ИЗНН-ын дарга Ц.Ганхуягийг “Өглөөний зочин”-оор урилаа.
-ИЗНН-аас шинэ оныг “Өргөн сонордуулах бичиг”-ээр эхлүүлжээ. Зөвлөлдөх санал асуулгыг төрөө шинэчлэх ард нийтийн санал асуулга руу чиглүүлэхийг шаардсан үндэслэлүүдээ тодруулна уу?
-Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай УИХ-ын тогтоол батлагдахаас өмнө болоод батлагдсаны дараа эрх баригч намын удирдлагын илэрхийлж байгаа байр сууриас харахад нэг зүйл анхаарал татлаа. Парламентын тогтолцоог сонгодог хэлбэр рүү нь ойртуулах гэдгийг УИХ-ын гишүүдийн суудлын тоог нэмэх, сонгуулийн холимог системийг хэрэглэх гэдэг дээр тэд хатуу тогтсон бололтой. Үүнийгээ “Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын хуульд нийцүүлж байгаа” гэж тэд олон жил тайлбарлаж ирсэн.
Энэ нь Үндсэн хуулийн зүйл заалтын 30-аас илүү хувьд халдахгүй гэсэн үг. 2019 онд яг ийм байр суурь баримталж, “Зөвлөлдөх санал асуулга” гэх халхавчин дор үүнийгээ гүйцэлдүүлсэн. Эрх баригчид нийгэм юу хүсээд байгааг мэдрэхгүй байна. 1992 оны Үндсэн хууль шилжилтийн шинжтэй үүргээ гүйцэтгээд халаагаа өгөх цагийг уртасгаж, улс төрийн хямралыг өдөөх гээд байгааг нь ойлгохгүй байна.
-Нийгмийн зөвшилцлийг хангахаар “Зөвлөлдөх санал асуулга” явуулах нь гэж харж байгаа. Олон нийт ч ийм хүлээлттэй байгаа нь анзаарагдсан?
-Би сая хэллээ. Ер нь бол зөвлөлдөх нэртэй санал асуулгыг ийм хайрцагласан байдлаар явуулбал энэ жүжигт нь ямар нэгэн дүр бүтээх эсвэл оролцсон дүр эсгэх шаардлага алга. Өнөөгийн төр хэмээх машин нь мотор нь цохьсон, яаж ч аргалаад хөдлөхөөсөө өнгөрсөн учраас үүргээ гүйцэтгэж чадахгүй болсон. Манай улсад нүүрлэсэн улс төр, нийгэм, эдийн засгийн гүн гүнзгий хямралыг гэтлэх гол арга зам нь засаглах эрх мэдлийг сонгодог утгаар нь томьёолсон Үндсэн хуулийн шинэчлэл юм. Үндсэн хууль шинэчлэх эсвэл тэдний хүсээд байгаа Үндсэн хуульд оруулах өөрчлөлт хоёрын алиныг нь ард олон дэмжиж байгааг асуугаад л шийдчих хэрэгтэй. Зөвлөлдөх асуулгын сэдэв ч үүнд төвлөрөөсэй гэж хүсэж байна.
-Өнөөгийн Монгол Улсад ямар шинэчлэл хэрэгтэй гэж та болон ИЗНН-ынхан үзэж байгаа вэ?
-Үндсэн хуулийн шинэчлэл тулсан асуудал болсон. Бид энэ талаар өнөөдөр бус олон жил тогтвортой ярьж, хэлэлцүүлэг зохион байгуулж, төсөл боловсруулан зохих байгууллагуудад нь хүргүүлж байсан. МУНН, МҮАН, ШИНЭ намууд мөн л өөр өөрийн хувилбарыг боловсруулсан, бүгд тодорхой гарц шийдлийг санал болгосоор удаж байна. Бидний төслүүдийг нэгтгэн нэг төсөл болгох чиглэлээр Ерөнхий сайдын захирамжаар 2022 оны долоодугаар сард Ажлын хэсэг байгуулагдан, бид ч урамшин эрдэмтэн мэргэдийн баг ажиллуулж, дэлхийн улсуудын Үндсэн хуулиудын харьцуулсан судалгаа хийж, Монгол Улсад тохиромжтой төрийн тогтолцооны санал боловсруулсан. Харамсалтай нь Ажлын хэсэг үр дүнгээ хэнд тайлагнахаа мэдэхгүй хэдэн сар өнгөрлөө. Энэ хугацаанд эрх баригчид УИХ-ын гишүүдийн тоог өсгөх, сонгуулийн системийг өөрчлөх төдийд тогтолцооны өөрчлөлт хийнэ гэдгээ байн байн мэдэгдээд байгаа нь бидний боловсруулсан Үндсэн хуулийн шинэчлэлийг хүлээж авахгүй юм байна гэсэн итгэл төрөх болсон.
