Л.Оюунчимэг: Багш, эцэг эх, хүүхэд гэсэн гурвалсан холбоон дээр сургалт үр дүнтэй явдаг 

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2023 оны 03 сарын 01

Нийслэлийн ерөнхий боловсролын нэгдүгээр сургууль түүхт 100 жилийн ойгоо саяхан тэмдэглэв. Энэ хугацаанд  тус сургуулийг 10000 шахам сурагч төгсжээ. Монгол Улсын түүхэнд анх удаа 100 жилийн ойгоо тэмдэглэж буй ууган дунд сургууль Ерөнхийлөгчийн зарлигаар Сүхбаатарын одонгоор шагнуулсан бол олон багш төрийн дээд шагнал хүртсэн юм. Тэдний нэг нь  боловсролын салбарт 44 жил бага ангийн багшаар ажилласан Л.Оюунчимэг   Монгол Улсын гавьяат багш боллоо. Түүнийг “Өглөөний зочин”-оор урилаа.


-Монгол Улсын ууган сургуулийн 100 жилийн ойгоор Монгол Улсын гавьяат багш болсон танд баяр хүргэе. Энэ хүртэл боловсролын салбарт хэчнээн жил ажиллаж байна вэ?

-Баярлалаа. Би багшийн сургууль төгсөөд 1978 оны долоодугаар сард Боловсролын яамны сайдын томилолтоор нэгдүгээр сургуульд  бага ангийн багшаар томилогдон ирснээс өнөөг хүртэл  44  жил зургаан сар  ажиллаж байна.

-Нэгдүгээр сургууль хэзээнээсээ өндөр шаардлага тавьдаг гэж яригддаг. Тэр шалгуурт тэнцэж багш болно гэдэг тухайн үедээ том даваа байсан болов уу?

-Ер нь тэр үед  дадлагын багш авдаггүй байсан. 1977 онд анх удаа 10 оюутан аваачиж дадлагын багш хийлгэсэн. Тэр үеийн шилдэг багш нар, хожим Монгол Улсын гавьяат багш, Ардын багш болсон Ц.Цэвээн, Л.Гавалмаа нарын удирдлагад бид дадлага хийсэн. Дадлагын ажлын дүн  багш болж чадах эсэхийг  шийдсэн болов уу.

Түүнээс гадна би ер нь өөрөө ихээхэн хүсэж байж багш болсон доо. Намайг багш болох үед аав минь хэлж байсан юм “Миний охин сайн ажиллаарай. Багшийн ажлыг сайн хийвэл сайхан мэргэжил, төрийн сайдыг удирдаж явдаг юм. Муу хийвэл, хүмүүсийг бараг удам угсаагаар нь гомдоож явдаг юм шүү. Тийм учраас хүүхдийн төлөө нэгэнт зорьсон бол зорилгынхоо төлөө сайн ажиллана шүү” гэсэн. Аав минь тэгж хэлсэн учраас би тэр замаас хазайгаагүй, багшийн ажилдаа шуударсан. Түүнээс биш би өөр мэргэжилтэй, гадаадад  хэлний сургууль төгссөн байсан. Гэвч тэр мэргэжлээрээ  ажиллаагүй, багшийн ажилд хөтлөгдөж, тэр замаасаа хазайлгүй өнөөдрийг хүртэл явж ирлээ.

-Өөр мэргэжил гэдэг нь хаана ямар сургууль төгссөн билээ?

-Кубын гадаад хэлний сургуулийг төгссөн. Төгсөөд ирэхэд цөөнгүй газраас  ажлын санал ирүүлж байсан. Гэвч өөрийн хүсэл, аавынхаа захиасыг дагаж бага ангийн багшаар ажилласан.

-Өнөөдрийн өндөрлөгөөс сургуулиа  эргээд харахад  танд юу бодогдож байна вэ?

-Намайг  1978 онд анх  багш болж байхад урлагийнхан “Алтан үеийнхэн” гэж ярьдаг шиг Монголын боловсролын салбарын ноён оргил, алтан үеийнхэн болсон гайхамшигтай багш нар ид ажиллаж хөдөлмөрлөж байсан даа. Түүнээс хойш 44 жил өнгөрчээ. Одоо эргээд харахад шинэ үеийн залуус гарч ирж, ид ажиллаж  хөдөлмөрлөж, хийж бүтээж байна. Ийм эрин цаг үе байна. Түүнээс сургуулийн уламжлал, төрөлх сургуулийн маань брэнд болсон заах арга барил алдагдаагүй. Түүн дээр нэмэгдэж, шинэчлэгдэж, улам баяжиж хөгжиж ирлээ. Цахим хөгжлийг дагасан шинэ дэвшлүүд гарсан. Онлайнаар хичээл орж байна, янз бүрийн цахим хэрэглэгдэхүүн олон болсон. Ялгаа нь гэвэл цахимжсан. Багш нарын нас залуужсан. Олонх нь шижигнэсэн сайхан залуу багш нар ажиллаж байгаа.

-Тэр үеийн сурагчид, ээж аавууд өөр байсан байх. Одоо сурагчдын ч, эцэг эхчүүдийн ч  хандлага өөр болсон байх?

-Тэр үед багш төвтэй сургалтын үйл ажиллагаа явагдаж байсан. Гэхдээ тухайн үеийн  сурагчид ном их уншдаг, маш их хичээл зүтгэлтэй хүүхдүүд байсан. Мэдээж өнөөдөртэй адил гар утас, телевизийн олон суваг байгаагүй. Зөвхөн хичээл номдоо анхаарч, эрдэм сурахын төлөө шамддаг байсан. Өнөөдрийн хүүхдүүд бол мэдээллийг номоос биш цахим орчноос түлхүү авч байгаа, түүгээрээ ялгаатай. Миний ажиглаж  байгаагаар бол ийм л байгаа.

-Насны хувьд бас ялгаатай болсон?

-Тэр үед найман настай сургуульд ордог байсан бол одоо зургаан настай нэгдүгээр ангид орж байна. Гэхдээ сурахад  ялгаа гайгүй. Сурагчдын эцэг, эхчүүдийн  хувьд нас залуужсан. Гол  нь хүүхдийнхээ төлөө л анхаарч ажиллах хэрэгтэй. Орчин үеийн залуус тэр талаар маш бага анхаардаг. Тэдний анхаардаг зүйл нь ондоо болчихоод байна. Үүнд  нь би шүүмжлэлтэй ханддаг л юм.

-Тухайлбал?

-Залуу эцэг, эхчүүдийн анхаардаг юм нь тэнд сайн сургалтын төв байна. Энд сайн ийм юм байна гээд тэр рүү явдаг. Гэтэл хүүхэдтэйгээ ажиллах нь гол шүү дээ. Ажиглаж байхад хүүхдэд  гэр бүлийн хүмүүжил хамгаас чухал. Тэр гэр бүлд олгогдсон хүмүүжлийг багш өөрчлөхөд маш хэцүү. Өөрчлөх гэж үзлээ гэхэд маш урт удаан цаг хугацаа зарцуулна. Барагтай л өөрчилж чадахгүй. Тиймээс эцэг эхчүүд хүүхдийнхээ хүмүүжилд маш сайн анхаарах хэрэгтэй. Багш нартайгаа хамтарч ажиллах ёстой.

-Та хэдэн анги төгсгөсөн бэ. Шавь нарын чинь аав, ээж хүүхдүүдтэйгээ хэр ажилладаг байв?

-Нийтдээ 13 анги төгсгөсөн. Миний шавь нарын аав, ээжүүд нэг онцлог нь  надтай байнга хамтарч ажилладаг, хүүхдүүдээ маш сайн анхаардаг байсан. Сургалт бол  багш, эцэг эх, хүүхэд  гэсэн гурвалсан холбоон дээр явагддаг. Нэг нь алдагдвал хэцүү. Тиймээс орчин үеийн эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ хүмүүжилд л маш сайн анхаарах ёстой. Өнөөдөр ч гэсэн хүүхдийн хүмүүжлийн асуудал яригдсаар л байна шүү дээ. Нөгөө талаас, өнөөдөр бүх юм маш их хурдтай болсон. Залуусын ажил, амьдралын хурд, түүнд зарцуулж байгаа цаг хугацааг анхаарч ажиглаж байхад хүүхдэдээ зориулж байгаа цаг, зав бага байдаг шиг санагддаг.

-13 ангийн  сүүлийнхийг нь хэдэн онд төгсгөсөн бэ?

-Өнгөрсөн хавар төгсгөсөн. Отгон шавь нар маань одоо зургаадугаар ангид сурч байна.

-Сүүлийн үед нэг ангид 50-60 хүүхэд сурч байна, ачаалал их байна гэлцэх болсон. Танай сургууль үүнтэй адил уу, эсвэл?

-Намайг 1978 онд бага ангийн багш болоход манай сургуулийн нэг анги 35-36 хүүхэдтэй байсан. 1990-ээд оноос хойш энэ тоо нэмэгдсэн. Миний отгон шавь нар буюу одоо 6 Б анги бол есдүгээр сарын 1-нд 70 хүүхэдтэй байсан. Сүүлд зарим нь шилжиж 61 хүүхэд төгссөн. Манай багш нарын  нэг онцлог нь  хүүхэд олон байлаа гээд ерөөс түүртдэггүй. 60 хүүхдэд заасан ч, таван хүүхдэд заасан ч яг адил хурдтай, хүчтэй ажилладаг багш нар байдаг. Гаднаас харж байгаа хүмүүс “Ямар олон хүүхэдтэй анги вэ, яана даа” гээд байдаг. Хүүхдээ хичээлээсээ  хоцорчихно  гэж айдаг шиг байгаа юм. Манай сургуулийн багш нарын онцлог бол хүүхдийн олонд түүртдэггүй. Таван хүүхэдтэй ч, 50 хүүхэдтэй ч адилхан, бүгдийг нь жигд авч явж сургадаг.

-Та амьдралынхаа бараг хагас зуун жилийг бусдын хүүхдийг сурган хүмүүжүүлэхэд зориулжээ. Энэ дунд өөрөө хэдэн хүүхэд төрүүлж өсгөв. Танай хүүхдүүд ямар мэргэжил боловсрол эзэмшсэн бэ?

-Манайх хоёр хүүхэдтэй. Том нь охин, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуульд багшилдаг. Бага нь хүү, сэтгүүлч мэргэжилтэй. Уг нь өөр мэргэжлээр сурсан, олон улсын харилцаагаар мэргэшсэн юм. Гэвч тэр мэргэжлээрээ бус  сэтгүүлчээр ажиллаж,  уран зохиол их сонирхдог. Миний хань дипломатч хүн,хүү маань аавынхаа мэргэжлийг өвлөнө гэж олон улсын харилцаагаар сурсан ч сэтгүүлч болно гэсэн. Бичиж туурвих сонирхолтой юм байлгүй дээ.

-Багш нар цаг зав багатай, гэртээ ч ховорхон үзэгдэж, сургууль дээр ихэнх цагаа өнгөрүүлдэг. Ар гэрийнхэн бол нэлээн хүлээцтэй, тэвчээртэй байдаг байх?

-Хүн харахад багш нар үдээс өмнө юм уу, үдээс хойш 4-5 цагийн хичээл заагаад гараад явчихдаг зав чөлөөтэй мэт санагддаг байх. Гэтэл тийм биш, бага ангийн багшийн хувьд ажил нь шөнө дунд хүртэл үргэлжилнэ. 50-60 хүүхдийн хоёр ээлжийн  дэвтэр нийлээд 140-150 дэвтрийг засна. Дараа нь маргаашийн хичээлийнхээ конспектийг бичнэ. Бага ангийн багш нар өдөр болгон шинэ конспект боловсруулж, шинэ хичээлийн бэлтгэл хийж заадаг. Их сургуулийн багш нар бол лекцээ шинэчлээд явдаг. Бидэнд тэгэх боломжгүй. Өдөр бүхэн битгий хэл цаг болгонд өөр хичээл заадаг учраас бүх юм шинэ байх ёстой. Хүүхдүүд уйддаг, амархан залхдаг  учраас байнга хичээлээ шинэчилж заах ёстой болдог.

-Урилга хүлээж авч ярилцсанд баярлалаа. Манай уншигчид, магадгүй үүнийг уншиж байгаа үе үеийн төгсөгч, шавь нарынхаа эцэг эхчүүдэд хандаж та юу хэлэх бол?

-Өнөөдөр миний Монгол Улсын гавьяат багш гэдэг эрхэм цолыг авсан минь үе үеийн бүх төгсөгч, тэдний ээж аав, эмээ өвөө нарын ач гавьяа юм. Яагаад гэвэл, бүгд үр хүүхдийнхээ төлөө надтай хамтран ажиллаж байсан. Тиймээс ч шавь нар минь бүгд сайн яваа. Тэдний маань ач гавьяа юм. Дээр нь улсынхаа ууган сургуульд 44 жил хамтарч ажилласан үе үеийн удирдлагын баг, багш сурган хүмүүжүүлэгчид, ажилчин, албан хаагчдын бүгдийнх нь хичээл зүтгэл, гавьяа миний энгэр дээр байна. Та бүхэндээ баярлалаа.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top