Б.Мөнхжаргал: Үндсэн хуульд энэ УИХ гар дүрэх эрхгүй. Ард түмнээр хэлэлцүүлсэн төслийг ёсчлон батлаад тарах ёстой

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 23

ШИНЭН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Мөнхжаргалтай тогтолцооны өөрчлөлт, шинэ Үндсэн хууль хийгээд цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Таны хувьд намынхаа Ерөнхий нарийн бичгийн даргын ажлыг сонгуулийн дараахан хүлээлгэн өгсөн. Гэвч саяхан буцаад томилогдсон юм байна. Чухам яагаад энэ намыг үүсгэн байгуулалцсан гол хүмүүсийн нэг хэрнээ ажлаа өгөх болсон юм бэ?

-Сонгуульд ялагдсаны дараа намын Ерөнхий нарийн бичгийн хувьд жил гаруй намынхаа дотоод асуудлуудыг шийдвэрлэх, сонгуулийн булхай луйврыг нягтлах, залгуулаад орон нутгийн сонгуульд намаа зохион байгуулж оролцуулах зэрэг ажлуудыг хийсэн. Мөн Ж.Батзандан намын даргаа өгчихсөн, нам даргагүй байсан учраас дараагийн даргыг сонгох Их хурлаа зохион байгуулсан. Энэ хурлаар намын даргаар Ц.Гантулгыг сонгогдож, Улсын дээд шүүхэд албан ёсоор бүртгүүлсэн. Ингээд намын удирдлага шинэ хүн болсон учраас шинэ бүтэц бүрэлдэхүүнээрээ үйл ажиллагаагаа явуулсан нь дээр гэж миний хувьд үзээд ажлаа өгсөн. Харин намын дарга маань намыг байгуулагдах цагаас эхлэн намын дотоод ажлаа мэддэг, туршлагатай гэж үзэн ийм хариуцлагатай цаг үед Ерөнхий нарийн бичгийн даргаар буцаж ажиллаач гэж санал тавьсан. Миний хувьд ч олон хүний итгэл, дэмжлэгийг дааж зорьсон зорилго, хийж дуусаагүй ажлаа гүйцээх боломж гэж үзэн шийдвэрээ гаргасан.

Бидний хувьд МАНАН тогтолцоог нураах, олигархжсан намын тогтолцоог задлах, жинхэнэ ард түмний төлөөллийг төрд оруулах, төрд хяналт тавих, ард иргэдийг байгалийн баялагт нь жинхэнэ эзэн болгох, төрд шургалсан авлига, хулгай, луйврыг цэвэрлэхийн тулд тодорхой үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Өнгөрсөн хугацаанд бидний ярьж, тэмцэж, зорьж ирсэн бүхэн үнэн зөв байжээ гэдгийг өнөөдөр болж байгаа үйл явдлууд ч нотлон харуулж байна. Тухайлбал бидний “Баялагтаа эзэн монгол”, Эрдэнэс таван толгойн хувьцааг ард иргэддээ өмчлүүлэх асуудал, “Шинэ хувьсгал” ном, “Шинэ сэргэлтийн бодлого” мөрийн хөтөлбөр, хонгилын шүүх тогтолцоог өөрчилж шударга, хараат бус шүүхийг байгуулах талаар хэлж ярьж байсныг цаг хугацаа харуулж байна. Товчхондоо ШИНЭН бол үзэл баримтлал, бодлогоо тунхгийн хэмжээнд баталсан, улс төрийн хатуу гишүүнчлэлгүй, нам гэхээсээ илүү тодорхой үзэл санаанд суурилсан  шударга ёсны төлөөх иргэдийг нэгдэл юм. ШИНЭН бол улс төрийн хувьд жижиг нам биш. Өнгөрсөн сонгуулиар МАН, АН-ын дараа хамгийн олон санал авсан гуравдагч улс төрийн хүчин.

-Гуравдагч хүчин гэдгээ жаахан дэлгэрүүлээч. ХҮН-ынхан бас өөрсдийгөө тэгж нэрлэдэг шүү дээ?

