Их эвслийн болон Эв нэгдлийн Засгийн газарт Мэргэжлийн хяналтын асуудал хариуцсан сайд болон Байгаль орчны сайдаар ажиллаж байсан, Эх орон намын дэд дарга И.Эрдэнэбаатарыг “Өглөөний зочин”-оор урилаа.
-Монгол Улс үндэсний аюулгүй байдал, хөгжлийн гарц, түүнээс улбаатай тогтолцооны асуудлаа ярьж зөвлөлдөх уулзалт, нийгмийн зөвшилцлийг хийж байна. Өнөөгийн нөхцөл байдлын талаар та ямар бодолтой байна?
-Монголчууд бид төрт ёсны түүхэн уламжлалтай. Түүхийн энэ явцад хоёр том нийгмийн давхаргыг алгасан үсрэнгүй алхам хийсэн. Хэдий тийм ч бид өнөөдөр дэлхий нийтийн өмнө үүсээд буй шинэ чиг хандлагад өөрийн байр суурийг бэхжүүлэх, батжуулахын төлөө бүх талаасаа чармайж, хичээж яваа. Хүн болгоны доторх бодол санаа, төрийн байгууллагууд, дөрөв дэх засаглалын хийж хэрэгжүүлж буй бүхэн яавал улс орон хөгжих вэ. Яавал монгол хүн аз жаргалтай, тайван сайхан амьдрах вэ гэдэг зүг рүү явж байгаа. Харамсалтай нь бидний санаснаар болохгүй цаг алдаж байгаа зүйлүүд ч байна. Энэ цаг үед УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос нийгмийн зөвшилцөл том уулзалтыг хийж буй нь ач холбогдолтой юм. Мөн танай сониноос дөрөв дэх засаглалын үүргээ хэрэгжүүлэн иргэдийн дуу хоолойг сонсож, түүний нэг төлөөлөл болгон намайг урьж ярилцаж буйд талархал илэрхийлье.
Төрт ёсны түүхэн уламжлал гээд ярихад сонсголонтой сайхан боловч өнөөдрийн өндөрлөгөөс харахад бид нэлээд гутрангидуу байдалтай байгаа нь хаа сайгүй харагддаг. Үүнийг эрх барьж буй нам, улс төрийн хүчнүүд хэрхэн ойлгож, өөрсдийн байр суурийг хэр зөв гэж үзэж, ярьж тайлбарладаг нь өөр, өөр байдаг. Иймээс өнөөдөр улс орны хөгжил нэлээд саармагжиж, эдийн засгийн өсөлт тааруухан байна. Мэдээж дэлхий нийтэд тулгамдаж буй цар тахал, эдийн засгийн уналт гээд гадаад хүчин зүйлүүд бий. Хэдий тийм ч гэсэн бид дотроо хэл амаа ойлголцож явах, хаанаа улстөржих вэ, хаана нэгэндээ шүүмжлэлтэй хандах вэ, хаана нь нэгнээ дэмжиж ажиллах вэ гэдгийнхээ учрыг олохгүй хэт их намчирхсан, нутгархсан, бүлгэрхсэн, бүлэглэлийн эрх ашгийн үүднээс хандсан ийм өнгө аяс гаргаж байгаа нь л өнөөгийн хөгжлийн тушаа болж байна. Жишээ нь, бид 76 гишүүнтэй парламентын тогтолцоотой болоод 30 жил өнгөрлөө. Энэ хооронд улс маань том үсрэлтэд хүрсэн. Хүний эрх, эрх чөлөө нээлттэй болж, гадагшаа, дотогшоо чөлөөтэй зорчдог болсон.
Ийм том амжилтууд байгаа боловч дотроо нэгдсэн байр сууриас асуудалд хандаж, хүчээ нэгтгэх талд тааруухан байгаа. Энэ байдал наад зах нь Үндсэн хуулийн хямралд оруулсан. АИХ-ын 430 депутатын нөр их хөдөлмөр шингэсэн 1992 оны шинэ Үндсэн хууль өөрийн үүргээ гүйцэтгэсэн. Цаашид ч гүйцэтгэх болно. Тодорхой хэмжээнд нэмэлт, өөрчлөлтүүд орууллаа ч дараа дараагийн Үндсэн хуулийн үндэс суурь байсаар байна. Үүгээр би юу хэлэх гэсэн бэ гэвэл, өнөөгийн улс төрийн намууд, улстөрчдийн төлөвшлөөс хамаарч засаглаж чадахгүй байх, түүнээс шалтгаалан хөгжлийн саармаг төвшинд хүрлээ. Өнөөдөр 19 хүн суугаад хууль баталдаг тогтолцоо руу орлоо. УИХ-ын ердийн олонхоор хийсэн хурал хүчинтэй, ердийн олонх гэдэг нь 19-20 хүн хууль батлаад явчих жишээтэй. Ийм байж болохгүй гэж 20 гаруй жил ярилаа. Бурууг нь мэдсээр байвч өөрчилдөггүй. Харин ч тэрийг нь өөрсдийн атгаг санаа, бүлэглэлийнхээ эрх ашигт нийцүүлдэг, засаг төрийг хүчгүйдүүлэх оролдлогууд хийдэг. Магадгүй санаатай болон санаандгүй үйлдэл байхыг үгүйсгэх аргагүй юм.
