Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж соёолон морины уралдаан үзэж, түрүүлсэн азарганы уяачийнхаар саатлаа

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 12

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монголын Тулгар төрийн 2220 жилийн ой, Их Монгол Улс байгуулагдсаны 805 жилийн ой, Тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн ой, Ардын хувьсгалын 90 жилийн ой болон Үндэсний Их баяр наадамд зориулсан соёолон насны морины уралдаан өнөөдөр үзэж, түрүүлсэн азараганы уяачийнхаар орлоо.

Ерөнхийлөгч түрүүлсэн азарганы уяач, аймгийн алдарт уяач Ө.Шинэтулгатай Хүй долоон худагт буудалласан гэрт нь очиж уулзан, аймаг орон нутгийнх нь зуншлага, баяр наадмын тухай болон улсын наадамд хичнээн морь уясан талаар нь сонирхож хууч хөөрлөө. Ө.Шинэтулгын уясан азарга түрүүлж, соёолон морь айрагджээ. Түрүүлсэн азарганы эзэн Ч.Хүсэлзул, уяач Ө.Шинэтулга нар Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын харьяат иргэд юм.

-Азарга маань өнгөрсөн жил аймагтаа, өнөө жил улсад түрүүлсэнд баяртай байна хэмээн Шинэтулга ярив.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уяч Ө.Шинэтулга, азарганы эзэн Ч.Хүсэлзул, унасан хүү Д.Үүрийнцолмон гуравт гарын бэлэг гардуулж өгөөд олон жилийн наадмын түрүү авахыг ерөөв. Мөн түрүүсэн азарганд нь хадаг зүүж, зургаа татуулаад, олон жил түмний манлай болж яваарай хэмээлээ.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top