Хүүхдийг Ивээх Сан НҮБ-ын Итгэлцлийн Сангийн санхүүжилттэй "Охидыг хүчирхийлэл, мөлжлөгөөс хамгаалах нь" төслийг Улаанбаатар хотын Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдэд 2021-2024 онд хэрэгжүүлж байна. Тус төслийн хүүхэд хамгааллын чадавхжуулах сургалтын нээлтийн үйл ажиллагаа болсон. Уг төслийн талаар Хүүхдийг ивээх сангийн Төслийн зохицуулагч Э.Жаргалтай ярилцлаа.
-Хүүхдийг ивээх сангийн үйл ажиллагааны талаар бидэнд танилцуулахгүй юу?
-Хүүхдийн төлөөх ажил үйлсээрээ тэргүүлэгч, шашин, улс төрөөс ангид Хүүхдийг ивээх сан дэлхийд 1919 оноос, Монголд 1994 оноос үйл ажиллагаа явуулж байна. Энэ байгууллагыг үүсгэн байгуулагч хатагтай Эглантин Жебб хүүхдийн эрхийн асуудлыг анх удаа олон улсад дэвшүүлж, улмаар хүүхдийн эрхийн тунхгийг боловсруулсан түүхтэй. Хүүхдийн эрхийн тунхаг 1924 онд Үндэстнүүдийн холбоогоор батлагдаж, 1989 онд НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенц болж, өдгөө хамгийн олон улс орон нэгдэж орсон хүний эрхийн гэрээ болсон юм. Хүүхдийг ивээх сан өнгөрсөн 100 гаруй жилийн хугацаандаа өргөжин тэлсээр өнөөдөр дэлхийн 120 улсад үйл ажиллагаа явуулж байна. Монгол дахь хөтөлбөр нь 1994-2009 онд Их Британийн Хүүхдийг ивээх сан, 2009 оноос хойш Японы Хүүхдийг ивээх сангийн удирдлагад ажиллаж байна. Хүүхдийг ивээх сан хүүхэд бүр эсэн мэнд амьдрах, хамгаалуулах, хөгжих, оролцох эрхээ эдэлдэг ертөнцийг бий болгох алсын хараатай, хүүхдэд эерэг нөлөө үзүүлж, тэдний амьдралд урт хугацааны өөрчлөлт авчрах эрхэм зорилготой.
Хүүхдийг ивээх сангийн үндсэн чиглэл нь хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн засаглал, боловсрол, хүүхдийн ядуурал, эрүүл мэнд, хүмүүнлэгийн яаралтай тусламж зэрэг юм. Бид Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот болон долоон аймагт үйл ажиллагаагаа төвлөрүүлэн төсөл хөтөлбөрийн үр өгөөжийг Монголын хүүхэд бүрд хүртээх зорилготой ажилладаг. 2019 онд 32 мянга гаруй хүүхэд Хүүхдийг ивээх сангийн төслийн үр өгөөжийг шууд хүртсэн байна. Хүүхдийг ивээх сангийнхан хүүхэд бүр эсэн мэнд амьдрах, хамгаалуулах, хөгжих, оролцох, эрхээ ялгаварлалгүй эдэлдэг, хариуцлагатай нийгмийг цогцлоохын төлөө хичээл зүтгэлээ зориулдаг билээ.
-“Охидын хүчирхийлэл, мөлжлөгөөс хамгаалах нь” төсөл ямар үндэслэл, тоон судалгаанд суурилж хэрэгжихээр болсон бэ?
-Бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон охид маань чанартай үйлчилгээ авч чадахгүй байна гэсэн статистик тоон мэдээ байдаг. Тэр дундаа сэтгэцийн гэмтэлд суурилсан хохирогч төвтэй арга зүйг үйлчилгээ үзүүлж байгаа цагдаа, нийгмийн ажилтан, хамтарсан багийн гишүүд маань тэр арга зүйд суралцаагүй байна. Тус хоёр хэрэгцээ, шаардлага байгаа учраас “Охидын хүчирхийлэл, мөлжлөгөөс хамгаалах нь” төсөл хэрэгжих үндэслэл болсон. Коронавирусний халдварын үед бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн тоо 20-30 хувь буурсан байдаг. Гэвч доторх тоог нь задлаад үзэх юм бол 0-18 насны хүүхдийн өртөж байгаа байдлын эзлэх хувь нь 20-30 хувиар өссөн байдаг.
Тодруулбал, нийт гэмт хэргийн тоо нь буугаад байгаа хэдий ч хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа бэлгийн хүчирхийллийн кейс, тоон мэдээ өсөлттэй байна.
Иймд энэ төрлийн хүчирхийллийн гэмт хэргийн хохирогчдод чанартай хүүхэд хамгааллын үйлчилгээ шаардлагатай гэсэн үүднээс тус төслийг хэрэгжүүлэх болсон юм.
-Төслийн хамрах хүрээ ямар байх вэ?
-Улаанбаатар хотын 15 сургуульд нөлөөллийн ажил зохион байгуулна. Сургууль бүр дээр дөрвөн үндсэн үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Бидний тооцоолсноор давхардаагүй тоогоор 650 орчим хүнд чадавхжуулах сургалтыг хүргэж ажиллах төлөвлөгөөтэй байна. Хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлж буй хүмүүс чадвартай болох хэрэгтэй. Жишээлбэл, бэлгийн хүчирхийллийн дуудлага, мэдээлэл авч байгаа цагдаа хүүхдийг аюулгүй болгосноор хамтарсан багт шилжүүлнэ. Хамтарсан багийн Засаг дарга, нийгмийн ажилтан эмнэлэг, сэтгэл зүйчид холбон зуучлах хэрэгтэй. Сургууль нөхөн сэргээх үзүүлэх үйлчилгээ үзүүлнэ. Энэ бүгдийг цогцоор нь хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх гэдэг.
-“Охидыг хүчирхийлэл, мөлжлөгөөс хамгаалах нь” төсөл үндсэн дөрвөн үйл ажиллагааг хэрэгжүүлнэ гэлээ. Тодруулбал?
-Нэгдүгээрт, хохирогч төвтэй, гэмтлийн дараах сэтгэл зүйн үйлчилгээг үзүүлэх 11 модуль бүхий сургалтын гарын авлага, арга, аргачлалыг зөвлөх үйлчилгээний мэргэжлийн багуудтай хамтран боловсруулсан. Модуль 1-5, 7-9, 11 нь хүүхдийн эрх, хүүхэд хамгаалал, хүүхдийн аюулгүй байдал, жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх агуулгыг хамрах бол модуль 6, 10 нь бэлгийн хүчирхийлэл, мөлжлөг, хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчдод сэтгэл зүйн зөвлөгөө, сэтгэл заслын үйлчилгээг хэрхэн үзүүлэх талаар хүүхэд хамгааллын салбарын мэргэжилтнүүдийг чадавхжуулах зорилготойгоор боловсруулагдсан билээ.
Хоёрдугаарт, зорилтот таван дүүргийн сонгогдсон 15 ЕБС-ийн удирдлага, багш нарыг Модуль 1-3 агуулгын хүрээнд сургаж чадавхжуулахаас гадна өсвөр үеийнхнийг жендэрээс үүдэлтэй хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нөлөөллийн ажлыг хүүхдүүд өөрсдөө сургууль дээрх зохион байгуулах үйл ажиллагааг дэмжин ажиллана. Мөн төслийн гол хамтрагч “Хөөрхөн Зүрх” ТББ нь зорилтот сургуулиудын 12-18 насны охид хөвгүүдийн дунд жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх чиглэлээр сургалт, нөлөөллийн ажлыг зохион байгуулна.
Гуравдугаарт, “Чи ганцаараа биш” нөлөөллийн ажлыг цахим орчинд зохион байгуулж, олон нийтийн сүлжээ, гар утасны аппликэйшн, мессежээр дамжуулан өсвөр насны охидод чиглэсэн хэрвээ гэртээ, сургууль дээрээ, олон нийтийн орчинд ямар нэг хүчирхийлэлд өртсөн тохиолдолд хаана, хэнд хандах, хэрхэн тусламж авах тухай мэдээлэл, зөвлөгөөг хүргэх ажлыг зохион байгуулна.
Дөрөвдүгээрт, төсөл хэрэгжих хугацаанд төслийн хяналт, үнэлгээний ажлын хүрээнд суурь судалгаа, нөхцөл байдлын үнэлгээ, мэдлэг, хандлага, дадлын үнэлгээг хийн, хүүхдийн хамгаалал, түүний тоон мэдээлэл цуглуулах бүтэц тогтолцоонд учирч буй асуудал бэрхшээлийг тодорхойлж, тэдгээрийг шийдвэрлэх арга замуудын талаар зөвлөмж, удирдамжийг боловсруулан шийдвэр гаргагчдад хүргэнэ.
-Төслөөс онцлох ажлуудыг хуваалцана уу?
-Хүүхэд хамгааллын төслүүд нэлээд байдаг. Бид бүхний хувьд онцлох зүйл нь “Сэтгэцийн гэмтэлд суурилсан хохирогч төвтэй арга зүйг нутагшуулах” юм. Энэ нь ямар арга зүй вэ гэхээр бэлгийн хүчирхийлэлд хохирогч болсон хүүхэд сэтгэцийн гэмтэл авдаг. Энэ нь сэтгэл зүй, бие махбодын хувьд тодорхой хэмжээгээр гэмтэж байдаг. Тэгэхээр уг хүүхдэд маань тодорхой хэмжээний үйлчилгээ шаардлагатай болдог. Илаарьших, даван туулах хугацаа урт хугацаанд явагддаг гэсэн үг. Харамсалтай нь хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлж байгаа хүмүүс тухайн хүүхдэд илрээд байгаа сэтгэцийн гэмтлийг нь мэддэггүй, тоодоггүйн улмаас тухайн хүүхдэд дахин сэтгэцийн гэмтэл учруулах тохиолдол байдаг.
-Жишээлбэл?
-Жишээ нь, гэмт хэргийн хохирогч болсон хүүхэд Цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгөх гээд сууж байхад нь “Хүчингийн хохирогч болсон хүүхэд ороод ирээрэй” гэдэг. Нэрийг нь хэлээгүй ч тухайн хүүхдийг тэгж “цоллож” заалаар нэг дуудна гэдэг чинь тухайн хүүхдэд ямар хүнд тусах билээ дээ. Мөн тухайн хохирогч хамгааллын үйлчилгээ аваад сургуульдаа буцаад ороход багш нар тус хүүхдийн талаар хов жив, цуу яриа тараах нь тухайн хүүхдийн гэмтлийг дахин дахин сэдрээж байдаг. Ингэснээр хүчирхийллээс илаарьших процесс нь хүндрэлтэй, удаашралтай болдог. Удаашралтай болох тусам тухайн хүүхэд маань насан туршдаа хохирогч байдлаар үлддэг. Хэзээ ч даван туулагч тал руугаа шилжиж, хэвийн амьдралаа үргэлжлүүлэх боломж нь байхгүй болчихдог. Иймд бид тухайн хохирогчийг асуудлаа аль болох хурдан даван туулахад нь дэм болж, эхний цэгээс эцсийн цэг хүртэл дэмжиж ажилладаг.
-Төслөөс гарах үр дүнг хэрхэн харж байна вэ?
-Төслөөс гарах үр дүн нэгдүгээрт, охид бэлгийн хүчирхийллийн талаар илүү мэдлэгтэй болж, өөрсдийгөө болон үе тэнгийнхнээ бүх төрлийн хүчирхийллээс хамгаалдаг болоосой гэж бодож байна. Ямар төрлийн хүчирхийллүүд байдаг, ямар шинжээр энэ нь илэрдэг вэ гэдгийг мэдсэнээр 102, 108, цагдаа руу залгаад энэ төрлийн мэдээллийг мэдэгдэж, хүчирхийллийг таслан зогсоох боломжтой.
Хоёрдугаарт, цагдаа, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, багш, эмч гэсэн хүүхэд хамгааллын хамтарсан багт сэтгэцийн гэмтэлд суурилсан хохирогч төвтэй арга зүйг өөрсдийнхөө өдөр тутамдаа үзүүлж байгаа үйлчилгээндээ нэвтрүүлэх. Хохирогчоо дахин гэмтээдэггүй арга зүйд суралцаасай гэж бодож байна. Ингэснээрээ хохирогч болсон хүүхдүүд маань хамгаалагдсан мэдрэмж авч, тухайн болсон хүчирхийллийг даван туулах, илаарьших боломж илүү хурдан, эерэг байдлаар явна. Эцсийн дүнд нэг ч гэсэн хүүхэд тайван нойртой, айдас түгшүүргүй болоосой гэсэн хүлээлттэй байна.
-Улаанбаатар хотын таван дүүрэгт сургалтаа зохион байгуулах юм байна. Цаашдаа орон нутаг руу үйл ажиллагаагаа чиглүүлэх үү?
-Орон нутаг руу үйл ажиллагаагаа чиглүүлж ажиллахгүй байгаа. Ирэх сараас цахим нөлөөллийн ажлуудыг охидод зориулж зохион байгуулна. Цахимаар явагдах учраас хөдөө орон нутгийн охид маань хамрагдах боломжтой. Энэ сургалтаар охид бэлгийн хүчирхийллээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ гэдгийг таниулах юм. Хөдөө орон нутгийн хүүхэд хамгааллын хамтарсан багийг төсөл, арга хэмжээнүүдээрээ чадавхжуулаад явдаг. Одоо Говь-Алтай, Ховд аймаг руу хүүхэд хамгааллын төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
-Сургалтад ямар хүмүүс хамрагдах вэ?
-Сургалтад хүүхэд хамгааллын ажилтан, мэргэжилтэн хамрагдана. Үүнд, цагдаа, эмч, нийгмийн ажилтан, багш, хамтарсан багийн гишүүд гэсэн хүмүүс байна. Бэлгийн хүчирхийлэлд хэн хүрч ажиллаж байна тэр бүх хүмүүсийг сургалтаараа дамжуулж чадавхжуулах зорилготой.
-Олон төрлөөр төсөл арга хэмжээ хэрэгжүүлдэг гэлээ. Тэгвэл өөр ямар төсөл хэрэгжиж байгаа вэ?
Хүүхдийг Ивээх Сан “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол” олгох төслийг 2020 оноос эхлэн Ховд, Завхан, Өвөрхангай, Говьсүмбэр, Сүхбаатар аймгийн 25 суманд дөрвөн жилийн хугацаатай хэрэгжүүлж байна. Энэхүү төсөл нь Дэлхийн банкны итгэлцлийн сан болох Японы Нийгмийн хөгжлийн сангийн 2.7 сая ам.долларын буцалтгүй тусламжаар хэрэгжиж байгаа юм. Монгол Улсад боловсролд хамрагдалт өндөр боловч ур чадвартай ажиллах хүчний үзүүлэлтээр дэлхийн 187 улсаас 130 дугаарт жагсдаг. Тэр дундаа орон нутгуудад ажлын байр хомс, ур чадвар дутмаг байдгаас өсвөр үеийн хүүхэд, залуучууд ихээхэн бэрхшээлтэй тулгарч байна. Тиймээс өнөөгийн хөдөлмөрийн зах зээлд хамгийн их шаардагдаж буй хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсролыг зорилтот орон нутгийн өсвөр үеийн хүүхэд, залуучуудад олгосноор тэдний сурлагын үр дүнг нэмэгдүүлж, хөдөлмөр эрхлэлтэд бэлдэхээр төслийн баг зорьж байна.
Ураг төрлийн бэлгийн хүчирхийлэл 5-8 жил үргэлжилдэг
-Бэлгийн хүчирхийлэлд өртсөн охид маань анхны тохиолдол болон олон удаагийн давтамжаар үйлдэгдсэний алинд нь мэргэжлийн байгууллагууд руу хандаж байна вэ?
-Манай олон улсын байгууллага хүүхэд хамгааллын шууд үйлчилгээ үзүүлдэггүй. Харин цагдаа, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч хүмүүсийг чадавхжуулдаг юм.
Цагдаагийн байгууллагын статистик тоон мэдээллээс харахад хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн 60 хувийг ураг төрлийн хүчин буюу ойрын хамаатан, садан төрлийн хүмүүс үйлдсэн гэсэн байдаг.
Анхны үйлдэл дээр нь мэдэгдэж байна уу, олон удаа үйлдэгдсэний дараа мэдэгдэж байна уу гэдэг нарийн статистик тоон мэдээ гардаггүй. Мэдээж гудамж, талбай олон нийтийн газарт хүчирхийлэлд өртсөн тохиолдолд тухайн үедээ цагдаад мэдээлж, хамгааллын үйлчилгээндээ хамрагддаг.
Харамсалтай нь ураг төрлийн хүчирхийлэл буюу ойр тойрны хэн нэгэн үйлдэхэд энэ нь 5-8 жил үргэлжлэх тохиолдол байдаг. Тэгэхээр тохиолдол бүр харилцан адилгүй байдаг.