-Болохгүй зүйл гарвал Үндсэн хууль руугаа чихчихдэг. Өнөөдөр ч тогтолцоог өөрчилье, Үндсэн хуулиа шинэчилье, эсвэл шинэ хууль гаргая гэж байна. Аль нь зөв бол?
-Нэмэлт, өөрчлөлтийн тухайд Үндсэн хуулийн 30 хүртэл хувьд хийнэ гэж байна.
2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр тодорхой хэмжээний ахиц гарсан ч нийгмийн хүлээлтэд хүрч, хөгжилтэй хөл нийлүүлсэн зүйл, заалтуудыг оруулж өгч чадаагүй.
Иймд өнөөдөр бүр ч гүнзгий байдал руу орчихлоо. Тиймээс Үндсэн хуулиа ч, тогтолцоогоо ч өөрчилье гэж байна. Үнэхээр өөрчлөх бол хууль эрх зүйн хүрээнд зөв хийх хэрэгтэй. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиа хүчингүй болгож байгаад ард нийтийн санал асуулга явуулж шийдэх хэрэгтэй.
-Цаг хугацаа хэрэгтэй “дараа хийнэ” гэж цааш тавих, эсвэл одоо л яаралтай хийе гэх саналууд бас гардаг?
-Тэгвэл Үндсэн хуулийн өөрчлөлт хийх ямар арга замууд байгааг судлах, олон нийт ямар тогтолцоог хүсэж байна вэ. Тогтолцоо гажуудсан ужиг нь юу болохыг авч үзэх хэрэгтэй. Миний ойлгож байгаагаар бол бид тэртэй тэргүй парламентын засаглалаасаа ухрахгүй нь ойлгомжтой. Бид парламентаар дамжуулж төрийн эрхийг барих дээд байгууллагаа сонгодог. Ийм үед төр өөрийн ажил үйлийг бүрэн гүйцэд явуулдаг хамгийн зардал багатай, хурдан шуурхай, төлөөллийн саналыг гээгдүүлдэггүй тогтолцоо байх хэрэгтэй.
-76 гишүүн цөөхөн учраас худалдагдсан. Зарим нь хуралдаа ирдэггүй. Үүнээс болж “Давхар дээл”-тэй болсон ч гүйцэтгэх засаглал, хууль тогтоох засаглалын хоорондын ялгаа байхгүй боллоо гэж шүүмжилдэг. Гол гарцын тухайд?
-Энэ бүх сэдвээр ард иргэдийнхээ саналыг сонсож, эрдэмтэн, судлаач, ажилчин, малчин гээд нийгмийнхээ бүхий л давхаргыг сонсож байгаа нь зөв. Анзаарахад манайхан нэг асуудлыг ярихаараа хэтэрхий гүнзгийрүүлж яриад, хаа хамаагүй цацаад, сүүлдээ юу ярьж байснаа ойлгохоо байчихдаг талтай. Иймд, нэгдүгээрт “Төрийн тогтолцоогоо боловсронгуй болгоё”, тогтолцооны гажуудлыг ярья гэж байгаа бол оновчтой бүтэц зохион байгуулалттай, ард иргэдийн санал гээгддэггүй байх талаас парламентыг цэгцтэй болгох ёстой. Сонгодог парламенттай больё, парламентын засаглалыг бэхжүүлье гэвэл гишүүдийн тоог тодорхой хэмжээгээр нэмэгдүүлж болно. Гол нь парламентад хаанаас хэн сонгогдоод байна вэ гэхээр өнөөдөр улс төрийн хоёр намаар дамжин нэр дэвшиж гарч ирдэг. Бие дааж ганц нэгхэн хүн гардаг. Бусад нь бараг магадлалгүй болсонтой ялгаагүй.
