Монголчуудаа сэрээж, монгол хүний сэтгэлийн боловсрол руу хандсан нэг тийм чимээгүй хашгирааныг түүний зохиол бүтээлээс олж мэдэрдэг. Энэ хүн бол зохиолч, орчуулагч Д.Гүн-Үйлс юм. Тэрбээр "Цаг хугацааг эзэгнэгч", "Орон зайг эзэгнэгч", "Орчихуй, Оршихуй" нэртэй гурван боть номоо шинэ оны босгон дээр уншигчдын гар дээр тавьсан юм.
Ардын багш, доктор С.Дулам шавийнхаа шинэ номыг нээж хэлэн үгэндээ “Одоогоос 30 жилийн өмнө Казанийн их сургуулийг утга зохиолын мэргэжлээр төгссөн хүү хадаг барьж надад шавь ороод, тун удалгүй 1992 онд “Тэнгэрийн охин” гэдэг анхны номоо дэлгэсээр ирсэн юм. Энэ номын өмнө би үг бичиж билээ. Түүнээс ганц хоёр өгүүлбэр уншъя. Яг тэр үед “...Уран зохиолын шинэ улирал эхэлснийг улс үндэстэн сэргэн мандсантай, оюун санааны эрх чөлөө хөгжин дэлгэрсэнтэй холбон үзэх нь зүйн хэрэг. Хойч үе маань уран зохиолын ертөнцөд орж ирэхдээ орчлон дэлхий болоод зөрчил дүүрэн хүний аж төрлийг харах өөрийн гэсэн билгийн хараатай. Хэн нэгнийг давтан дуурайгаагүй, тэр дундаа хамгийн шадар дотно зөвлөгч, хүндэтгэн биширдэг багшаа ч дуурайгаагүй байваас өвөрмөц урнаар сэтгэн бодох тэр сэтгэлгээг өөрийнхөөрөө эдлэх барьц, барилтай байваас сая жинхэнэ уран бүтээл, бие хүн болохын шинж...Бидний урд өмнө анзаарч ойшоодоггүй байсан сэрэл мэдрэхүй, зөн билгийн орчлонд зорчихоор сэтгэл шулууджээ” гэж дүгнэж байжээ. Өнөөдөр ингээд харахад нэг их хол алдаагүй шиг байна. Манай Д.Гүн-Үйлсийн ном, сэтгэлгээ бол хэнтэй ч адилгүй, яг л өөрийнх нь юм. Тэртээ 1992 оны сэтгэлгээ социализмын үеийн сэтгэлгээ байсан. Гэтэл Д.Гүн-Үйлсийнх өөр байсныг би ингэж бичсэн юм” гэсэн.
“Зохиол бүтээл гэдэг зүйж нийлүүлсэн торго, зүсэж эвлүүлсэн банз биш...”
Зохиолч өөрөө бүтээлийнхээ тухайд “Анхны ном минь гарснаас хойш яг 30 жил өнгөрчээ. Хүннү гүрний 2200, Ардын хувьсгалын 100 жил гэдэг шиг энэ 30 жил наддаа л тэгш дүүрэн ой юм. Энэ чухал ойгоо нам гүмхэн өнгөрөөмгүй санагдаад, дээр нь “Тэнгэрийн охин” хэмээх анхны ном маань өгүүллэг туурийн ном байсныг бодолцож, уран зохиолын түүврээ гаргахаар шийдсэн билээ. Ер нь бол 30 жилийн хугацаанд юу эсийг эрээчих вэ. Тэр бүхнээ хамж шимэх юм бол ахиад ч хэдэн боть гарахаар байна. Гэвч тахианы байранд үнэг орчихсон мэт эмх замбараагаа алдсан бичиг цаасны их навтарга дундаас шилж сонгож, эмхэлж цэгцэлье гэвэл ахиад ч хэдэн сарыг барж мэдэх тул 30 жилийн ой маань холдоод явчих мэт санагдаад, ондоо багтаахаар яаран шууран гурван ботиор хэвлүүлсэн минь энэ. Ой нь болж байгаа болохоор анхны номоосоо цөөн хэдэн өгүүллэгийг түүвэртээ оруулж, зуугийн талын талыг ч наслаагүй байх үеийнхээ “би”-гээр нэг гангарахаар шийдлээ. Юутай ч 30 жилийн өмнөх номоо имрэн сөхөхүйд нэгэн үе чамлаж, нэгэн үе тоож, нэгэн үе өхөөрдөвч тэр үеийнхээ зарим өгүүллэгийг өнөөдрийн би ч бичиж барахааргүй санагдсанаа нуух юун. Яаж ч барах билээ. Ямар зүйгээд нийлүүлчихсэн торго, зүсээд тавьчихсан банз байгаа биш. Яг адил сэтгэж бичих боломж нэг хүн ч гэлээ байхгүй. Тэгээд ч тэр үеийн би тэр үедээ л үлдсэн” хэмээн дурсан бичжээ.
Харь соёл, сэтгэхүй нөмрөн орж ирж буйг сөрсөн Монголоо дархлаажуулагч
Энэхүү гурван боть ном хэвлэгдэхээс бараг жилийн өмнө буюу түүний “Монгол заяатан” ном хэвлэгдэж, нийгэмд болоод хүмүүсийн сэрэхүйд нэгэн хонх цохисон юм. “Монгол заяатан” бол монгол хүн бүр уншаад дотроо нэгийг санаж, хоёрыг тунгааж, Монголоороо бахархаж, огшиж, тэмүүлж, мөн дотогшоо сэрэхүй нэг тийм гэгээн тунгалаг мэдрэмж авах бүтээл болсон билээ. Энэ бүтээлээ гаргаад удаагүй байхад нь зохиолчоос ярилцлага авахад “...Харь соёл сэтгэхүй нөмрөн орж ирж байгаа үед монгол хүний тухай бичихийг л оролдсон юм. Нэг талаар Монголыг дэлхийд таниулах бүтээл хийхийг зорьсон учраас шинжлэх ухаанч хандлагыг орхигдуулж болохгүй, нөгөө талаар урлахуйн төрөл гэдэг утгаараа уран зохиол, бодит явдал, шог яриа, уран сэтгэмж, үүх түүх хосолсон байдлаар эхний хуудаснаас сүүлийн хуудас хүртэл сонирхолтой бичихийг хичээсэн” хэмээн даруухан өгүүлж билээ. Уг нь тийм чамбай бүтээл гаргасан хүн даруу бус байж болмоор. Төрийн төвөргөөн, цагийн цагирагаан, аливаа бүхэн эргэж хөрвөж буй цаг үед Монголыг хэн аврах вэ, монгол хэрхэн Монголоороо үлдэх вэ хэмээн асуухад өөрсдөөс маань өөр хэн ч биднийг аврахгүй. Монголчууд өөрөөрөө байж, өөрсдийн хүчээр л саад бэрхшээлийг даван туулна. Зохиолч энэ бүхнийг мэдэрч, түүгээр зогсохгүй монголчууд, монгол сэтгэхүй, хэл соёлоо дархалж ирсэн юм чинь...Ганц хоёр шүлэг бичсэн хүн онгирч болж байхад хэмээн бодсоор редакц руугаа буцсанаа санаж байна. Гэвч Д.Гүн-Үйлс зохиолчид тийм зан огтоос байдаггүй билээ. Миний тэр бодлоос үүдсэн үү, ямартай ч сониндоо нийтлүүлсэн тэрхүү ярилцлага “томоотой” гарчигтай гарчихсан юм. Сүүлд зохиолч нүүр номдоо “Бид ямар аалз, шоргоолж болоод төрчихсөн биш” гээд гарчигласан бол хүмүүс илүү сонирхох байж. Зөвхөн номын тухай ярилцлага биш шүү” хэмээн оруулсан байв. Нээрээ л монгол заяатан хэн болох тухай өгүүлж байхад учиргүй шинжлэх ухаанч гарчиг өгсөн миний алдаа л даа. Нээрээ л тэрбээр “Бид ямар аалз, шоргоолж болоод төрчихсөн биш...” гэдгийг өнөөгийн монголчуудад сануулж, сэхээрүүлж байгаа соён гэгээрүүлэгч билээ. Энэ удаа түүний уншигч олныхоо гар дээр дөнгөж тавиад буй гурван боть ном ч мөн адил монгол заяатны сэрэхүй, сэхээрэхүй, ухаарахуйд өргөсөн гэрэл юм. Зохиолч Б.Ойдов гуайн онож хэлснээр “Нүүдэлчдийн цаг хугацааг эзэгнэгч”, “Нүүдэлчдийн орон зайг эзэгнэгч”, Нүүдэлчдийн орчихуй, оршихуй”-н тухай гурван боть бүтээл юм.
Ц.Хулан: Тэр О.Массон, У.Шекспир, А.С.Пушкиныг эх хэлнээ хөрвүүлсэн, манай үеийн академик боловсролтой зохиолч
Ном нээх ёслолд ирсэн Соёлын гавьяат зүтгэлтэн, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Ц.Хулан “Д.Гүн-Үйлс бол манай үеийн төлөөлөл дотроос хамгийн академик боловсролтой зохиолч” хэмээн тодорхойлно лээ. “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Д.Болдхуяг түүнийг “Гүнээ ах бол зохиолч, орчуулагч, уран бүтээлч төдийгүй судлаач хүн. Тэр жинхэнэ жентельмэн эр хүн, маш зарчимтай хүн. Ийм хүний номын нээлтэд ирчихээд, хэдий их ажилтай ч дундаас нь орхиод гарч зүрхлэхгүй байна” хэмээн хэлж байсан. Зохиолч ямар байна, түүнээс гарч буй зохиол бүтээл ч мөн тийм байдгийг, тийм байгааг мэргэн уншигчид мэдэж байгаа хойно нурших илүүц биз ээ.
Зохиолч, орчуулагч Д.Гүн-Үйлсийн уншигч олондоо өргөн барьсан гурван боть бол Монголоо дээдэлдэг, монгол ухааныг хойч үедээ үлдээхийг зоригч, монголоороо байгаа хэн бүхний хоймортоо залах, монгол ухаанаа үр хүүхдүүддээ өвлүүлэхийг хичээн явагч хэн бүхний хоймортоо залах, уншиж ухааныхаа галыг өрдөх бүтээл болсон гэдэгтэй хэн ч маргахгүй юм. Энэхүү гурван ботид түүний өөрийнх нь зохиол бүтээлээс гадна О.Массон, У.Шекспир, А.С.Пушкин тэргүүтэй хүн төрөлхтний соруудыг эх хэлнээ хөрвүүлж, монгол хэлний гайхамшиг, найруулгын тансаг сайхныг мэдрүүлсэн орчуулгын бүтээлүүд нь багтжээ. Эцэст нь зохиолчийн санааг дахин давтан сануулахад монголчууд ямар аалз, шоргоолз болоод төрчихсөн биш дээ. Асаж яваарай. Асахын тулд уншиж байгаарай гэх байна даа.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 2 )
хулан оростоо амьдарь, монголд бол илүүднэ
Фашист оросыг дэмжигч Ц.хулан авгай л дутах байж, бусдаар бол сайхаан сайхан.