Онцгой татвараас чөлөөлөгдсөн АИ-92, дизелийн үнэ буурах уу!

Автор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 02

Өнөөгийн байдлаар манай улс газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээнийхээ 95 ба түүнээс дээш хувийг импортоор хангадаг. Засгийн газар 2022 оны дөрөвдүгээр сард дизелийн түлшний онцгой албан татварыг тэглэсэн.

Тодруулбал, уул уурхай, газар тариалан, бүтээн байгуулалтын ажлын бэлтгэл эхлэх энэ үед дизелийн түлшний үнийг өнөөгийн түвшинд тогтвортой хадгалах, хангамжийг тогтвортой байлгах хүрээнд дизелийн түлшний онцгой албан татварын хэмжээг 2022 оны долоодугаар сарын 1-ний өдрийг хүртэл бууруулж, тонныг нь тэг төгрөг болгосон билээ.

Гаалийн ерөнхий газраас мэдээлснээр, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдрийн “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 496 тогтоолоор Засгийн газрын мөн өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн 161 тогтоолын хоёр дахь заалтын нэг дэх дэд заалт болох “Дизелийн түлшний онцгой албан татварын хувь хэмжээг “0” хувь хэмжээгээр тогтоосон тогтоолын хугацааг энэ оны долоодугаар сарын 1-ний өдөр хүртэл гэж сунгажээ. Мөн Засгийн газрын 2023 оны нэгдүгээр сарын ээлжит хуралдаанаар импортоор оруулж байгаа 92 октантай авто бензиний гаалийн албан татварын хэмжээг 2023 оны нэгдүгээр сарын 30-ны өдрөөс 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл “0” хувиар тогтоох шийдвэр гаргасан.

Манай улс эртнээсээ дизель түлшний хэрэглээ өндөртэй орон бөгөөд сард 80 мянган тонныг хэрэглэдэг гэсэн судалгаа бий. Үүний 60 орчим хувийг “Роснефть” компани, үлдсэн 40 хувийг бусад трейд компани нийлүүлдэг. УУХҮЯ шатахууны хангамж, үнийн талаар ОХУ-ын Роснефть нээлттэй хувьцаат нийгэмлэг компанитай хэлэлцээ хийж, 2023 оноос дизель түлшийг олон улсын зах зээлийн үнээс 10 хувиар хямд авах, АИ-92 автобензиний тонн тутмын үнийг 815 ам.доллароор таван жилийн хугацаанд тогтворжуулахаар тохиролцсон талаар УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар мэдээлсэн. Тэгвэл АИ-92 болон дизель түлш онцгой албан татваргүй болгосноор шатахууны үнэ буурах боломжтой эсэх талаар зарим албаны эх сурвалжаас тодрууллаа.


 

ӨРГӨН ХЭРЭГЛЭЭНИЙ АИ-92 ШАТАХУУН 25 ХОНОГИЙН НӨӨЦТЭЙ БАЙНА

 

Шунхлай, Петровис, Сод Монгол, М-Ойл, Супер-92, Сити газ энержи зэрэг шатахуун түгээх станц Тасганы овоог тойрон оршдог. Эдгээр станцад шатахууны үнэ ямар байгааг сурвалжиллаа.

Шунхлай, Петровис, Сод Монгол, М-Ойл шатахуун түгээх станцад АИ-92 автобензин 2390 төгрөг, АИ-95 автобензин 3710, дизель түлш 3850 төгрөгийн үнэтэй байлаа. Харин Супер-92 шатахуун түгээх станцад АИ-92 автобензин 2360 төгрөг буюу 30 төгрөгөөр хямд байна.

Тус станцаас шатахуун худалдаж авахаар зогсож байсан иргэн М.Мөнх-Эрдэнэ “Гаалийн татвар нь “0”-лэгдчихсэн юм чинь шатахуун импортлогчид үнээ буулгах л хэрэгтэй шүү дээ. Өнөөдөр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ шатахууны үнээс хамаарч өсөж байна. Ямар сайндаа 30 төгрөгийн татуу газраас ирж авах вэ дээ” гэсэн юм.

Улсын хэмжээнд нэгдүгээр сарын 24-ний өдрийн байдлаар нийт 116.830 тонн шатахууны үлдэгдэлтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 6363 тонн, АИ-92 автобензин 32444 тонн, АИ-95 автобензин 4819 тонн, Дизель түлш 69146 тонн үлдэгдэлтэй байна. Энэ нь А-80 автобензин 38 хоног, АИ-92 автобензин 25 хоног, АИ-95 автобензин 36 хоног, дизель түлш 28 хоногийн ердийн хэрэглээтэй тэнцэх үлдэгдэл, нөөцтэй байгаа юм.

Үүнээс баруун бүс 13861 тонн, хангайн бүс 7618 тонн, төвийн бүс 16592 тонн, зүүн бүс 6980 тонн шатахууны үлдэгдэл, нөөцтэй байна. 2023 оны нэгдүгээр сарын 01-23-ны өдрүүдэд 136.5 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон ба үүнээс, А-80 автобензин 1.4 мянган тонн, АИ-92 автобензин 26.9 мянган тонн, АИ-95/98 автобензин 1.1 мянган тонн, дизель түлш 95.9 мянган тонн, ТС-1 /онгоцны түлш/ 2.7 мянган тонн, Жет А-1 түлш 2.8 мянган тонн, бусад бүтээгдэхүүн 5.4 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүнийг тус тус импортолсон байна.

Бид УУХҮЯ-наас Гаалийн онцгой албан татварыг “0”-лэх шийдвэрийг ямар судалгаа, тооцоолол дээр үндэслэж хийсэн, ямар үр дүнд хүрэх болон шатахууны үнэ буурах боломжтой эсэх талаар тодруулах гэсэн боловч “Засгийн газраас өргөн мэдүүлсэн тогтоол учир тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Сангийн яамнаас тодруул” гэсэн хариу өгсөн юм. Харин Сангийн яамнаас тодруулах гэсэн боловч “УУХҮЯ-ны бодлогын асуудал учир манайд хамааралгүй” гэв. Ийнхүү асуудлаас “зугтах” байдлаар хандаж, “гөлөг төөрүүлэх ажиллагаа”-гаа хэзээ болих вэ.

 

Б.САЙНБАЯР: ДӨРӨВДҮГЭЭР САРААС БЕНЗИНИЙ ҮНЭ БУУРАХ ЭДИЙН ЗАСГИЙН ПРОГНОЗ ХАРАГДАЖ БАЙГАА

 

Монголын шатахуун хэрэглэгчдийн холбоо ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Сайнбаяраас шатахууны жижиглэнгийн үнэ буурах боломж бий эсэх талаар тодруулсан юм.

Тэрбээр “Өнөөдрийн байдлаар шатахууны жижиглэнгийн үнэ буурах боломжгүй байгаа. Учир нь дэлхийн зах зээл дээр нефть 78 доллартой байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд АИ-92 шатахууны үнийг хэтэрхий их барьснаар ААН-үүд алдагдал хүлээсэн. Үүний нэгэн тод жишээ бол МТ, Сод Монгол шатахуун түгээх станц зөвхөн гишүүний карттай хүмүүст түлш өгнө гэсэн хязгаарлалтууд хийж байсан.

Бидний судалгаанаас харах юм бол энэ оны дөрөвдүгээр сараас бензиний үнэ буурах эдийн засгийн прогноз харагдаж байгаа. Тэрнээс шатахууныг онцгой албан татвараас чөлөөлөнгүүт өнөө, маргаашдаа буурна гэж байхгүй. Дизелийн түлшний хувьд өмнөх оны тогтоолыг үргэлжлүүлж, үнийг тогтворжуулж байгаа. Одоогоор дэлхийн зах зээл дээр бүх шатахуун огцом бууралтыг үзүүлээгүй байна.

Роснефть компанитай хийсэн дизель түлшийг олон улсын зах зээлийн үнээс 10 хувиар хямд авах гэрээ бол зүгээр л улс төрийн шоу шүү дээ. Яг бодит байдал дээр ААН-үүд дээр тийм боломж байна уу гэвэл байхгүй. Сингапурын хөрөнгийн биржийг бодлогоор бариад, Роснефтийн үнийг тогтоож, сар бүр хил үнэ ирдэг. Тэр хил үнэ бууж байж л дотоодын шатахууны үнэ буурах боломжтой. Хэрвээ төрөөс шатахууны үнийг буулгая гэвэл нөөцийг маш ихээр бүрдүүлэх шаардлагатай. Ингэснээр л үнийн савлагаанд савлахгүй болно. Монгол шиг 30 хоногоор нөөцөө бүрдүүлдэг орон Орос шатахууны үнээ хэдэн хувь нэмнэ тэр үнээр нь авч нийлүүлэхээс өөр аргагүй. Онцгой албан татвараас чөлөөлснөөр АИ-92 шатахууны одоо байгаа үнэ буюу 2390 төгрөг, дизель түлшний 3850 төгрөгийг дээшээ алдчихгүй гэсэндээ барьсан бодлого. Үүнээс гадна Ш.Адьшаа гишүүний Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эсрэг байна. Энэ бол маш хорлонтой төсөл” гэсэн юм.

 

Ш.АДЬШАА ГИШҮҮН ХУУРАМЧ ШАТАХУУН ХИЙХ, ЗАРАХ НӨХЦӨЛИЙГ БҮРДҮҮЛЭХ ХУУЛИЙН ТӨСӨЛ ӨРГӨН БАРЬЖЭЭ

 

Дээр дурдсан Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг энэ оны нэгдүгээр сарын 10-ны өдөр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлсэн. Тус төсөлд газрын тосны үйлдвэрлэлийн зориулалтаар импортолж байгаа газрын тосны дайвар бүтээгдэхүүнд хамаарах керосин, алкалит, хүнд фракцын дизелийн түлш, нафтад онцгой албан татвар ногдуулахгүй байх зохицуулалтыг тусгажээ. Нэг үгээр хэлбэл, Ш.Адьшаа гишүүний өргөн барьсан төслийг баталбал хуурамч шатахууны гол орц болох керосин, нафта зэрэг бодисуудыг татваргүй болгоно гэсэн үг. Хоёр жилийн өмнө Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар Д.Сумъяабазар ажиллаж байхдаа хуурамч шатахуун үйлдвэрлээд байгаа учраас керосин, нафтаг гаалийн татвартай болгох хуулийн өөрчлөлтийг хийж байсан.

Гэтэл Ш.Адьшаа гишүүн дахин хуурамч шатахуун хийх, зарах нөхцөлийг бүрдүүлэх хуулийн төсөл өргөн барьсан гэх шүүмжлэл дагуулсан. Энэ талаар УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Анандбазар байр сууриа илэрхийлсэн юм. Тэрбээр “Зөвхөн АИ-92 шатахууны татварыг хугацаа нь дууссан учраас сонгоё гэж орж ирсэн юман дээр нэмээд дизель түлшийг нь өндөр татвартай болгоод, УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн өргөн барьсан хулхи шатахууныг татваргүй болгох тогтоол хамт өргөн барьж байна. Цаашид хуурамч шатахуун таван хувиар хямд үнэтэй болох нь. Ориг шатахуун таван хувиар илүү үнэтэй болох юм байна. Иргэд аль хямдыг нь л худалдаж авна. Ингэснээр Монгол Улс тэр чигтээ машингүй болно. Багануур компанийн 40 мотор эвдэрсэн тухай ярьж байсан. Арвилах зүйлийг амсраасаа гэдэг. Яагаад ийм зүйлийг ойлгодоггүй юм бэ. Одоо тоглож ханалаа. Нүүрсний салбар хулгай гэж муухай юмаар дүүрчихлээ. Харин нефтийн салбарт хулгай оруулж ерөөсөө болохгүй. Мэддэг салбар учраас би яриад байгаа юм. Түүнээс биш ашиг сонирхлын зөрчил байхгүй. Ард түмэн ядраад байна шүү дээ” гэсэн юм.

 

“УУХҮЯ, ГХЯ-НЫХАН ХОЙД ХӨРШ РҮҮ ЯВЖ ӨНДӨР ҮНЭТЭЙ ХИЙСЭН ГЭРЭЭГЭЭ ЦУЦАЛ” ГЭВ

 

Мөн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хуурамч шатахууны хуулийн төслийг эсэргүүцнэ гэдэг байр сууриа илэрхийлсэн юм. Тэрбээр ”Хуурамч шатахууны хуулийг хоёр жилийн турш ярьж, хоёр жилийн өмнө хууль батлуулж зогсоосон.

Гэтэл энэ хуулийг нэг УИХ-ын гишүүн дизель түлш холих зорилгоор нөгөөх нь Засгийн газар АИ-92 шатахууныг холих зорилгоор оруулж ирлээ. Хуурамч шатахуун гэдэг нь том нефтийн агуулахын 75 хувьд оргинал дизель түлш хийнэ. Харин 25 хувьд нь керосинтой хольж, бүтэн болгож, сэнсээр эргүүлнэ. Тэрийгээ хотын ШТС-уудад зөөж аваачаад, хүнд элемент нь доошоо, хөнгөн элемент нь дээшээ гарна. Хөнгөн элементийг нь хэрэглэсэн автомашин цагаан утаа хаяна. Хүнд элемент хэрэглэсэн машинаас хар утаа хаяна. Ингээд автомашинууд эвдэрнэ. Хоёр жилийн өмнө хотын гудамжны шонгийн 50 метрээс доош хэсэг нь хав хар утаа тортогтой байдаг байсан. Хүнд метал хэрэглэсэн автобуснаас ялгарсан утаа тортог хар болгодог байсан. Одоо тийм биш болсон. Том хүмүүс тус хүнд металлаар амьсгалахгүй. Бага насны хүүхдүүдэд сөргөөр нөлөөлж, монголчуудын генд нөлөөлнө. Энэ бүхнээс хоёр, гуравхан компани ашиг олж, МАН-ын компаниуд авлига авдаг. Энэ хуулийг та нар УИХ-аар давуулна гэвэл гонжийн жоо. УУХҮЯ, ГХЯ-ныхан хойд хөрш рүү яв л даа. Өндөр үнэтэй хийсэн гэрээгээ цуцал. Монголчуудыг хохироож, хэдхэн хүн баяжна гэвэл эндүүрэл шүү.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(43.228.130.188) 2023 оны 02 сарын 02

адьшааг жаахан ивээн тэтгэж толгойг нь эргүүлж дээ

0  |  0
Зочин(192.82.80.208) 2023 оны 02 сарын 02

Адша гэж нэг хөдөөний гар бас ямар юмны гар хөл болоод хэдэн төгрөгний сураг сонсчоод ингээд бнаа. Шалгах хэрэгтэй шүү.

0  |  0
Top