Тун удахгүй хаврын тэргүүн сар гарч “Үзэсгэлэнт болгогч” гэх сайхан тодотголтой туулай жилтэйгээ золгоно. Тодотгол нь сайхан ч Монгол Улс бодит утгаараа “үзэсгэлэнтэй” болчихгүй нь. Эрх баригч нам Үндсэн хуулийн өөрчлөлтийг хаврын чуулганаар хэлэлцүүлээд, ээлжит бус сонгуулиар улс төрийн зургаа зурах явган яриа яваад эхэллээ. Үүнээс гадна сөрөг хүчин байх ёстой ардчилсан намын даргын сандал, суудлын асуудал хаваржин юм болох нь. Намар, өвөлжин хулгайтай “тэмцсэн” бид хаваржин бас л ямар нэг юмны хулгайтай тэмцэх дүр зурагтай боллоо. Сарандаваагаар тархиа угаалгаж, Жи Таймаар хулхидуулж, “Бэлтэс мөрөн”-гөөр дөнгүүлсэн монголчууд койноор хууртаж одоо түүнтэйгээ тэмцэх нь...
Ирэх хаврын улс төрийн өнгө, эдийн засаг ямар байхыг хамтдаа зураглацгаая.
Хулгай, хууль...
Сүүлийн үед “хуулийн хулгай” гэх үг “моод” болжээ. Шударга ёс сайхан үг байсан бол одоо “хуулийн хулгай” хэдэн сардаа попчдын шошго болох нь нэгэнт тодорхой боллоо. Нэг ёсондоо намрын чуулган нүүрсний, банкны, хуулийн хулгайтай тэмцсээр дууссан бол хавартай цуг ирэх хаврын чуулган ч хуулиар хулгайтай тэмцэх нь. Эрх баригчид нүүрсний хулгай, банкны хулгайг "оношлохдоо" Үндсэн хуульд байна гэж "оношилсон". Хэдийгээр нүүрсний хулгай гэж тодотгоод, хэдэн нэр зарлаж, заримыг нь яллагдагчаар татсанаас өөрөөр хулгайтай яаж тэмцэв. Жагсагчид нь ч “но”-той, шалтгаан нь ч “но”-той, хариуцлага тооцох асуудал нь ч “но”-той хулгайтай тэмцэх ажил гэнэт Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт рүү явж орчихов. Төрийн ордны гадаа нүүрсний хулгайчдыг зарласан бол ордны нэг жигүүрт Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж, нөгөө жигүүрт нь Хөгжлийн банкны хулгайн сонсголыг явуулав.
Нүүрсний хулгай одоо нэгэнт “Таван толгойн” бүлэг орд руу чиглэсэн. Тиймээс ч энэ зүг рүү тэмүүлсэн улстөрчид болон түүний тойрон хүрээлэгчдийг онилох нь нэгэнт тодорхой болчихлоо. Монгол тулгатны 100 эрхэмээр экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр Таван толгойг хувьд шилжүүлэх гэж байсныг болиулсан тухай өнгөтөөр зурагласнаас хойш яг найман жилийн дараа нүүрсний хулгай Таван толгой руу чиглэв. Мөргөцөгийн хулгайн асуудлаар эхнээсээ УИХ-ын гишүүд нэр цохуулж шалгагдаж эхэлсэн, зарим нь яллагдагчаар татагдчихсан. Гэтэл нүүрсний хулгайн асуудал Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт рүү шууд чиглэв. Хулгай байгаа нь хуульд байж гэж үзсэн үү гэнэт л нэмэлт, өөрчлөлтийг ярих болов. Сонирхолтой нь, Үндсэн хуулийн өөрчлөлтийн авторуудын нэг нь Н.Энхбаяр байсан гэж яаж мэдэхэв. Гэнэт л “Бүгд найрамдах Монгол Улсын дээд хууль” гэх цэнхэр хавтастай өөрчлөлтийн яриа нийгмийн сүлжээгээр гол болж байхад, “Судлах шаардлагатай учраас хэвлэсэн” гэж хэвлэлийн бага хурал зарлав. Нэгэн цагт “Нийгмийн дайсан” болж, нам бүрд чичлүүлж явахдаа “санаачилсан” энэ хуулийн төсөл одоо хэрүүлийн алим болчихлоо. Одоо Үндсэн хуулийн өөрчлөлтийг ярилцах зөвлөлдөх зөвлөлд гишүүдийн тоо нэмэгдсэн учраас авторуудын тоо олон болсон гэсэн үг. Үндсэн хуулийн өөрчлөлт дээр нэг л зүйлийг тодорхой санах ёстой. 2019 онд баталсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр гуравдугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт “ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийг нэгэнт оруулсан бол уг нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш найман жилийн дотор уг асуудлаар нэмэлт, өөрчлөлт дахин оруулахыг хориглоно” гэж заасан. Тэгэхээр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт ярих цаг нь уу, үгүй юу гэдэг маш том асуулт гарч ирнэ. Нүүрсний хулгайн асуудлаар ард түмэн төрийн ордны гадаа жагсаж байхтай зэрэгцэн, талбайд гарч ирж мэдэгдэл хийхдээ “Өнгөрсөн хугацаанд гарсан олон үр дүнгээс харахад бидэнд тогтолцооны өөрчлөлт хэрэгтэй” гэж байв.
Айсуй сонгуулийн дохио
Сонгууль бүрийн өмнө ямар нэг дохио гарч байдаг уламжлалтай. 2016 онд Ардчилсан нам Эрдэнэтийг Монголд авчирсан гэж дохиолсон ч эцэстээ ялагдаж, одоо ч маргаан нь үргэлжилсээр буй. 2020 онд шударга ёсоор дохиолсон Ардын нам ялалт байгуулж, өнөөдрийн парламентын төрхийг тодорхойлсон. Одоо 2024 оны сонгуулийн өмнө хулгайтай тэмцэнэ гэж дохиолов. Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаарх процесс хуулийн хүрээнд явж байгаа учраас чухам хаашаа эргэх нь эргэлзээтэй. Ямар ч гэлээ гэсэн аль хэдийнээ ээлжит бус сонгууль явуулж магадгүй гэх явган яриа нийгмийн сүлжээгээр ч, нийтийн дунд ч яваад эхэллээ. Тэртээ тэргүй ээлжит сонгууль хаяанд ирчихсэн байхад ээлжит бус сонгууль зарлах нь юу л бол. Харин Үндсэн хуулийн өөрчлөлтийг нухацтай хэлэлцээд 2023 ондоо ямар нэгэн шийдвэрт хүрч болох юм. Мэдээж процесс нь жил магадгүй түүнээс ч урт хугацаанд үргэлжлэх магадтай тул яаран шийдвэр гарахгүй байж болох талтай.
Үр могойн, үр хөврөл
Хөгжлийн гэх тодотголтой банкны асуудлыг хэлэлцэж байх 2016 оны УИХ-ын хуралдаан дээр УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин “Хөгжлийн банк үр могой болчихлоо” гэж хатуу шүүмжилж байсан удаатай. Одоо ч үр могойн эмгэнэлт тавилан үргэлжилсээр байна. Монгол Улсын Засгийн газар 2010 оны долоодугаар сарын 20-нд хуралдаж Монгол Улсын Хөгжлийн банк байгуулахаар шийдвэрлэж, 2011 оны хоёрдугаар сарын 10-нд УИХ-аас Хөгжлийн банкны тухай хууль баталаж, тус оныхоо тавдугаар сарын 12-ны өдрөөс албан ёсоор байгуулагдсан юм. Банк байгуулагдсанаас хойш 12 жилийн ойн дээр нь прокурорын байгууллагаас Хөгжлийн банкны хэрэгт холбоотой 80 хүн, дөрвөн хуулийн этгээдийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн өнгөрсөн долоо хоногт шүүхэд шилжүүлжээ. Оролцогчид ихтэй энэ шүүх хурал Улаанбаатар чуулгын байранд болохоор тов гараад байна.
Үр могойн үр хөврөл үргэлжлэхдээ барилга, гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотой зээлдэгчид жин дарна. Түүгээр ч зогсохгүй хуурай үүний үйлдвэр, экспортын наамал дүнзний үйлдвэр, арьс ширний үйлдвэр, дуслын шингэний үйлдвэр, мас боловсруулах төв зэрэг романтик нэртэй олон төсөл бий. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын статистик мэдээллээр Хөгжлийн банк 2.2 их наяд төгрөгийн зээлтэй, 53 зээлдэгчтэй байна. Харин 2022 онд эдгээрээс 994.7 тэрбум төгрөгийг эргэн төлүүлжээ. АТГ-т өнгөрсөн онд гомдол гаргасан 32 зээл, ШШГЕГ-т шилжсэн 200 тэрбумын 11 зээл, шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэргийг нь хэлэлцэж буй 993.8 тэрбумын 16 зээл бий.
100 саяын уналтад гарцаагүй унагах асуулт юу байх вэ гэвэл АН-ын дарга хэн бэ гэдэг асуулт болчихоод байна. Уг нь хүчтэй парламенттай байя гэвэл хүчтэй сөрөг хүчинтэй байх ёстой. Хулгай, зэлгийтэй тэмцсэн ч, Үндсэн хуулийн өөрчлөлт ярьсан ч сөрөг хүчний биш, сөрөг хүчний гаргалгаатай аргумент хэрэгтэй байдаг юм уг нь. Энэ зөвхөн нэг намын даргын асуудал бус парламентын дархлааны асуудал юм. Ердөө гурван долоо хоногийн өмнө Ардчилсан нам даргаа тодруулчихсан. Нэгдүгээр сарын 19-нд АН-ын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаанаар дарга сонгох сонгууль зарлаж Лу.Гантөмөр 152 гишүүний саналаар даргаар сонгогдсон юм. Гэхдээ энэ бол О.Цогтгэрэлийн талын Ардчилсан намын хурал байсан. Дээд шүүхэд бүртгэлтэй намын дарга нь С.Эрдэнэ гэж “гөрддөг” тул С.Эрдэнэ уг хурлыг хууль бус гэж үзээд намын даргын сонгуулийг жинхнээсээ явуулах нь зүйтэй гэж үзсэн юм.
С.Эрдэнийн талын зарласан сонгуульд Л.Гүндалай, Д.Ганбат, Т.Энхтүвшин нар дэвшиж, одоогийн УИХ-ын гишүүн Д.Ганбат даргаар сонгогдсон. Тэгэхээр хоёр талаас АН-ын хоёр дарга гараад ирсэн гэсэн үг. Лу.Гантөмөр үндсэн тааварлаагүй сонголт байсан. Хүн бүхэн С.Баярцогтыг гэж харж байсан ч хайрцаг, харах өнцгийг эвдээд Лу.Гантөмөр гараад ирсэн. Одоо Ардчилсан нам гурван даргатай боллоо. Ардчилсан намны Үндсэн дүрмээр даргад нэр дэвшигч 21 аймгаар тойрч, санал өгөх ёстой. Түүгээр бол хамгийн сүүлд сонгогдсон дарга нь Х.Баттулга. Одоо маргаан дэгдээд байгаа манай, танай намын хоёр дарга бол Үндэсний бодлогын хорооны шийдвэрээр, Дээд шүүхэд бүртгэлтэй тамга тэмдэгтэй гэж үзэж байгаа болохоор аль, аль талыг нь бүртгэж авахгүй байх талтай. Ингэснээр намар ээлжит бус болсон ч бай, дараа жил сонгууль болсон ч бай гурван толгойтой ардчилсан намтай болох нь.
Ийнхүү крипто хулгай, банкны хулгай, хуулийн хулгай, нүүрсний хулгайтай тэмцсэн өвлийн зураглал энэ хавар ч давтагдах шинжтэй. Харин сөрөг хүчний дарга хэн байх вэ, хэн нь жинхэнэ нам бэ гэсэн маргаан шийдэгдэхгүй хүрэх төлөвтэй байна.
Үргэлжлэл бий...
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 1 )
энхтүвшин чинь хятад хүн шдээ царайг нь хар хятдын тагнуул энийг хурдан алж зайлуул