1992 оны Үндсэн хуулийн 6.3-т “Бэлчээр, нийтийн эдэлбэрийн ба улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно. Энэ нь газрын хэвлийг өмчлөхөд хамаарахгүй.” Мөн 6.5-т “Төрөөс гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнд газрыг төлбөр, хугацаатайгаар болон хуульд заасан бусад болзол, журмаар ашиглуулж болно” гэж заасан.
Тайлбар: “Газрын хэвлийг хэнд ч өмчлүүлэхгүй” гэсэн утга санаа нь байгалийн баялгийг хэнд ч өмчлүүлэхгүй гэсэн санаа зорилгыг нэн түрүүнд илэрхийлж байна. Тэгэхээр Үндсэн хуулийн энэ заалтууд нь байгалийн баялгийг Монгол хүн ч, гадаад хүн ч өмчлөх хориотой. Түүний дотор гадаадын компани ч дотоодын компани ч байгалийн баялгийг өмчлөх эрхийг тас хаасан байна. Гэтэл Ашигт малтмалын тухай хууль нь Үндсэн хуулийн 6.1, 6.2, 6.3, 6.5 дахь заалтуудыг тус тус зөрчин гадаад, дотоодын компаниудад байгалийн баялаг, газрын хэвлийг өмчлөх эрхийг нээжээ.
Ингээд 2019 онд Үндсэн хуулийн 6.2 заалтад оруулсан нэмэлт, өөрчлөлтүүдийг үг тус бүрээр нь, утга санаа, өгүүлбэр тус бүрээр нь авч үзэцгээе. Эхлээд Үндсэн хуулийн 6.2 дахь заалтад нэмсэн “нийтийн” гэх үгийг тайлбарлая.
Тайлбар 1.
Үндсэн хуулийн 6.2-д “Байгалийн баялаг төрийн нийтийн өмч мөн” гэсэн нэмэлт, өөрчлөлт орууллаа. “Нийтийн” гэдэг үг нь “public” гэдэг үгний орчуулга гэж үзвэл хоёр салаа утга гарч ирэх бөгөөд нэг нь “олон нийт” нөгөө нь “нээлттэй” гэсэн утга юм. Эхний утга санаа нь “public property” буюу “олон нийтийн өмч” гэх холбоо үгийг бий болгох бөгөөд энэ холбоо үг нь өмчлөх эрхийн хувьд огт чадамжгүй юм. “Олон нийт” гэх субъект Иргэний хуульд байхгүй. Нөгөө ард түмэн гэх субъект байхгүйтэй адил. Байхгүй субъект өмчлөх эрхгүй. Бас нэхэмжлэл гаргах эрхгүй. Тэгэхээр энэ өөрчлөлт нь байгалийн баялгийг ард түмний өмч болгох утга санаатай огт тохирохгүй байна. Мөн “төрийн нийтийн” гэх холбоо үг нь нийлээд, нэг утга санааг илэрхийлнэ гэж үзвэл, байгалийн баялгийг зөвхөн Монголын төр өмчлөх юм. Энэ нь 1992 оны Үндсэн хуулийн социалист зарчим огт өөрчлөгдөөгүй байгааг харуулна. МАНАН дэглэм 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр “Байгалийн баялгийг ард түмэнд өгнө” гэсэн нь огт худал болж таарлаа.
Тайлбар 2.
“Public company” гэсэн утга санаа нь олон нийтэд хувьцаагаа гаргасан компанийг хэлдэг. Өөрөөр хэлбэл, хувьцаагаа олон нийтэд гаргасан “Туркойз-Хилл” ХК, “Таван Толгой” ХК шиг ямар ч гадаад дотоодын хувьцаат компани Монгол Улсын байгалийн баялгийг өмчлөх эрхтэй болжээ гэсэн үг. Тэгэхээр Үндсэн хуулийн 6.2-т “нийтийн” гэх үг нэмсэн нь юуны түрүүнд Рио-Тинтод зориулсан нэмэлт болох нь тодорхой болов. Бас бусад гадаад, дотоод компаниудад байгалийн баялгийг өмчлөх эрхийг нээж байгаад, МАНАН дэглэмийнхэн бүх уул уурхайн орд газруудыг цөлмөх санаа зорилго өвөрлөж хийсэн нэмэлт байна. МАНАН дэглэм үнэхээр улс үндэстнийхээ эрх ашгаас бүрэн төгс урважээ. Дашрамд хэлэхэд “Оюу-Толгой” ХХК бол хувьцаат компани биш, нээлттэй компани биш шүү. Энэ компани бол зөвхөн монголчуудыг хуурахад зориулан байгуулсан компани юм. Жинхэнэ Оюу Толгой бол Торонтагийн биржид бүртгэлтэй “Туркойз-Хилл” юм.
Үндсэн хуулийн 6.2-т орсон дараагийн шинэ нэмэлт өгүүлбэрийг тайлбарлая. Үндсэн хуулийн 6.2-т “Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ” гэсэн шинэ нэмэлт хийсэн. Энэхүү заалтад байгалийн баялгийг ард түмэнд өмчлүүлэхгүй байх хэд хэдэн утга санааг хуульчилсан байна.
Тайлбар 1
“Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь” гэх утга санаа нь байгалийн баялгийг төр өөрийн бодлогоор өөрөө ашиглах, эсвэл гадаад, дотоодын хувийн хэвшилд өмчлөх эрхээ шилжүүлэх, тэдэнтэй хамтран ашиглах гэх мэт өнөөгийн үйл ажиллагаагаа л Үндсэн хуулиар баталгаажуулсан болохоос ард түмэнд өмчлүүлэх тухай утга санааг огт хуульчилсангүй гэж ойлгож болно.
Тайлбар 2
“Газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг” ард түмэнд хүртээнэ гэнэ. Энэ заалтыг уншихад байгалийн баялгийг ард түмэнд өмчлүүлэхгүй байх хоёр утга санаа харагдаж байна. Нэгдүгээрт, зөвхөн баялгаас гарах үр өгөөжийн тухай ярьж байна. Хоёрдугаарт, ард түмэнд ямар нэг юм хүртээх тухай ярьж байна. Бороо-Гоулд шиг, Оюу-Толгой шиг баялгаас огт үр өгөөж, ашиг гарахгүй бол ард түмэн юу ч хүртэхгүй өнгөрнө. Үр өгөөж гэдэг бол ашигтай дүйцэхүйц ойлголт мөн. Ашиг гарахгүй бол хүртэхгүй. Оюу Толгой төсөл алдагдалтай ажиллана гэдгээ зарлачихлаа. Бид юу ч хүртэхгүй боллоо. Тэгэхээр үр өгөөжөөс ард түмэнд хүртээнэ гэвэл та бүү итгэ. Танд юу ч хүртэхгүй. Тэгээд ч хүртээнэ гэдэг бол өмчлөх эрхтэй гэсэн утга санаа огт биш. Хүртээх бол сайн дурын үндсэн дээр хийж байгаа өглөг, буяны үйл ажиллагаа. Хүртээхгүй бол хуулийн хариуцлага байхгүй шүү дээ. Хүртээх гэсэн чинь хүртээгүй л байгаа биз.
Тайлбар 3.
“Баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлнэ” гэж байгаа нь ЖДҮХС шиг, “Тариалан эрхлэх сан” шиг ямар нэг санд байгалийн баялгийн төвлөрүүлж байгаад, тэрхүү үр өгөөжийг МАНАН дэглэм идэж, завшиж дуусгана л гэсэн үг. Өнөөдөр Засгийн газрын бүтцэд 20 янзын сан байж л байна шүү дээ. Дахиад нэгийг нэмлээ гээд ард түмэнд хүртээлтэй гэж үү? Нийгмийн даатгалын санг идээд дуусгачихдаг төр, засагтай улс оронд “Баялгийн сан”-г идэх нь ядаж цөхөх юмгүй шүү дээ. Энэ баялгийн сан ард түмний амьдралд огт нэмэр болохгүй. Харин МАНАН дэглэмийн хоолны ширээг аятайхан дүүргэх болно.
Тайлбар 4.
“Тэгш, шударга хүртээхэд чиглэнэ” гэсэн заалтын утга санаа нь байгалийн баялгийг дахин хуваарилах үзэл санаа ч биш. Цаашилбал, байгалийн баялгийг ард түмэнд хувьцаа болгон өмчлүүлэх үйл ажиллагаа ч биш. Зөвхөн тэгш шударга хүртээх тухай л хуульчилсан байна. Яг өнөөдөр бид “Таван толгой” ХК-ийн үр өгөөжөөс тэгш шударга хүртчихээд л сууцгааж байгаа шүү дээ. Иргэн бүрд 96-хан мянган төгрөг тэгш шударга хүртээж, хусмыг нь долоолгосон. Үнэн. Гэхдээ МАНАН дэглэм Тавантолгойн өрмийг нь хуу хамж идэж, завшиж байгааг бид харж байна шүү дээ. Тэгш хүртээнэ гэдэг чинь ийм муухай доромжлол байхгүй юу. Харин иргэн бүрд Тавантолгойн ордыг өмчлүүлбэл, иргэн бүрд 318 сая төгрөгийн үнэ бүхий өмч, хөрөнгө, хувьцаа ногдоно шүү дээ. Өөрөөр хэлбэл, тэгш шударга хүртээнэ гэвэл та ганц удаа л мөхөөлдсийг долооно. Тэгээд л болоо. Төр эсвэл гадаадын компани тэрхүү мөхөөлдсийг бүтнээр нь залгиж орхино. Аль нь зөв бэ? Аль нь шударга вэ?
Үндсэн хуулийн 6.2-т орсон дараагийн шинэ нэмэлт өгүүлбэрийг тайлбарлая. Үндсэн хуулийн 6.2-т “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэсэн шинэ өгүүлбэр нэмсэн юм.
Тайлбар 1.
“Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа” гэсэн утга санааг харвал, стратегийн ордуудыг ард түмэндээ хувьцаа болгож өмчлүүлэхгүй юм байна гэдэг нь тов тодорхой харагдаж байна. Харин төр өөрөө болон гадаад, дотоодын компаниудын өмчлөлд стратегийн ордуудыг өгч ашиглуулах юм байна.
Тайлбар 2.
“Ард түмний мэдэлд байх зарчим” гэдэг нь огт зарчим биш гэдгийг бид мэддэг болсон. Зарчим гэдэг бол аливаа үйл ажиллагаа явуулахдаа баримталж буй ёс суртахууны хэм хэмжээ юм. Зарчим бол огт хувиршгүй зүйл. Гэтэл Үндсэн хуулийн 6.1-т тогтоосон энэ зарчмыг, Үндсэн хуулийн 6.2 дахь төрийн өмчлөлийн зарчмаар ор мөргүй устгачихсан.
Тайлбар 3.
“Үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно”. Яг өнөөдөр Оюу-Толгойн ордын үр өгөөжийн 53 хувийг Монголын ард түмэн хүртэж л байгаа шүү дээ. Бүх ажиллагаа хууль ёсоор явж байгаа. МАНАН-гийн төрийн машин 10 гаруй жил ингэж л нотолж байгаа. Рио-Тинто ч мөн ингэж л нотолж байгаа шүү дээ. Харин Монголын ард түмэн Оюу Толгойн гэрээг огт үр өгөөжгүй хийсэн гэдгийг харж байна. Ард түмэн бид “үр өгөөж” гэдэг хий хоосон үгтэй ноцолдоод сууж байх хооронд стратегийн бүх орд, ашигт малтмал маань Бороо Гоулд болон Оюу Толгойн замаар орж алга болно гэдэг дээр мөрийцсөн ч болохоор байна.
Хэрэв ард түмэн үнэхээр байгалийн баялгийг иргэн бүрийн өмч хөрөнгө болгохыг хүсэж байгаа бол “ард түмний мэдэлд”, “төрийн өмч”, “нийтийн өмч”, “ард түмний өмч”, ”Улсын өмч”, “үр өгөөж”, “баялгийн сан”, “шударга хүртээнэ”, “хуулиар тогтооно” гэх мэт хэллэгүүдэд огт итгэж болохгүй. Энэ бүх томъёоллууд бүгд хувийн өмчийг устгахад чиглэсэн, өмчгүй нийгэм байгуулахад чиглэгдсэн томьёоллууд гэдгийг хатуу ойлгож, эдгээр үг, утга санааг бүгдийг нь Үндсэн хуулиас авч хаях ёстой. Социализм байгуулахад ашиглаж ирсэн дараах өмчлөлийн хэлбэрийг хатуу анхаарч, шинэ хуулиас холхон байлгах цаг болжээ. Үүнд:
•1924 оны Үндсэн хуульд байгалийн баялаг нь “Ард нийтийн хөрөнгө”
•1940 оны Үндсэн хуульд байгалийн баялаг нь “Улсын өмч”
•1960 оны Үндсэн хуульд байгалийн баялаг нь “Социалист өмч”
•1992 оны Үндсэн хуульд байгалийн баялаг нь “Төрийн өмч”
•2019 оны Үндсэн хуулийн нэмэлтэд “Төрийн нийтийн өмч” боллоо.
Эдгээр өмчлөлийн хэлбэрийг харахад жилээс жилд, Үндсэн хуулиас Үндсэн хуулийн хооронд улам дордож, байгалийн баялаг маань ард түмнээсээ алсран холдсоор ирсэн байна. Социалистууд анх хувьсгал хийж байхдаа бүх малыг төрийн өмч болгоно гэж шууд үнэнээ хэлсэн бол ард түмэн тэр хувьсгалыг нь дэмжээ ч үү, үгүй ч үү? Тийм учраас нэгдэл, хоршоолол бол та нарын дундын өмч, бүх өмч хөрөнгө ард нийтийн хөрөнгө байна гэж хууран мэхэлж байгаад бүх өмч хөрөнгийг нь хураасан хэрэг. Дараагийн Үндсэн хуулиар тэр бүх хураасан өмч хөрөнгө, үйлдвэр, уурхай, газар, баялгийг улсын өмч болгож байлаа. Дараагийн Үндсэн хуулиар социалист өмч болгож байлаа. Харин 1992 оны ардчилсан гэх Үндсэн хуулиар газар, байгалийн баялгийг МАНАН-гийн төрийн машины өмч болгож дарангуйлал тогтоож байлаа. Хамгийн сүүлд МАНАН-гийнхан газар, баялгийг төрийн нийтийн өмч болгож, гадаад дотоод компаниудаар дамжуулан хуу цөлмөх гэж байна. Энэ зүй тогтлыг харахад, ард түмнээс байгалийн баялаг маань өдрөөс өдөрт алсран холдож байна гэж дүгнэхээс аргагүй байна. Ард түмний эрх ашиг хуулиас хуульд дордсоор ирсэн байгаа нь илт харагдаж байна.
ЭРХ ЗҮЙЧ М.САЙНБАЯР
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 1 )
МАНАН г сонгосон ядуучууд аз жаргалтай амьдарцгааж байгаа юу? Дээрх үндсэн хуулиудад та нарыг доромжлон тохуурхсан МАНАН та нараар тоглож тохуурхаж байгаа шүү. Хайран баялаг, хайран боломж, хөөрхийлөлтэй үхэр монголчууд.