Л.Төр-Од: Хүний эрх дээдэлдэггүй улсад авлига өндөр байна

Автор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 02

“Транспэрэнси Интернэшнл Монгол” ТББ-ын тэргүүн, АТГ-ын олон нийтийн зөвлөлийн дарга Л.Төр-Од “Өглөөний зочин”-оор уригдлаа. Тэрбээр Авлигын төвшний индекс /АТИ/-ийг өчигдөр олон нийтэд танилцуулсан юм.


-“Транспэрэнси Интернэшнл” олон улсын байгууллагын хувьд хэзээнээс АТИ-ийг гаргаж эхэлсэн бэ. Монголд уг байгууллага үйл ажиллагаагаа хэдий үеэс эхлэв?

-“Транспэрэнси Интернэшнл” олон улсын байгууллага нь АТИ-ийг 1995 оноос хойш дэлхий нийтийн ихэнх улс орнуудыг хамарч явуулж ирсэн бөгөөд олон улсдаа хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага юм. АТИ-ийн үзүүлэлт нь аливаа улсын анхаарах чухал асуудал нь болдог. Учир нь АТИ-ийн дүн дээр үндэслэж, тухайн орны олон улсын гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг хүртэл шийдвэрлэдэг чухал судалгааны арга хэрэгсэл болсон.

“Транспэрэнси Интернэшнл Монгол” ТББ-ыг байгуулах санаачлагыг Зориг сан, Сант марал сан, Сонгогчдын боловсролын төв, Нээлттэй нийгэм форум, Худалдаа аж үйлдвэрийн танхим, Глоб интернэшнл зэрэг 10 гаруй байгууллага хамтран санаачлаад 2003 оноос ТББ-ын хэлбэртэй үйл ажиллагаа явуулж байна. Монгол Улсын хувьд АТИ-ийн судалгааг анх 1998 онд хийж, 1999 оноос өнөөг хүртэл тогтмол  гаргаж байна.

-АТИ-ийн гол төвлөрч судалдаг зүйл нь юу вэ?

-АТИ-ийн гол асуудал нь төрийн байгууллага болон энэ албан дахь авлигын асуудлыг шалгуур үзүүлэлтээрээ хэмжиж гаргаад, дүгнэлт болон зөвлөмж гаргадаг. “Транспэрэнси Интернэшнл” байгууллага АТИ-ийг дангаараа гаргадаггүй. Нийтдээ хөндлөнгийн 16 эх сурвалж дээр суурилж, судалгаагаа явуулдаг. 2020, 2021 онуудад эх сурвалжууд нь ихэсч багасч байсан. Энэ нь ковидтой холбоотой. Жил өнгөрөх тусам АТИ-д хамрагдаж байгаа улсуудын тоо нь нэмэгдэж байгаа нь ажиглагдаж байна.

Тухайлбал, 2016 онд 176 орон байсан бол 2017 оноос хойш тогтвортой 180 улс орон хамрагдаж байна. АТИ-ээр гол хэмжиж байгаа асуудал гэвэл, үндсэн таван асуудлыг анхаардаг. Нэгдүгээрт, хээл хахууль, хоёрдугаарт, улсын болон орон нутгийн төсвийн шамшигдуулалт, гуравдугаарт, хувийн ашиг сонирхолдоо нийцүүлсэн төрийн албаны эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж байгаа байдал, дөрөвдүгээрт, төрийн албан хаагчдын дундах авлигын асуудлыг  авч үздэг, тавдугаарт нь, хувийн ашиг сонирхлын үүднээс улс төр бизнесийн бүлэг­лэлийнхэн төрийн эрх мэдлийг хууль тогтоомж болон бусад арга замаар завшиж байгаа байдлыг хэмждэгээрээ онцлог юм.

Юуг хэмждэг нь ойлгомжтой, татвар, хууль бус санхүүгийн гүйлгээ, түүнчлэн мөнгө угаах асуудлыг ч тусад нь авч үздэг. 

-АТИ-ийн үзүүлэлтийг өчигдөр дэлхий даяар нэгэн зэрэг зарлалаа. Сүүлийн жилүүдэд дэлхийн улс орнуудад ажиглагдаж байгаа авлигын онцлох асуудлаас дурдахгүй юу?

-Сүүлийн таван жилийн АТИ-ийг улс орнуудад харьцуулаад үзвэл, ахиц дэвшил гараагүй. Нийт хамрагдаж байгаа 180 орны 95 хувь нь авлигын төвшин бага зэрэг буурсан буюу бараг дэвшил гараагүй. Зарим бүс нутагт авлигын төвшин өссөн үзүүлэлт байгаа. “Транспэрэнси Интернэшнл” байгууллага Берлинд төвтэй. Төвийн ажлын албанаас хариуцаад 16 эх сурвалжийн үр дүнг нэгтгэж, тухайн улс орнуудын оноог олгодог. Үүнээс гадна жил бүр нэг сэдвийг голчлон төвлөрч, судалдаг.

Тухайлбал, 2018 онд иргэний орон зай хумигдаж байгаа байдлыг илүүтэй анхаарч АТИ-дээ харуулахыг эрмэлзсэн. Тэгвэл 2019 онд ардчиллын хямрал, иргэдийн төрд итгэх итгэл суларсантай холбоотой АТИ-ээ гаргаж байсан. Харин 2020 онд улс төрийн санхүүжилтийн ил тод байдал, улс төрийн нам, улс төр дахь хувийн ашиг сонирхол түрэмгийлэн орж байгаа байдлыг АТИ-ээр харуулахыг зорьсон. 2021 оны хувьд цар тахалтай байсан үед авлигын асуудал ямар түвшинд байна, үүнтэй яаж тэмцэж байна вэ гэдгийг чухалчилсан. Өнгөрөгч 2022 онд авлигын түвшний индексийн хувьд илүү зэвсэгт мөргөлдөөн, энх тайван аюулгүй байдлыг чухалчилсан. Яагаад гэвэл, ОХУ болон Украин хоорондын зэвсэгт мөргөлдөөн бүс нутгийн бус өргөн хүрээний асуудал болж дэлхий нийтийг хамарсан асуудал болсон учраас энэ чиглэлд анхаарал хандуулсан.

-АТИ-ийн өнөө жилийн гол анхааруулж буй асуудал, сэдэв нь юу байна вэ?

-“Транспэрэнси Интернэшнл” байгууллагын гүйцэтгэх захирал нэг зүйлийг анхааруулж буй. Ардчилсан нийгэмд ард иргэд нь авлигыг уг үндсээр нь устгаж, арилгахын төлөө хамтран нэгдэх ёстой. Олон нийтийн дуу хоолойг нэгтгэснээр хөгжил дэвшлийг авчирна гэсэн санааг дэлхий нийтээр буюу 180 гаруй улс оронд АТИ-ийг нэгэн зэрэг зарлаж байгаа юм.

Нөгөөтэйгүүр, манай байгууллагын тэргүүн Берлинд болж буй хэвлэлийн хуралд олон нийтэд юуг анхааруулж байна вэ гэвэл, авлигаас ангижрах арга зам нь төр засаг өөрөө зориг гаргаж, цөөн улс төр бизнесийн олигарх бүлэглэлд үйлчлэх биш нийт ард иргэдэд тэгш үйлчилж, бүх шатанд нь авлигыг арилгаж байж хөгжилд хүрэхийг онцолж буй. Ядуурал бол авлигтай шууд холбоотой байдаг. Авлига их байх тусам тухайн улс орны ард иргэд орлого багатай байгаа нь судалгаагаар тогтоогддог. Түүнчлэн ардчиллын үнэт зүйл, хүний эрхийг дээдэлдэггүй улс орнуудад авлига хамгийн өндөр байна. Өөрөөр хэлбэл, ардчиллын тогтолцоо хэр сайн төлөвшсөн эсэхээс авлигын хэмжээ хамаарч байгаа нь харагдаж байна гэсэн үг. Тэгвэл авлига хамгийн багатай улс орнуудын жишээг хараад үзье.

Тухайлбал, Скандиновын улс орнуудын нийгмийн аюулгүй байдал нь бүрэн хангагдсан тайван байдаг. Эсрэгээрээ авлигад хамгийн их өртсөн улс орнуудад аюулгүй байдал хамгийн ноцтой хэлбэрт хүрсэн. Террорист халдлага, төрийн эргэлт, зэвсэгт мөргөлдөөн зэрэг зөрчлүүд хамгийн их гардаг. Авлигажсан улс орон гэмт хэрэгтэй, тэр тусмаа зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэж чадахгүй байна. Хууль сахиулах байгууллага нь авлигажчихсан байдаг. Авлигаж­сан улс орнуудад гэмт хэргийн гаралт хамгийн өндөр байдаг.

-Монгол Улсын хувьд  энэ жил АТИ-ийн хэчнээн оноо авав?

-Хамгийн гол асуудал нь улс орнууд хэддүгээр байранд орсон нь чухал биш. Оноог нь л харах хэрэгтэй. Оноо нь өндөр байх тусмаа авлига бага байна гэсэн үг. Монгол Улс 100 онооноос 33 оноо авч, нийт 180 улсаас 116-д жагсаж байна. Нийт 30-аас  доош оноо авч байгаа бол авлигажсан улс гэж ойлгож болно. Дээшээ 50-60 оноо руу дөхөх тусам авлигын түвшин дундаж зэрэг, 70-аас дээш гэвэл авлига буурсан гэж ойлгож болно.

Хамгийн их авлигад идэгдсэн орнуудад Ази номхон далай, Зүүн төвийн орнуудаас Камбож, Мяьнмар, Хойд Солонгос сүүл мушгиж байна. Монгол Улсын хувьд 33 оноо, бүс нутгийн хувьд 45 оноотой гэж үзэж болно. Бүс нутгийн хэмжээнд хамгийн өндөр оноо авсан нь Гүрж улс байна. Төв Азийн улс орнуудаас Киргиз 27 оноотой, Казакстан 36 оноотой буюу биднээс гурван оноогоор илүү явж байна. Бусад бүс нутгийн хувьд хамгийн авлига ихтэй нь Сахарын доод бүсийн Африк дундаж оноо нь 32 байна. Дараа нь умард, хойд Африкийн улс орнууд 38, Америкийн бүс нутгийн хувьд 43, хамгийн авлига багатай нь Баруун европ буюу Европын холбооны улсууд 66 оноотой байна. Авлига эдийн засаг улс төрийн асуудалтай салшгүй холбоотойг бидний судалгаа харуулдаг.

Ерөнхийдөө орлогын тэгш бус байдал, ядуурлын түвшин, баялгийн хуваарилалт шударга бус улс орнуудад авлига ихтэй байгаа нь харагдаж байна. Мөн 2017 оноос хойш 10 улс орнуудын хувьд АТИ-ийн оноо нь мэдэгдэхүйц доошилж буурлаа. Үүнд Монгол Улсыг онцоллоо.

-Арван улс орны хувьд АТИ-ийн оноо нь мэдэгдэхүйц доошилсон гэлээ. Үүнийг дэлгэрүүлэхгүй юу?

-Мэдэгдэхүйц оноо буурсан улсууд дотор  Люксембург /77/, Канад /74/, Их Британи /73/, Австрали /71/, Малайз /47/, Монгол /33/, Пакистан /27/, Хондурас /23/, Никарагуа /19/, Хаити /17/. Нэрлэсэн байгаа юм. Харин энэхүү таван жилийн хугацаанд нийт найман улс орны хувьд АТИ-ийн оноо сайжирсан байна. Эдгээр улс нь: Ирланд /77/, Өмнөд Солонгос /63/, Армени /46/, Вьетнам /42/, Мальдив /40/, Молдав /39/, Ангол /33/, Узбекистан /31/ багтжээ. Дээрх улсаас манай улстай ойролцоо гэгддэг Ангол улсын жишээг аваад үзье.

Ангол улс нь сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 14 хувиар оноогоо нэмэгдүүлж чадсан. Тус улс авлигтай тэмцэхдээ гол хоёр зүйлийг анхаарсан байдаг. Hэгдүгээрт, элит хэмээгддэг олигархиудтайгаа тэмцэж чадсан. Хариуцлага тооцох механизмаа бий болгосон. Хоёрт нь, төрийн өмчит компанийнхаа тогтолцоог сайжруулж чадсан. Дээрх хоёр зүйлийг сайжруулж, шийдэж чадсанаараа авлигын төвшний оноогоо тогтвортой өсгөж чадсан.

-Монгол Улс 2022 оны үзүүлэлтээр Авлигын индексийн оноо нь эрчимтэй буурсан, авлига өсч буй 10 орны тоонд орчихлоо. Энэ эрчээрээ явбал ядуурал тар­тагтаа тулна. Танай байгуул­лагын зүгээс АТИ-ээ бууруулахад ямар зөвлөмж өгөх вэ?

- Хэд, хэдэн зүйл дээр онцгой анхаарах хэрэгтэй. Тухайлбал, Авлигаас ангид байх ёстой улс төрийн намын санхүүжилт, үйл ажиллагааны ил тод байдал тулгамдсан асуудал болоод байгаа. Улс төрийн намын хууль одоо болтол шинэчлэгдээгүй бөгөөд улс төрийн намууд авлигын гол үндэс суурь болон хувирсан нь авлигын индексийн оноонд сөргөөр нөлөөлж байна. Мөн авлигын хэргийг мөрдөн шалгах, ял төлөвлөх, АТГ шүүхэд шилжүүлсэн хэрэг шүүх дээр шийдэгдэхгүй удааширдаг, Захиргааны хэргийг хянан шийдвэрлэх шүүхийн адил авлигын хэргийн төрөлжсөн шүүх эсхүл дагнасан шүүгч прокурор, мөрдөн шалгах байгуулах шаардлагатай байна. Түүнчлэн төрийн албан хаагчийн хөрөнгө, орлогоос гадна зарлага мэдүүлдэг болох тогтолцоог бий болгох шаардлагатай байна. Авлигын эсрэг шүгэл үлээгч, эрэн сурвалжлагч сэтгүүлчдийн хамгаалах хууль одоо болтол батлагдаагүй байна. Хамгийн гол нь Монгол Улсын авлигын гол эх үүсвэр болсон төрийн өмчит аж ахуйн нэгж байгууллагуудыг Компанийн хуулиар зохицуулж Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалыг сайжруулж, олон нийтийн хяналт, ил тод байдлыг хангах эрх зүйн орчинг бий болгох хуулийг батлан гаргаагүй байгаа нь авлигын индексэд сөргөөр нөлөөлж байна.

-Авлигын гол эх уурхай нь төрийн алба болчихоод байгаа. Үүн дээр та юу хэлэх вэ?

-Авлигын гол эх үүсвэр нь Төрийн албаны болон ТӨК-ийн шударга бус томилгооноос үүдэн сонирхлын зөрчилтэй хэлцлээс бий болж, улс төрийн намын санхүүжилтэд шингэж байх өндөр магадлалтай бөгөөд шударга бус, монопол давуу эрхийг хэсэг бүлэг этгээдэд төвлөрүүлсэн нь урт хугацааны туршид индекст сөргөөр нөлөөлсөөр байна.

Мөн ардчиллын үндсэн зарчим болох төрийн шийдвэр гаргах үйл ажиллагаанд иргэдийн оролцох, хяналт тавих эрх зөрчигдсөн, хүчин төгөлдөр хууль тогтоомжийн хэрэгжилтийг орхигдуулсан нь сөргөөр нөлөөллөө. Мөн төрөөс хууль тогтоомжоор иргэний нийгмийн байгууллага, сэтгүүлчдийн дуу хоолой, орон зайг хумих оролдлого гарсан гэх асуулгын дүн гарсан нь иргэдийн эвлэлдэн нэгдэх салшгүй эрхтэй холбоотой зөрчилд тооцогдлоо.

Монгол Улсын эдийн засгийн үзүүлэлтийн үндэс суурь болсон уул уурхайн салбарын засаглалд хамгаас чухал нөлөөтэй Олборлох салбарын ил тод байдлын хууль батлагдаагүй байгаа нь авлигын индекс сөргөөр нөлөөлж байна. Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу заасан Үндэсний Баялгийн сангийн эрх зүй тодорхойгүй хэвээр байгаа нь байгалийн баялгийн үр өгөөжийг иргэдэд хүртээмжтэй болгох, сангийн засаглалд эрсдэл учруулахаар байгааг анхаарууллаа.

Бизнесийн салбарынхны асуулгаар төрийн дарамт, шалгалт буурахгүй, гомдлыг зохистой шийдвэрлэхгүй, бизнесийн орчинг сайжруулах боломж, санхүүжилтын олдоц хомс, нийт бизнесийн салбарын засаглал, комплаенс хангалтгүй, зохицуулагч байгууллагуудын хяналт, хариуцлага тааруу байгаа нь нөлөөллөө. Мөн хөрөнгө оруулагчдын эрх, ашиг сонирхлыг хамгаалах эрх зүйн орчинг сайжруулах, төрөөс хөрөнгө оруулалтын баталгааг бий болгох эрх зүйн орчин дутмагт тооцогдсон байна. Иймээс дээр дурдсан асуудал дээр онцгой анхаарал хандууож, засаж залруулах шаардлага тулгарсан нь үнэн.

-Засгийн газрын зүгээс Хөгжлийн банк, нүүрсний хулгай зэрэг асуудлыг  гаргаж ирж, авлигатай холбоотой томоохон асуудлыг хөндөж байгааг нийгэмд зарласан. Энэ ажлын үр дүн АТИ-т нөлөөлөөгүй хэрэг үү?

-2022 онд Засгийн газраас авч хэрэгжүүлсэн ажлын үр дүн энэ удаагийн АТИ-ийн оноонд нөлөөлөөгүй гэсэн үг. Магадгүй өнгөрсөн оноос Засгийн газраас авч хэрэгжүүлж буй ажлын үр дүн нь 2023, 2024 оноос гарах байх гэсэн хүлээлттэй байна. Бидний анхааруулж байгаа асуудал дээр дурдсан гол, гол хуулийг олон нийтээр хэлэлцүүлж, агуулгынхаа хувьд урагшилсан байдлаар батлуулах хэрэгтэй. Мэдээж хуулийн хэрэгжилт хамгийн чухал. Тэгэж чадвал авлигын асуудал аяндаа цэгцрээд явна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (202.126.88.119) 2023 оны 02 сарын 02

Хүний шунал байгаа цагт авилга ямагт байсаар байх болно хуулиа чангатгах хяналттай ил тод байх

0  |  1
Top