-Та бүхний боловсруулсан төсөлд Үндсэн хуулийн шинэчлэлээр ямар асуудлыг тусгав?
-Үндсэн хуулийн шинэчлэлийн хүрээнд хэд хэдэн асуудлыг тусгасны дотор:
1. Бүс нутаг, үндэстний онцлог, иргэд, нам, сонирхлын бүлгийн төлөөлөл бүхий, харилцан хяналттай Улсын Дээд, Доод Хуралдайг байгуулж, төрийг хамтын хариуцлагатай тогтолцоонд шилжүүлэн, босоо удирдлагатай нутгийн засаг захиргааг бий болгож, орон нутагт улс төрийн намын үйл ажиллагааг хориглох;
2. Гүйцэтгэх Засаглалын хүлээх хариуцлага, эрх мэдлийг олон улсын нийтлэг жишгийн дагуу тов тодорхой болгож, Дээд Доод Хуралдайн хамтарсан чуулганаас Монгол түмний эв нэгдлийн илэрхийлэгч Ерөнхийлөгчийг сонгох;
3. Шүүгчийг сонгон шалгаруулдаг Шүүхийн ерөнхий зөвлөлийг ард нийтээс сонгож, хариуцлага тооцдог тогтолцоонд шилжин, Үндсэн хуулийн Цэцийг Улсын Дээд Шүүхийн бүтцэд хамруулан Шүүх тогтолцоог нэг удирдлагатай, биеэ даасан хараат бус болгох;
4. Төрөө байгуулах сонгуульд бүх нийтээрээ оролцон саналаа өгөхийг иргэн бүрийн журамт үүрэг болгон хуульчлах;
5. Монгол Улсын иргэд байгалийн баялгаа Дундаа өмчлөх нийгэм, эдийн засгийн баталгааг бүрдүүлэх, эзэн эрхийг нь сэргээх зэрэг олон асуудлыг бид хөндсөн.
-“1992 оны ардчилсан Үндсэн хууль үүргээ гүйцэтгэн халаагаа өгөхөөр дуншиж байна” гэж өргөх бичигт дурджээ. Гэтэл 1990-ээд онд шинэ Үндсэн хууль батлалцсан хүмүүс 1992 оны Үндсэн хуулийг гол сууриа болгож, нэмэлт, өөрчлөлт хийх тухай ярьдаг. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Аливаа Үндсэн хууль нь нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, хүний хөгжлийг дэмжсэн, Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолыг улам бататган бэхжүүлэх чиглэлээр тасралтгүй шинэчлэгдэн сайжирч байх ёстой. Социализмын үед хамаарах 1924 оны Үндсэн хууль 1940, 1960 онуудад тухайн цаг үеийнхээ алхаанд нийцэн шинэчлэгдэж ирсэн байдаг. Тэгвэл 1992 оны Үндсэн хууль шилжилтийн үүргээ гүйцэтгэсэн гэдгийг нотлох олон баримт бий. Би андуураагүй бол энэ хуульд өөрчлөлт оруулах гэж 2000 оноос хойш долоон удаа оролдсоноос 2000, 2019 онд зарим өөрчлөлт оруулсан. Сүүлийн өөрчлөлт хийгдсэнээс хойш ердөө гуравхан жил болсон ч өнөөдөр дахиад л өөрчлөлт оруулах яриа идэвхтэй өрнөж байгаа нь хуулийн амин сүнс алга болсныг ядахдаа хэлбэр талаас нь харуулах баримт юм.
-Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн талаар та юу хэлэх вэ?
-Тухайн үед Зөвлөлдөх санал асуулгаар нийт зургаан багц асуудал хөндөгдсөн ч Үндсэн хуулийг шинэчлэх хэмжээний өөрчлөлт болох нь гээд Төрийн эрх барих дээд байгууллага нь Ардын Их Хурал, хууль тогтоох байгууллага Улсын Бага хурал гэсэн хоёр танхимтай байх асуудлаар нээлттэй хэлэлцэх нөхцлийг хангах, Төрийн хариуцлага, сахилга, шударга ёсыг бэхжүүлэх, хууль хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулах гэсэн хоёр бүлгийг тэгсхийгээд орхисон байдаг. Үндсэн хууль тогтоогчдын холбоо, улс төрийн зарим нам тэр дундаа ИЗНН энэ шинэчлэлийг хэрэгжүүлэхийг туйлбартай шаардаж байсан ч тэдний хүссэн, зураг сценариар үйл явдал өрнөөд дууссан.
Байгалийн баялаг ард түмний дундын өмч байх ёстой гэдгийг тухайн үеийн МАХН, ИЗНН, МҮАН, Эх орончдын нэгдсэн намууд хамтарсан байдлаар удаа дараа шаардан бүхий л түвшинд тэмцэл өрнүүлсэн. Гэсэн ч тэд “Байгалийн баялаг бол төрийн нийтийн өмч мөн” гэсэн ойлгомжгүй өөрчлөлт хийсэн. Горыг нь өнөөдөр амсаад сууж байна шүү дээ. Одоо зөвлөлдөх санал асуулгаар 2019 оны арга барилаараа хэлэлцүүлсэн дүр эсгээд өөрсдийн хүссэн 2-3 өөрчлөлтийг хийх нь. 2019 оны алдаагаа давтах гээд байна. Уг нь өнгөрснөөсөө сургамж авч, дахин алдахгүй байх нь ухаалаг улс төрийн бодлого байлтай.
-Өнгөрсөн жил Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар 20 гаруй нам нэгдэн УИХ-ын даргад шаардах бичиг хүргүүлсэн. Ажлын хэсэг ч гарсан. Энэ ажил юу болсон юм бол?
- Энэ том Ажлын хэсэгт миний нэр орсон, юу ч хийгдсэнгүй. Иргэний хөдөлгөөн, улс төрийн зарим намыг тайвшруулж цаг хожсон гэдгээс өөр харагдах үр дүн алга.
-Өнөөдөр монголчууд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийх үү, эсвэл Үндсэн хуулиа цогцоор нь шинэчлэх шаардлагатай юу?
-Бидний боловсруулсан төсөл бол цогц шинэчлэл юм. Тавдугаар Үндсэн хууль гэж нэрлэсэн ч болохоор. Эрх баригчид овсгоотой байсан сан бол энэ бэлэн төслийг шүүрч аваад ард нийтээр хэлэлцүүлэн дэмжлэг авбал нэгдүгээрт, улсын эрх ашигт тустай. Хоёрдугаарт, тэдэнд итгэх итгэлийн хурдтай уналт эргээд сэргэх сайн зам мөртэй баймаар бодогдох юм. Улс үндэстэнд хэрэгтэй төслийг зогсоох, гацаах худалч, хулгайчдын бүлэглэлийг сөрж урагшлах хүч, эр зориг өнөөгийн эрх баригчдад байна уу гэж асуухад хүрч байна.
-Ерөнхийлөгч шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэхдээ сонгодог парламентыг бий болгож, хөгжүүлж, бэхжүүлэх хэрэгтэйг онцолсон. Хоёр танхимтай парламент байгуулснаар энэ шаардлагыг хангаж чадах уу. Эсвэл Ерөнхийлөгчийн засаглал хэрэгтэй гэсэн үг үү?
-Бид ард түмнийхээ байнгын хараа, хяналтад байх тийм сонгодог парламентын засаглалын төсөл боловсруулсан. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар мэдэгдэл хийгээд сууж байхын оронд биднийг даруй хүлээж авч уулзан, бэлэн үр дүнг хэлэлцүүлэлгүй цаг алдаад байгааг нь ойлгох юм алга.
-Таны үзэж байгаагаар Дээд, Доод хуралдай бий боллоо гэхэд эрх, үүргийн зохицуулалт нь ямар байх нь зүйтэй вэ?
-Нэг танхимт парламентын тогтолцоо нь манай нөхцөлд хуудуу, хуйвалдааны үүр уурхай болдог, тэднийг хянаж, хариуцлага тооцох ямар ч боломжгүй. Дэндүү их эрх дархаар далайлган улсын сан хөмрөг яаж үрэн таран болж байна вэ. Мөн байгалийн баялгийг нийгмийн өчүүхэн цөөнх нь хяналтдаа авч болдгийг хангалттай нотолж харуулсан болов уу. Эрх баригчид нь цөөнхөө намнаж хүчгүйдүүлэн, цөөнх нь үүрээ хөндүүлсэн шоргоолж мэт авирлах дүр зургийг бид харж байна. Улс төрийн намын дагнасан системээр явах нь ийм аюултай. Намчдаас бүрддэг бус идэвхтэй иргэд сонгогддог тогтолцоо байхгүй байгааг хоёр танхим нөхөж өгнө. Нэгдмэл Монгол Улсын хувьд гүйцэтгэх удирдлага босоо байхгүй бол байгалийн баялгийг гартаа оруулсан хэсэг бүлэг орон нутгийн удирдлагад хяналтаа тогтоож юу хүссэнээс хийдэг болсныг ч өөрчлөх цаг болсон. Зүйл, заалтаар нь дэлгэрүүлж яривал маш их юм бий.
-Энэ өөрчлөлтөөр шүүх засаглал нь төрөөсөө томорч бараг төрийнхөө толгой дээр гараад суучихсан байгааг шударга ёсны төлөө хэрхэн өөрчилж гажуудлыг засах бол?
-Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл тэнцвэртэй оршиж байж парламентын засаглал амьтай, сүнслэг байдаг. Гэтэл хууль тогтоох ганц танхимт УИХ-аа төрийн эрх барих дээд байгууллага гээд нөгөө хоёрынхоо дээр нь гаргачихсан, шүүх тогтолцоо нь тэднээсээ хараат байгаа нь манай шүүхийн системд итгэх итгэлийг алга хийчихсэн. Үндсэн хууль бусад хууль тайлбарладаг Үндсэн хуулийн цэц, Дээд шүүх гэсэн хоёр толгойтой болчихсон. Үндсэн хуулийн цэцийн есөн гишүүн Үндсэн хуулиа манаж суух атал Үндсэн хуульд халдах боломж нээж өгөөд зарим этгээдэд олзлуулаад байж байна. Үндсэн хуулийн цэцийг Дээд шүүхийн бүтцэд оруулж, шүүгч нарыг сонгон шалгаруулдаг Шүүхийн ерөнхий зөвлөлийг ард нийтээс сонгодог тогтолцоо руу шилжихийг бид санал болгож байгаа.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 3 )
чамаар дутаа юу
тэтгэвэртээ гардаггүй юм уу, хөгжил дэвшилд саад болоод, одоо урагшаа харсан залуучуудаа гаргаач ээ
Санаа нь зөв ч бас дутуу дулимаг байх шиг. Өнөөдөр нь бас нэг гол асуудал улс төрийн намын тухай, намуудын санхүүжилтийн тухай хууль гаргах 2-рт: Сонгуулийн хуулиа эрс шинэялэх, энд тухайн засаг барьж буй намаас томилогдсон СЕХ-ны оронд УТ намуудын төлөөллөөс бүрдсэн СЕХ зохион байгуулж сонгууль явуулах, Монгол улсаа 1 тойрог болгох, зөвхөн намуудын нэрээр санал авах, сонгуулын хуудсан дээр нэр дэвшигчийн нэр бичихгүй гм их юм байна даа.