЯ ТӨГРӨГИЙН ОРЛОГОТОЙ БОЛОХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ
Тус 70 жилийн ойн нэрэмжит галт тэрэг нь Улаанбаатар хотын Амгалан өртөөний терминалд цугласан ноос, өөхөн тос, самар, хивэг, рапс зэрэг хөдөө аж ахуйн 2049 тонн жинтэй барааг ачжээ. Энэ нь таван тээвэр зуучлагчийн 10 орчим илгээгч аж ахуйн нэгжтэй, 70 ширхэг чингэлэгтэй, 70 вагоноос бүрдсэн 980 метр урттай, 3440 тонн жинтэй чингэлгийн галт тэрэг аж.
Энэ талаар УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны дарга М.Цогтоос тодрууллаа.
Тэрбээр "БНХАУ-аас орж ирж буй импортын бараа ачсан чингэлгийн 95 хувь хоосон буцдаг байсныг экспортын ачаа бараагаар бүрдүүлсэн цуваа болгон буухиа галт тэрэг гаргаж байна. Ийм галт тэргийг бүрдүүлж илгээн Хятадын төмөр замд хүлээлгэн өгөх талаар хоёр талын түвшин нэлээдгүй хугацаанд ярилцан шийдвэрлэсэн. Цаашдаа сард 4-5 галт тэрэг, нэг галт тэрэг багадаа 50 вагонтойгоор, уул уурхай, эрдэс баялгаас гадна өнөөдрийнх шиг хөдөө аж ахуйн нэмүү өртөг шингэсэн экспортын бүтээгдэхүүнийг тээвэрлэх юм. Эх орны бараа бүтээгдэхүүн ачсан чингэлэг бүхий экспортын тээврийн галт тэргийг долоо хоногт нэг удаа явуулж байхаар зохион байгуулсан” гэв.
Мөн цааш үргэлжлүүлэн “Өөрийн өртгийн 34 хувиар зорчигчдоо тээвэрлэж байсан бол энэ өөрчлөлтийг хийснээр 48-50 хувь болж алдагдал буурч байна. Автобус 20 мянга, такси 30 мянган төгрөг байхад галт тэрэг 9000 төгрөг байгаа нь зардлаа ч нөхөхгүй, парк шинэчлэл хийхэд хүрэхгүй байсан. УБТЗ-ын үйл ажиллагааг сайжруулахын тулд экспортын хэмжээгээ нэмэгдүүлэх хэрэгтэй. Экспорт нэмэхийн тулд гарцаа нэмэх ёстой. Өнгөрсөн жилд 48 сая тонн экспортын ачаа тээвэрлэх захиалга ирснээс цар тахлын улмаас 7.7 сая тонныг л гаргаж чадсан. Монгол Улс нэмүү өртөг шингэсэн бараа бүтээгдэхүүн экспортлогч болохын тулд хоосон чингэлгүүдийг ашиглах шаардлагатай. Уг хоосон чингэлгийн урсгалыг ашигласнаар дэлхийн олон оронд чингэлгийн галт тэргээр ачаа бараа илгээх анхны замыг нээлээ" хэмээлээ.
Манай улсаас Хятадын Эрээн өртөөнд хоногт 1.5-2.5 хоосон галт тэрэг хүлээлгэж өгдөг байна. Энэ нь жилд 65-70 мянган TEU хоосон чингэлгийг вагонд ачиж гаргадаг буюу маш их зардал мөнгө, цаг хугацаа алддаг байжээ. Ийнхүү ачаатай гаргаснаар УБТЗ-ын орлого 40.8-98.2 сая төгрөг болж 57.3 сая төгрөгөөр буюу 2.4 дахин нэмэгдэх ач холбогдолтой аж. Манай улсад ирэх импортын ачааны 50 хувь нь чингэлгээр ирдэг бөгөөд үүний 95-98 хувийг хоосон буцаадаг байжээ.
ДЭЛХИЙН ӨНЦӨГ БҮРД АЧАА БАРААГАА ЧИНГЭЛГИЙН ГАЛТ ТЭРГЭЭР ИЛГЭЭХ АНХНЫ ЗАМЫГ НЭЭЖ БАЙНА
Экспортын шинэ тээврийн анхны галт тэрэг аялж эхэлсэн холбогдуулан УБТЗ ХНН-ийн Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан орлогч дарга Д.Амарбаясгалан сэтгэгдлээ хуваалцлаа. Тэрбээр “Энэ жил Эрээн-Замын үүд боомтоор орж ирсэн импортын тээврийн өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.2 дахин өссөн. Эдгээр ачааны 60 орчим хувь нь чингэлгийн тээвэр байдаг. Ийнхүү орж ирсэн чингэлгүүд буцаад хоосон гардаг.
Харин УБТЗ ХНН-ийн зүгээс нэмүү өртөг шингэсэн бараа бүтээгдэхүүнтэй төрөл бүрийн экспортын ачааг бүрдүүлэн вагонд ачуулж, чингэлгийн буухиа галт тэрэг болгон БНХАУ-ын төмөр замд хүлээлгэн өгөх анхны тээврийг зохион байгууллаа. Бид өмнө нь туршилтын галт тэргийг аялуулахад амжилттай болсон. ЖДҮҮ эрхлэгчдийн хувьд олон жижиг ачааг нэг чингэлэгт ачуулж байгаа нь давуу тал болж байна” гэсэн юм. Хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүн бүхий анхны Чингэлгийн галт тэргийг илгээж байгаа нь ирээдүйд Монгол Улс нэмүү өртөг шингэсэн бараа бүтээгдэхүүн экспортлогч орон болно. Цаашилбал хоосон чингэлгийн урсгалыг ашиглан дэлхийн өнцөг болгон руу ачаа бараагаа Чингэлгийн галт тэргээр илгээх анхны замыг нээж байгаа гэж үзэж байгаа хэмээн УБТЗ ХНН-ийн хамт олон итгэл төгс өгүүлж байлаа.
ЭХ СУРВАЛЖ
Сэтгэгдэл ( 0 )