Шинэ аварга С.Мөнхбатын дэлгэрэнгүй ярилцлага

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 13
Үндэсний Их Баяр Наадмын түрүү магнайг Увс аймгийн Баруун туруун сумын харьяат Улсын харцага С.Мөнхбат авч “Монгол Улсын аварга” цол, Улсын начин Г.Эрхэмбаяр үзүүрлэж “Монгол Улсын арслан” цол хүртлээ. Энэ жилийн наадам залууст ээлтэй байв.
 
Өнөөдрийн Монгол Улсын аварга, тэр үеийн Улсын харцага С.Мөнхбатын 2011 оны 4-р сарын 04-нд http://turuun.mn/ вэб сайтад нийтлэгдсэн ярилцлагыг  уншигчдадаа хүргэж байна.  
 
- Өнгөрсөн жил таныг начин цол авсны дараахан “Хийморилог эрчүүд” сэтгүүлийнхээ хойморт урьж байсан. Энэ жил улсын харцага болсны тань дараахан дахин урьж байна?
- Тийм шүү. Начин болсныхоо  дараахан  “Хийморилог эрчүүд” сэтгүүл дээр гарахад хүмүүс Уянга уулын хүчтэн ийм хүн байдаг юм байхдаа гээд хүмүүс их гайхаж байсан шүү. /Инээв/
- Улсын наадмаас хойш заал танхимын барилдаанд барилдав уу?
- Өнгөрсөн сард Монгол улсад прокурын байгууллага үүсч хөгжсөний 80 жилийн ойн барилдаанд түрүүлсэн. Нутаг усандаа очоод тэр болгон энд тэндэхийн барилдаанд оролцож амжихгүй л байна.  - Өөрийг чинь анх ирэхдээ бөх болох гэж биш, цэрэг болох гэж ирсэн гэдэг яриа байдаг?
- Би 2003 онд уг нь Хилийн цэргийн дээд сургуульд урилгаар суралцахаар ирсэн. Гэхдээ карентинд гараад үгээ хэлсэн гэх үү дээ. Тэгээд конкурсдаад авсан ШУТИС-ын цахилгаан системийн инженерийн ангидаа орлоо. Гэтэл өдөр болгон хичээл номонд дарагдаад юун барилдах зав гарах манатай. Дуртай юм болохоор болж өгвөл барилдчих санаатай байдаг. Тэгээд дараа жил нь аавдаа хэлж байж зөвшөөрөл аван Шонхор дээд сургуульд орж бөх болох замаа тавьсан даа. Манай сургуульд нэгэн үеийн тавь жаран сайхан залуучууд байсан. Бүгдээрээ л барилддаг байсан ч шүүгдэж явсаар ганц хоёр нь л бөх болсон доо. Манай үеийн залуучуудаас улсын цолонд хүрсэн нь би л байх шив. Ингээд бодохоор бөх болох их хэцүү шүү дээ.
- Гэхдээ барилдах дуртай болсон шалтгааныг тань сонсмоор санагдлаа. Бөхийн удам бий юу?
- Манай аав чинь нутаг усандаа нэртэй сумын заан хүн. Тэгээд ч дөрвийн дөрвөн бакалын эзэн яаж зүгээр суухав дээ. Тэр тусмаа хөдөөний хүүхэд бол бүр ч үгүй шүү. Аав маань биднийг орой болгон гэрийн хойморьт барилдуулна. Хүүхэд л болсон хойно нэгнээсээ давж барилдах гээд их үзнэ. Гэхдээ бөх болох хүн нь би байсан юм шиг байна. Хөдөөгийн хүүхдүүдэд ганц хийдэг юм нь барилдах байсан болохоор, тэгээд ч жаахан бөхийн авьяастай байсан юм шиг ээ.  Түүнийгээ өөрөө хичээж мэрийж барилдаад л энэ амжилтанд хүрсэн.
- Өөрийн чинь үеийн бөхчүүдээс дурдвал хэн хэн байна?
- Манай дээд талаас гэвэл аймгийн арслан Батмөнх, доод талаас бол олон шижигнэсэн аймгийн цолтонгууд байдаг. Улсын харцага Даваабаатар байна. Яг миний үеэс аймгийн заан шар Мөнхбат , Аймгийн арслан Отгонбаатар, Говь-Алтайн Жагаа, Бундхорол, Болдоо гээд байнаа байна. Харин сумын заанууд олон байгаа шүү. /инээв/
- Оюутан ахуй цагийнхаа дурсамжаас хуваалцаач. Тамирчин оюутнууд их л иддэг дээ?
- Аав ээжийн буянд нэг их өлсөж  ундаасаагүй ээ. Оюутан байхад сайхан байсан шүү.  Наад зах нь хөдөөнөөс хонины мах ирэхэд ганц хонохгүй дуусчихна. Байрны маань тамирчин оюутнууд бөөнөөрөө дайрчихаж байгаа юм чинь аргагүй шүү дээ. Хэрвээ өгөхгүй гэвэл шууд л авдарных нь түгжээг эвдээд идчихэж байгаа юм чинь. /Инээв/.Хоёр гурван хоногийн дараа нөгөө “Да Хун Ван”-даа орчихож байгаа юм чинь. Одоогийн оюутнууд яадгийг мэдэхгүй. Гэхдээ харж байхад их л тансаг харагдах юм байна ш дээ.
- О.Балжинням аварга чамайг энэ жилийн бэлтгэл дээр нэлээн зааж сургасан гэж байсан. Аваргаас сурсан зүйлээ наадмын дэвжээн дээр сайн хэрэгжүүлжээ, янз нь?
- Энэ жил манай галын бөхчүүд ер нь бэлтгэл сайн хийсэн дээ. Балжаа аварга ганц надад гэлтгүй бүгдэд нь зааж зааварлаж байсан. Гэхдээ миний хувьд тулж бэлтгэл хийсэн болохоор нөгөө дутууг нь гүйцээж, дундуурыг дүүргэнэ гэдэг шиг олон зүйл зааж зөвлөсөн. Шууд тийм ийм гээд хэлчихэж болохгүй байна. Хэлчихвэл бөхчүүд намайг хаяад эхэлчихнэ ш дээ./Инээв/ Гэхдээ миний барилдааныг үндсээр нь өөрчилнө гэж юу байхав.
- Засуулууд зассан бөхөө ирлэж хурцалж, зааж зөвлөж амжилт хүргэсэн тохиолдол зөндөө байдаг. Цол нэмэх давааны барилдааны өмнө засуул чинь юу гэж зөвлөв?
- Олон жил хажууд нь дагаж, засаж явдаг учраас засуулууд нь бөхчүүдийнхээ сул тал, хийдэг мэхийг нь нэг бүрчлэн мэддэг болчихсон байдаг.  Тухайлбал нэг бөхтэй барилдах гээд гарахад наадах чинь тийм мэх хийх  нь. Одоо тэг хэмээн зааж зөвлөдөг. Миний хувьд сүүлийн хоёр жил нэг засуул дээр зургаагийн даваанд гарсан. Тэр засуул маань намайг маш их хурцалж өгсөн дөө. Зургаагийн даваанд Харцага  М.Баяржавхлантай барилдах гээд гарахад ноднин чи энэ даваан дээр чадаагүй ч энэ жил заавал хүрнэ шүү. Зоригтой барилдаарай гээд л гаргасан. Миний хувьд Улсын харцага  М.Баяржавхлантай анх удаа барилдаж байгаа болороор хурд, тэсрэлтээрээ л илүүрхэж барилдана гэж бодсон. Тэрэндээ ч хүрсэн.
- Жил дараалан цол хүртэж байгаа болохоор чамайг нэлээн өсөх ирээдүйтэй бөх гэж үзэгчид үнэлж байсан. Гэхдээ  цол хүртсэн бөхчүүдийг найраа хийлээ гэсэн үг үргэлж дагалдаж байдаг?
- Би аймгийн заан байхдаа л байнга улсын начны тааварт хэлэгддэг байлаа. Улсын начин болсны дараахнаас энэ ч начингаар тогтохгүй харцагын эрэмбэтэй залуу байна шүү гэлцэхийг олонтоо сонссон. Харин энэ жил харцага болсны дараа чамд заан ч болчих боломж байна гэж хүн бүхэн хэлж байсан нь их урам өгсөн. Миний хувьд өөрийнхөө барилдааны амжилтыг шат шатанд нь ахиулж барилдсандаа баяртай байдаг.  Хамгийн гол нь ямар бөх вэ гэдгийг нь тэртээ тэргүй манай бөх сонирхогчид, үзэгчид мэдэж байгаа болохоор ийм элдэв үг нэг их гараад байдаггүй. Үргэлжлэлийг энд дарж уншина уу

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top