ИНСТАГРАМ ТРЭНД | Хөшигний цаадах үнэн

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 29

Өмнөд Солонгосын олон нийтийн сүлжээний хамгийн том чиг хандлагуудын нэг бол "Body profile" зураг юм. Биеийн галбираа тодотгосон энэ төрлийн зургуудыг ихэвчлэн фитнесс сонирхогчид болон тамирчид, загвар өмсөгчид авахуулдаг бол тус улсад энгийн иргэд ч мөн авахуулах нь түгээмэл үзэгдэл. 

Энэ төрлийн зураг авалтад орохоосоо өмнө шаргуу бэлтгэл хийж, хатуу хоолны дэглэм барьдаг бол зураг авалт хийлгэх үед ч мөн их хэмжээний мөнгө зарцуулна. Хамгийн сайхан бие галбир болон шаргуу хөдөлмөрийнхөө үр дүнг гэрэл зурагт мөнхлөн үлдээхийг хүсэгчид  олширсон хэдий ч энэ төрлийн зураг авалтад оролцсондоо харамсах хүмүүс ч олон бий. 

 

 

"Body profile" нь анхандаа эрүүл, чийрэг бие бялдартай байхад өдөөдөг ч хүссэн үр дүндээ хүрсэний дараа өмнөхөөсөө ч илүү жин нэмэх эрсдэл учирдаг байна. Зургаа авахуулсны дараа хатуу бэлтгэл, хоолны дэглэмээс ангид байж эрх чөлөөнд хүрсэн мэт санагдаж эхэлдэг тул зарим хүмүүс аюултай хэмжээнд хүртэл хэтрүүлэн идэж эхэлдэг аж. 

 

 

Энэ төрлийн зураг авалтад орсон нэгэн юүтүбэр "Би зургаа авхуулсныхаа дараа 12 цагийн турш тасралтгүй юм идсэн. Талх, бялуу, үхрийн гэдэс, цус, мах, ногоотой шөл идсэн. Гэртээ харьсныхаа дараа пицца, тахиа, догбугги идэж архи ууж, дахин үхрийн гэдэс идсэн" гэжээ. 

 

 

Нөлөөлөгчдийн хувьд дагагчдадаа урам зориг өгөхийн тулд энэ сонголтыг хийх нь элбэг. Гэсэн ч энэ нь нэг талаараа дагагчдаа хуурч буй явдал болохыг өөр нэгэн юүтүбэр дэлгэжээ. Тэрээр гэрэл зураг авахуулсан ч түүнийгээ фотошопоор янзлуулан булчин нэмжээ. Бусад хүмүүс ч мөн зурагтаа засвар хийлгэдэг бөгөөд энэ нь бодит байдлаас ангид, хийсвэр ертөнцийг бий болгож байгаа нь сөрөг үр дагавар авчирч болзошгүй. Дагагчид нь тэдэн шиг болохын тулд эрүүл мэнд, сэтгэл санаа, бие махбодь, санхүүгээрээ хохирч байгаа тул тэд ийнхүү хөшигний цаадах үнэнг дэлгэж эхэлжээ. 

Тиймээс зөвхөн зураг авалтад зориулж биш, урт удаан хугацаанд эрүүл чийрэг байхын тулд спортоор хичээллэх нь хамгийн зөв сонголт хэмээн тэд уриалж эхэлжээ. 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top