-Өнгөрсөн сонгуулиар бид “Та бидний эвсэл”-ийн дараа орох санал авсан. Гэвч МАН, МАХН намууд нэгдсэнээр улс төрийн хувьд бид гуравдагч улс төрийн хүчний байр суурин дээр очсон. Сонгуулиар ХҮН нам манай дараа орох саналыг авсан. Гэхдээ тэд УИХ-д нэг суудал авсан гэдгээрээ тэгж ярьж байгаа байх.

-Сонгуулийн дараа ШИНЭН-ын удирдлагад байсан нэр бүхий хүмүүс Элчин сайдаар явсан нь олон хүний гайхширлыг төрүүлсэн. Энэ тал дээр юу хэлэх вэ?

- Ард иргэд бидний МАНАН-г нураах том зорилгыг ойлгоогүй, 2020 оны сонгуулиар баялагтаа эзэн болно гэж итгээд хүчээ нэгтгэсэн эрх баригч нарт саналаа өгсөн байж магадгүй. МАНАН бүлэглэлтэй хатуу ширүүн тэмцэл өрнүүлж байсан манай намын голлох лидерүүдийг харлуулах зорилготой пи-арын бодлого давхар хэрэгжсэн гэж харж байна. Нэгэнд ялалт байгуулах хэмжээнд санал авч чадаагүй хоёр лидер маань өөрсдөө шийдвэрээ гаргаад явсан. Ж.Батзандан даргын хувьд иргэний нийгмийн төлөө тэмцэгч, үзэл бодлоо хаана ч хэнд ч айлгүй зоригтой хэлчихдэг хүн. Байр сууриа өөрөө тодорхой илэрхийлсэн учраас би энэ талаар ярих илүүц байх. Л.Болд даргын хувьд намыг үүсгэн байгуулагчдын нэг, 1990 оны ардчилсан хөдөлгөөний удирдагчдын нэг. Энэ хүний ардчиллын төлөөх үзэл баримтлал манай намд бүрэн тусгалаа олсон. Мөн Германд боловсрол эзэмшсэн, Гадаад хэргийн сайд, Батлан хамгаалахын сайдын алба хашиж байсан туршлагатай хүн. Ямар ч байсан Монгол Улсаа Европын холбооны улсад төлөөлөөд ажлаа сайн хийгээд явж байна гэж харж байна.

-Нэг ажлаа өгөөд ирчихсэн байдаг. Нөгөөх нь одоо болтол эргэж ирээгүй байгаа нь намаасаа урвачихсан хэрэг биш үү?

-Юу гэж тийм юм байх вэ дээ. Үнэт зүйл, үзэл баримтлал дээрээ нэгдсэн болохоор төрийн томилгоот албаа дууссаны дараа буцаж ирээд бидэнтэй нэгдээд цаашаа явах байх аа. Одоогоор намаас түдгэлзээд дипломат алба хашиж буй учраас бидний зүгээс улс төрийн ямар нэг байр суурь илэрхийлэх хэрэггүй биз.

-Төрд нүүрлэсэн хулгайчидтайгаа тэмцэж байна гээд Хөгжлийн банк, Эрдэнэс Тавантолгой гээд олон асуудал шил дараалан болж байна. Үүнийг хэрхэн харж байгаа вэ?

-Улс төрийн намын хувьд улс оронд тулгамдаж буй асуудал, нийгмийг хамарсан үйл явдлууд дээр мэдээлэл авч, дүгнэлт хийж тодорхой байр сууриа илэрхийлэх ёстой. Бид зөвхөн эдгээр асуудлыг шүүмжлэх биш шинжлэх ухаанд суурилсан тодорхой онол, олон улсын туршлага дээр суурилсан шийдвэрлэх гарц, гаргалгааг ярьж, байр сууриа идэвхтэй илэрхийлж байгаа. Энэ нь ч намын үндсэн үүрэг. Мөн бид эрдэмтэн судлаачдыг оролцуулан намын дэргэдэх Тинк Танк судалгааны хүрээлэнгээрээ дамжуулан улс төр, нийгмийн тодорхой сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэхээр бэлтгэж байна.

Өнөөгийн хоёр намаар дамжиж төрийн эрх мэдлийг олигарх бүлэглэл авдаг, луйврын сонгуулийн тогтолцоотой нөхцөлд иргэд, төрийн бус байгууллагууд төрд шургалсан авлигач, хулгайч нараа зайлуулъя гэж хэчнээн жагсаад ч нэмэргүй нөхцөлд ороод байна. Өнөөгийн өрнөж буй жагсаал, цуглааныг ч нэгдсэн зохион байгуулалтгүй, үр дүнгүй болгох, саармагжуулах янз бүрийн технологи явагдаж байна. Энэ байдлаар иргэд учраа олж чадахгүй удах юм бол нийгэмд хаус байдал үүсэж, яваандаа дарангуйллын дэглэм рүү хальтирч орох ч аюултай. Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэж Үндсэн хуульдаа тунхагласан хэрнээ өнөөдөр төрөөр ард түмэн байгуулж чадаж байна уу, эсвэл намын дээр суусан олигарх бүлэглэл төрийг удирдан залж байгаа эсэх нь өөрөө асуудал болоод байна. Тиймээс ард түмэн төр засгаа байгуулдаг, хянадаг тогтолцоог бий болгохын тулд харилцан хяналттай хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалыг бий болгох, ард түмэнд хянах эрхийг бий болгосон хоёр танхимтай парламенттай болох талаар тодорхой судалгаа хийж, санал боловсруулж, шинэ Үндсэн хуулийн төсөл хүртэл боловсруулсан. Бидний өнгөрсөн хугацаанд хэлж, тэмцэж байсан зүйлс эцсийн дүндээ тогтолцооны өөрчлөлт хийж байж улсаа орноо аврах зам дээр нэгдэж байна.

-Үндсэн хуулийн төсөл, тогтолцооны өөрчлөлтийн талаар эргээд ярья. Эрх баригч нам төрд нүүрлэсэн хулгай луйвартайгаа тэмцэнэ гээд том, том хэргүүдийг гаргаж ирж байна. Нийгэм ч нэлээд дэмжиж байх шиг байна. Анхлан энэ талаар ярьж байсан хүмүүсийн нэгний хувьд үүнийг хэрхэн харж байна вэ?

- Ерөнхий сайдаас улсаа аврах гээд байна уу, намаа аврах гээд байна уу? гэж асуумаар байгаа юм. Бид хамтдаа МАНАН дэглэмийн нураая гэж 2019 оны жагсаал, цуглааныг зохион байгуулсан. МАНАН-жсан олигарх тогтолцоог нураая, ард иргэдээ байгалийн баялагт нь эзэн болгоё, хараат бус шударга шүүхийг байгуулъя гэж хамтдаа жагсаж тэмцсэн. Тэмцлийн зорилгоо хамгийн сайн мэдэх “шударга тав”-ын нэг Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Ерөнхий сайд, эрх баригч намын дарга хийж байна. МАН өнөөдөр сөрөг хүчингүй шахуу төрийн эрхийг бүтнээр нь барьж, төрийн гурван өндөрлөг гурвуулаа нэг намаас сонгогдон ажиллаж байна. Энэ хүнд улсаа аврах хангалттай хүч, хуулиар олгогдсон эрх мэдэл, бас боломж нь бий. Гэхдээ ерөнхий сайд том том авлига албан тушаалын хэргийн талаар үг, үйлдлээ илэрхийлж байгаагаас энэ хүн намынхаа гишүүдийн барьцаа шантаажд байгаа, нийгмээс тодорхой дэмжлэг хүсэж байгаа мэт харагдаж байна. Ерөнхий сайд авлига хулгайтайгаа жинхэнээсээ тэмцээд байгаа юм уу эсвэл нам доторх авлигачидтайгаа учраа олох гээд, намаа аврах гээд байгаа юм уу гэдэгт ард иргэд эргэлзэж эхэлж байна. Өнөөдөр ерөнхий сайд төрд нүүрлэсэн авлига хулгайтай тэмцэх үү, эсвэл намтайгаа тэмцэх үү? гэсэн хайчинд байгаа үед энэ хүн улс төрийн манлайлал, зангаргаа харуулах хэрэгтэй байна. Түүнээс биш МАНАН тогтолцоог нураах зорилгоо умартаад намаа аврах гээд яваад байвал дараа нь улсаа аврахад оройтсон байх вий дээ!

-Тогтолцооны өөрчлөлтийг хүчтэй ярьж байна. Танай намын хувьд тавдугаар Үндсэн хуулийн төсөл боловсруулсан. Энэ талаараа ярихгүй юу?

