Өвөрхангайчууд Соёолонгийн уралдаанд одтой байлаа

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 12

Өвөрхангайнхан Соёолонгийн уралдаанд одтой байлаа. Соёолонд газар газрын 398 гаруй алтан туурайт бүртгүүлснээс 310 соёолон тоосоо өргөв. Соёолонгийн уралдаанд Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уяач Н.Ижилбаярын хар үрээ түрүү магнайд хурдаллаа. Хар үрээ нь өнгөрсөн жил Говь-Алтай аймгийн баруун бүсд аман хүзүүдэж, өнөө жил Нүүрэнтэйн хурдад түрүүлсэн билээ. Энэ үрээг 269 дугаартай 11 настай Э.Мөнхжаргал унажээ. Аман хүзүү ч Өвөрхангай аймгийнх болсон. Тус аймгийн Баянгол сумын уяач Т.Ганзоригийн уясан Сант сумын уяач С.Ганболдын зээрд аман хүзүүдлээ. Зээрд үрээ нь өнөө жил Булган хангайн хаврын бүсийн уралдаанд аман хүзүүдсэн алтан туурт билээ. Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уяач Ганболдын хул айргын гуравт хурдаллаа. Айргын гуравт хурдалсан зээрд үрээг 11 настай Х.Хулан охин унажээ. Ховд аймгийн Алтай сумын уяач "Торгоны зам"-ын Ц.Гантөмөрийн хомоол хүрэн үрээ нь даагандаа Алтан-Овоонд айрагдаж, шүдлэн насандаа Очирвааны хурдад түрүүлж байсан бөгөөд Ардын хувьсгалын 90 жилийн ойгоор айргын дөрөвт ирлээ. Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын уяач Ө.Шинэтулгын уясан Дундговь аймгийн Адаацаг сумын уяач Б.Хадбаатарын шарга үрээ айргын тавд хурдаллаа.

Р.Слава

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top