Бодит амьдрал дээрх "Squid Game" шоуны үеэр гурван хүн гэмтжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 29

Найруулагч Хван Дун Хёг болон Netflix-ийн бүтээл "Squid Game" кино дэлхий даяар хит болсон. Netflix-ийн зүгээс тус киноны бодит хувилбар буюу "Squid Game: The Challenge" реалити шоуг зохион байгуулна гэдгээ өнгөрсөн онд мэдээлж байсан. Тус шоуны зураг авалт өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 23-нд Лондон хотоос хойд зүгт байрлах Кардингтон студид эхэлжээ. 

Нийт 456 оролцогч тус шоунд оролцсон бөгөөд хөлдөөгчний температурт 4 сая ам.долларын төлөө өрсөлджээ. Тоглоом цувралын нэгэн адил "Улаан гэрэл, ногоон гэрэл" тоглоомоор эхэлжээ. Оролцогчдын биеийн байдал температураас болж муудаж, зарим нь барианы шугам руу мөлхөж байсан тухай нэгэн оролцогч "The Sun"-д өгсөн ярилцлагдаа дурджээ. 

 

 

Энэ үеэр Их Британид байгалийн гамшиг тохиож эрс хүйтэрсэн. Зураг авалт хийж байсан газар -3 хэм хүртэл хүйтэн байсан бөгөөд эмч нар оролцогчдыг дамнуурга дээр тавин зөөвөрлөж байсан гэнэ. Яг л дайны бүсэд байгаа мэт сэтгэгдэл төрж байсан хэдий ч ярих хориотой байсан учир хүмүүс эцсээ хүртэл дуугүй байсан аж. 

 

 

Тус шоуг зохион байгуулагчид СNN-д өгсөн ярилцлагадаа "Бид жүжигчид болон оролцогчдынхоо эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарал хандуулан ажиллаж байгаа. Аюулгүй байдлын тал дээр маш их хөрөнгө оруулалт хийсэн. Зураг авалтын талбай маш хүйтэн байсан ч оролцогчид үүнд бэлтгэлтэй байсан. Ноцтой гэмтэл авсан гэх мэдээлэл худлаа" гэжээ. Гэсэн ч зураг авалтын талбайгаас гурван хүн хөнгөн бэртэл авч эмнэлэгт хүргэгдсэн тухай эх сурвалжууд мэдээлжээ. 

"Squid Game: The Challenge" реалити шоу нийт 10 ангитай бөгөөд олон нийтэд цацагдах хугацаа нь одоогоор тодорхойгүй байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top