Ховд аймгийн өвөлжилт хүндэрсэн Булган, Үенч, Алтай сумдад Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд, Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа нар болон бусад албаны төлөөллүүд цаг үеийн нөхцөл байдалтай танилцан зохих арга хэмжээ авч ажиллалаа.
Баруун гурван сумын хувьд нийт нутгаар цастай, тал хээрийн бүсдээ цасны зузаан 20-30 см, уулархаг бүс нутгаар 60-70 см орчим зузаан байгаа бөгөөд айл өрхүүд рүү зам хаагдсан хүндрэлтэй нөхцөл байдлууд үүсээд байна. Иймээс сумдад Улсын Онцгой Комисоос өвс тэжээлийн дэмжлэг болон шатахууны дэмжлэг үзүүллээ.
Мөн Үенч сумын Эрүүл мэндийн төвд Пургон авто машин, сумын ЗДТГ-т туулах чадвар сайтай суудлын авто машин тус тус шийдвэрлэлээ. Цас зудын эрсдэлтэй энэ цаг үед малчид ард иргэдэд хүрч үйлчлэхэд унаа тэрэгний хэрэгцээ тус суманд нэн тулгамдсан асуудал байсан. Түүнчлэн Цэцэг, Мөст сумдад УОК-оос өвс, тэжээлийн дэмжлэг үзүүлснийг мөн энэ үеэр хүлээлгэн өгөв.
Одоогийн байдлаар Ховд аймгийн 11 суманд өвөлжилт хүндрэлтэй байгаа бөгөөд энэ нөхцөл байдлыг малчид хөдөлмөрчид эртнээс мэдэрч өвлийн бэлтгэлийг дор бүрнээ тодорхой хэмжээнд хангасан нь сайшаалтай. Тухайлбал, малчид өмнөх жилүүдээс илүү хэмжээгээр хадлан тэжээлээ бэлтгэж, малаа тодорхой хэмжээнд зарж борлуулан эдийн засгийн эргэлтэд оруулсны хүчинд эрсдэлт нөхцөл харьцангуй бага байгааг сумдын Засаг дарга нар онцолж байна.
Харин аймаг орон нутгаас зудын эрсдлээс урьтаж энэ жил мал махны борлуулалтыг нэмэгдүүлэх, нөөцийн мах бэлтгэхэд бодлогын хувьд онцгойлон анхаарч ажилласан. Тухайлбал, мах бэлтгэхэд төсвийн зардлын эрсдэлгүйгээр арилжааны банкууд болон мал мах бэлтгэдэг тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүдтэй хамтран 150 тн мах бэлтгүүлж байна. Энэ нь малчдад малаа зарж эдийн засгийн эргэлтэд оруулахаас гадна орон нутагт махны үнэ тогтвортой байхад чухал нөлөө үзүүлнэ.
Сэтгэгдэл ( 0 )