Туркийн өмнөд хэсэгт хэд хэдэн газар хөдлөлт болсноос хойш бараг гурав хоног өнгөрч байгаа ч тус улсын зарим хэсэг тэр тусмаа Исламын улс бүлэглэлийн хяналтад байдаг Сирийн зарим мужид одоо хүртэл тусламж хүрээгүй л байна.
Сирийн 500 мянга орчим дүрвэгсэд амьдардаг Хатай мужид нөхцөл байдал нэлээд хүнд байгаа бөгөөд аврах багийнхан нь хаанаа ч хүрэлцэхгүй байгаа аж. Дэлхийн улс орнууд Туркт туслах тухай болон тусалж буй мэдээлэл ар араасаа гарч байхад Сирид туслаж байгаа мэдээлэл төдийлөн гарсангүй. Дайны хөлд үрэгдэж, араас нь байгалийн гамшигтай нүүр тулсан сиричүүдэд илүү их тусламж хэрэгтэй байгаа юм.
“Аль Жазира” телевизийн мэдээлснээр, сөрөг хүчнийхэн хянадаг Идлиб, Алеппо зэрэг мужид байдал нэн хүнд байгаа аж.
Энэ бүс нутагт тусламж огт ирэхгүй байгаа аж. Учир нь, зэвсэгт бүлэглэлүүд хянадагаас гадна эвдэрхий зам, хатуу ширүүн цаг уур гээд тусламж үзүүлэхэд саад болох хүчин зүйлс бишгүй олон гэнэ. "Бид өнөөг хүртэл НҮБ-аас ч, өөр улс орнуудаас ч ямар ч тусламж авсангүй. Тэд Туркт болон Сирийн Засгийн газрын хяналтад байдаг хотуудад туслаж байна. Гэтэл бид яах болж байна. Бидэнд юу ч алга. Тэд биднийг хөсөр хаялаа" хэмээн Алеппогийн нэгэн оршин суугч ярьжээ.
Олон улсын зүгээс Сирийн ард түмэнд төдийлөн анхаарал хандуулахгүй байгаа учир сиричүүд олны анхаарлыг татахын тулд олон нийтийн сүлжээг ихээхэн ашиглаж эхэлсэн байна. Тэдний арга өөр өөр, зарим нь гомдоллож, нөгөө нь эргэцүүлэхийг уриалах аж.
Хатай мужийн Рейханли хотод амьдардаг дөрвөн хүүхдийн ээж Ум Хади "Улс төрийг хүнлэг байдалтай бүү хольж хутгаач. Хүүхдүүд маань даарч, өлсөж, айж байна. Бурхан биднийг өршөөгөөч. Би газар хөдлөлтөд хамаатан саднаа, эргэн тойрны таньдаг, мэддэг олон хүнээ алдсан. Манай үеэл эхнэр хүүхдээ алдсан, өөр нэг хамаатан нь хүүхдүүдээ алдсан. Маш олон хүн нас барсан. Гэхдээ бид одоо хүртэл нурангид дарагдсан хайртай хүмүүсийнхээ шарилыг ч гаргаж чадаагүй байна. Учир нь, нуранги зайлуулах техник байхгүй. Бидэнд юу ч алга. Тиймээс бидэнд туслахыг гуйж байна” гэжээ. Харин Туркийн иргэд болсон үйл явдалд Засгийн газраа буруутгаж байна.
Тус улсын гол сөрөг хүчний намын дарга Кемал Киличдароглу болсон үйл явдалд Туркийн Ерөнхийлөгч Эрдоганыг буруутгаж байна. Тэрбээр “Хэрвээ үүнд хариуцлага хүлээсэн нэг хүн байвал тэр нь Эрдоган” хэмээсэн байна. Харин Ерөнхийлөгч үүнийг няцааж, гамшгийн дараа эв нэгдэл шаардлагатай гэж мэдэгдээд "Улс төрийн ашиг сонирхлын үүднээс сөрөг кампанит ажил явуулж буй хүмүүсийг би тэвчиж чадахгүй" гэжээ. Амьд үлдсэн болон нуранги дор дарагдсан хүмүүсийн итгэл найдвар бараг тасарч, гурав дахь хүйтэн шөнөө өнгөрөөж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын албан тушаалтан газар хөдлөлтөөс амьд үлдсэн хүмүүсийн дунд хүйтний улмаас эрүүл мэндийн асуудал үүсэж болзошгүйг анхааруулжээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )