Ц.Энхбаяр: Хэрвээ амь насанд минь аюул учирвал энэ төр, засаг хариуцна

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 15

Хүүгээ 2008 оны 7 сарын 1-ний үймээн самууны үеэр харамсалтайгаар алдсан Ц.Энхбаяр гуай “Гал үндэстэн” холбооны удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд орж “Нутаг орноо чөлөөлөх” морьтонгуудтай хамт Сэлэнгэ, Өвөрхангай аймгуудаар явсан юм. Тэрээр буудуулж нас барсан хүүгээ цаг үргэлж дурсан ярьдаг ажээ. Хүү нь амьд сэрүүн ахуйдаа “Энэ төр засаг үнэхээр биш болчихжээ. Заавал засч залруулах хэрэгтэй байна” хэмээн захиж байсан гэдэг. “Гал үндэстэн” холбооныхон Өвөрхангайд үйл ажиллагаагаа явуулаад байгалийн нөхөн сэргээлт хийхгүй байсан  уул уурхайн хэд хэдэн компанид тулган шаардах бичгээ өгсөн. Эцэст нь дахин сануулах үүднээс техник хэрэгсэл рүү нь буудсан юм. Энэ үеэр орон нутгийн цагдаа нар тэдэнд юу ч хэлээгүй. Харин хотоос тэнд хүрч очсон цагдаагийнхан “Гал үндэстэн” холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ц.Мөнхбаяр, О.Самбуу-Ёндон, Г.Төмөрбаатар, М.Баатархуяг нарыг “Орон нутгийн удирдлагуудтай уулзаж ярилцан учраа олж болно. Та нар аймгийн төв дээр хүрээд ирэхгүй юү” хэмээн урьж аваачаад баривчилсан гэдэг. Үндсэндээ тус холбооныхныг цагдаа нар хууран мэхлэх замаар баривчилжээ. Ц.Энхбаяр гуай ч үүнийг нь нотлон хэлж байна. Тэр бас талийгаач хүүгийнхээ захиж хэлсэн дээрх үгийг хэвлэлийнхэнд дахин дахин дуулгасаар байна. Ийнхүү бусдын эд хөрөнгө эвдэж сүйтгэсэн, буудсан гэх үндэслэлээр цагдан хоригдож байсан тэднийг УИХ-ын Г.Баярсайхан, Г.Одхүү нар наадмын өдрүүдээр батлан даалтанд гаргалаа.  Харин хуурай өлсгөлөн зарлаад байсан Ц.Энхбаяр нарын бие муудаж Чингэлтэй дүүргийн эмнэлэгт хэвтсэн ч тэмцлээ үргэлжүүлнэ гэнэ. Ц.Энхбаярын хувьд “Хэрвээ миний амь нас эрсэдвэл энэ төр, засаг хариуцах учиртай” гэж өчиж байна.

О.Баяр. Zindaa.mn
Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top