Жүжигчин И Бом Сүд холбогдох хэргийг ГЭМ БУРУУГҮЙД тооцлоо

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 22

Шинхан их сургуулийн урлагийн тэнхимийн захирлын алба хашиж байгаа жүжигчин И Бом Сү эрх мэдлээ урвуулан ашиглаж, оюутнуудаа дарамталсан хэрэгт буруутгагдаад байсан билээ. 

Тус сургуулийн Оюутны холбооноос хийсэн шалгалтын явцад жүжигчин И Бом Сү гэм буруугүй болох нь тогтоогджээ.

Оюутны холбооны мэдээлснээр "Ямарваа нэгэн гэм бурууг үнэн дагах нь гарцаагүй. Буруу зүйл хийсэн хэн бүхэн алдаагаа хүлээн зөвшөөрч, хийсэн үйлдлийнхээ төлөө уучлалт гуйж, үр дагавраа үүрэх ёстой. Бид И Бом Сүг буруутгасан хүмүүсээс нотлох баримт шаардсан ч хэн нь ч нотолж чадаагүй" гэжээ. 

Оюутны холбооноос мөрдөн байцаалтын ажиллагаа ирэх долоо хоногт, цаашлаад ирэх жилийн турш үргэлжлэх болно гэдгийг мэдэгдээд, олон нийтийн сүлжээнд нийтэлсэн бүхэн ташаа болохыг мэдэгджээ. 

 

Жүжигчин И Бом Сү багш, оюутнуудаа ДАРАМТАЛСАН хэрэгт татагдав

 

Энэ сарын эхээр нэрээ нуусан интернэт хэрэглэгч И Бом Сүг оюутнуудаа дарамталж, ялгаварладаг талаар "Нэгдүгээрт, та профессорын хараанд өртөх ёстой. Хоёрдугаарт, та түүний хэлснээр бүх зүйлийг хийх ёстой. Нэг ёсондоо түүний боол болно гэсэн үг. Эхний семистрт тэр оюутнуудаа хоёр хуваадаг. А болон Б гэж. А хэсэгт чинээлэг айлын хүүхдүүд болон өөрт таалагддаг оюутнуудыг оруулдаг бол Б ангид доод ангийн хүүхдүүд болон амьдралын түвшин доогуур хүүхдүүд, мөн өөрт таалагддаггүй сурагчдыг оруулдаг.

Б ангийн сурагчдыг төгсөх хүртэл нь хогийн сав шиг л харьцдаг. Түүний дуртай оюутнууд төгсөх хүртлээ бүхий л гол дүрүүдийг авдаг. Харин Б хэсгийн хүүхдүүд нэг мөр хэлэх жижиг хэсгүүдэд тоглодог.

Тийм болохоор жүжиглэх тал дээр юу ч сурч чаддаггүй. Яг л сүүдэр мэт нуугдаж суух хэрэгтэй болдог. Тиймээс эхний жилд ангийн тал хувь нь чөлөө авахаар шийдсэн. Зарим нь сургуулиа бүрмөсөн орхисон. Хоёр дахь жилдээ долоо хоногийн дотор л сургуулиа орхисон. Түүнээс болж маш олон хүүхдүүд түгшүүрт автаж байна. Урьд өмнө нь цовоо, сэргэлэн байсан оюутнууд одоо сэтгэл зүйн эмчилгээнд явж байна" гэжээ. 

 

 

Түүнийг ийнхүү бичсэний дараа Шинхан их сургуулийг төгссөн, нэгэн хэрэглэгч профессор И Бом Сү багш нараа хүртэл дарамталдаг байсан тухай бичжээ.

Тэрээр "И Бом Сү багш нарыг харааж зүхдэг байсан. Тэд ичиж, санаа зовсондоо сургуулиа орхисон. Нэг багшийг алдаа гаргасных нь төлөө маш ширүүн загнасан. Тэр багшид сэтгэл зүйн тусламж авах хэрэгтэй болсон. Намайг сургуульд байхад түүний туслахаар ажилладаг байсан таван багш маргааны золиос болж, ажлаасаа гарсан" хэмээн бичсэн нь энэхүү дуулиан дэгдэх гол үндэс болсон байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top