Жүжигчин И Сын Ги захирлууддаа ЭРҮҮГИЙН ХЭРЭГ үүсгэхийг шаарджээ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 22

Жүжигчин, дуучин И Сын Гигийн харьяалагддаг "HOOK" энтертайнментийн Гүйцэтгэх захирал Квон Жи Ён болон шинэ, хуучин захирлуудад нь эрүүгийн хэрэг үүсгэхийг шаарджээ. 

И Сын Гигийн хууль ёсны өмгөөлөгч өнөөдөр өгсөн ярилцлагадаа "Өнөөдөр бид Сөүл хотын төв дүүргийн прокурорын газарт "HOOK" энтертайнментийн хуучин захирал болон одоогийн захирлууд, тэр дундаа Гүйцэтгэх захирал Квон Жи Ён нарын эсрэг хууль ёсны гомдол гаргасан. Агентлагийн хуучин захирлууд болон одоогийн удирдлагаад И Сын Гиг хууран мэхэлж, сурталчилгааны загвар өмсөгч хийсэн хөлсний 10 хувийг л өгдөг байсан болох нь саяхан өгсөн тайлангаас илэрсэн. Үлдсэн мөнгийг агентлагийн захирлууд өөр хоорондоо хуваалцаж байсан. И Сын Ги энэ талаар хэлсний дараа л тэд үүнийгээ хүлээн зөвшөөрсөн.

Тэд арванхоёрдугаар сарын 16-нд дуунаас олсон ашгийг тооцолгүйгээр сурталчилгааны төлбөрт 630 сая вон нөхөн төлсөн. Ингэхдээ И Сын Гигийн тооцоолсон мөнгө нь агентлагаас өгөх ёстой мөнгөнөөс хол зөрүүтэй байна гэсэн.

Бид хохирлоо зохих ёсоор нэхэмжилж авах болно. И Сын Ги өөр шиг нь хохирогчид бүү гарч ирээсэй гэсэндээ ийн хохирлоо нэхэмжилж байгаа. Өмнө нь дурдсанчлан Квон Жи Ён болон бусад захирлуудад эрүүгийн хэрэг үүсгэх болно" гэжээ. 

И Сын Ги "HOOK" энтертайнментаас авсан бүх мөнгөө хандивын үйлсэд зориулан гэдгээ энэ сарын 16-ны өдөр мэдэгдсэн билээ. 

Жүжигчин залуу тус агентлагтай сүүлийн 18 жилийн турш хамтран ажиллаж буй. Энэ хугацаанд жүжигчнээс гадна дуучнаар ажиллаж байсан тэрээр нийт 137 дуу гаргажээ. Эдгээр дуунуудаас олсон орлогын нийт хэмжээ ойролцоогоор 9.6 тэрбум вон болж байгаа тухай тооцоо бий. Үүн дээр сурталчилгааны модель хийсэн ашиг нэмэгдэх төлөвтэй байна. 

 

И Сын Ги-ийн менежер "HOOK" агентлагийн захирлын булхайг ДЭЛГЭВ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top