- Өнөөдөр тогтолцоогоо өөрчлөхгүй бол болохгүй гэдгийг дээр дооргүй ярьж байна. Манай нам тогтолцооны шинэчлэлтийн талаар өөрсдийн Үндсэн хуулийн төслийг боловсруулсан. Өөр өөрийн хувилбараар Үндсэн хуулийн төсөл боловсруулсан намууд нэлээд бий. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч энийг олж мэдэрч тусдаа төсөлтэй намууд нэгдсэн нэг төсөлтэй болоод ирээч гэсэн санал тавьсан.

-Ажлын хэсэг байгуулсан шүү дээ?

-Тэгсэн. Үндсэн хууль бол ард түмний төртэйгөө хийж буй гэрээ. Тиймээс ч шинэ Үндсэн хуулийг аль нэг нам дангаараа өмчлөх боломжгүй. Тиймээс нэг төсөлтэй болооч гээд ажлын хэсэг байгуулсан болов уу. Энэ ажлын хэсгийг Н.Энхбаяр ахалж, ШИНЭН, ИЗНН, МУНН, МҮАН гэсэн дөрвөн намын төлөөлөл, эрдэмтэн судлаачид орсон. Өнгөрсөн оны долоодугаар сараас хойш энэ ажлын хэсэг ажиллаад улс төрийн намуудын хамтарсан Үндсэн хуулийн төслийг Ерөнхий сайдад гардуулж өгсөн. Мэдээж энэ төсөл бүх намын санал орох боломжгүй, аль нэг намын өмч биш гэдэг нь ойлгомжтой. Тиймээс манай нам дээрх төслийг бүх ард түмнээрээ хэлэлцүүлэх нь зөв гэсэн байр суурьтай байгаа.

-Бүх ард түмнээр хэлэлцүүлэхийн тулд яах ёстой юм бэ?

Үндсэн хууль гэдэг бол бүх ард түмэн төртэйгөө хийж буй гэрээ. Энэ бол нийгмийн зөвшилцөл. Түүнээс биш эрх барьж байгаа нэг нам дангаараа хийх асуудал биш. Энэ УИХ Үндсэн хуульд гар дүрэх эрхгүй. Учир нь эрх барьж байгаа нам 2020 оны сонгуулиар санал өгсөн иргэдийн 40 гаруйхан хувийн саналыг авсан мөртлөө УИХ-ын 80 гаруй хувийг бүрдүүлсэн. Өнөөдөр УИХ нь үүргээ гүйцэтгээд, ард түмнээ төлөөлж чадаж байсан бол ард түмэн нь зэрэгцээд “Ард түмний хуралдай” байгуулъя гээд аргаа бараад явахгүй биз дээ. Үндсэн хуулийн төслийг үндэсний хэмжээнд зөвшилцлийн механизмыг бий болгон салбар салбарын эрдэмтэд, улс төр судлаачид, оролцогчид, иргэний нийгмийн байгууллага, нийгмийн төрөл бүрийн олонлог, ард түмний төлөөллийг өргөн бүрэлдэхүүнтэй хамруулж байж хэлэлцүүлэх хэрэгтэй. Энэ хэлэлцүүлгээс гарсан үндсэн хуулийн эцсийн хувилбарыг ард нийтийн санал асуулгаар асуух ёстой. Ард түмнээр хэлэлцүүлсэн төслийг ёсчлон батлаад энэ УИХ тарах ёстой.

-УИХ-аас “Зөвлөлдөх зөвлөл” байгуулаад хэлэлцүүлээд байгаа юм биш үү?