Тэгэхээр өнөөдөр нийгмийн бүх төлөөллийг оруулж сонголт хийхийн тулд яах ёстой вэ гэвэл Сонгуулийн тухай хуульдаа өөрчлөлт оруулах хэрэгтэй. Нэг талаас улс төрийн намаас нэр дэвшдэг бол, нөгөө талаас нийгмийн сонирхлыг илэрхийлж чадах нийгмийн давхарга болгоныг төлөөлөх төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллийг парламентад оруулж ирэх хууль эрх зүйн өөрчлөлтийг шийдэхэд парламент өнөөдрийн түвшинд бэхжих бололцоо байна.
Манай улс мажоритар тогтолцоогоор бүх сонгуулиа хийж ирсэн. Ганцхан удаа л холимог тогтолцоогоор сонгууль явуулсан. Мажоритар тогтолцооны сөрөг талыг бүгд мэднэ. Иргэдийн ихэнх санал гээгддэг. 40 гаруй хувийн санал авчихаад парламентын 70-80 хувийг дангаараа бүрдүүлдэг. Парламентад олонх болсон нам нь “Энэ удаадаа тэгчихье, ингэчихье” гэх байдлаар төрийн ажлыг хойшлуулж, нам, бүлэглэлийнхээ асуудлыг урдаа тавьж, зарим дээр нь нүдээ аньж өнгөрүүлэн тал тохой татаж, ах дүү, хамаатан садан, нутаг усныхнаа ажил албанд тавьсан нь төрийн мерит зарчмыг алдагдуулж төр хэврэгшсэн. Төрийн тогтолцоог боловсронгуй болгохын тулд байгаа нөөц бололцоогоо ашиглаж, аль болох хэл ам багатай, цаг хугацаа алдалгүй өөрчлөлт хийх ямар хувилбар байна гэвэл, Үндсэн хуульдаа нэг их хүрэхгүйгээр Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулж асуудлыг шийдэх бололцоотой. Улс төрийн намууд сайн ч, муу ч хуультай. Харин иргэний нийгмийн байгууллагууд, ТББ-ын төлөөллийг парламентад оруулж ирэх ямар арга зам байна вэ гэдэгт эрэл хайгуул хийж, зөвшилцөх хэрэгтэй юм. Ард нийтийн санал асуулга явуулах юм уу, түүнийгээ индикатор болгоод шийдчих гарц бий. Энэ нөхцөлд шинэ Үндсэн хуулийн асуудал ярихгүй, одоо байгаа боломж дээрээ тал талаас асуудлаа яриад өөрчлөлт оруулах бололцоотой.
-76 гишүүнтэй парламент хяналтгүй төр болчхоод байна шүү дээ. Гишүүдийн тоог 120-130 болгочихоор хүндрэлтэй биш үү?
-Ингэхгүйн тулд дэлхийн улс орнуудын туршлага, дэвшилтэт арга замуудыг судлах хэрэгтэй. 200-300 хүнтэй, олон жил ардчилал, зах зээлийн замаар явсан улс орнуудад таарч байгаа зүйл манайд таарах уу, үгүй юу. “Элбэг дээл” гэдэг шиг болчих юм биш биз. Ижил төвшний бусад улс орны жишиг юу вэ. Монгол Улсын өөрийн онцлог, уламжлал юу байна гэдгийг харьцуулж, яавал хяналттай парламент байх ёстой вэ. Төлөөллийнхөө тоог нэмж, иргэний нийгмийн байгууллагыг парламентад оруулж, санал гээгддэггүй зарчмыг шийдлээ гэхэд түүнд нь хяналт тавьдаг механизм ямар байх ёстой вэ. Өнөөдөр шүүхэд нөлөөлж байна, прокурорт нөлөөллөө гэдэг асуудал яригддаг. Өөрсдийн намын хүнийг хялбаршуулсан байдлаар шийдэж байна гээд хууль, хяналтын байгууллагаас татаад авчихдаг байх юм уу. Авлига, хээл хахууль аваад, 10 мянган төгрөгийн ундаа хулгайлсан хүүхэд, 10 тэрбумыг хулгайлсан төрийн албан хаагч хоёрт ижил ял өгдөг алагчлалыг арилгахын тулд яах ёстой вэ. Хоёр танхимтай парламент байх уу гээд бид яриад байгаа. Зарим нь “Хоёр танхимтай парламент хоцрогдсон” гэдэг. Тэгэхээр хяналттай болгох өөр арга замыг хайж, ийм тогтолцоог бий болгож чадсан тохиолдолд дээрх байдал өөрчлөгдөнө. Парламентын хяналттай болгохын тулд яах вэ гэхээр, Ерөнхийлөгчийн эрх мэдлээс танах хэрэгтэй болно. Өнөөдөр Ерөнхийлөгч нь ерөнхий прокурорыг томилж байна, Дээд шүүх, Элчин сайдуудыг томилно. Энэ бүхэн явсаар нэг хүнээс хамаарсан хямрал руу явж байна. Хоёр танхимтай парламенттай болчихвол нэг танхим нь мэргэжлийн хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлдэг, нөгөөх нь хяналт тавьдаг эрх мэдэл бүхий АИХ, Дээд танхим гэсэн хэлбэртэй байж болох юм. Дээд танхим нь жилд хоёр удаа хуралдахдаа Дээд шүүх, АТГ, Монголбанкны ерөнхийлөгч гэхчлэн ямар ч хамааралгүйгээр томилгоо хийгээд явахад парламент, гүйцэтгэх засаглал өөр өөрийн эрх, үүргээ хэрэгжүүлээд явна.Одоо бол дээрх албан тушаалуудад өөрийн нам, бүлэглэлийн хүнээ тавихаар булаацалдан төрийг хүчгүйдүүлж, авлига, хээл хахууль, төрөөс хулгайлдаг байдал газар авч хяналтгүй төрийн тогтолцоотой болчихсон.
-Та хоёр ч Засгийн газарт сайдын алба хашсан. Өнөөгийн Засгийн газар, түүний үйл ажиллагаанд ямар дүгнэлт хийдэг вэ?
-Хүнийг шүүмжлэхийн тулд шүүмжилдэг байж болохгүй. Зүгээр байгаад байвал бид байгаад л байна, байдал улам доройтно. Тэгэхээр асуудлыг халшралгүй барьж авч байгаа нь сайн. Харин ч эртнээс барьж авч шийдэх ёстой байсан юм. Ямартай ч энэ цаг мөчид асуудлууд шийдлээ олоод явж байх шиг байна. Нийгмийн зөвшилцөл уулзалт дээр Ерөнхий сайд үг хэлсэн. Тэр хүн Ерөнхий сайдын байр сууриар оролцсон уу, эсвэл засаглаж байгаа намын дарга гэдэг үүднээс орж ирсэн үү, алинаар нь ч байлаа гэсэн маш чөлөөтэй, зоригтойгоор асуудлуудыг гаргаж тавьж, хэлэлцүүлж байгаа нь авууштай. Өмнө явж ирсэн эрх баригчдын арга барил, зам мөр “Мий хумсаа нуух” гэдэг шиг, нэг тийм зарчмаар ажиллаж ирсэн байдаг. Залуу хүн гэхэд өнөөгийн Ерөнхий сайдад бид талархал илэрхийлэх ёстой. Харин хэлж, ярьж буйг нь ажил хэрэг болгохтой холбогдсон асуудлуудыг иргэд, улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагууд аль аль талдаа хүлээж авч, гарц гаргалгаагаа ярих нь зүйтэй. “Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй” гэдэг зарчмаар явж байж л өөрсдийн алдаа мадагт дүгнэлт хийж, гажуудлынхаа учрыг олно. 2024 оны сонгууль ч дөхөж байна.Түүнээс өмнө хуульд өөрчлөлт хийх хуулийн хугацаа гэж бий. Гажуудал байгааг олж харж, эрдэмтэн судлаач, нам, хөдөлгөөн, иргэд гээд бүх талын төлөөллийг оролцуулж, өөрчлөлт хийх механизмын эхлэл болсон “Зөвлөлдөх зөвлөл” байгуулж байгаа нь зөв. Харин цааш нь намын нөлөөлөл оруулчихалгүй явах хэрэгтэй. 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр намуудын төлөөлөл, иргэний нийгмийнхэн, судлаачид, иргэдийн төлөөллийг оролцуулж уриалгахан сайхан явсаар эцэст нь “Завь хийх гэж байгаад шүдний чигчлүүртэй боллоо” гэдэг шиг ганц хоёр хэрэгтэй заалт оруулаад бусад нь алга болсон. Ийм юм руу л орчихгүй байвал чухал. Засгийн газрын тухайд нэлээн ярвигтай цаг үед ажлаа явуулж байна. Цар тахал, түүнээс үүдэлтэй эдийн засгийн хямрал, улс төрийн байдал гээд хүнд хэцүү үе тохиож байна. Гэхдээ өнөөдөр хийгдэж байгаа бүхэн зөв байх үндэслэл бас байхгүй. Яагаад гэвэл, тогтолцоо нь өөрөө буруу байгаа учраас хэчнээн чармайлт гаргаж, юм хийх гэж оролдож буй ч ямар нэгэн байдлаар нөлөөлөл орж ирээд байгаа байх гэж хардаг. Хийх ёстойгоо хэнээс ч айлгүйгээр хийж, зөв гэж үзсэнээ зоригтой шийдээд явах хэрэгтэй.
