Монголын түүх соёлын үнэт бүтээлүүд ил, далдаар хулгайлагдсаар байна

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 30

Үндэсний түүх соёл, түүний үнэт өвөөр тухайн орны нүүр царайг тодорхойлдог гэдэг. Энэ утгаар нь аваад үзвэл Монгол орны өнөөгийн царай төрх ямархан харагдах бол. Уг нь манай улс түүх соёлын үнэт өвөөрөө дэлхийд толгой цохих учиртай орон. Дэлхийн хэмжээнд дахин давтагдашгүй 700 гаруй соёлын өвтэй орон манайхаас өөр цөөхөн.

Харамсалтай нь ийм сайхан баялгаа байсхийгээд л хулгайн замаар тив алгасуулан тавиад туучихдаг тухай та бид олонтаа сонссон. Олдохоосоо өнгөрсөн олдворууд яамай гэхэд, өв сандаа бүртгээд өчнөөн жил хадгалж буй музейн үзмэрүүд өдгөө бас л мөхлийн ирмэгт тулж иржээ.

Хоёр жилийн өмнө МХЕГ-ын шалгалтаар улс, орон нутгийн нийтдээ 36 музейн ихэнх нь чанар аюулгүй байдлыг хангаагүй гэсэн дүгнэлт гарч байсныг санаж байна. Түүнээс хойш Чингис хааны музейг эс тооцвол энэ салбарт сэлбэж янзалсан, шинээр ашиглалтад оруулсан байр сав үзээд өгье гэсэн ч алга.

Музейн салбарт сэтгэлээ шингээж явдаг шинжээчдийн өгч буй мэдээллээр улс, орон нутгийн чанартай музейнүүдийн 70 гаруй хувь нь зориулалтын байргүй, нийт музейн сангийн өрөө хүрэлцээгүй, агааржуулалтын систем, чийг, дулаан хэмжих, тохируулах багаж хэрэгсэлгүй, мэргэжлийн сэргээн засварлагч, үзмэр арчлан хамгаалах ажилтан байхгүй, үзмэр хадгалах горим алдагдсан гээд тоочоод баршгүй зөрчлүүд их буй гэнэ. Бүр тодруулбал, Богд хааны ордон музей, Чойжин ламын сүм музей, Эрдэнэ зуу музей, Архангай аймгийн музейнүүдийн барилга нь сүм хийдийн зориулалтаар баригдсан бөгөөд өнөөг хүртэл цэвэр бохир ус, дулааны төвлөрсөн шугам сүлжээнд холбогдоогүй байдаг аж. Үүний үр дагавраар соёлын өвийн зүйлс зун нь халуун, өвөл нь хүйтэн нөхцөлд хадгалагдсаар ирсэн нь үзмэрийн чанарт сөргөөр нөлөөлжээ.

Халхын том хувилгаадын эдэлж хэрэглэж байсан ховор үзмэрүүд хадгалагддаг Архангайн музейн хувьд гэхэд л өнөөдөр хаагдах дээрээ хүрчээ. Тус музейн баруун Сэмчингийн дээвэрт тагтаа үүрлэж, зүүн Сэмчингийн барилга хазайсан, хойд Гүндэнгийн үзүүлэнгийн танхим руу дээврийн ус гоожсоноос үүдээд үзмэр байрлуулах боломжгүй болсон байна. Уг нь эдгээр музейд орон нутгаас нь анхаарал эртнээс тавьж, байшин барилгад нь засвар хийсэн байсан бол өнөөдөр түүхэн үнэт үзмэрүүдээ үгүй хийх замд нь хөтлөхгүй л байсан болов уу. ”Гэмшивч нэгэнт хожимдоно" гэсэн үг бий. Хатуу боловч үнэнийг өгүүлсэн энэ үгийг санаж өнөөдрөөс эхлэн түүхийн үнэт өв хадгалагдан буй музейнүүддээ салбарын яам нь онцгой анхаарал тавих цаг нь иржээ.

 

ӨӨРСДИЙНХӨӨ ӨВ ДУРСГАЛЫГ ӨӨРИЙН ГАРААР ҮГҮЙ ХИЙЖ БАЙНА

 

Манай улсын иргэдийн амьдрал ядуу, ухамсар дорой байгаад уу, аль эсвэл мөнгө цагаан нүд улаан гэдэгт үү үнэхээр түүхийнхээ дурсгалыг үгүй хийж байгаа хүмүүс бол монголчууд өөрсдөө билээ. Сүүлийн жилүүдэд эртний эд эдлэл, соёлын өв хил даван "нүүдэллэх" боллоо. Байсхийгээд л музейн сан хөмрөг, Гандантэгчинлэн хийд, булш бунхнаас үнэт өв алдагдлаа гэсэн мэдээлэл гарч байна. Эдгээр түүх дурсгалын бүтээлийн ихэнх хулгайн замаар арилж, өнөөдрийг хүртэл олдоогүй олон жишээ байна. Зарим нэгээс нь дурдъя.

 

ШАНХЫН ХИЙДЭЭС АЛТАДМАЛ БУРХАД АЛДАГДАВ

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Баруун хүрээ буюу Шанхын хийдээс эртний түүх соёлын ховор дурсгалт бүтээл болсон бурхад алдагдсан юм. Тус хүрээнээс түүхийн дурсгалт бүтээл алдагдсан тохиолдол ганц энэ биш гэнэ. Өмнө нь Өндөр гэгээн Г.Занабазарын урласан алтадмал бурхад удаа дараа алдагдаж байсан аж. Энэ удаад Шанхын хийдээс 14 см өндөртэй алтадмал Ногоон, Цагаан Дарь-Эх, 42 см өндөр, арав гаруй сая төгрөгийн үнэтэй, алтан шармал Махгал бурхан алдагдсан байв. Энэ хэрэг өнгөрсөн онд гарсан ч өнөөг хүртэл илрээгүй л байна. Эдгээр бурхдууд нь бүгд Соёлын өвийн төвд бүртгэлтэй байжээ.

 

ЖАНЖИН ЧОЙРЫН ХИЙДИЙН ШҮТЭЭН ХУЛГАЙЛАГДСАН НЬ

 

Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын нутагт байрлах Жанжин Чойрын хийдийн гол шүтээн бас л алдагдсан юм. Энэ хийдийн гол шүтээн нь Өндөр гэгээн Г.Занабазарын бүтээл байсан аж. Түүхийн үнэ цэнийн хувьд агуу энэ бүтээл саяхан хулгайлагдаж байв. Азаар хулгайлсан этгээдүүдийг даруй баривчилсан байдаг. Хачирхалтай нь хулгай хийсэн этгээд тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга байсан гэдэг. Мань эр хэсэг нөхдүүдийн хамт гол шүтээний ижлийг Хятадад дуурайлган хийлгээд сольж тавих гэж байгаад баригдсан байдаг. Энэ хэргийг номын хүч, сэтгэлийн дуудлагаараа тус хийдийн хамба лам илрүүлжээ. Хэрэг гарахын шөнө хамба ламын зүүдэнд хулгайч этгээдүүдийн үйлдэл орж ирсэн гэдэг. Ингээд тэднийг хэрэг хийх үед барьсан түүхтэй. Тэгээгүй байсан бол өнөөдөр хийдийн гол шүтээн хилийн цаана оччихсон байж мэдэх л юм.

 

БУРХАН ТАХИЛЫН ХУЛГАЙЧИД ГААРСААР БАЙНА

 

Өвөг дээдсийнхээ өвлүүлж үлдээсэн ховор нандин, хосгүй үнэт бурхан тахил, судар шүтээнийг нь хадгалж ирсэн хүмүүс олон. Тэгвэл ийм шүтээн бурхадтай айл өрхөд хулгай орох нь их байна. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд Архангай аймгийн Цэнхэр суманд айлуудын бурхан, судрыг дагнан хулгайлсан хэрэг гарчээ. Хулгайч нэг бус нэлээд хэдэн айлын бурхан болон судар түүний дагалдах хэрэгслүүдийг хулгайлсан байна. Цахилгаан бараа, мөнгөн эдлэл энэ тэрийг нь үлдээгээд зөвхөн бурхадыг нь хулгайлсан тус хулгайчийг аймгийн Цагдаагийн газраас эрэн сурвалжилж байгаа гэнэ. Тэгвэл энэ төрлийн хэрэг хөдөө орон нутгуудад маш ихээр үйлдэгддэг байна. Хуучны бурхан худалдаж авдаг сүлжээ хүртэл буй болсон байна.

 

ТҮҮХЭН БУНХНЫ ОЛДВОРУУДАД ХЯНАЛТ АЛГА

 

Монгол оронд хүн үүссэн гэсэн зарим эрдэмтдийн таамаг бий. Тэр ч утгаараа манай улс түүх дурсгалын асар их баялагтай орон. Хорин нэгэн аймаг, тэдгээрийн бараг сум болгонд эртний хаад ноёдын булш бунхан байдаг билээ. Эдгээр бунхануудын заримыг Соёлын өвдөө бүртгэж амжаагүй байхад л олз хайгсад аль хэдийнээ ухаад алга болсоор байна. Үүний нэгэн жишээ бол Өмнөговь аймгийн Номгон сумын булшнууд юм. Тус суманд байдаг бүх булш бунхан өдгөө тоногдсон байна. Алтны нинжа нар бие, биеэс өрсөн тэрхүү булшнуудыг тонож дуусгажээ, Мэргэжлийн хүмүүсийн хэлж буйгаар энэ нутагт эртний хаадын үнэт ховор эдлэлүүд их байх магадлалтай. Мөн ингэж ихээр ухаж тоносныг бодоход үнэд хүрэх эдлэлүүд их байсан нь илт юм гэж байв. Энэ мэтээр түүхийн үнэт олдвороо хараа хяналтгүйгээр хаявал Монголын түүхэнд цэг тавигдахад ойрхон болжээ.

 

ЩВЕЙЦАРЬТ ХОСГҮЙ ҮНЭТ БҮТЭЭЛ ХУДАЛДАГДСАН НЬ

 

Урд хөрш рүү л зөвхөн худалдаалагддаг байсан эдлэлүүдийг өдгөө тив дамнуулан наймаалдаг болжээ. Та бүхэн санаж байгаа бол хэдэн жилийн өмнө Щвейцарьт манай түүх соёлын хосгүй үнэт бүтээл 300 сая төгрөгөөр үнэлэгдэж байна гэсэн мэдээлэл тархаж байв. Энэ тухай дэлгэрэнгүй өгүүлье. Щвейцарийн Цюрих хотноо Монголын түүх соёлын үнэт бүтээл болох алтан шармал бурхад, мөнгөн ваар, гүц, хонх, дамрыг дуудлагаар худалдсан байна.

Тус улсын дуудлага худалдааны "Коллер аукшн" компанийнхан www.kollerauktionen.ch цахим хуудсанд Монголын гэсэн хаягтай, эртний уран дархчуудын арваад нэр төрлийн бүтээлийг худалдсан байх юм. Чухам ямар замаар Монголын эртний эдлэл, эд өлгийн зүйлс борлуулагдаж байгааг Соёлын өвийн төвөөс тодруулсан юм. Гэвч эдгээр байгууллагууд ямар ч үр дүнтэй ажил хийгээгүй байв. Энэ талаар УМБГ-ын албаны хүнээс тодруулахад "ЮНЕСКО-гоос манайд бурхан шашны холбоотой түүх дурсгал, соёлын үнэт бүтээл худалдаж байгаа тухай мэдээлэл ирсэн. Үүний дагуу шалгахад манай улсын алдагдсан түүх соёлын үнэт бүтээлийн жагсаалтад байхгүй юм билээ. Магадгүй хувиараа эртний эдлэл цуглуулагчид гадагш нь худалдсан байхыг үгүйсгэхгүй" хэмээн хэнэг ч үгүй хариулж байв.

Хууль хяналтынхны хувьд тэр жагсаалт хамаатай болохоос биш яагаад, ямар замаар Монголын үнэт өв харийн оронд худалдаалагдаж буй нь хамаагүй бололтой. Энэ мэтээр манай түүх соёлын үнэт бүтээлүүд гадагшаа ил далд байдлаар "урссаар" байна. Тэдгээр бүтээлүүдийг эх оронд нь эргэж авчирдаггүй юм аа гэхэд тухайн байгаа газарт нь очиж Соёлын өвдөө бүртгэх боломжийг бүрдүүлмээр санагдана. Тэгэхгүй бол түүхийн үнэт бүтээлүүд он улирах тусам мартагдаж, нэг л мэдэхэд дуртай нэг нь дурын улсын сан хөмрөгт бүртгүүлэхгүй гэх газаргүй юм. Тэгвэл бидний түүх сарниж, түүхийн үнэт олдворууд маань тэр чигээрээ бусдын мэдэлд орох юм. Одоогоор манай улсын Соёлын өвийн тоон системд 21 мянга 500 гаруй түүхийн хосгүй үнэт бүтээл бүртгэгджээ. Тэдний цөөнгүй хувь нь алдагдсан болохыг албаны хүн өгүүлж байна.

Эх сурвалж: Өглөөний сонин 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
анхаа(202.179.24.26) 2022 оны 12 сарын 30

Манайхан хүний байтугай өөрсдийнхөө юмыг ч хулгайлах юмаа. Хулгайч зан цусанд нь байна

0  |  0
г(202.179.24.26) 2022 оны 12 сарын 30

монголчууд ясны хулгайч гэдэг нь үнэхээр батлагдаж байна. Өөрсдийнхөө үнэт зүйлсийг өөрсдөө хулгайлах юмаа

0  |  0
Иргэн(202.21.107.89) 2022 оны 12 сарын 30

Тэгээд хяналтаа сайжруулаач. Хулгайч нар дэргэд нь л байгаа байлгүй...

0  |  0
иргэн(103.57.92.65) 2022 оны 12 сарын 30

ХУЛГАЙЧ ТӨР ЗАСАГТАЙ УЛС , УДАХГУЙ НИЙГМЭЭРЭЭ ХУЛГАЙЧ БОЛЖ ДЭЛХИЙН ШИВШИГ БОЛОХ НЬ ДЭЭ

1  |  0
Top