-“Зөвлөлдөх санал асуулгын тухай” хууль бол Үндсэн хуулийг хэлэлцэх хэмжээний чадамжтай хууль огт биш. Энэ хууль нь өөрөө төрийн үйл хэрэгт бүх ард иргэдийг оролцох эрхийг хязгаарласан зөрчилтэй хууль. Төрийн эрх бүх ард түмний мэдэлд байна гэсэн мөртлөө санамсаргүй түүврийн аргаар сонгож авсан 1500-хан хүнээр бүх ард түмнийг төлөөлүүлнэ гэвэл боломжгүй. Тэгээд ч эрх баригч нам зөвхөн гишүүдийн тоог нэмж нэг танхимтай парламентыг хэвээр хадгалах, ард иргэдээс ерөнхийлөгчөө сонгох эрхийг хурааж ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болгох гэх мэт өөрсдийн эрх мэдлээ хадгалах гэсэн санаархалтай байна гэж хардаж байна. Үүнийгээ “Зөвлөлдөх зөвлөл” гэгчээр оруулж бүх ард түмнээр хэлэлцүүлсэн мэтээр харагдуулж хуурах гэж байна. Өнгөрсөн 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг яг л ийм аргаар хийсэн. Үр дүн нь өнөөдрийн нөхцөл байдал юу болсныг харж байгаа биз дээ. Үндсэн хуулиа өөрчлөх боломж сүүлийн 30 жилд ганц удаа олдож байгааг ингэж буруу замаар явуулж огт болохгүй.

-Намуудын нэгтгэсэн төсөл дээр хоёр танхимынхаа бүтэц, зарчмыг тодорхой болгосон уу?

-Саяхан Төрийн ордонд болсон хэлэлцүүлэгт орсон хүмүүсийн 80 гаруй хувь нь тогтолцоог өөрчлөх, тэр тусмаа парламентыг хоёр танхимтай болгох нь зүйтэй гэсэн санал хэлсэн. Ажлын хэсгийн санал дээр ч гэсэн хоёр танхимтай байх асуудлыг туссан байгаа.

Өнгөрсөн хугацаанд хоёр намаар дамжсан олигарх бүлэглэлийн төлөөлөл ээлжлэн сонгогдож төрийн бүх эрх мэдлийг авч ирлээ. Ард түмэн жинхэнэ утгаар төрийнхөө эрхийг нэг ч удаа барьсангүй. Тийм ч учраас жилээс жилд сонгуулийн идэвх муудсаар сүүлдээ төрдөө ч итгэхээ больчихлоо. Үүнийг засах гарц нь хоёр танхимтай болох юм. Парламентыг хоёр танхимыг үгүйсгэх хандлага эрх баригч намаас анзаарагдаад эхэллээ. Тухайлбал 2019 оны үндсэн хуулийг өөрчлөлтийг хийсэн, эрх баригч намын хамааралтай хуульч гэх хүмүүс хэрвээ хоёр танхимтай болбол зардал нэмэгдэнэ гэсэн мөртлөө УИХ-ыг нэг танхимтай хэвээр нь үлдээгээд УИХ-ын гишүүдийнхээ тоог нэмэх гээд байгааг ойлгохгүй байна. Бас хоёр танхимтай парламентын давуу талыг ер ярихгүй байж хоёр танхим бол зөвхөн холбооны улсад л байдаг зэрэг худлаа тархи угаагаад эхэлсэн байна лээ. Үндсэн хууль бол цөөн хэдэн хүний өмч биш шүү.

-Хоёр танхимтай парламентын давуу тал юу юм бэ тэгээд?

- Олигарх засаглалыг задалж намууд бус ард иргэдийн төлөөлөл төрд хяналт тавих, төрийн тогтвортой байдлыг бий болгох боломжийг хоёр танхим бий болгодог. Энгийнээр хэлбэл нэг танхимыг намууд бүрдүүлдэг бол нөгөө танхимыг нам бус эрдэмтэн мэргэд, эмч, багш зэрэг мэргэжлийн төлөөлөл, үйлдвэрчний эвлэл, залуучууд, нийгмийн цөөнхийн төлөөлөл бүрдүүлнэ. Хуулийг хоёр өөр эрх ашгийг төлөөлсөн хоёр танхим хэлэлцэн батлах тул одоогийнх шиг нэг талын эрх ашгийг хангасан, хариуцлагагүй, чанаргүй хуулиуд батлагдахгүй. Бас хоёр танхимтай болсноор төрийн тогтвортой байдал бий болно. Манайхан төрийн тогтвортой байдал гэдгийг буруугаар тайлбарладаг. Энэ бол ерөнхий сайд, кабинет хэдэн удаа солигдож буйгаар биш бодлого нь тогтвортой байна уу гэдгээр хэмжигддэг. Сайтар хянаж хэлэлцсэн хууль баталж байж төр тогтвортой болно гэсэн үг. Тогтвортой бодлого дээр хүн солигдсон ч тухайн бодлого үргэлжлээд хэрэгжээд явдаг. Гэтэл өнөөдөр УИХ нэг хуулийг 48 цагийн дотор үйлдвэрлэж бараг 30 секундэд баталж байна шүү дээ. Тухайлбал өнгөрсөн 7 хоногт Н.Учрал гишүүний санаачилсан “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай” гэсэн нэртэй боловч эсрэг утгатай хуулийг олон нийтийн эсэргүүцлийг үл тоож УИХ-аар яаж хүч түрэн баталж буйгаас харсан биз ээ.

