Дэлхийн шилдэг кино цуврал: Загалмайлсан эцэг-1 /The Godfather/

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 14

Төрөл: драм, гангстер тулаан

Найруулагч: Фрэнсис Форд Коппола

Продюсер: Альберт Рудди

Кино зохиолч: Марио Пьюзо

Гол дүрд: Марлон Брандо, Аль Пачино, Жэймс Каан, Ричард Кастеллано, Роберт Дювалл

Зураглаач: Гордон Уиллис

Хөгжмийн зохиолч: Нино Рота

Бүтээсэн компани: Paramount Pictures

Хугацаа: 175 мин

Төсөв: зургаан сая ам.доллар

 

Найруулагч Фрэнсис Форд Копполагийн “Загалмайлсан эцэг-1” кино нь гангстер тулаан, драмын төрөлд хийгдсэн дэлхийн кино урлагийн түүхэн дэхь сор бүтээлийн нэг юм. Марио Пьюзогийн романаас сэдэвлэн бүтээгдсэн энэ кино “Оскар”-ын гурван шагнал /”шилдэг кино”, “шилдэг зохиол”, “шилдэг эрэгтэй дүр”/ хүртсэн бол бусад кино наадмаас 19 шагнал авч 17 удаа дээд шагналд нэр дэвшиж байв. IMDb-ээс үзэгчдийн дунд явуулсан санал асуулгаар дэлхийн кино урлагийн бүх цаг үеийн шилдэг киногоор нэрлэгдээд байгаа билээ. Зураг авалт нь 1971 онд дөрвөн сар үргэлжлэн хийгдсэн бол албан ёсны нээлтээ 1972.03.24-нд хийж байжээ. Ердөө зургаан сая доллараар бүтсэн “Загалмайлсан эцэг”-ийн эхний анги нийтдээ 250 сая ам.долларын ашиг олсон билээ.

 

Үйл явдлаас…

“Загалмайлсан эцэг” бол Нью-Йорк дахь Сицилийн мафийн томоохон төлөөлөл болох Корлеонегийн гэр бүлийн гэмт хэргийн зөрчилдөөнийг харуулсан бүтээл. Кино нь 1945-1955 оны үеийн үйл явдлыг харуулна. Киноны эхэнд гэр бүлийн тэргүүн Дон Вито Корлеоне өөрийн охиноо нөхөрт гаргана. Энэ үеэр Дэлхийн II дайнд оролцсон Корлеонегийн хайртай хүү Майкл гэртээ эргэн ирлээ. Майкл бол дайны баатар, гэр бүлийн бахархал тул эцгийнхээ харгис бас бохир бизнест оролцох сонирхол түүнд байхгүй. Дон Корлеоне уламжлалт хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулахыг зорих хэдийч цаг үе өөр болж тэдний бизнест саад болж дэг журмыг эвдэх гэсэн санаатай нөхдүүд ч гарч ирэх болов. Гэтэл толгойлогчийн байр суурийн төлөө санаархагчид сүүлдээ гэр бүлийн тэргүүний амь насанд халдахыг оролдоно. Гэвч тэр амьд үлджээ. Гэхдээ бүх ажил хэргийг тэрээр нэг хэсэгтээ удирдан явуулж чадахгүй болсон байлаа. Үүнтэй зэрэгцэн гэр бүлд нь томоохон дарамт ч ирэх боллоо. Гэтэл яг энэ үеэр бага хүү Майкл гэр бүлийнхээ төлөө хоёр аллага үйлдээд Итали руу нуугдахаар одно. Тэнд тэрээр гэрлэсэн хэдий ч нэгэн удаагийн мөргөлдөөний үеэр залуу эхнэр нь алагдах болно. Ингээд Майкл Нью-Йоркт буцан очиж гэр бүлийн бизнечийг үргэлжлүүлэх бөгөөд түүнийг тэргүүнээр сонголоо… Үйл явдал цааш хэрхэн өрнөхийг та сонирхож байгаа байх. Тэгвэл киног үзье, урагшаа.

 

Дүрүүдэд:

Марлон Брандо-дон Вито Корлеоне

Аль Пачино-Майкл Корлеоне

Жэймс Каан-Сантино “Сонни” Корлеоне

Жон Казале-Федерико “Фредо” Корлеоне

Роберт Дювалл-Том Хаген

Эл Леттери-Вержил “Турок” Соллоццо

Ленни Монтана-Лука Брази

Моргана Кинг-Кармелла Корлеоне

Эйб Вигода-Сальваторе “Салли” Тессио

 

Сонирхолтой  баримт:

-Найруулагчийн тухайд гэвэл анх энэ кинон дээр Сержио Леонег ажиллахыг санал болгож байжээ. Гэвч тэрээр тухайн үед алдарт “Америкт нэг удаа” гэсэн бүтээлийнхээ зураг авалтыг эхлүүлээд байсан юм.

-Гэтэл зураг авалт эхлэхээс өмнө Paramount Pictures компани Копполагаас төслөө татан авч найруулагч Эль Казанад өгөх хүсэлт гаргажээ. Гэвч Марлон Брандо хэрвээ ийм шийд гарвал уг кинонд тоглохоос татгалзана гэснээр Фрэнсисийн хамт зураг авалт эхлэв.

-Киноны янз бүрийн дүр дээр дэлхийн хэмжээний оддын өрсөлдөөн ширүүн байсан гэдэг. Тэдний дунд Уоррен Битти, Ален Деллон, Берт Рейнольдс, Роберт Редфорд, Дастин Хоффман, Жек Николсон, Роберт Де Ниро, Лоуренс Оливье нар ч байжээ. Гэвч найруулагч эн бүх нэр дэвшигчдээс татгалзсан юм.

-Зарим нэгэн эх сурвалжийн мэдэлснээр Вито Корлеонегийн дүрд тоглохоор домогт Фрэнк Синатра өрсөлдөж байжээ.

-Зураг авалтын үеэр Брандо эрүүгээ бульдог нохойныхтой адилхан болгох тусгай зориулалтын маск хэрэглэж байв.

-Лука Бразигийн дүрийг бүтээсэн Ленни Монтана байнга текстээ мартчихдаг байлаа. Гэхдээ энэ натур байдал нь найруулагч Копполад таалагдлсан тул түүний дүрийг тэр чигт нь Леннигийн өөрийнх нь хар яриагаар амилуулсан гэдэг.

-Эхнээс нь дуустал кинонд ердөө 18 хүний цогцос харуулдаг. Хоёр морийг эс тооцвол шүү дээ.

-“Коппола” /coppola/ гэдэг нь сицили үндэсний малгайны нэр юм. Ийм малгайг зарим нэгэн Италийн кинон дээрээс харж болох аж. Харин “Корлеоне” нь Сицилийн арлын уулын нэгэн тосгоны нэр гэнэ. Тэнд олон жилийн турш мафийнхан бүгэн нуугддаг байсан байна.

-Марлон Брандо шилдэг эрэгтэй дүрийн “Оскар”-ын шагналаа авахаас татгалзаж байв.

-Хөгжмийн зохиолчоор ажилласан Нино Рота шилдэг хөгжмийн зохиол гэсэн төрлөөр “Оскар”-т нэр дэвшсэн. Гэтэл түүнийг хөгжмийн зохиолоо энэ кинонд зориулж шинээр хийгээгүй харин “Фортунелла” /1958/ хэмээх хуучин киноноос ашигласан хэмээн шагнал өгөхөөс татгалзсан түүхтэй.

-Кинонд нэг ч удаа “мафи” гэдэг үг хэлэгдээгүй болно.

-Жүрж бол үхлийн бэлэг тэмдэг болж байсан. Хэрвээ тэр гарч ирэх л юм бол хэн нэгэн үхнэ.

-Киноны бүх ангийн Сицилийг харуулдаг хэсэгт гардаг Франк Читтигийн дүрд жүжигчин Пьер Паоло Пазолини тогложээ. Тэр “Эдип хаан” хэмээх киногоороо алдартай нэгэн байсан билээ.

Р.Слава

Zindaa.mn - Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top