-Ураг төрлийн хүчин их байдаг гэлээ. Тэгвэл хойд эцэг, өвөө нь ч юм уу бэлгийн хүчирхийлэл үйлдсэн тохиолдолд ял завших асуудал гардаг уу?
-Ял завших боломж байхгүй. Эрүүгийн хуульд гудамж талбайд үйлдэгдсэн байна уу, гэр бүлийн хүн нь үйлдсэн байхаас үл хамаараад гэмт хэрэгтэн ял завших тохиолдол тун ховор. Гэхдээ процессын алдаанаас болоод мэдүүлгээс буцах тохиолдлууд гарч болох юм.
-Манай улсын хуульд хүчирхийллийг төрөл болон үйлдлээр нь ангилж авч үздэггүй. Хүчингийн гэмт хэргийг төгс хүчин буюу үйлдэгдэж дууссан гэсэн байдлаар нь ял оноодог тогтолцоотой. Гаднын улс оронд хөх, бөгсийг нь барих, бусад хэсэгт хүрэх нь хүртэл зүйлчлэлтэй байдаг шүү дээ?
-Монголчууд бэлгийн хүчирхийллийг төгс үйлдэгдсэн буюу бэлгийн харилцаанд орох л гэж ойлгодог. Эрүүгийн хуулийн 12 дүгээр зүйлд хүчиндэх гэмт хэргийн заалт байдаг. Үүнд бэлгийн бэлгийн шинжтэй үйлдэл буюу эмзэг газар нь хүрэх, ёс бус үйлдэл хийх зэрэг бүх төрлүүд нь хуулиараа бэлгийн хүчирхийллийн төрөл зүйлд ордог.
-Тэгвэл төгс үйлдэгдээгүй гэмт хэргийг хэрхэн илрүүлж, хариуцлага тооцох вэ?
-Төгс үйлдэгдээгүй гэмт хэргийг илрүүлэхэд нотлох баримт цуглуулахаас эхлээд хүндрэл, бэрхшээлтэй. Бид нар цагдаа, мөрдөгч биш учраас яг ямар процесстой явагддагийг мэдэхгүй байна.
-Сургуулийн амралт эхэлсэн үед хүүхдийн хүчирхийлэл нэмэгддэг гэсэн судалгаа байдаг. Үүнээс харахад эцэг, эхчүүдэд охидын эрхийн талаарх ойлголт мэдлэг дулимаг байх шиг?
-Урт хугацааны амралт эхэлсэн үед хүүхдүүдийг гэрт нь үлдээх эсвэл хөдөө орон нутаг руу хамаатан, садных руугаа явуулах нь монголчуудын дунд түгээмэл байдаг. Энэ үед ураг төрлийн хүчингийн тохиолдол нэмэгддэг. Тиймээс эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ сайтар ярилцах хэрэгтэй. Хэрвээ асуудал үүссэн тохиолдолд нэн дарай хэлэхийг хүүхдэдээ захих, очих гэж байгаа айл нь ямар хүн байгаа билээ, хүүхэд маань хаана, хэнтэй унтах билээ гэдэг аюулгүй байдлыг нь сайтар хангах хэрэгтэй. Мөн дээрээс нь эцэг, эхчүүд энэ төрлийн гэмт хэргийг энгийн мэтээр хардаггүй, анхаарал хандуулдаг байгаасай гэж боддог.
-Хүсээгүй жирэмслэлт өсвөр насны охидын дунд их байна. Энэ нь юутай холбоотой вэ?
-Хүсээгүй жирэмслэлт бол бэлгийн боловсролтой холбоотой. Охид эрүүл мэндийн хичээл эсвэл ээж, эгчээсээ зөв зохистой бэлгийн боловсролын талаар асууж, мэдлэгээ нэмэгдүүлж чадах юм бол хүсээгүй жирэмслэлтээс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой.
Харин бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон охид маань жирэмсэн болж, үүнийгээ хэн нэгэнд хэлж чадахгүй нууж явсны улмаас тээж төрүүлэхээс өөр сонголтгүй болдог. Хэрвээ өсвөр насны охид маань өрх толгойлсон ээж болсон тохиолдолд “Хөөрхөн зүрх” ТББ, “Гүнж” төв рүү хандах боломжтой.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )