С.Гансүх: Язгуур монгол бэлгэдлээ шингээсэн үндэсний эрхэмсэг брэнд бүтээхээр зорьж байна

2023 оны 02 сарын 11

“Шавхагдашгүй ундрах үндэсний их баялгаар  бүтээнэ” уриатай “Hunnu Fashion” ХХК-ийн Ерөнхий захирал С.Гансүхтэй ярилцлаа.


Тэдний хамт олон үргэлж үржин төлжих дундаршгүй баялаг болох таван хошуу малын арьс, шир, түүхий эдээр язгуур монголынхоо өнө эртний ёс бэлгэдлийг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа юм. Тус компанийн урчуудын бүтээлийг дэлхийд Монгол Улсынхаа нэрийг дуурсгаж яваа “The Hu” хамтлагийн хувцас хэрэглэл, өмсгөл зүүсгэл тэргүүтнээр жишээлж болно. “The Hu” хамтлагт сүр нэмдэг тэрхүү эдлэл хэрэглэлийг орон орны  үзэгч, шүтэн бишрэгчд нь харж бахархдаг билээ. Археологийн малтлагаар олддог Хүннүгийн үеийн ёс бэлгэдэл бүхий  эд өлгийн зүйлсийн загвар дэгийг барин “Hunnu Fashion” ХХК-ийн урчуудын урласан дээл, малгай, гутал, бүс, цүнх, агсарга, бэл зэргийг шохоорхон хэрэглэгчдийн хүрээ хэдийнэ бий болжээ.

-Хүн гүрний ёс бэлгэдэл, үүх түүхийг шингээсэн  өвөрмөц бүтээгдэхүүн гаргах санаагаа хэзээ эхлүүлэв?

-Манай эртний түүх маш бахархам баялаг. НТӨ 209-НТ 93 онуудад оршиж, нүүдэлчдийн дундаас анх удаа өөрсдийн төрт улсыг байгуулсан Хүннү гүрэн, XIII зууны үеийн Их Монгол Улс гэж хоёр том гүрнийг бий болгосон ард түмэн бол бидний өвөг дээдэс юм. Би анх 2000 онд Хүннүгийн их хаадын тухай ном уншаад тэднээр бахархах сэтгэл төрж ном, сэтгүүл, судар бичиг, түүхэн зохиол, үлгэр туульс, домог, аман яриа судалж үзсэн. Хүннүчүүд дэлхийн долоон томоохон соёл иргэншлийн нэгийг бүтээсэн гээд бодохоор тэдний үлдээсэн хосгүй өв соёлын үнэт зүйлийг сэргээх, түгээн дэлгэрүүлэх хүсэл зөн өөрийн эрхгүй төрдөг.

Хүн гүрнийхэн газар газрын тэргүүн урчуудыг нэгтгэж, тэдний ур ухаанаар бүтсэн нарийн нандин бэлгэдэл бүхий эд өлгийн зүйлс нь дэлхийд түгэж байсны гэрч өдгөө археологийн олдворуудаар нотлогдсоор байна. Хүннүгийн шаньюй агтаа алтаар чимэж тэнгэр шүтлэгийн бэлгэдэл зүйн хүчирхэг тотем болох бэрс, хос луу, билигт гөрөөс тэргүүтний дүрсийг хөөлтүүрдэн хазаар, хударга, хөмөлдрөг, унжлага урлаж эд өлгийн соёлдоо нэвтрүүлснээр барахгүй урлагийн бүтээл болтол хөгжүүлсэн нь нүүдэлчдийн гүн сэтгэлгээний нууцыг зангидсан гагнаас гэлтэй. Манай өвөг дээдэс хэдэн мянган жилийн туршид энэ их өв соёл, бэлгэдлээрээ нутаг орноо хамгаалж ирсэн байдаг. Өдгөө олон соёлын нөлөөнд мартагдаж буй энэ их өв соёлоо сэргээн дэлгэрүүлж, инновацид оруулж, хэрэглээний зүйлс бүтээх ёстой юм байна гэж үзээд “Hunnu Fashion” брэндийг 2011 онд эхлүүлж байлаа. Бүр 1994 оноос эхэлж тоолбол 29 дэх жилдээ өөр хаашаа ч хэлбийлгүй арьс, ширэн эдлэл үйлдвэрлэж байна.

-Эртний бэлгэдлийг судалж бүтээгдэхүүндээ шингээхдээ эх загвараа хэрхэн гаргадаг вэ?