-Бидний хүсэлтийг хүлээж авч ярилцсанд баярлалаа. Хэвлэлд ам нээснийх өнөөдрийн энэ цаг мөчид монгол хүн бүрд, манай уншигчдад хандаж үг хэлээч гэвэл та юуг онцлох бол?
-Монголчууд төрт ёсны уламжлалаас гадна хүн ёсны гүн гүнзгий сургаал, уламжлалтай, “Хүн ахтай, дээл захтай” гэж сургадаг ард түмэн. Үүнийгээ XXI зуунд гээж болохгүй. Төрийн өндөр албан тушаал, төрийн үйлчилгээний байгууллагуудад албан тушаалтныг сонгож тавихдаа тухайн шалгуурыг хангасан, тэр төвшинд хүрсэн, суурь хүмүүжилтэй, боловсорсон хүмүүсээ сонгодог уламжлалыг авч явбал сайнсан. “Биеэ засаад гэрээ зас. Гэрээ засаад төрөө зас” гэж үгийг хэрэгжүүлээсэй. Тэгэхгүй бол “Биеэ биед, бэтгээ цатгаланд бодсон” хүмүүсийн тоо олширчихлоо гэж ахмадууд ярих болжээ. Дээр нь бид өөрсдөө маш ажил хэрэгч байх ёстой. Бид төрийн эрхийг төлөөллийн байгууллага болсон УИХ-аараа дамжуулан барьдаг, энэ эрхээ хэрэгжүүлэхдээ хариуцлагатай байх ёстой. Сонгууль болохоор нам хар, жалга довныхоо хүнийг тавих гэдэг, тэр хүний чадвартай чадваргүй, боловсролтой боловсролгүй нь хамаагүй гэлцдэг, энэ бүхэн өнөөдрийн та бидний бухимдал, улс орны өмнө тулгамдсан хүндрэл болчхоод байна. Улаанбаатар хот гэхэд л хүнээсээ олон автомашинтай. Хүмүүс өдрийн талыг автомашиндаа өнгөрүүлдэг болчихлоо. Энэ бүхэн хяналтгүй төр, оновчгүй бүтэц зохион байгуулалтын алдаа. Үүнийгээ шийдэж, дээр нь хөдөө орон нутгаа хөгжүүлэх хэрэгтэй. Бүсчлэлийн бодлого гаргадаг ч хэрэгжүүлдэггүй, нэг засаг гараад хийнэ гэдэг ч нөгөө нь гараад орхичихдог. Сүүлийн 20-оод жилд 1.8-2-хон жилийн настай Засгийн газрууд явж ирлээ. Хотынхоо хөгжлийг сааруулж, хөдөө орон нутгаа орхигдуулсан нь үүнээс болсон. Энэ бүхнийг төрийн бодлогоор л зохицуулах ёстой. Төрийн бүтэц зохион байгуулалт буруу учраа экспорт, импортын харьцаа алдагдсан, Монголдоо үйлдвэрлэж чаддаг байсан зүйлүүдээ чадахаа байгаад гаднаас зөөдөг болсон. Зөвхөн хэрэгтэй гэснээ л гаднаас авч дотооддоо үйлдвэрлэснээ гадагш нь гаргаад явбал улс орон хөгжинө. Төрийн бүтэц, зохион байгуулалт доголдсон учраас улс орны хөгжил хурдаа авч чадахгүй, саармаг байдалд, шаварт суучихсан юм шиг байж байна. Энэ бүхнээс ангижрахын тулд тогтолцооныхоо өөрчлөлтийг хийе. Өөрчлөхийн тулд олон юм хэрэггүй. Парламентаа хүчирхэг бөгөөд хяналттай болгож, бүтэц зохион байгуулалтаа оновчтой зөв хийж, мерит зарчмыг баримтлах нь зүйтэй. Монголчууд мэргэн ухаантай, төрт ёсны арвин уламжлалтай ард түмэн юм чинь энэ бүхнийг базаж дүгнээд алдаа мадгаа засаад авчих бүрэн боломжтой. Ингээд ирж буй туулай жилдээ болон дараа дараагийн он жилүүдэд ололт амжилт дүүрэн байхын ерөөл дэвшүүлье.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )