-2022 онд ГССҮТ-д 3353 хүн нохойд хазуулан эмчилгээ, үйлчилгээ авснаас 2268 нь өөрийн эзэмшлийн нохойд хазуулжээ-
Өвлийн улиралд өглөө, оройн ажлын цаг эхлэх, дуусах үеэр харанхуй байдаг. Энэ үед иргэд гудамжны золбин нохойд хазуулах тохиолдол их гарч байна. Хамгийн ноцтой нь нохойд хазуулсан хүмүүс “галзуурах” магадлалтай учир зориулалтын вакциныг тариулдаг билээ. Галзуу өвчний эрсдэл өндөр үе арванхоёрдугаар сараас эхэлдэг бол оргил үе нь гуравдугаар сард тохиодог байна.
Нохойд хазуулж, хөнгөн хэлбэрийн шарх авсан ч галзуу өвчин тусаж, амь насаараа хохирох аюултай аж. Иймд иргэдийн аюулгүй байдлыг ноцтой зөрчиж буй эзэнтэй, эзэнгүй муур, нохойн асуудал жил бүр яригддаг ч төдийлөн үр дүнд хүрэхгүй байна. Учир нь нохойд хазуулсан гэх дуудлага, мэдээлэл, эмчилгээ, үйлчилгээ авах иргэдийн тоо өсөж байгааг дараах тоон мэдээллээс харж болно. Өнгөрсөн онд Гэмтэл, согог судлалын үндэсний төвөөр нийт нохойд хазуулсан 3353 хүн эмчилгээ, үйлчилгээ авчээ. Харин Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтэст "Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасан" гэмт хэрэг нийт 257 бүртгэгдсэн байна. Үүнээс гадна өрх, хороо, сум, дүүргийн эмнэлгээс эмчилгээ, үйлчилгээ авч нохойд хазуулсан, шархаа эмчлүүлсэн иргэдийн нэгтгэсэн тоог гаргавал үүнээс ч өндөр их тоо гарах нь дамжиггүй.
Нохойд хазуулсан хүний эрүүл мэндийн зардал дунджаар 284 мянган төгрөг болдог
Жил бүр нохой, муур устгахад 1.2 тэрбум төгрөг төсөвлөдөг ч золбин нохойд хазуулах тохиолдол буурахгүй байна. Нохойд хазуулсан хүн эрүүл мэнд, гоо сайхан, эдийн засаг, цаашилбал амь насаараа хохирох тохиолдлууд гарсаар байна. Нохойд хазуулсан хүн нэг удаа тарилга хийлгэхдээ 17-19 мянган төгрөгийг зарцуулдаг аж. Гэхдээ энэ бол зөвхөн нэг удаагийн тарилгын үнэ. Харин эрүүл мэндийн зардал нь нэг хүнд дунджаар 284 мянган төгрөг болдог гэх судалгаа гарчээ.
Нохойд хазуулсан талаарх дуудлага мэдээлэл болон хуулийн ямар заалт үйлчилдэг талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Дэлгэрхангайгаас тодрууллаа. Тэрбээр “Өнгөрсөн онд Эрүүгийн хуулийн 20.15 дугаар зүйлд Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгах гэмт хэрэг 16, Зөрчлийн тухай хуулийн 5.19 Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгах зөрчил 241 бүртгэгдсэн байна. Монгол Улсын Зөрчлийн тухай хуульд зааснаар Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Харин Эрүүгийн хуульд нэгдүгээрт, Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ. Хоёрдугаарт, энэ гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хохирогч нас барсан бол 5400 нэгжээс 27 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг” гэсэн юм.
“Дархан цаазтай амьтдын гол дайсан нь зэрлэг ноход болчхоод байна” гэв
Суурьшлын бүсийн тэлэлттэй холбоотойгоор зэрлэг амьтны тархац нутаг хумигдан идэш тэжээлийн хомсдолд орж улмаар хот руу орж ирэх, зэрлэгшсэн нохойд бариулах зэрэг асуудлууд тулгарч байна. Энэ тухай Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ “Зэрлэг нохой дэндлээ. Зэрлэг нохой устгалыг НЗДТГ хийх хэрэгтэй байна. Шаардлагатай бол устгал хийх компаниудтай хамтарч ажиллая. Зэрлэг амьтдыг хамгаалах нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны үүрэг. Зэрлэг нохдыг цөөн дээр нь устгах нь олшруулахгүй байх хэрэгтэй байна" хэмээн мэдээлсэн.
Тэгвэл дархан цаазат Богдхан ууланд зэрлэг нохдын устгал хийж байгаа талаар Богдхан уулын захиргааны хэлтсийн дэд дарга н.Цогбадралаас тодрууллаа. Тэрбээр “Өвөл нохойны ороо орох үеэр золбин ноход ихэсдэг. Мөн хүйтрэхээр ууланд бүгэх тохиолдлууд ихэсдэг. Тиймээс манайхаас НЗДТГ-тай хамтарч нохой устгалын ажлыг зохион байгуулж байна. Сард хоёроос дээш удаа нохой устгалын ажлыг зохион байгуулдаг. Амралт, алхалтын бүс газраар золбин ноход ховор байдаг. Учир нь золбин ноход айлаас гарч байгаа хоолны хаягдлаар хооллодог учир суурьшлын бүс нутгаар их байна” гэлээ.
Харин Нийслэлийн байгаль орчны газрын улсын байцаагч Д.Төмөрбаатар “Сонгинохайрхан ууланд л гэхэд 21 аргаль, хоёр угалз бий. Тэдгээр амьтдыг хамгаалах, хужир мараа тавих зэрэг ажлуудыг Мянганы сорилтын сан, захиргаа удирдлагууд болон байгальдаа ээлтэй бүхий л газартай хамтран ажиллаж байгаа юм. Мөн нохой устгалын компанитай хамтрах гэж байгаа. Учир нь тухайн дархан цаазтай амьтдын гол дайсан нь зэрлэг ноход болчхоод байна. Саяхан л гэхэд нэгнийх нь хөлийг хазаад гэмтээчихсэн. Тиймээс бид хүсэлт тавьсан” гэсэн юм.
Б.Мөнхжаргал: Нэг нохой устгахад 12 мянган төгрөг хүрэлцдэггүй
Нийслэлийн Захирагчийн албаны мэргэжилтэн Б.Мөнхжаргалаас нохой устгалын талаар тодрууллаа.
-Нохой устгалын ажил аль дүүргүүдэд хийгдэж байгаа вэ. Үүнд ямар хяналт тавигддаг юм бэ?
-Нийслэлийн хэмжээнд Захирагчийн ажлын албатай “Өлтэ” ХХК, “Базалт нэгдэл” ХХК, “Их булаг Атук” ХХК зэрэг компани гэрээтэй ажилладаг. Үүний хүрээнд Сүхбаатар, Баянзүрх, Баянгол, Чингэлтэй, Налайх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэгт нохой устгал хийгдэж байгаа. Үүнд хорооны Засаг дарга, хэсгийн ахлагч мөн Захирагчийн ажлын албатай гэрээтэй хөндлөнгийн ТББ-ууд хяналт тавин ажилладаг. Цаашлаад цагаан давааны төвлөрсөн хогийн цэгийн мэргэжилтэн устгасан нохой, муурыг тоолж хүлээн авснаар булж шатаах ажлыг гүйцэтгэдэг.
-Эзэнгүй нохой, муур өвөл их байдаг. Устгахад улирал хамаатай юу?
-Эзэнгүй нохой, муур устгалын ажил өдөр тутам хийгдэж байдаг. Даваа гарагаас бямба гараг хүртэл иргэдийн санал болоод өөрсдийн журмын дагуу устгалын ажлыг хийж гүйцэтгэдэг.
-Их хэмжээгээр устгасан хэдий ч байгаад л байдаг. Энэ ажилд хэн хяналт тавьдаг вэ?
-Энэ ажилд дүүрэг, хорооны засаг дарга, хэсгийн ахлагч нар, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албатай гэрээтэй хөндлөнгийн хяналтын төрийн бус байгууллага гэх газрууд хяналт тавиад явж байгаа.
-Золбин нохой муур устгалын ажилд Нийслэлээс хэчнээн төгрөг төсөвлөхөөр тусгасан бэ?
-Тухайн ажлыг НИТХ-ын 2016 оны 96 дугаар тогтоолд тусгаснаар нэг нохойг 12 мянган төгрөгөөр устгахаар болсон. Гэтэл үнэндээ нэг нохой устгахад 12 мянган төгрөг хүрэлцдэггүй. Гэрээт компаниуд ч устгалын тариф бага гэдгийг хэлдэг. Ерөнхийдөө жилд 100 мянган нохой устгах төлөвлөгөөтэй ажилладаг. Ингээд жил бүрийн төсөвт нохой устгалын ажилд нэг тэрбум төгрөг төсөвлөгддөг.
-Нохой устгал хийж буй анчдын аюулгүй байдлыг хэрхэн хангадаг вэ. Одоогоор хэчнээн нохой муурыг устгасан бол?
