Таван тэрбумын хэрэгт холбогдсон Д.Дондог гишүүнийг Ч.Улаан, Д.Одбаяр нар улаан цээжээрээ хамгаалж байна

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 15

УИХ тоглоомын байгууллага болоо юу гэлтэй. Энэ нь олон зүйл дээр их тод харагдах боллоо. Тэнд шударга ёс гэж үнэндээ алга болсон юм шиг байна. Д.Дондог гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын Ерөнхий прокурорын газраас хоёр дахь удаагаа тавиад байна. Анх ийм санал оруулахад Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Одбаяр шууд татгалзсан. Тэрээр мэдэгдэхдээ “Ерөнхий прокурорын саналын авч хэлэлцэх үндэслэлгүй” гэжээ. Тэгвэл Үндсэн хуульд “УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын их хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх тухай асуудлыг шийдвэрлэнэ” гээд заачихсан байгаа. Уг нь Д.Одбаяр хуульч мэргэжилтэй хүн. Өдий болтол Үндсэн хуулийнхаа энэ заалтыг уншаагүй, ойлгоогүй яваа гэхэд итгэхэд бэрх. Түүний нэгэн адил УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны дарга Ч.Улаан бас дээрх хэлэлцэхээс  татгалзсан хариу өгчээ. Харин Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав “Анхны санал илгээх үеэр би Солонгос улсад Олон улсын хуралд оролцож явсан. Уг саналыг манай орлогч дарга УИХ-д явуулсан байсан. Хэргийн талаар судалж үзэхэд Д.Дондог гишүүн яах аргагүй залилангийн болон авлигын гэмт хэрэг үйлдсэн нь тодорхой байлаа. Олон гэрчтэй. Их хэмжээний мөнгө бусдаас авч завшсан. Нийт мөнгөн дүнгээрээ таван тэрбум гаруй төгрөг болоод байгаа юм. Ийм их мөнгийг тэр хэд хэдэн компаний залуучуудаас газар авч өгнө гэх зэргээр хууран мэхэлж аваад 2008 оны сонгуульд ашигласан байна. Тиймээс УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн цаашид нарийвчлан шалгах шаардлагатай. УИХ-ын Хууль зүйн байнгын хороо болон УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороогоор энэ асуудлыг авч хэлэлцэхгүй байх ямар ч үндэслэл байхгүй. Бүх юм хуулийн дагуу явж байна. Тиймээс дахиж санал тавьсан. Прокурорын байгууллагын саналыг хэлэлцэх л ёстой” гэлээ. Хэрвээ Д.Дондог гишүүний үйлдсэн дээрх хэргийн талаар УИХ хэлэлцэж зохих шийдвэрээ гаргахгүй бол энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа зогсож, яллагдагч нар ял завших тохиолдол гарч болзошгүй гэж прокурорууд асуудлыг шуурхай хөөцөлдөж байгаа юм байна. Таван тэрбум төгрөг бага мөнгө биш шүү дээ. Үүний цаана хичнээн гэмт үйлдэл байгааг мөрдөн байцаагч нар л сайн мэднэ. Түүнээс биш Д.Одбаяр, Ч.Улаан мэтийн гишүүд юугаа мэдэж хэргийг төөрөлдүүлэн хаалгах билээ. Гэхдээ юмыг яаж мэдэхэв, тэд Д.Дондогийг гэмт хэрэг хийсэн байлаа ч улаан цээжээрээ хамгаалаад үлдэх гэж байж болох юм. Цөмөөрөө МАН-ын гишүүд хойно доо. Урьд нь бас ийнхүү хаацайлсаар байгаад гурав, дөрвөн гишүүнээ хэргээс мултлаад авч байсан юм.

Сэтгүүлч Б.Отгонбаяр
 Zindaa.mnҮндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top