Таван намын хамтарсан тавдугаар Үндсэн хуулийн төслийн ажлын хэсгийн гишүүн, МҮАН-ын дарга, Үндсэн хууль судлаач Б.Цогтгэрэлтэй ярилцлаа.
-Зөвлөлдөх санал асуулгын хариу шинэ Үндсэн хууль хэлэлцэхэд бэлэн биш, шинэчилсэн найруулгыг ч хүлээж авах нь эргэлзээтэй. Харин нэмэлт, өөрчлөлт хийж болно гэж гарсан гэж ойлгогдож байна. Та юу гэж үзэж байна?
-Яг ч тийм гэсэн үг хараахан биш. Ер нь бол зөвлөлдөх санал асуулгын эхний шатанд оролцсон хүмүүсийн 71.5 хувь нь Үндсэн хуулийг шинэчилнэ гэсэн санал өгсөн байсан. Дараагийн буюу “мэдээлэлжүүлэх шатанд” энэ үзүүлэлт буурсан байгаа. Тэгэхээр нийгмийн хүлээлт бол байгаа гэсэн үг. Үүнийг сошиал орчинд хүмүүс санал дэвшүүлж, байр сууриа илэрхийлж, янз бүрийн шүүмжлэл өрнүүлж байгаагаас харж болно. Төрийн түвшинд ч гэсэн “Нүүрсний хулгай”, Хөгжлийн банкны луйвар гээд маш их авлига, хулгайн асуудал яригдаж байна. Гэхдээ гарсан үр дүнтэй тэмцээд юу ч өөрчлөгдөхгүй. Энэ юу гэсэн үг вэ гэвэл дахиад хулгайч гараад ирвэл яах вэ. Тэгэхээр дахиж хулгайч нарыг гаргахгүй байх, хариуцлагатай байх, энэ тогтолцоог хийхгүй бол болохгүй гэсэн үг.
-Төрд гарсан хүмүүс төрийн нэрээр хулгай хийж байна. Өмнө нь “ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байна” гэж байсныг одоогийн 2019 оны ҮХНӨ-өөр “төрийн нийтийн өмч” гэж хуульчилсан байгалийн баялагтаа монголчууд хэзээ эзэн болох боломж бүрдэх бол?
-Хэрэв ард түмнийх гэчих юм бол ерөөсөө ашиглаж чадахгүй юм байна гэж үздэг бүлэглэл байна. Гаднын олигархиуд гэж яригддаг үндэстэн дамнасан том корпорацууд юу хүсдэг вэ гэхээр ард түмнээс нь салгаад төрд нь байлгаж байвал зохицож болно гэж үзэж байна шүү дээ. Жишээ нь бид 2019 оны ҮХНӨ-д “Монгол Улсын газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний байнгын өмчлөлд, засаг төрийн эзэмшил, хамгаалалтад байна. Байгалийн баялгийг ашиглах нь одоо ба ирээдүй үеийн эрх ашигт нийцсэн байх бөгөөд ашиглалтын аливаа үйл ажиллагааны талаарх мэдээлэл ард түмэнд иж бүрнээрээ ил тод, нээлттэй байна. Засаг төр эдгээр зарчмыг хэлбэрэлтгүй хэрэгжүүлэх үүрэгтэй”. Түүнчлэн “...Байгалийн баялгаас орж ирсэн бүх төрлийн орлогыг нийт иргэдийн хамтын өмчлөлийн Үндэсний баялгийн санд төвлөрүүлэн арвижуулж, ногдол ашгийнх нь тодорхой хэсгийг иргэн бүрд тэгш, шударга хуваарилж болно” гэсэн томъёоллыг өгсөн. Гэтэл “ашиглалтын аливаа үйл ажиллагаа ард түмэнд ил тод байна” гэсэн өөрчлөлт яаж орсон бэ гэвэл “Зөвхөн байгаль орчинд нөлөөлөхөөр байх юм бол тэр мэдээллийг авч болно” гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, санхүү, эдийн засаг, Оюу Толгой хэдийг гаргаж байна, ямар ашигт малтмал авч байна, ямар орлого орж байна тэр нь бүгд нууц байх нь. Ний нуугүй хэлбэл үүнийг гаднынхан лоббидож оруулж байгаа. Тиймээс ард түмний өмчид байлгаж, тэрийг нь зөвлөлдөх санал асуулга гэдэг шиг хэнд ашигтай болохыг ойлгуулах хэрэгтэй юм даа.
-Үндсэн хуулийн 10 орчим төсөл байсныг Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан таван нам хамтарсан ажлын хэсэг нэгтгэсэн гэсэн. Ямар төслүүд байсан юм бэ?
-МҮАН-ын дангаараа боловсруулсан Үндсэн хуулийн төсөл бий, мөн ИЗНН-ын төсөл, Үндэстний үзэлтнүүдийн 2011 онд боловсруулсан “Их цааз” хууль, ШИНЭН-ын 2018 онд боловсруулсан Их Монголын Их засаг хууль байна. МАХН-ын боловсруулсан Шинэ дээд хуулийн төсөл байна. Энэ олон хуулиудыг нэгтгэж нийлүүлэх гэж бид тэр ажлын хэсэгт орж ажилласан. Туршлагатай хүний хувьд гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр гуай ажлын хэсгийг ахалсан. Ерөнхий сайдын хувьд маш чухал алхам хийсэн гэж би бодож байгаа. Тус тусдаа Үндсэн хуулийн төсөл бие дааж боловсруулсан та бүхэн нэгдэж нийлээд төсөл боловсруулж чадахгүй бол 36 нам яаж нэгдсэн байр суурьт хүрэх юм бэ. Яаж гурван сая хүн, сая гаруй сонгогч нэгдсэн байр суурьт хүрэх юм. Тэрийг та нар нэг хийгээдэх гэсэн утгаар хандсан гэж бодсон. Ингээд хийхэд өнөөдрийн Үндсэн хуулийг бүхэлд нь өөрчлөхгүй бол болохгүй байгаа юм.
-Яагаад өөрчлөх шаардлагатай вэ гэдгийг дэлгэрүүлж тайлбарлана уу?
-Монголд гурван хулгай байгаа. Нэгдүгээр хулгайг нь сая орон даяар ярилаа. Таван Толгой, төрийн өмчит компаниуд, Эрдэнэт үйлдвэр, Хөгжлийн банк гээд энд тэндгүй хулгай байна. Энэ хулгайгаас сэргийлэх хяналтын механизм Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн хэрэгжиж буй хуулиудад байхгүй. Хоёрдугаарт, сонгуулийг шударга явуулж ардчилсан нийгэм байгуулах ард түмний эрх мэдлийг хулгайлдаг хулгай байна. Энэ хулгайгаас сэргийлдэг механизм нь одоогийн Үндсэн хуульд бас байхгүй.
-Яагаад?
-Яагаад гэвэл төрийн бүх өмч, улсын бүх баялаг, ард түмний өмч хөрөнгө цаагуураа нууцаар хулгайлагдчихдаг учраас сонгуулийг ялгаагүй худалдаад авна. Судалгаагаар 20-оод хувь нь гэж үзсэн байдаг юм билээ, тийм биш төрийн мөнгөөр худалдаад авчихаж байна. Гурав дахь том хулгай нь глобал хулгай буюу ханшийн хөөрөгдлөөс сэргийлж чадахгүй байна. Тиймээс 30 жилийн өмнө 3:1-ийн харьцаатай байсан төгрөг өнөөдөр 3:4-ийн харьцаатай болж, үнэ ханш талийсан. 10 жилийн өмнө вон, төгрөг хоёр бараг тэнцүү байсан бол өнөөдөр 3:1 болсон. Энэ хулгайгаас сэргийлж чадахгүй тохиолдолд Монгол Улс 100 сая тонн нүүрс гаргана уу, таван сая тонн зэсийн баяжмал гаргана уу, ялгаагүй. Гадаад өр өссөн хэвээр байна. Хулгай улам их болно. Ард түмний амьдрал бахь байдгаараа байна. Тиймээс Үндсэн хуульд бүхэл бүтэн эдийн засгийн бүлэг байх ёстой гэж үзэж оруулаад байгаа юм.
Хоёрдугаарт нь, эдийн засгаа хянадаг хяналтын механизмыг хараат бусаар байгуулах ёстой юм. Монголд ийм механизм байхгүй. Жишээ нь, хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг авч үзье. Хууль тогтоох эрх мэдлийг хаанаас байгуулдаг вэ гэвэл ялсан намаас. Гүйцэтгэх байгууллагыг мөн ялсан нам нь байгуулдаг. Шүүх эрх мэдлийг мөн ялсан нам байгуулж байна. Ингээд үзвэл гурвууланг нь ялсан нам байгуулж байгаа биз. Тэгээд тэрийгээ хууль тогтоох дээд байгууллага гэж байна. Энэ чинь нэг л хүн гэсэн үг шүү дээ. Хууль тогтоохоо ч, гүйцэтгэх эрх мэдлээ ч, хяналтын тогтолцоогоо ч хэрэгжүүлнэ гээд... Өөрөө өөрийгөө хянаж болох уу. Тэгэхээр манай Үндсэн хууль бол нэг намын тогтолцоотой үеийн социалист хэв загвар нь хэвээрээ байна.Тэгэхээр манайд хяналтын механизм байхгүй. Хянаад тогтоосныг нь шүүж хариуцлага ногдуулдаг механизм бас байхгүй. Энэ бол социалист нийгэм, өнөөдрийн олон намын тогтолцоо хоёрын маш том зөрчил.
-Уг нь хянах үүрэг бүхий байгууллагууд бий шүү дээ?
-Төрийн аудитын байгууллага, мэргэжлийн хяналт, шүүх эрх мэдэл, иргэний нийгмийн байгууллага, сөрөг хүчин, түүнчлэн хэвлэл мэдээлэл хянах ёстой л доо. Гэтэл өнөөдөр сөрөг хүчин байхгүй. Иргэний нийгмийн уламжлалт байгууллага манайд 1990 оноос өмнө байгаагүй. Түүнээс хойш ч байгаагүй. Байгаа гэвэл зөвхөн улстөрчдийн гоёоны, сонгуулиар би ийм холбооны тэргүүн энэ тэр гэж явдаг тийм төдийхөн. Түүнээс яг сонгодгоороо ажилладаг иргэний нийгмийн байгууллага байхгүй. Хэвлэл, мэдээлэл гэхээр саармаг байна. Тиймээс энэ Үндсэн хуульд зайлшгүй хийх ёстой нэг зүйл энэ юм.
Хэрэв Монгол Улс хөгжье гэж байгаа бол Үндсэн хуульд эдийн засгийн бүлэг байх ёстой. Үндэсний мөнгөн тэмдэгтийн үнэ ханшийг тогтоох, макро түвшний эдийн засгийн бодлогоо хийдэг зүйл байхгүй бол улсын эрх ашгийг хамгаалах, хөгжил дэвшлийг бий болгох хууль байж чадахгүй. Зүгээр л хүний эрх, эдийн засгийн тунхаглалууд биччихсэн ийм л зүйл болно. Гэтэл бид хөгжиж дэвжих ёстой. Хөгжинө гэхээр дандаа мөнгө төгрөг, зарцуулалтын асуудал ярина. Үүнийг шийдэж чадахгүй бол өнөөдөр манайд шүүрэн шанага шиг цоорхойнуудаар хамаг байдгаа гоожуулж байна. Эдийн засаг тэлэх тусам цоорхой улам томорч, манай эдийн засгийн өсөлт 30 тэрбум ам.доллар боллоо гэхэд өр зээл маань 100 тэрбум ам.доллар болно. Үүнийг би 2006-2007 онд ярьж байсан. Оюутолгойн гэрээ хийгдэхээс өмнө “Цусаараа ч эргүүлж авч чадахгүй сэмэрсэн тэрлэг шиг Монгол минь” гэж нийтлэл хүртэл бичсэн. Зөвхөн тоон утгаараа эдийн засаг өсөөд байдаг. Гэтэл өр нь ч, борлуулалт нь ч дандаа гадаадад байгаа. Үүнийг ард түмний хяналтад авчрах шаардлага бий. Хоёрдугаарт, төрийн механизм ажилладаг байхын тулд хяналтын тогтолцоог ялсан намаас хараат бусаар байгуулж өгдөг байх учиртай. Хоёр танхимтай парламентын “хоёр дахь танхим”гээд байгаагийн гол учир энэ.
-Хоёр дахь танхим нь Их хурлынхаа бүх эрх мэдлийг авна гэсэн үг үү?
-Тийм биш. Улс төрийн хэдэн нам байх вэ, тэр нь порпорциональ системээрээ сонгогдоод Бага хурлаа байгуулна. Дараа нь иргэд, иргэний нийгмийнхэн нэрээ дэвшүүлж хоёр дахь танхимаа байгуулна. Хоёр танхим нь нийлээд Үндэсний их хурал болно. Порпорциональ системээр байгуулагдсан Бага хурал хуулиа тогтоодгоороо тогтоогоод батлаад явчихна. Энэ нь үндэсний эрх ашигт зөрчилтэй байж мэдэх учраас хянаж ёсчлон баталдаг байна гэж томьёолж байгаа юм. Энэ их хурал Засгийн газраа байгуулж, төсөв мөнгө зарцуулалтаа өөрөө хянаж болохгүй учраас намаас хамааралгүй иргэдээс байгуулсан хоёр дахь танхим хянана.
-Үндсэн хуулийн ажлын хэсэг Элчин сайдын яамдад номоо тараасан гэж шүүмжлэл гарсан, энэ талаар та юу хэлэх вэ?
-Үндсэн хуулийн тунхаг хэсгийн нэгд “хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж” гэж бий. Тэгэхээр ардчилсан нийгэм дэх Үндсэн хууль гэдэг яах аргагүй НҮБ-уудын үнэт зүйл. Бүгдээрээ хамтарч бий болгодог. Тэр үнэт зүйлийг хуваалцах, мэдлэгийг авахын тулд Элчин сайдын яамдад хандаж, “Танайд ямар туршлага байна”, “Танайд тийм түүх байна уу”, “алдаа оноо юу байж болох вэ” гэж мэдээлэл солилцож байгаа нэг хэлбэр. Түүнээс энэ төсөл батлагдсан хууль биш. Бид мэдээлэл солилцож байгаа нэг хэлбэр. 1992 оны Үндсэн хуулийг батлахад ч гэсэн манай улс дандаа олон улсын байгууллагуудад хандаж, зөвлөгөө авч байсан, ийм туршлага байдаг.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 5 )
Хахаха, дүрдээ орчихож, энэ мал үндсэн хууль хийчихдэг өол одоо яанам бэ сэрчихгүй бол сайхан зүүд бна
Энэ ацыг одоо хэн тоох вэ дур эзнээ голохгүй дунд чөмөг сүүжээ голохгүй ээ гэж
Цогтгэрэл гэх энэ хүн мөн ч олон жилийн мөрөөдлөө биелүүлэх гэж их ч зүтгэх юм.Олон түмэн түүнийг ер ойшоохгүй байна. Түүний туйлын мөрөөдөл нь УИХ-ын гишүүн болох, цаашлаад УИХ-ын дарга болох, бүр болохгүй бол Засгийн газрын гишүүн болох гэсэн мөрөөдөл нь байгаа юм аа. Даанч хужаа М.Энхсайхантай үй зайгүй холбогдолтой болохоор үр дүнд хүрэхгүй байгаа юм уу даа.
Ажлын амжилт хүсье.
эрүүгийн хууль гэж байна бас үндсэн хуульд оруулах уу\n