-Холбооны улсад л хоёр танхим байдаг гэдэг дээр юу хэлэх вэ?

- Дэлхийн 200 гаруй улсын 80 орчим нь хоёр танхимтай парламенттай. Үүнээс ердөө 25 нь холбооны улс байна. Манайхтай ижил төстэй хэрнээ маш олон улс өнөөдөр хоёр танхимтай байна. Жишээлбэл европт Франц, Нидерланд, Итали, Испани, Польш, Чех, Румын, өмнөд америкт Уругвай, Парагвай, Чили, ӨАБНУ тэргүүтэй африкийн зарим улсууд, өмнөд азийн Индонез, Тайланд, Малайз, Филиппин, Камбож, манайтай ойролцоо төв, зүүн азид гэхэд л Япон, Казакстан, Тажикстан, Узбекстан зэрэг улсыг нэрлэж болно.

Хэрвээ бид энэ боломжийг ашиглаж өөрчлөлтийг зөв хийж чадвал өнөөдрийнх шиг хэн нь хэзээ жагсаал хийх бол намайг огцруулах бол гэсэн байнгын эсэргүүцэл тэмцэл дунд биш улс орноо засах үндсэн ажилдаа анхаарна. Хэрэв ингэж чадвал ард түмэн ч дөрвөн жилд нэг удаа сонголтоо хариуцлагатай хийгээд бусад үед өмнөх ажлаа сэтгэл амар хийгээд явах боломж бүрдэнэ шүү дээ. Бидний хүсээд байгаа ардчилсан нийгэм чинь ердөө л энэ шүү дээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Баасансүрэн(103.161.242.171) 2023 оны 01 сарын 28

ШИНЭН хуулийн төсөлд, ард түмэнд нэр нүүрээ барсан тараа таниулсан ерөнхийлөгч ерөнхий сайд нарыг их хуралд насаар нь суулгах, гадаадын иргэдэд иргэншил олгох зэрэг цөөхөн хүн амтай оронд эрсдэлтэй заалтуудыг оруулахыг зөвшөөрснийг юү гэж ойлгох вэ.

0  |  0
ард(64.119.20.45) 2023 оны 01 сарын 28

ҮНДСЭНХУУЛЬ Ч АРД ТҮМНИЙХ БИШ БОЛСОН БАЙХАА. ТӨР БАРИГЧДЫН ЗАВХРАЛЫГ ХУУЛЬЧИЛДАГ ХЭРЭГСЭЛ БОЛСОН ЮМ БОЛОВ УУГЭЖ АЙДАГ ШҮҮ. БАЙДЛААС ХАРАХАД ТИЙМ БИШ ГЭХИЙН АРГА АЛГА. ЦЭЦНЬ ТЭДНИЙ ТАВИУЛУУД.

1  |  0
Зочин(192.82.82.247) 2023 оны 01 сарын 28

Одоогийн энэ хулгайч , ЖДҮХС , ЭМДС , НДС, Хөгжлийн банк , капитал банк, нүүрсний хулгай хийдэг МАНгаруудаар ҮНДСЭН ХУУЛИА өөрчлүүлмээргүй байна.

1  |  0
Ka(103.11.192.34) 2023 оны 01 сарын 23

Uurchlult oruulah tsag n bolson

0  |  0
Jagaa(183.177.100.4) 2023 оны 01 сарын 28

Tiim shvv olon hvniii sanal asuullgiig awch olon niitiin erh ashig deer vndeslej huulia batalsan deer bolov uu \n

1  |  0
Top