-Нохой муур устгаж буй анчид ЦЕГ-т бүртгэлтэй буу эзэмших эрхтэй байдаг. Тэднийг хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйн сургалтад хамруулдаг. Өнгөрсөн онд 78 мянган нохой, муур устгасан. Он гарсаар нэг өдөрт хамгийн ихдээ 294 нохой, муур устгасан байна.
-Нохой муур тархалтын судалгаа хийгдэж байв уу?
-Нийслэлийн мал эмнэлэгтэй хамтарч 2007 онд тархалтын судалгаа хийж байсан юм байна лээ. Мөн 2018 оны судалгаагаар нийслэлийн хэмжээнд 300 мянган эзэнгүй нохой, муур байгааг тогтоосон.
-Эзэнгүй нохой муурыг буудаж устгах нь маш буруу бөгөөд хэрцгий арга гэж олон нийт шүүмжилдэг. Ер нь цаашид нохой муурыг буудаж устгахгүйгээр үржлийг хязгаарлах шийдлийн талаар судалгаа хийгдэж байгаа юу?
-Үржлийг хязгаарлах тал дээр олон байгууллагатай хамтарч ажиллахаар төлөвлөсөн. Судалгааны ажил хийгдэж байгаа. Мөн Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийг УИХ гишүүн Б.Энхбаяр, Х.Нямбаатар, Ж.Сүхбаатар нар болон “Азтай савар” ТББ-аас санаачлан өргөн барьсан. Өнгөрөгч намрын чуулганаар хэлэлцэгдэх байсан ч хойшилсон. Энэ хууль удахгүй батлагдана. Тус хуулийн хүрээнд эзэнгүй нохой, муурыг буудаж устгахаас илүүтэй эх үүсвэр буюу үржлийг нь хязгаарлах, нохой тэжээгчдийн хариуцлага ухамсрыг дээшлүүлэх ажил түлхүү хийгдэнэ.
Иргэдийн 88 хувь нь нохойныхоо үржлийг хаалгадаггүй
Монгол Улсад 220-250 мянган өрх гэртээ амьтан тэжээдэг гэх судалгаа гарчээ. Албан бус тоогоор 300-320 мянга гаруй эзэнгүй нохой, муур байна гэсэн тоо баримт бий. Нийслэлд гэхэд жил бүр 80-90 мянган нохой, муурыг зэрлэг аргаар буюу буудаж устгадаг байна. Харин нийт орон сууцанд амьдардаг 12 айлын нэг нь нохой, муур тэжээдэг. Харин гэр хорооллын айлын 30 гаруй хувь нь нохой, муур тэжээдэг гэх дүн мэдээ байна.
Тэгвэл орон сууцанд амьдардаг иргэдийн 50 хувь нь нохойндоо вакцин хийлгэдэггүй бол, гэр хорооллын иргэдийн 77 хувь нь мөн л нохойндоо вакцин болон туулга хийлгэдэггүй аж.
Цаашлаад нохойныхоо үржлийг иргэдийн 88 хувь нь хаалгадаггүй. Үүний үр дагавар нь Улаанбаатар хотод эзэнгүй 320 гаруй мянган нохой, муур буй болоход хүргэсэн байна. Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар заслага, спэй хийлгээгүй эр, эм нохой таван жилийн хугацаанд 96 мянга болж өсдөг. Харин заслага, спэй хийлгээгүй эр, эм муур таван жилийн хугацаанд 420 мянга болж өсдөг гэнэ. Тиймээс иргэд ч мөн дор бүрнээ ухамсартай байх хэрэгтэй.
Магад гөлөг байхад нь төөрүүлж хаясан нохой хожмын нэг өдөр таны ойр дотнын хүнд бэртэл, гэмтэл үүсгэх аюул заналхийлж байх вий.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 6 )
Zerlegshsen nohoi amtasshan avilgach 2 mongol hund ayultai shuu bugdiig ni ustgald oruul!!
Зэрлэгшсэн нохой чононорс илүү аюултай гэдэг шүү. Сайтар устга.
Хотын төвд 5-р хороололын 8 болон 45-р байрны орчимд өдрийн цагаар 5 золбин нохой явж байсан шүү 1/12-нд байхаа. Нохой устгалын ажил хийхээ больсон бололтой.
Хүүшийн аманд 7-8 нохой сүргээрээ уулнаас бууж ирээд хүүхдүүд ганц нэгээрээ явахад маш эрсдэлтэй байна, арга хэмжээ авч өгнө үү
fk china
xotiin teb baingol xabiar masn olon ezengyi noxod bainaa xunruu dairch bainaa