Тайзнаа эргэн ирсэн Ким Жон Хён дахин шүүмжлэлд өртөв

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 30

 

2021 онд жүжигчин Ким Жон Хён 2018 онд "Time" кинонд хамтран дүр бүтээсэн жүжигчин Сү Хёнд бүдүүлэг хандсан хэмээх шүүмжлэлд өртсөн. Тухайн үед үерхэж байсан жүжигчин Со Еэ Жи түүнд хамтран дүр бүтээсэн бүсгүйдээ хүрэхгүй байхыг анхааруулж, хүйтэн хөндий харьцахыг зааварчилж байсан нь ил болж багагүй шуугиан дэгдээж байсан билээ. 

 

 

Үүний улмаас олон нийтийн зүгээс хүчтэй шүүмжлэлд өртсөн Ким Жон Хён хэсэг хугацаанд завсарлага авсан билээ. Тэрээр энэ сарын 27-ий өдөр нээлтээ хийсэн "Kokdu: Season of Deity" киногоор албан ёсны эргэн ирэлтээ хийлээ. Хэвлэлийн бага хурлын үеэр хамтран дүр бүтээсэн жүжигчин бүсгүйтэйгээ тун ч ойр дотно харилцаж байсан тэрээр олны анхаарлыг багагүй татаж байв. 

 

 

Сэтгүүлч түүнээс өнгөрсөн маргаан, хэсэг хугацааны завсарлагааны талаар асуухад Ким Жон Хён "Маш олон зүйл болж өнгөрлөө. Болсон явдлыг эргэн харж, эргэцүүлэн бодож, өөр дээрээ ажиллахад цаг зав гаргасан. Үзэгчдэдээ өөрийнхөө илүү сайн хувилбарыг толилуулахын тулд хичээж ажилласан. Үзэгчид жүжиглэлтийг минь нээлттэйгээр харж, хэрэв дутуу дулимаг зүйл байвал тэдний итгэлийг үйлдлээрээ эргүүлэн авах ёстой гэдгээ ойлгосон" гэжээ. 

 

 

Түүнээс MBC телевизийн цувралд 5 жилийн дараа дүр бүтээхээр болсон тухай сэтгэгдэлийг нь асуухад тэрээр "Таван жилийн өмнөх дурсамж надад үнэндээ алга. Бүх зүйл шинэ юм шиг л санагдаж байна. Бүхэл бүтэн таван жилийн дараа эргэн ирж, хэвлэлийн бага хуралд оролцож байгаадаа баяртай байна" хэмээн хариулсан нь олон нийтийн эгдүүцлийг дахин хүргэжээ. 

 

 

Олон нийтийн үзэж буйгаар түүний ийнхүү хариулсан нь тухайн үед бүдүүлэг хандсан хүмүүстээ дахин бүдүүлэг хандаж буй явдал гэнэ. Шинээр цацагдаж буй кино түүний энэхүү үйлдлээс болж уналтад орж болзошгүй. Гэхдээ үнэнч шүтэн бишрэгчид нь түүнийг илүү сайн жүжигчин, сайн хүн болсон гэдгийг уг кино батлан харуулна хэмээн итгэж байгаагаа илэрхийлсээр байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top