“South China Morning Post”-д нийтлэгдсэн Монголын тухай нийтлэлийг орчуулан хүргэж байна.
Монголын өргөн уудам бэлчээрийн дийлэнх хэсэг нь цөлжилтөд өртсөн бөгөөд улам хурцдаж буй асуудал нь эдийн засагт асар их нөлөө үзүүлж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор Хятад, Монгол хоёр тал уул уурхай, хөдөө аж ахуйд өсөн нэмэгдэж буй аюул заналхийлж буй аюултай цөлжилтийн тархалтыг зогсоох хамтын хүчин чармайлтаа шинэчлэх бодолтой байна.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин өнгөрсөн сарын сүүлээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд хандан Хятад улс цөлжилттэй тэмцэх хамтын ажиллагааны төв байгуулах асуудлыг хэлэлцэхэд бэлэн хэмээсэн.
Монголд хуурай газрын эзлэх хэмжээ нэмэгдэж байгаа нь байгаль орчин, хүний хүчин зүйлийн нөлөөллөөс үүдэлтэй бөгөөд уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалж агаарын температур нэмэгдэж, хур тунадас багасах үед өргөн уудам бэлчээрийн дийлэнх нь эмзэг байдаг. Хамтын ажиллагааны гэрээнд хөрш зэргэлдээ орнууд сүйдсэн бэлчээрийг сэргээх, ойн бүрхэвчийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрхэн хамтран ажиллахыг тусгасан талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр "Пост" сонинд ярьжээ.
Мөн Хятад, Монгол хөрсний эвдрэлээс урьдчилан сэргийлэх судалгаа, шинэлэг технологи нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар төлөвлөж байгаа аж. Тэдний хамтын ажиллагааны төв нь доройтсон бэлчээрийн болон цөлжилтийн эрсдэлтэй газарт хамгийн тохиромжтой мод болон бусад ургамлыг суулгахад мэргэжлийн болон арга зүйн туслалцаа үзүүлэхэд чиглэх аж.
Цөлжилтийн тархалт нь тариалалтад чухал үүрэгтэй өнгөн хөрсийг эвдэж, хөдөө аж ахуйд сөргөөр нөлөөлж байна гэж БНХАУ-ын Олон нийт, байгаль орчны асуудал эрхэлсэн хүрээлэнгийн үүсгэн байгуулагч захирал Ма Жүн мөн онцолжээ.
Цөлөөс үүссэн шороон шуурга, элсэн шуурга нь уул уурхайн олборлолт, фермийн ажлыг улам хүндрүүлдэг. Монголоос үүдэлтэй зарим шуурга Бээжин, Өмнөд Солонгост хүрдэг. Сүүлийн 40 жилийн хугацаанд элсэн шуурга багассан ч 2021 оны гуравдугаар сард болсон элсэн шуурга дахин түгшүүр төрүүлсэн талаар Хятадын цаг уурын нийгэмлэгийн нэг судалгаанд онцолжээ. Хуурай уур амьсгалтай байгаагийн бас нэг шинж тэмдэг бол таван жилийн өмнө Орост эхэлсэн ойн түймэр Хятад-Оросын хилийн дагуу 600 метр орчим шатсан явдал юм.
Бээжин дэх “Economist Intelligence Unit”-ийн Хятадын эдийн засагч Сюй Тяньчень Монголын агаарын температурын огцом өөрчлөлт, уул уурхайн олборлолт, бэлчээрийн үйл ажиллагаа эрчимтэй хөгжиж байгаатай холбоотойгоор цөлжилтийн түвшин эрчимжиж байгааг онцолсон байна. Тэрбээр "Монголд цөлжилт тэлэх нь хот байгуулалт, хөдөө аж ахуйн зориулалтаар ашиглах боломжтой газар нутгийг улам бүр эвдэх болно. Хятадад Монголын хилийн чанх урд орших Өвөрмонголын хойд-төвийн уудам бүс нутаг нь 61 сая га (150 сая акр) цөлжсөн газар нутагтай” гэжээ.
Ойжуулалт буюу орхигдсон, эвдэрсэн хөдөө аж ахуйн газруудыг ой мод болгон хувиргаснаар Өвөр Монголын модны бүрхэвч 23 хувь, бэлчээрийн бүрхэвч 45 хувьд хүрсэн талаар Синьхуа агентлаг мэдээлсэн байна. Мөн 27 сая га талбайд бэлчээрийг хориглосон байна. Ойролцоогоор 40 жил үргэлжилсэн ойжуулалтын хүчин чармайлт, бэлчээрийг хязгаарлахын зэрэгцээ Хятадын цөлжилтийг хянаж чаджээ.
Гэвч Монгол улсын нийт газар нутгийн 76.8 хувь нь байгалийн хүчин зүйл, хариуцлагагүй уул уурхай болон "бэлчээрийг зүй бусаар ашигласан" зэргээс болж цөлжилтөд өртөж байна гэж Олон улсын хүрээлэн буй орчны судалгаа, нийгмийн эрүүл мэндийн сэтгүүлийн 2020 оны судалгаанд дурджээ. Судалгаагаар малын тоо толгой өссөнөөс болж газар нутаг доройтож, 2010 оноос хойш байгалийн цаг уурын хүчин зүйлээс болж эвдрэлд орсон газрын хэмжээ өссөнийг харуулжээ. Монгол Улс ойн хомсдол, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилгоор 2030 он гэхэд нэг тэрбум мод тарих үндэсний хэмжээний ажлыг 2021 онд эхлүүлсэн.
Ц.ДАВААСАМБУУ
ЭХ СУРВАЛЖ: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 1 )
ЭМНЭЛГИЙН ШАЛААР ДҮҮРЭН ХҮН ХЭВТҮҮЛЧИХСЭН БАЙЖ БАЙЖ ТОМ ТОМ ЮМ ЯРИАД ЯАХ ЮМ.