Өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын дундуур АТГ-аас нүүрсний хулгайч хэмээн 17 хүний нэрийг олон нийтэд зарласан нь одоо ч хардлага таамаг дагуулсаар байна. Нүүрсний хулгайчаар зарлуулаад байгаа 17 хүний дотор УИХ-ын дөрвөн гишүүн байж, тэд хамгийн түрүүнд “Бид хулгайч биш, зохион байгуулалттай ажиллагаа. Биднийг хэлмэгдүүллээ” хэмээн мэдэгдэл хийсэн.
Үүнээс хойш УИХ-ын чуулган болон бусад хуралдаанд ч өөрсдийгөө хамгаалах замаар нэр цохон нүүрсний хулгайчийг нэрлэсэн. Үүний нэг нь бол УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн удаа дараагийн мэдээллийн мөрөөр гэж болохоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайханыг яллагдагчаар татах саналыг АТГ-аас прокурорт хүргүүлээд байгааг эх сурвалжууд дурдсан.
Тодотговол, Эрүүгийн хуулийн 22.1-3-т заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн” хэмээн яллагдагчаар тооцох тогтоол баталж, түүнд танилцуулахыг мөрдөгчдөд даалгасан аж. Ямартай ч түүний хамаарал бүхий туслах, зөвлөх зэрэг бүхий нөхдийн гэрт нэгжлэг хийж, улмаар баривчилсан билээ.
Мөнхүү Б.Ганхуяг нь түүний дэмжлэгээр “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирлаар томилогдсон гэх мэдээлэл байдаг төдийгүй захирлыг барьж хорьсон. Энэ мэтээс харж байхад Т.Аюурсайханд хамааралтай шалгагдаж буй хүмүүс эрх мэдэлтний дарамт шахалтад орсон эсэхээс эхлээд ямар нэгэн хэмжээнд мэдүүлэг өгсөн байж таарна. Тиймдээ ч эрхэм гишүүнийг яллагдагчаар татах санал хүргүүлсэн биз ээ.
Гэтэл Т.Аюурсайхан сайдыг “Нүүрсний хулгайч” хэмээн хаа сайгүй зарлаж суусан Ш.Раднаасэдийг Эрүүгийн хуулийн 22.1-3-т заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын давуу байдлаа урвуулан ашигласан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн” хэмээн яллагчдагчаар татахаар болжээ. Түүний хувьд “Би нүүрстэй холбогдох ямар ч боломж байхгүй” хэмээн бараг л нүүрс гэж юу байдгийг мэдэхгүй дээ тулж байсан ч ийнхүү шалгахаар боллоо. Магадгүй санамсаргүйгээр хэн нэгэн бизнесмэнд нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй гэх таамаг бол бий. Үүний цаана эрх мэдэлтнүүд дундаа толхилцож бие биенийхээ факт баримтыг ухаад эхлэв үү гэмээр үйл ажиллагаа тал тал талд өрнөж байна.
Мөн ойрын үеийн нэг мэдээлэл бол Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын суудлаас буусан цагаас хойш нүүрсний хулгайчаар цоллуулж байгаа УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг яллагдагчаар татах санал хүргүүлсэн байна. Түүнийг Эрүүгийн хуулийн 22.1-3 болон Эрүүгийн хуулийн 22.10-т заасан “Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх зүйл ангиар давхар шалгахаар болжээ.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат хэлэхдээ, “Би нүүрс хулгайлаагүй. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байхдаа төрийн өмчит Тавантолгой компанийн талбайгаас орон нутгийн өмчит Тавантолгой компани 300 гаруй мянган тонн нүүрс хилээр гаргасан хэргийг шалгах үүрэг өгч байсан. Тодотговол, Мөргөцөг. Миний өгсөн үүргийн дагуу уг хэргийг шалгасан, улмаар УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан Л.Энхболд гишүүн ч энэ тал дээр баримт гаргаж ирсэн юм. Намайг хэвлэл мэдээллээр нүүрсний хулгайч мэтээр зарлаж байгаа нь Мөргөцөгийг ухсан нөхдийн явуулга байх гэж бодож байна” хэмээн эртнээс байр сууриа илэрхийлж байсан ч өдгөө өөрөө яллагдагчаар татагдчихлаа.
Тухайлбал, УИХ-ын гишүүн “Ажнай” хэмээх Д.Бат-Эрдэнийг эртнээс Мөргөцөгийг ухсан хэмээн мэдээлэл явах болсон төдийгүй АТГ-аас нүүрсний хулгайчаар зарласан. Өдгөө тэрбээр шалгагдаж байгаа.
Ингэхээр Ж.Мөнхбат гишүүний хэлж байгаагаар бол Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байхдаа “Ажнай” Д.Бат-Эрдэнэ гишүүний нүүрсний хулгайг шалгаж илрүүлэх үүрэг өгсөн дагуу түүний хэрэг мандсан учраас эргүүлэн түүнийг “Нүүрсний хулгайч” хэмээх хэвлэлээр цоллуулж, эцэст нь яллагдагчаар татах хэмжээнд очлоо гэх таамаг бууж байна. Энэ бол аанай л эрх мэдэлтнүүд дундаа толхилцож, нэгнээ илчилж байгаагийн нэг илрэл болов уу. Гэвч Ж.Мөнхбатын томилсон гэх “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал асан А.Ариунболдыг өнгөрөгч 2020 оноос саатуулан шалгаж байгааг мартаж болохгүй.
С.ДАНЗАН
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )