Үндэсний аюулгүй байдал бол Монгол Улсын баталгаа

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2022 оны 12 сарын 16

Үндэсний аюулгүй байдал гэх атал түүний үндэс нь юу болохыг мэдэхгүй хоосон хашгирагчид бидний дунд олширлоо.

Тусгаар тогтнол, халдашгүй дархан байдлаа  хилийн тор бүтэн байхад хэдэн цэрэг харуулын байранд үүрэг гүйцэтгээд байхад болчих мэтээр төсөөлдөг нэгэн үе гарч ирж байна. Гэтэл үүнийг Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд ганцхан өгүүлбэрээр товч бөгөөд тодорхой томъёолчихсон байгаа шүү дээ.

“Үндэсний язгуур ашиг сонирхлыг хангах гадаад, дотоод таатай нөхцөл баталгаатай хангагдсан байдлыг Үндэсний аюулгүй байдал гэж хэлнэ” гээд. “Үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаа" гэдэг   Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг хамгаалан бэхжүүлэх тал бүрийн баталгаа бий болгоход чиглэсэн төрийн бодлогыг байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэнээс хэрэгжүүлж буй арга хэмжээг хэлнэ гэж хуульчилсан.

Өнөөдөр манайхан яаж байна вэ гэвэл улсынхаа эв нэгдэл,  бүрэн бүтэн байдлыг  хамгаална гэчихээд  дотооддоо үймээн, самуун дэгдээгчдийг ч гадныхан зориуд төрүүлж “санхүүгийн инкубаторт” бойжуулж байна.
 

Тэр тусмаа дэлхийн геополитик хурдтай өөрчлөгдөж буй сүүлийн жилүүдэд гадныхан үүнийгээ  улам идэвхжүүлэх боллоо. Худал гэвэл, Орос, Украины хоорондох хурцадмал байдал үүний “толь” болсон. 

Хэдийгээр энэ үйл явдал Монголоос хол өрнөж буй ч “Төвийг сахих бодлого”-ыг баримталж буй төр, засгаа хэнийг нь дэмжихээ яаралтай илэрхийл хэмээн шахаж, шаардах эсвэл “Оросыг дэмжээд байна” хэмээн илэрхий гуйвуулах гэхчлэн хэн нь хэн бэ гэдгээ өөрсдөө барьж өгцгөөсөн. Үйл явдал бол баримтыг баринтаглаж, нийгмийн ой санамжид хадгалж үлдээдэг л дээ. Тийм болохоор өнгөрсөн үйл явдлууд үүнийг уншигч хэний ч нүдний өмнүүр өнгө будагтай, үг яриатайгаа зурсхийж байгаа биз ээ.

Өнөөдөр ч түүний үргэлжлэл, нэг хэлбэр нь үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийн жагсаалыг өөрсдийн эрх ашигт ашиглаж, элдэв эргэлт гаргахыг санаархагчид төв талбайд хөлхөж байгаа нь нууц биш юм. Монголыг гадаад орчинд буруугаар ойлгуулах, харлуулах технологи бол чинээндээ тулсан. Юмыг яаж мэдэх вэ, асуудал хурцадвал сөргөлдөж буй талуудын аль нэг нь эсэргүүцлээ илэрхийлж манай улс руу пуужин харвахыг хэн байг гэх билээ. Ийм болгоомжлол бидэнд алга. Дээрх байдал гадаад харилцаанд ч үл ойлголцол үүсэхийг таашгүй. Үүнээс сэрэмжилж буй нь хэд байгааг бүү мэд. Бид ийм л байдалтай олон өнгөөр сүлэлдэн оршин тогтнож байна.

Харин монголчуудын энэ олон өнгийг өөртөө шингээж, биднийг хамгаалж буй “гивлүүр” нь ардчилсан улс гэсэн статус болж байх шиг. Манайхан зодоон хэрүүлээ ардчилал гэж ойлгодог, тэгж хэлж ярьдаг. Тэгэхээр бусад ч гэсэн тэгж ойлгож байгаа гэж  дүлий толгойлох, эсвэл “Сүх далайтал хол байна даа” гэх үү.

Ер нь бол Монгол Улсын үндэсний аюулгүй байдал нэн эмзэг болж,  хэврэгшиж байна. Тусгаар тогтнол ч ялгаагүй. Улсын маань халдашгүй дархан байдал гэхэд хил орчмын нутаг дэвсгэрт сөргөөр нөлөөлөх олон хүчин зүйл бий болсон зэрэг олон хүчин зүйл бий болсон. Түүнийг бэхлэх эдийн засгийн чадамж, төрийн бодлого төлөвлөлт ч сул байгаа нь нууц биш юм. Үүнийг хэн овжин ашигладаг вэ гэвэл буяны сан, шашин, олон нийтийг дэмжих элдэв төрийн бус байгууллага, судалгаа, сайн дурын хөдөлгөөн нэрээр орж ирдэг гаднын элдэв бүлэглэлүүд.

Өнөөдөр статистикийн мэдээллээс үзэхэд Монгол Улсад уламжлалт буддын шашны сүм хийд 121, христийн сүм 207, бусад шашных 10 гаруй байна. Гэр хороололд гаднын шашны сүм хийд үүрлэж, орон сууцны хорооллууд дунд ордон харш босгоод авсан. Орох оронгүй хүүхдүүдийг хооллож, хувцаслаж байна гэтэл гэмт хэргийн бүлэглэл, халаасны хулгайч нарыг “халамжилж” байсан гаднын сүм хийд ч бий. Судалгааны байгууллагууд бол хүн амын эрүүл мэнд, насны онцлог, боловсролын түвшин, ажил эрхэлдэг эсэх, амьдралын боломж, цалин орлого гээд бүгдийг судлаад дата бий болгочихсон байдаг.

Тэр ч байтугай Монгол орны хаана ямар ашигт малтмал байгааг судлаад стратегийн орд газруудын мэдээлэл, сансрын зургийг авчихсан улс орнуудтай  мэдээлэл солилцож, үндэстэн дамнасан корпорацуудад мэдээлээд сууж байгаа. Тэгвэл эдгээр субъект нь “Өнгөт хувьсгал”-ыг өндөглүүлэх бэлтгэл базааж байдаг аж.

Оросын мэдээ, мэдээллийн нэгэн цахим хуудаст 2017 оны үед бичигдсэн Максим Васильевийн “Цветные революций” нийтлэлд иймэрхүү зүйлүүд дурдагдсан байдаг.

Тэрбээр “Өнгөт хувьсгалын бэлтгэлийн үеийн нэг онцлог нь өрнөдөөс санхүүжилттэй олон тооны ТББ, буяны сан, аналитик төвүүд, сайн дурын хөдөлгөөн, шашин, сектийн нийгэмлэг идэвхтэй үйл ажиллагаа явуулж эхэлдэг байна. Тухайлбал, С.Милошевичийн дэглэмийг түлхэн унагахад 2000 оны наймдугаар сарын эхээр АНУ Будапештэд Югославын сөрөг хүчний намуудад туслах тусгай товчоо байгуулсан байдаг. Товчооны ажилтнуудын дунд улс төрийн 30-аад технологичид, өнгөт хувьсгалын мэргэжилтнүүд байсны олонх нь Польш, Чехословак, Бирм, Ирак зэрэгт ажиллагаанд оролцож байжээ.

Болгарт Төвийн болон Зүүн өмнөд Европын улс төрийн академи Сербийн сөрөг хүчнийг бэлтгэх хөтөлбөр байгуулсан юм. Баруунаас санхүүжүүлсэн Болгарын бас нэг байгууллага нь Балканы ахмад сурвалжлагчдын академи Югославын сөрөг хүчний хэвлэл мэдээллийн хэрэгсэлд санхүү, техник, шинжээчдийн тусламж үзүүлсэн явдал байдаг. Британийн тусгай албадын тусламжтайгаар “Сербийн шинэ форум” нэртэй байгууллага бүртэл байгуулагдаж, үүгээр дамжуулан Сербийн мэргэжилтнүүд, эрдэмтэд барууны шинжээчдээс хүчирхийллийн бус аргаар эсэргүүцэхэд суралцахаар Унгарыг зорьж байв. Хөрөнгө мөнгийг барууны сөрөг хүчний намуудад болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд Ж.Соросын Нээлттэй нийгэмлэг хүрээлэн болон АНУ-ын Ардчиллыг дэмжих үндэсний сан, SEED-ээр дамжуулан гаргаж байв” хэмээн нийтлэлдээ дурджээ.

Дээрх нийтлэлд дурдсанчлан  шинжээчдийн тооцоолсноор зөвхөн SEED-ээр 1998 онд 15.3 сая, 1999 онд 24.3 сая ам.доллар, эцэст нь буюу 2000 онд 55 сая ам.доллар орж ирсэн байдаг. Хэрэв өнгөт хувьсгалыг сайтар судалбал эсэргүүцлийн хөдөлгөөнүүдийн ард олон тооны ТББ-ыг илрүүлэх боломжтой гэжээ.

Тухайлбал, Киргизэд 2005 онд гэхэд 7500 орчим ТББ ажиллаж байсан ч аажмаар эдгээр байгууллагууд улс төрийн үйл ажиллагаанд оролцож эхэлсэн. Шинжээчдийн тооцоолсноор Соросын сан 11 жилийн хугацаанд Киргизэд 80 сая  ам.доллар хөрөнгө оруулсан байдаг. Мөнгийг нь боловсролын байгууллага, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, түүнчлэн улс төр, боловсрол, соёл, эрүүл мэндийн салбарт ажилладаг ТББ-ууд, мөн сургалт, семинар, бага хурал хийхэд зарцуулжээ.

Максим Васильевийн нийтлэлээс бас нэг зүйл анхаарал татсан нь “...Ийм байгууллагуудын эхний ажил бол мэдээллийг дэвэргэж, идэвхжүүлэн цацах явдал юм. Энгийн, хүн зүгээр л сонсоод мартагддаг асар их хэмжээний мэдээллийг дараа нь олон нийтийн анхаарлыг аль ч улсад байдаг олон асуудал (нийгэм, улс төрийн) руу чиглүүлдэг байна. Нийгмийн мэдээллийн боловсруулалтын энэ үе шатанд асуудлын цар хүрээ зохиомлоор нэмэгдэж, тухайн улсын  Засгийн газрынх нь үнэлгээ бага байгааг харуулсан социологийн судалгааны үр дүнг санал болгож, мэдээллийг богино хэмжээний хуурамч түүх хэлбэрээр сэтгэл хөдлөлтэйгөөр танилцуулдаг.

Энэ үе шатанд залуучууд, дунд насны хүмүүсийн анхаарлыг татах нь маш чухал бөгөөд учир нь нэг талаас тэд мэдээллийн нөлөөнд илүү өртөмтгий байдаг. Нөгөө талаас эдгээр ангиллыг шаардлагатай бол ард иргэд жагсаал цуглаанд татах нь илүү хялбар байдаг” тухай асуудлыг хөндөн олон нийтэд анхааруулах байдлаар бичжээ. Тэгэхээр төв талбайд хэдэн өдөр дараалан үргэлжилж буй жагсаалд бид болгоомжтой хандах нь зүйтэй юм. Ийм ч учраас цөөнгүй хүн “Хэрсүү бай” гэх уриалга, сошиал уриаг дэвшүүлсэн болов уу гэж санагдана.

Хамгийн гол нь  юунд ч сэтгэл хөөрлөөр хандаж болохгүй, судалгаатай байхыг үр хүүхдүүддээ, залуустаа хэлдэг, сэрэмжлүүлдэг байгаасай. Хэрэв та үүнийг өөртөө хэрэгжүүлээд зогсохгүй үр хүүхдүүддээ, бусдад хэлдэг, анхааруулдаг бол үндэсний аюулгүй байдлынхаа манаач нь гэсэн үг юм. Дэлхий нүд ирмэхийн зуурт өөрчлөгдөж, хүчний төвүүд солигдож байгаа өнөө цагт үндэсний аюулгүй байдал хийгээд улсын чинь баталгаа амнаас гарах нэг үг хийгээд үйлдлээс ихээхэн хамаарахаар эмзэг бөгөөд хэврэг болсон шүү.

 ЭХ СУРВАЛЖ: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top