Г.Лхагвасүрэн: Гэр хорооллын иргэд өөрсдийгөө эдэлбэр газрын эзэн гэдгийг ойлгоосой

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2023 оны 02 сарын 09

Монгол Улсын үндэсний зөвлөх, Эх орон, цэвэр байгаль компанийн ТУЗ-ийн гишүүн, судлаач Г.Лхагвасүрэнг “Өглөөний зочин”-оор урилаа.


-Нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлт хэр зөв хэрэгжсэн бэ, судлаачийн зүгээс дүгнэхэд?

-Эдэлбэр газрын эздийн хувийн өмч болсон газрыг орон сууцаар сольж авах, өөрөөр хэлбэл, орон сууцжуулж байна гэж дээрэмдэн авч, 0.7 га газар дээр нь 100 айлын орон сууц барьчхаад тухайн айлд ганц өрөө байр өгөхийг дахин төлөвлөлт гэхгүй. Магадгүй хотын ерөнхий төлөвлөгөө, хотын үзэмж, байдалд нийцүүлэн барилгажуулах, хотжуулах боломжид таван давхар юм уу, 8-9 давхар барилга барих боломжтой хэсгүүдэд газар чөлөөлж болох ч гэр хорооллын дахин төлөвлөлт гэдэг бол тэнд амьдарч байгаа иргэдэд хэсэгчилсэн болон бие даасан инженерийн ба нийгмийн дэд бүтцийг нь хүргэж өгнө гэсэн үг юм.

Өнөөдөр иргэд, мэргэжлийн байгууллага, судлаачид, улс төрийн шийдвэр гаргагчид, шийдвэр гаргах түвшинд мэдээ, мэдээлэл өгч байгаа ахлах мэргэжилтнүүд, "газар, хэлтсийн дарга нарт газар чөлөөлж төвийн системд холбоотойгоор байшин барилга барихыг гэр хорооллын дахин төлөвлөлт" гэнэ гэсэн тодорхойлолт очсон нь маш буруу.

Тэр нь цааш аймаг, сум руу буруу тогтолцоо, буруу шийдлийг халдварлуулж байна. Энэ нь тухайн хот суурины хаалганы  орчин, түүний доторх битүү орон зайн системийн орчин, хаалганы гаднах орчин ямар байх вэ гэдэгт буруу ойлголт төрүүлж байна. Ингээд өндөр байшин, тэр барилгын гадаад үзэмж рүү төвлөрөөд, нөгөө сууцны, хорооллын, хотхоны, хорооны, хотын орчин нь алдагдчихаар хүн, амьд амьтны ямар орчин байх вэ. Өөрөөр хэлбэл, төлөвлөлт нь алдагдаж байгаа орон зай буюу эрүүл аюулгүй орчин, байгалийн хараат бус орчинд  агаар амьсгалах орчин нөхцөл нь алдагдаж байна.

Шуудхан хэлбэл, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо зэрэг газар, ундны усны эх үүсвэр байсан худгийг “бохирдолтой” гэж хаалгаж, газар авч байгаад хийсэн хотын фракцынхны цементэн ширэнгэ байна. Энэ бол тодорхойлолтыг буруу хэрэглэсний жишээ. Эдэлбэр газрын эзэд өөрсдийгөө “Би эдэлбэр газрын эзэн” гэж ойлгохгүй, би гэр хорооллын ядуу тарчиг хүн. Намайг төр, засаг ямар нэгэн аргаар сайхан амьдруулж, тэжээх болохоос би боломжгүй гэсэн ойлголт нь явсаар сүүлдээ хоёр өөр орчин, хоёр өөр систем бий болгочихсон. Одоо боломжит хэсэг, нөгөө намыг дараагийн сонгуульд гарч ирэхэд, тухайн үеийн нийслэлийн орлогч, газар, хэлтсийн дарга юм уу, мэдээлэлд ойр байсан хүмүүс тэр үеийн төсөл хөтөлбөрөөр олсон мөнгөөрөө гэр хорооллоос газар худалдаж авч, тэнд гүний худаг гаргаж, хаус барьж, тэндээ үйлчилгээ гаргаж, үнэтэй зарах хэлбэр рүү явж байна. Газрыг хувьчилж, өмчилснөөр иргэнд  олгогдсон тэр үнэт баялаг, үнэт өв хөрөнгө, эдэлбэр газрын эздийн өмчийг байхгүй болгож байгаа нь маш харамсалтай. Тиймээс гэр хороололд амьдарч байгаа хөрөнгө мөнгөтэй хүмүүст нэг зүйлийг маш ойлгомжтойгоор, тов тодорхой  хэлмээр байгаа юм.

-Тэр нь юу билээ?

-Та нарын хөрөнгө мөнгө бол  та нарын эдэлбэр газар шүү. Харин энэ олон давхар барилга буюу нийтийн орон сууцанд магадгүй  м/кв нь 3-5 саяын үнэтэй хэмээн өнгө үзэмжээр шийдэгдэж буй нэг, хоёр өрөөнөөс ч илүү үнэ цэнтэй газар амьдарч байгаа хүмүүс бол та нар юм гэдгийг хэлж ойлгуулмаар байна. Тийм учраас гэр хорооллын дахин төлөвлөлт гэдэг үг, өгүүлбэрээ эдэлбэр газрын эздийн суурьшлын төвхнүүлэлт гэж яривал зохино. Төвхнүүлэхдээ төлөвлөлт бас орж ирнэ. Нөгөө мухар тахир гудамж юм уу, өндөршлийн налуу, муруй, суурьшлын бүс байх боломжгүй намгархаг орчин, олон улсын гэрээ конвенцоор дархан цаазтай болгосон газраа зуслан гээд хашаалаад буучихсан энэ бүхнээ засах аргагүй болтол хийчихсэн, үер усны далан сувгийн газарт айл буулгасан, тэрэндээ сонгуулиар гэрчилгээ өгчихсөн, цэвдгийн алдралаар усан живж байгаа асуудлаа цэгцлэх ёстой.

Энэ бол эрх бүхий этгээдүүдийн гаргасан шийдвэрийн буруу шүү дээ. Дээр нь буруу ойлголт өгч байна. Монголын архитекторуудын холбоо Н.Нацагдорж гэж “архитекторын хаан” байна. Хотын ерөнхий төлөвлөгөө УИХ-аар батлагдахад Хотын ерөнхий архитектор байсан, АН-ын үед. Одоо ч байж байна. Хотын ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд хотод хот байгуулна гэдэг зүйлийг яриад явж байна. Хотын ерөнхий төлөвлөгөөг хамгийн их алдагдуулж, гэр хорооллын дахин төлөвлөлтийг алдагдуулсан хүнээр Э.Бат-Үүл, Н.Нацагдорж хоёрыг би шууд нэрлэж чадна.

-Яагаад?

-Энэ хоёр хүн нийлээд   40 мянган м/куб бохир усыг цэвэршүүлэх цэвэрлэх байгууламжтай байдлаар хэсэгчилсэн болон бие даасан инженерийн дэд бүтэц хөгжүүлэх байсан ажлыг Азийн хөгжийн банкны 500 сая ам.долларын асуудлаар төвийн системд холбоно гэсэн. Үүнийг Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг сайн мэдэж байгаа. Өөрөө “Хонгил” яриад байдаг, тэгсэн атал засах арга хэмжээ авдаггүй. Гэр хорооллын дахин төлөвлөлт гэдэг үгээ мартаач, наадах чинь биш шүү гэж хэлж л байсан, тэр үед. Эдэлбэр газрын эздийн гэр болон олон янзын бүтээмжтэй  сууцны хороолол гэж нэрлэж болно. Үүн дээрээ журам гаргаад төдөн айлын дундуур нэг нарийн гудамж, төдөн айлын дунд нэг машин зам, цэцэрлэг, сургууль гээд тоог нь гаргаад зохицуулчихвал хөгжил аяндаа бий болно. Ялангуяа манайх шиг төвлөрсөн системээсээ бүгд холбоотой газар осолтой. Нэг газар тасарлаа бол нийтээрээ байхгүй болдог.

Тэгвэл хэсэгчилсэн болон бие даасан дэд бүтэц нь тасарлаа ч өөр өөрийн хэсэг дээр арга хэмжээ авдаг учраас энэ бол маш чухал дэд бүтэц юм. Тэгэхээр ТЭЦ-3, ТЭЦ-4-ийг өргөтгөнө, гадаадаас эрчим хүчний нөөц авчирна, Тавдугаар цахилгаан станцыг бариагүйгээс болсон гэж таамгаар дэмий ярихын оронд бие даасан болон хэсэгчилсэн дэд бүтцийг гаргадаг биомассын, нарны, цахилгааны, кинетик эрчим хүчний дэлхийд цоо шинээр гарч ирсэн үүсгүүрүүд ашигламаар байна шүү дээ. Солонгос өнөөдөр 30 байтугай гурван жилийн өмнө ашиглаж байсан технологио сольчихсон байхад тэрийг нь заалгаж хийхийн оронд хуучныг нь авч байна. Энэ бол шийдвэр гаргах түвшний хүмүүс өөрийн эрх мэдлийн хүрээнд шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэр гаргаагүйгээс болж байна. Тэдний цалингаасаа илүү орлогоор хөлжсөн баяжсан, орон сууцжсан зүйлүүдийг “Нүүрсний хэрэг” шиг хөөн шалгаж, хариуцлага тооцох юм бол аливаа албан тушаал дээр очиж байгаа, төрийн алба руу шалгалт өгч байгаа хүн бүр Үндсэн хуулиа хэрэгжүүлж, ард түмнээ хөгжүүлэхийн төлөө л зүтгэх болно. Одоо бол залуус аль болох гадаад хэл сурч, үндсэндээ төрийн албаны шалгалт өгч, тэгээд ялсан намыг дагаж байгаад амьдралаа дээшлүүлье гэдэг ойлголттой болсон нь маш буруу. Тиймээс эдэлбэр газрын эзэд маань зөв байгаач, бодолтой байгаач гэдгийг л хэлмээр байна даа.

-Гэр хорооллын дахин төлөвлөлтөд  бие даасан болон хэсэгчилсэн эрчим хүчний инженерийн хангамжийн тухай асуудал дурдагдлаа. Үүнийгээ тодруулна уу?

-Манай зохион бүтээгчдийн нэгдсэн холбооныхон, Монгол Улсын шилдэг зохион бүтээгч Энхтайван 36 м/кв монгол гэрийг дотроо 00-той, дулаан цахилгааныг нар, салхины эх үүсвэрээрээ шийдэж бүтээсэн. Монгол гэр учраас нүүлгэж болно. Дээр нь сэргээгдэх эрчим хүч бол нүсэр шугам хоолой, дамжуулах сүлжээ шаардахгүй. Аль болох шугам сүлжээ, дамжуулах сүлжээг нэг метрээр ч гэсэн хэмнэж байж л ухаалаг, зөв байх  шийдлүүдийг гаргасан олон хувилбар байна. Манай дарга нар “Монголд таарах бол уу, үгүй бол уу, болох уу, үгүй юу” гээд байдаг.

Монгол Улсын нөхцөлд таардаггүй зүйлийг бид зохион бүтээсэн бол Монгол Улсын Оюуны өмчийн газар яахаараа гэрчилгээ, баримт олгоод байдаг юм бэ. Тэгэхээр Монголын оюуны өмчийн эрхийг эдийн засгийн эргэлтэд оруулж, шинэтгэлийн бодлогоо хэрэгжүүлэхэд Монголынхоо  инженер, техникийн ажилчдын нөөц бололцоог ашиглах хэрэгтэй юм. Шинэ эрчим хүч, сэргэгдэх эрчим хүч, нарны, салхины, биомассын, хосолсон болон гурвалсан эх үүсгүүрүүд бэлэн байгаа. Үүнийг 2020-2030 оны нийслэлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгасан ч мөн л хэрэгжээгүй. Одоо Улаанбаатар хот Монгол Улсын хүн амын оршин тогтнох оргил, төв нь, түүх, соёл шинжлэх ухааны цогцолбор нь болсон нийслэл гэдэг нэрийг авсан энэ төлөвлөгөө УИХ-аар батлагдангуутаа 29.6 хувийн хэрэгжилттэй байна. Үүнийг мэргэжлийн байгууллага, Хотын зураг төсвийн газар, ерөнхий төлөвлөгөөний газар нь баталж  тогтоож гаргасан.

Тэгсэн хэрнээ 40, 50 оны ерөнхий төлөвлөгөө хийнэ гэж мөнгө, зардал үрээд явж байгаа нь “би дарга болсон юм чинь шийдэх ажил хийнэ, мундаг юм хийсэн хүн болно” гэж зүтгэдэгтэй холбоотой. Нөгөө “Найрсаг Улаанбаатар”, “Аз жаргалтай Улаанбаатар” гэдэг шиг баахан хаяа залгаа хотуудтай, олон хоттой төвлөрлөө шийдсэн Улаанбаатар байна гэдэг зүйл ярьж яваад, сүүлдээ Түгжрэлийн сайд ч гэх шиг бүр цадигаа алдлаа. Сүүлдээ Үндсэн хуульд өөрчлөлт оруулъя гэж байх шиг байна. Үндсэн хууль өөрчлөх нь зөв, засах юм бий гэж үзвэл өмнө нь 2019-2020 онд  өөрчилж, шинэчилснээ  төгс төгөлдөр хэрэгжүүлэхгүй байна шүү дээ. Дахиад шинэтгэлийн бодлого гаргаж, агентлагууд шинээр байгуулж, яамдын бүтцийг өөрчлөхдөө дахиад уламжлалт технологиороо, төлөөллийн ардчилал гэдэг шиг төлөөллийн эрдэмтэн, зөвлөх гэдэг хүмүүсээ тосгуулан явуулж, яаж өндөр үнэтэй төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, дундаас нь зувчуулж авах вэ гэдэг юмаар л яваад байгаа нь харамсалтай.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
С.Батбилэг(64.119.29.144) 2023 оны 02 сарын 09

Хамгийн зөв зүйтэй асуудлуудыг хөнджээ. Ийм л хүмүүсээ нөгөө зөвлөлдөх уулзалтанд оруулж баймаар!

1  |  0
Top