УИХ-ын дарга Г.Занданшатар Хүний эрхийн Үндэсний Комисст ажиллалаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 02 сарын 08

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 2022 оны намрын чуулганы завсарлагааны хугацаанд парламентад ажлаа тайлагнадаг төрийн байгууллагуудад ажиллаж байгаа.

Энэ ажлын хүрээнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн хамт Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Хунан, Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов, Комиссын гишүүн Х.Мөнхзул, Г.Нарантуяа, Д.Сүнжид, Б.Энхболд нартай 2023 оны хоёрдугаар сарын 07-ны өдөр уулзаж, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудынх нь талаар санал солилцов.

Уулзалтын эхэнд Комиссын дарга Ж.Хунан хүний эрхийн талаарх хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй ажил болон Монгол Улсад тулгамдаад байгаа хүний эрхийн асуудлыг товч танилцууллаа.

УИХ-ын дарга Г.Занданшатар Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүд хараат бус, нээлттэй сонсголоор томилогддог болсноор хүний эрхийг хангах, хамгаалах асуудлыг хэнээс ч хараат бусаар хэрэгжүүлэх боломжтой болсон. Тиймээс шинэ арга барилаар ажиллахыг онцлоод Хүний эрхийг хамгаалах тухай, Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс манлайлах ёстой гэв.

Түүнчлэн хүний эрхийн асуудлаар иргэдэд мэдлэг мэдээлэл өгөх, соён гэгээрүүлэх, эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх тал дээр анхаарч холбогдох яамдтай хамтарч цуврал хэлэлцүүлэг зохион байгуулах хэрэгтэйг дурдлаа.

Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж хүний эрхийг хамгаалах чиглэлээр парламент дахь сөрөг хүчин бүхий л талаар хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлэв.

ХЭҮК-ын зүгээс төр хүний эрхийг хүндэтгэж, хангаж, хамгаалахад төсвийг хүний эрхэд суурилсан байдлаар батлах, боловсролын албан тогтолцоонд хүний эрхийн хичээлийг сургалтын хөтөлбөрт тусгах ёстой зэргийг онцоллоо.

Уулзалтаар иргэдэд цахим хэрэглээний боловсрол, мэдлэг олгох асуудлаар парламентад суудалтай намуудын төлөөлөл, иргэний нийгмийн байгууллагуудыг оролцуулж хэлэлцүүлэг зохион байгуулж, дээрх хэлэлцүүлгийн үр дүнг үндэслэн тус асуудлуудаар сургалт зохион байгуулах төлөвлөгөө гаргаж ирэх хаврын чуулганд танилцуулахаар харилцан тохиролцсон юм.

Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга Г.Занданшатар ХЭҮК-ын гишүүний шаардлага, зөвлөмжийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээд заавал биелүүлдэг байх хуулийн хэрэгжилт биелэж буй эсэх үр дүнг дан ганц Улсын Их хуралд бус иргэд, олон нийтэд нээлттэй мэдээлэх, Комисст ирсэн гомдол мэдээллийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх үр дүнгийн тайлан болон эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг тогтмол олон нийтэд мэдээлэх, сурталчлах хэрэгтэйг онцоллоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top