-Манайх дархчууд, урчуудаас гадна судлаач, зураач, бичгийн хүмүүсийн багтай. Монгол нутгаас олдож байгаа археологийн олдворуудын мэдээлэл, ном товхимол, судалгааны бүтээлүүд, ам дамжиж ирсэн үлгэр, домог, туульсаар хэлэгдэж ирсэн биет бус өвийг судалж бодол санаагаа нэгтгэсний үндсэн дээр бүтээгдэхүүн болгон гаргадаг.

-Язгуур бэлгэдэл зүйгээ хэрэглээнд оруулж байгаагаараа танайх бусдаас эрхгүй ялгардаг...?

- Язгуур монгол бэлгэдлийг шавхагдашгүй ундрах үндэсний баялагтай хослуулан гурван цагийг хэлхсэн эрхэмсэг брэнд бүтээхээр зорьж байна гэж хэлж болно.  Хүннүчүүд ертөнцийг үзэх үзэл, үнэт зүйл, шүтлэг бишрэл, хүндэтгэлдээ бэлгэдэл зүйг чухалчилдаг нь түүгээр дамжиж далд хүч, нууц увидас, эрчим энерги бодит ертөнцөд биелдэгийг танин мэдсэн тэнгэр шүтлэгтэй, билгийн мэлмийтэй хүмүүс байжээ. Монгол хүн бэлгээрээ, хятад хүн бэлээрээ, тангад хүн шидээрээ гэдэг. Манайхан бэлгэтэй сайн үгийг хэлэлцэж бэлгэгүй үг үйлийг цээрлэж бэлгэдлээр, урмаар амьдардаг хүмүүс. Шинэ гэр барих, хурим найр хийх, гал тахих,  морь нь түрүүлээд ирэх гээд бүхий л зүйлд ерөөл хэлж магтаал, бэлгэдэл өргөдгөөрөө онцлог.

-Бүтээгдэхүүндээ цагаан уул цэцэг дүрсэлжээ. Бүр эртнээс энэ цэцгийг шүтдэг байсан уу?

-Монголчууд эртнээс галыг эрхэмлэн шүтдэг. Үүний бэлгэдэл нь цагаан уул цэцэг. Үхэшгүй мөнхийн цагаан уул цэцэг бол цагаан сэтгэл, хайрын бэлгэдэл төдийгүй хэт цахиж гал гаргахад хэрэглэдэг шүү дээ.

-Өлзий хээ, ганц эвэрт гөрөөс бүхий эдлэлүүд ямар учиртай вэ?

- Хэдэн  мянганы тэртээх өвөг дээдсээс бидэнд баатарлаг туульсаар дамжиж өртөөлөн ирсэн сүнслэг бэлгэдлийн нэг нь өлзий. Туульсад “Их аваргасын орны арван үүд” гэж гардаг нь арван нүдэт өлзий хээ буюу Чингис хааны уялгын онолоор “Арван түгээмэл алтан өлзий” юм. “Аваргасын таван бодон” туульд “Бага аваргасын таван бодонгийн  торлог” гэж гардгийг одоо Таван нүдэн гэж нэрлэж байна. Эртний өвөг дээдэс бидэнд эдгээр бэлгэдлийг туульсдаа хураан кодлож өртөөлүүлэн хүргэжээ. Домогт гардаг ганц эвэртэй амьтныг монголчууд “Билигт гөрөөс”, “Хилэн гөрөөс”, “Оронго”  гэж нэрлэж сарны бэлгэдэл хэмээдэг байв.  Энэ нь чигч шударга, эв эе, сайн сайхан, цэвэр ариун, урт наслахын тэмдэг болж ганц эвэр нь нэгэн засаглал, нэгдмэл улс байхын бэлгэ ёс болдог байж. Ганц эвэрт гөрөөсний дүрс бүхий эдлэл хэрэглэлийг Хүннү гүрний язгууртнууд голдуу шүтэн хэрэглэж байжээ. Энэтхэгийн том судруудад бичсэнээр Чингис хааныг Энэтхэг рүү дайлаар явж байх үед билигт гөрөөс хоёр удаа таарч, хүний хэлээр аян дайнаа зогсоохыг хүссэн гэдэг. Түүний хүсэлтээр аян дайнаа зогсоож, цэргээ татсан тухай Раашпунцагийн “Болор эрхи”, Инжиннашийн “Хөх судар”-т  дурдсан нь бий.

-Өөр ямар бэлгэдэл илрүүлээд байгаа вэ?

-Хүн гүрэн гурван том аймгаас, тэдгээр нь тус бүр найман жижиг хошуудаас бүрддэг. Модун шаньюй Хүннүгийн 24 хошууг нэгтгэн нүүдэлчдийн холбооны улс байгуулах үед бүгд бэлгэдэл тотемтой байжээ. Баавгай, чоно, хэрээ, бүргэд, шонхор шувуу, хос шонхор, хос луу, хос ирвэс гэх мэт 24 төрлийн дүрс бэлгэдэл байдаг. Нэг эвэрт морь бол Атилла хааны Европод дэлгэрүүлсэн бэлгэдэл байх жишээтэй. Одоогоор бид эдгээрээс цөөхнийг нь бүтээгдэхүүндээ шингээгээд байна. Яваандаа 24-үүлэнг нь гаргана. Нэг дор бүгдийг хийх боломжгүй тул тодорхой цаг хугацаа орно.

-Ирвэс юуг бэлгэддэг билээ?

-Нарны бэлгэдэл буюу бэрс, ирвэс ч гэдэг. Гол мод 2-ын малтлагаар шижир алтаар урласан лууны /ирвэс/ дүрст дүгрэг хэлбэрийн наран лугаа алтан чимэглэл олдсон. Хүннүчүүд сүр хүчит ганц эвэртэй, архирч буй луу /ирвэс/-ны толгойтой, барс мэт биетэй, сүүлээрээ биеэ ороосон, баруун, зүүн хаан дээрээ далавчтай нисдэг жигүүрт хүчирхэг амьтны дүрсээр нарны бэлгэдлийг бүтээжээ. Алс холын зайд нарны туяа мэт ер бусын хурдан хүрдэг үлэмж хүч чадалтай ялагдашгүй нисдэг жигүүрт тэнгэрийн хий аранга амьтныг оюун санааны хийсвэрлээр зураглан бэрс хэмээн шүтдэг байсан гэдэг.

-Хос луу юуг илэрхийлдэг бол?

-Луу бол дорно дахины утга соёл дахь дөрвөн хүчтэний нэг. Нэгэн биедээ тэнгэрийн хийгээд газар усны хүчин үүтгэлийг зэрэг шингээсэн, тэнгэрт орших атлаа газар уснаа хөвөн орших нууц увдисын ид чадлыг хослуулсан, ертөнцийн хяраар гүйдэлтэй хий аранга биетэн хэмээн үздэг. Монгол домог зүйд луу, лус хоёрыг нэгэн гаралтай хүйн хол­боотой гэх нь бий. Луу нь өнгө зүсээрээ ялгар­даг, эдгээрээс эрхэм чухал “Алтан луу” нь эзэн хааны сүр хүчний бэлгэдэл болдог байж.

-“The Hu” хамтлагийн хувцас хэрэглэлийг яаж бүтээсэн бэ?

-Хамтлагийнхан эртнээс өвлөгдөж ирсэн морин хуур, хархираа, товшуур, хэл хуур, цуур хөгжмүүдээрээ тоглож энэ их язгуур урлагийг олон улсад рок хэлбэрээр хүргэж, таниулж  байгаа инновацилагдсан мэргэжлийн хөгжимчид, дуулаач залуучууд юм. Монголчууд уламжлалт байдлаараа морин хуурыг сууж тоглодог. Энэ нь рок стильд зохимжгүй учраас "The Hu” хамтлагийнхан босоогоороо тоглоно гэдгээ хэлсэн. Эдгээрт тохирсон бэлгэдэл бүхий гутал, хөгжмийн зэмсгийг дагалдах арьс ширэн мөрөвч, агсарга, цуур хөгжмийн уут, хэл хуурын гэр, бусад эдлэл хэрэглэлийг хийсэн. Дэлхий рүү гарахаасаа өмнөх тоглолтынхоо үеэр хөгжмийн уут сав, бүс, бэлэг дурсгалын зүйлс, жижиг хэрэглэлүүдийг хийж өгөх саналыг бидэнд тавьсныг бас бүгдийг хийж өгсөн. Хамтлагийн олон улсад албан ёсоор зардаг  мерчендайзын худалдаанд гарал үүсэл нь тодорхой эко түүхий эдээр хийдэг манай таван бүтээгдэхүүн одоогоор орчихсон борлогдоод явж байгаа. Ковидоос шалтгаалж одоохондоо эргэлтэд хурдтай орж чадаагүй байна.

-“The Hu” хамтлагийн хэрэглэдэг гол бэлгэдэл юу билээ?

-“The Hu” хамтлаг гал, аянга, салхи, ус гэсэн ертөнцийн дөрвөн хүчийг хөгжмийн хэлээр илэрхийлдэг. Эдгээр нь тэнгэрийн хий аранга хүчирхэг амьтад буюу бэрс, билигт гөрөөс, тэнгэр, газрыг эзэгнэгч луу гэсэн бэлгэдэлд хураагдана. Тэнгэрийн аянга нь лууны  хүрхрээн, цахилгаан цахих нь луу сүүлээ шарван цэхлэх хөдөлгөөн хэмээн монголчууд сүсэлдэг. Манайх гэлтгүй Арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо, савхин хувцас, хэрэглэл үйлдвэрлэгч компаниуд, “Ариунаа Сури”, “Агни” гээд маш олон компани “The Hu” хамтлагт зориулж эдлэл хэрэглэл хийхэд хамтарч ажилласан.

-Танай брэндийн хэтийн төлөв юу байх бол?

- Язгуур монгол бэлгэдлийг шавхагдашгүй ундрах үндэсний баялаг болох малынхаа түүхий эдтэй хослуулан гурван цагийг хэлхээсийг хослуулсан брэнд бүтээхээр зорьж байна. Брэнд бүтээхдээ байгаль орчинд хоргүй, эргээд байгальдаа шингэдэг малын түүхий эдээр хийсэн олон улсын зах зээлд өрсөлдөхүйц  бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхийг хэтийн төлөвөө гэж хардаг. Эко бэлчээрийн малаас гарсан түүхий эдээр хийсэн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээл дээр өрсөлдөхүйц болгож хөгжүүлнэ. Уул уурхайгүй бүсээс бэлтгэсэн түүхий эдээр хийсэн гэдэг нь одоо хамгийн том өрсөлдөх чадвар болж байна. Дэлхийд олон сая хүн цэвэр эко бүтээгдэхүүнийг хайдаг болсон. Тэдэнд монголчууд бүтээгдэхүүнээ хүргэх зорилт тавих ёстой.

-Малын арьс шир хог болж хаягдаж байхад ийм үнэ цэнийг бүтээж байгаа та бүхнээр бахархаж байна. Бүтээгдэхүүндээ бод, богийн арьсны алийг нь түлхүү ашигладаг вэ?

-Таван хошуу малын арьсыг бүгдийг ашигладаг. Ямааны арьсаар шевро, хонины арьсаар шеврет, үхэр,сарлаг, адууны ширээр хром, тэмээний арьснаас үдээр хийдэг.

-Гаднаас дэм туслалцаа авсан уу, дангаараа л зүтгэцгээв үү?

-Малын гаралтай түүхий эдээр эцсийн бүтээгдэхүүн хийж олон улсын зах зээлд гаргана гэсэн төсөл бичиж 2021 онд Швейцарийн хөгжлийн агентлагт өгсөн. Швейцарийн консул намайг хүлээж авч уулзахад маш их баярласан. Монголд брэнд хийх бүрэн боломжтойг Швейцарийн консул харсан байсан. Өв соёл маань нүүдлийн мал аж ахуйд хадгалагдаж  байгаа учраас сонгодог болгож төрийн дэмжлэг авах учиртай. Дэлхийн найман тэрбум хүнээс Монголын 220 гаруйхан мянган малчин өрх л жинхэнэ нүүдлийн соёл иргэшлээ хадгалан амьдардаг. Эрүүл соргог бэлчээрт идээшин зохицсон малын түүхий эд гэдэг бол дэлхийн хаана ч өрсөлдөх боломжтой, тэндээс эрүүл, эко бүтээгдэхүүн гарна гэж гаднынхан хардаг болжээ.  Үүнээс гадна ХХААЯ, судалгаа, шинжилгээний хүрээлэн, Нийслэлийн мал эмнэлэгтэй хамтран түүхий эдийн гарал үүслийг мөшгөх системийг хөгжүүлэх программыг “Дижитал медик” компаниар хийлгэж  улсдаа хүлээлгэж өгч байна. Энэ систем цаашаа хөгжөөд малын гаралтай бүх төрлийн түүхий эд, мах, сүү, арьс шир, ноос ноолуур, амьд мал бүгд мөшгөх системтэй болж, гарал үүсэл нь тодорхой болж эхэлж байна.

-Түүхий эдээ авахдаа Төв аймгийн Өндөрширээт сумыг яагаад онцлов?

-Энэ сумын газар зүйн нөхцөл байдал, ургамал, бэлчээрийн бүтэц, ан амьтан зэргийг Швейцарийн хөгжлийн агентлаг судлаад төслүүд хэрэгжүүлж байсан. Энэ суманд түүхэндээ малын өвчин гарч байгаагүй. Мал сүрэг нь маш эрүүл. Байгалийн тогтоц байдал өвөрмөц. Мал аж ахуй, газар тариалан хосолсон нутаг. Малчид нь нэгдсэн зохион байгуулалтад ороод бэлчээрээ сэлгэж, даацыг нь хамгаалдаг, ан амьтдад хүртэл худаг ус, тэжээл зэхэж өгдөг. Ийм газраас манайх түүхий эдээ авдаг.  Энэ онд Төв аймгийн 100 жил тохиож байгаа. Энэ аймгийн бүх сум өөрийн брэнд бүтээгдэхүүнтэй. Монголчууд бид шимийн архи, шар тос, ааруул ээзгий гээд органик эм, шим болсон бүтээгдэхүүнээ ундааны сав, гялгар уутанд хийгээд борлуулдаг нь тэр сайхан бүтээгдэхүүнийхээ үнэ цэнийг унагаж байгаа хэрэг. Ингээд Төв аймгаас эхлээд гадаад дотоодод нүүр бардам гаргах жинхэнэ эко брэнд гэдгийг илтгэх сав, баглаа боодолтой болгоё гэж байгаа юм.

-“Хүннү”-гээс гадна гадаад, дотоодод бусад брэнд гаргаж байсан уу?

-Би ОХУ-ын Халимагт “Туг”, Горный Алтайд “Алтай”, Буриад улсад “Номадик” брэндийг бий болгосон. Якутск хотод “Саха три” буюу “Марал” брэндийг үүсгэсэн. Үүнээс гадна надаас суралцсан олон залуус Монголдоо үйлдвэрлэл эрхэлдэг. Гутлын хэв, хэвлүүрийн цехүүд, адууны арьсаар хийдэг “Хөөндий” брэнд, цүнхний үйлдвэр байна. Архангай, Увс, Хэнтий, Дорнод, Өмнө­говь аймагт арьсан эдлэлийн цехүүд бий.

-Ажлаа эрт эхлүүлсэн ч чимээ багатай байсны учир юу вэ?

-Хүн гүрний 2220 жилийн ойгоор  2011 онд 300 орчим мянган жуулчин гаднаас Монголд ирэх, мөн гурван мянга орчим эрдэмтэн ирж Хүннүгийн тухай симпозиум зохион байгуулахаар болоод байсан. Үүнийг их боломж гэж харж ажлаа төлөвлөсөн. Харамсалтай нь тэр үед халдварт өвчин гарч энэ бүхэн зогссон. Гэсэн ч бид шантраагүй. Анхныхаа “Богц” брэндийг хөгжүүлэнгээ 2018 оноос Хүннү брэндээ хийж олон улсын тавцанд гаргах оролдлого хийж  2019 он хүртэл явсан. Гэтэл цар тахал дэгдэж дэлхий нийтээрээ хөл хорионд орж, бид ч  шантрах маягтай  болж ирсэн. Гэхдээ олон жил ноцолдсон учраас орхиогүй.Бидний гайхамшигт өвөг дээдэс дээрээс харж байгаа гэдэгт итгэсэн. Тэднийхээ их өв соёлыг бид л сэргээж гаргахгүй бол өөр хэн нэгэн хэзээ нэг цагт гаргана гэж боддоггүй. Бусад хүмүүсийг өрсөлдөгч гэж харахаас илүү бид багаараа хамтарч ажиллах ёстой. Гадаад зах зээл рүү гарахдаа нийтийнхээ хүчийг ашиглах ёстой гэж хардаг.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Д.Аззаяа(202.21.107.32) 2023 оны 03 сарын 12

Монгол хүн бэлгээрээ Хятад хүн бэлээрээ тангад хүн шидээрээ гэсэн утга гүн захиасыг 3 мөрөнд зангидаж өвөг дээдэс бидэнд үлдээж дээ. Монголчууд бэлгийн мэлмийтэй заяагдсан ард түмэн гэж өвөө нар ярьж байхыг багадаа сонсож байлаа. Монголчууд бид БЭЛГЭДЭЛЭЭ сэргээчвэл ч цөвүүн цагийг төвөггүй давах байх шүү. Бэлгэдэл сэргэтүгэй. Хурай, хурай, хурай,,,,

2  |  0
Top