Боловсрол шинжлэх ухааны сайдын 2013 оны А/79 дүгээр тушаалаар батлагдсан “Оюутан элсүүлэх журам” болон 2022 оны “Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” А/47 дугаар тушаалын дагуу Элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ)-ын бүртгэл өчигдөр буюу 2023 оны хоёрдугаар сарын 6-ны 10.00 цагт эхэлсэн ба дөрөвдүгээр сарын 14-ний 18 цагт дуусах юм. Тэгвэл ЭЕШ ямар зохион байгуулалттай явагдах талаар Боловсролын үнэлгээний төв (БҮТ)-ийн захирал Л.Ганбат мэдээлэл өглөө.
Л.ГАНБАТ: ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДАД СУРАЛЦАГЧИД МЭРГЭЖЛЭЭ СОЛИХ, ДАХИН ЭЕШ ӨГӨХ ХАНДЛАГА ӨССӨН
Тэрбээр “Энэ жил улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн XII ангийг төгсөж буй 34117 сурагч байна. Үүний 54 хувь буюу 18334 сурагч орон нутагт, 46 хувь буюу 15783 сурагч Улаанбаатар хотод XII ангид суралцан төгсөж байгаа гэсэн статистик мэдээлэл бий. Үүн дээр өмнөх оны төгсөгчид нэмж бүртгүүлснээр нийтдээ 40 мянга орчим шалгуулагч ЭЕШ өгөх байх гэсэн урьдчилсан тооцоолол гарсан. ЭЕШ нь 2006 оноос зохион байгуулагдаж ирсэн учраас эцэг, эх, асран хамгаалагчдын хувьд мэдээлэл сайн байдаг. Энэ жилийн ЭЕШ хэд хэдэн онцлогтой байна. ЭЕШ-ыг өнгөрсөн оноос жилдээ хоёр удаа зохион байгуулдаг хэлбэр рүү шилжсэн.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард зохион байгуулсан хоёр дахь удаагийн ЭЕШ-д 5000 орчим шалгуулагч хамрагдаж, их, дээд сургуулиуд дээр өвлийн нэмэлт элсэлт авах ажил зохион байгуулагдсан. Энэ жил мөн хоёр удаа ЭЕШ зохион байгуулагдана. Ингэснээр зургаадугаар сард шалгалт өгч чадаагүй болон шалгалтын дүнгээ ахиулах хүсэлтэй шалгуулагчдад боломж нээгдэж байгаа юм. Мөн өнгөрсөн арванхоёрдугаар сараас эхлээд ЭЕШ-д блокчейн технологийг нэвтрүүлсэн. Өөрөөр хэлбэл ЭЕШ-ын дүн, оноог блокчейн технологи дээр байршуулах системийг БҮТ нэвтрүүлсэн.
Ингэснээр шалгуулагчдын дүн, оноо илүү найдвартай, урт хугацаанд хадгалагдаж, иргэдийн зүгээс алдаа гарах вий гэх айдас 100 хувь цэгцэрсэн гэж ойлгож болно. ЭЕШ-ын дүн, оноо, тайлангийн мэдээг боловсролын сургалтын байгууллагууд болон хувь хүн, судлаач, шалгуулагчдад зориулж тодорхой үе шаттай хүргэх ажлуудыг зохион байгуулдаг. Үүнийг энэ жилээс эхэлж ЭЕШ-ын үр дүнг холбогдох бүх шатны боловсролын байгууллага, хувь хүн, судлаач, багш нарт зориулсан байдлаар BI буюу бизнесийн ухаалаг тайлангийн систем дээр байршуулна. БҮТ-өөс 2017 оноос эхлэн Англи хэл, Монгол хэл, Орос хэлний хичээлийн сонсоод ойлгох чадварын тестүүдийг оруулж эхэлсэн. Гэвч 2020, 2021, 2022 онуудад коронавирусний халдварын цар тахлын улмаас сонсоод ойлгох чадварын даалгавруудыг аваагүй, завсарласан байдаг.
Харин энэ жил дээрх хичээлүүдийн шалгалтын үндсэн агуулгад суралцагчдын сонсоод ойлгох чадварыг үнэлэх даалгавруудыг албан ёсоор оруулна. БҮТ-өөс ЭЕШ өгч байгаа элсэгч мөн ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаа сурагчдад VIII ангиас нь эхлэн мэргэжлийн чиг баримжаа олгох чиглэлээр илүү тодорхой зөвлөгөө, мэдээллүүдийг өгөх шаардлага үүсэж байгаа. Судалгаа хийж үзэхэд ЕБС төгсөж, их, дээд сургуулиудад элсэж байгаа суралцагчид мэргэжлээ солих, дахин ЭЕШ өгөх хандлагууд жилээс жилд өссөн үзүүлэлт гарсан. Иймд БҮТ цахимаар мэргэжлээ зөв сонгох зөвлөгөө, мэдээллүүдийг хүргэдэг. Мөн шалгуулагчдад зориулсан албан ёсны сайтууд ажиллаж байгаа юм. Цаашдаа ЭЕШ-ыг олон улсын жишигт нийцүүлэх, мэдлэг чадварыг ялгаатай байдлаар нь үнэлэх, илүү боловсронгуй болгох, агуулгын хувьд өөрчлөлт хийх гэх мэтэд судалгаа, шинжилгээ, журамд өөрчлөлт оруулах ажлууд явагдаж байна. Гэхдээ 2023 оны ЭЕШ хуучин журмаараа явагдана. Журамд заагдсаны дагуу шалгуулагчид өөрсдийн хүссэн хичээлээрээ шалгалт өгөх боломжтой байдаг. Гэвч тухайн сурагчийг “Тус хичээлийг сонгон судлаагүй учраас өгөх шаардлагагүй, битгий өг, зөвхөн сонгон судалсан, давтлагад явсан хичээлээ өг” гэх мэтээр шахаж шаарддаг асуудлууд их гардаг. Тухайн сурагч хэдэн хичээлээр өгөх нь тухайн хүүхдийн эрхийн асуудал гэдгийг хэлье. Шалгуулагчид дунжаар 4-5 хичээлийг сонгон өгч байна” гэлээ.
ШАЛГУУЛАГЧ БҮХ БАНКНЫ ИНТЕРНЭТ ГҮЙЛГЭЭ ХИЙХ ЭРХТЭЙ ТӨЛБӨРИЙН КАРТТАЙ БАЙНА
Шалгуулагч нь Боловсролын үнэлгээний төвийн eyesh.eec.mn цахим хаяг руу хандан бүртгэлээ хийх ба бүртгүүлэхдээ дараах материалыг бэлтгэх юм. Үүнд, иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг /иргэний үнэмлэхийн лавлагаа, гадаад паспорт, цагдаагийн үнэмлэх, мөн гадаадын иргэний Монгол Улсад оршин суух түр үнэмлэх/. Өнгөт цээж зураг /цээж зураг нь 3*4 хэмжээтэй, сүүлийн гурван сарын дотор авхуулсан, урагшаа цэх харсан, арын фон нь цайвар цулгуй өнгийн, нарны шил болон малгайгүй байна/. Бүх банкны интернэт гүйлгээ хийх эрхтэй төлбөрийн карт. Шалгуулагч бүр зөвхөн өөрийн и-мэйл хаягаар бүртгүүлэх ёстой гэжээ. Монгол хэлбичгийн шалгалт нь үнэ төлбөргүй бөгөөд ЭЕШ-ын нэг хичээлийн бүртгэлийн хураамж 5800 төгрөг байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон тусгай сургуулийн суралцагч ЭЕШ-д хамрагдахаар бүртгүүлсэн бол холбогдох бичиг баримтыг бүртгэлийн хугацаанд Боловсролын үнэлгээний төвд ирүүлэх юм. Үүнд, өргөдөл, эмчийн магадалгаа, сургуулийн тодорхойлолт байна.
ЭЕШ ЗУРГААДУГААР САРЫН 15-18-НЫ ХООРОНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА
ЭЕШ-ыг улс орон даяар нийт 49 шалгалтын байранд зохион байгуулах бөгөөд хөдөө орон нутагт 23, Улаанбаатар хотод 26 шалгалтын төв байна. Шалгуулагч бүртгэлээ баталгаажуулсны дараа Боловсролын үнэлгээний төвөөс тухайн үед зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа www.eec.mn , www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авах юм. Суудлын хуваарь хэвлэн авах хугацааг хэвлэл, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон www.eec.mn, Боловсролын үнэлгээний төвийн пэйж хуудсаар зарлах аж.
Монгол хэлбичгийн шалгалтын бүртгэл 2023 оны гуравдугаар сарын 31-ний өдрийн 18 цагт дуусна. Монгол хэлбичгийн шалгалтын босго оноо 400 байх юм.
МОНГОЛ, АНГЛИ, ОРОС ХЭЛНИЙ ХИЧЭЭЛД СОНСООД ОЙЛГОХ ЧАДВАРЫН ДААЛГАВРУУД НЭМЭГДЭН ОРНО
Шалгуулагчид шалгалт өгөхөөр ирэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байна гэжээ. Үүнд, бүртгэлийн хуудас, суудлын хуваарь, иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг /Иргэний үнэмлэх авах насанд хүрээгүй буюу 2023 оны зургаадугаар сарын 1-ний өдрөөс хойш 16 насанд хүрэх шалгуулагч сурч буй сургуулийн захирал эсвэл өөрийн оршин сууж буй орон нутгийн Засаг даргын гарын үсэг, тамгаар баталгаажсан, сүүлийн гурван сарын дотор авхуулсан өнгөт цээж зурагтай тодорхойлолт, төрсний гэрчилгээ/-ийн хамт авч ирнэ. Мөн бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг байх юм.
Монгол хэлбичгийн шалгалт болон ЭЕШ-ын математик, физик, химийн шалгалтын үргэлжлэх хугацаа 100 минут, монгол хэл, англи хэл, орос хэл, биологи, газарзүй, түүх, нийгэм судлал шалгалтын үргэлжлэх хугацаа 80 минут байна. Монгол, англи, орос хэлний хичээлд сонсоод ойлгох чадварын даалгаврууд нэмэгдэн орно.
ШАЛГАЛТЫН ДҮН ОНОО 2.6 ЖИЛИЙН ХУГАЦААНД ХҮЧИН ТӨГӨЛДӨР БАЙНА
Шалгалт дуусмагц, тусгайлан бэлтгэсэн шууд засалтын байранд тухайн шалгалтын хариултын хуудсыг шалгагч машинаар уншуулж, анхны оноог шууд мэдээлэх аж. Монгол хэлбичгийн шалгалтын дүн оноог шалгалт зохион байгуулснаас хойш 10 хоногийн дотор www.eec.mn цахим хуудсанд байршуулан нийтэд зарлана. Монгол хэлбичгийн шалгалт болон ЭЕШ-ын дүн оноо бүхий батламж хуудсыг www.eec.mn болон E-mongolia.mn цахим үйлчилгээний нэгдсэн порталд байршуулах ба дүн онооны жагсаалт зарласнаас хойш шалгуулагч өөрөө хэвлэж авах боломжтой. ЭЕШ болон Монгол хэлбичгийн шалгалтын батламж хуудас нь шалгалт өгснөөс хойш 2.6 жил /31 сар/-ийн хугацаанд хүчин төгөлдөр байна. Үүнээс гадна Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн оноог блокчейн сүлжээнд байршуулдаг болжээ. Энэхүү технологи нэвтэрснээр мэдээллийг тусгай технологиор шифрлэж хадгалах бөгөөд хэн нэгэн сүлжээнд бичигдсэн мэдээллийг өөрчлөх, устгах боломжгүй гэнэ. Өндөр хүчин чадалтай тархмал сүлжээнд найдвартай хадгалах боломжтой болсноор цаг хугацаа, зардал хэмнэж, ил тод, нээлттэй, аюулгүй найдвартай байгаа юм. Мөн ЭЕШ-ын дүн оноог BI сүлжээнд байршуулснаар боловсролын байгууллагын удирдлага, сургалтын менежер, багш сурган хүмүүжүүлэгчид ЭЕШ-ын даалгаврын гүйцэтгэл болон танин мэдэхүйн түвшин, агуулгын гүйцэтгэлийг харан судалгаа шинжилгээ хийх боломжтой болсон байна.
ОЛОН УЛСЫН ШАЛГАЛТЫН ДҮН, ОНООТОЙ ДҮЙЦҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
Гадаадын их, дээд сургуулиуд нийтлэг хүлээн зөвшөөрдөг Кембрижийн АS /advanced subsidiary/, A /advanced/, болон IB /international baccalaureate/, AP /advanced placement/ түвшний хөтөлбөр, мөн IELTS /International English Language Testing System/, TOEFL /Test of English as a Foreign Language/, SAT /Scholastic Aptitude Test/ шалгалтын үнэлгээг элсэлтийн ерөнхий шалгалтын үнэлгээтэй дүйцүүлнэ. Үнэлгээ дүйцүүлэх хүсэлтэй оюутан, суралцагч нь Олон улсын шалгалтын үнэлгээг Монгол Улсын ЭЕШ-ын үнэлгээнд дүйцүүлэх хүсэлт, холбогдох бичиг баримтыг Боловсролын үнэлгээний төвийн www.eyesh.eec.mn цахим хуудасны “Шалгуулагчийн булан”-д ЭЕШ-д бүртгүүлсэн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан нэвтэрч, “Дүйцүүлэх хичээл” гэсэн хэсэгт хандаж цахимаар ирүүлнэ. Үүнд, үнэлгээ дүйцүүлэх тухай хүсэлт, төрсний гэрчилгээ эсвэл иргэний үнэмлэхийн хуулбар, үнэлгээнд дүйцүүлэх хөтөлбөрийн сертификат, дүнгийн хуудасны хуулбар, бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар эсвэл гадаадад бүрэн дунд боловсрол эзэмшсэнийг гэрчлэх дүйцүүлсэн баримтын хуулбар /зөвхөн өмнөх оны төгсөгч/, тухайн сургуульд суралцаж буй эсэх сургуулийн тодорхойлолт /зөвхөн 12 дугаар ангийн суралцагч/ байх юм.
ЗӨВЛӨГӨӨ, МЭДЭЭЛЭЛ АВАХ БОЛОМЖТОЙ САЙТУУД
ЭЕШ-тай холбоотой асуудлаар Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn, facebook/eec.mn, mobile APP, myfuture.mn, help.eec.mn, stat.eec.mn гэсэн мэдээллийн эх сурвалжид хандаж болох ба шалгуулагчид шалгалтын айдас, түгшүүрээ дарах зорилгоор сэтгэл зүйчтэй холбогдон зөвлөгөө мэдээлэл авах боломжтой аж. Мөн 70119498, 75779498 гэсэн утас руу холбогдож болно. Бүртгэлийн дугаар, нууц үгээ мартсан бол 133233 гэсэн тусгай дугаар луу регистрийн дугаарын найман оронтой тоогоо илгээн авах боломжтой юм.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )