С.Алтанцэцэг: Нийгмийн дунд хөлөө олж, зөв яваа нь аав, ээжийн минь буян

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2023 оны 03 сарын 10

Сэтгүүлч хүний ажил цаг нартай уралдан ямагт завгүй байдаг. Завгүй өнгөрүүлсэн он жилүүдийнхээ тухай сэтгүүлч С.Алтанцэцэг “Завгүй байх сайхан” номоо уншигчдын гар дээр саяхан тавьсан юм. Түүнийг ”Өглөөний зочин”-оор урилаа.


-Танд Үндэсний сэтгүүл зүйн 110 жилийн ойн баярын мэнд хүргэе. Залуу сэтгүүлчид ухаарал, сургамж, туршлага авах сайхан бүтээл туурвисанд баяр хүргэе. Сэтгүүлч мэргэжлийг хэрхэн сонгосон бэ?

-Баярлалаа. Би айлын ууган хүүхэд, ганц охин нь юм. Намайг аравдугаар анги төгсөх үед аав, ээж минь “эмч болгоно” гэдэг байсан. Эмч нарын гэр бүлд төрж, өссөн болохоор эмч болох ёстой юм байна л гэж ойлгоно. Манайхаар орж гардаг хүмүүс голдуу эмч нар. Бидний ордог, гардаг орчин эмнэлэг байсан. Гэхдээ хэн хэзээ ямар мэргэжилтэй болох нь ерөнхийдөө цаанаасаа шийдэгдчихдэг юм билээ. Би ч өөрийгөө Анагаахын дээдэд конкурс өгнө гэсэн итгэлтэй явсан. Гэтэл сургууль төгсөх хавар эмч, сувилагч нар ирж хүүхдүүдээс цусны шинжилгээ авсан. Би зүү, шфрицээс айна гэж учиргүй, хоёр гурван удаа хатгаж, зүү цүлхийгээд орчих шиг болоход ухаан алдаад уначихсан юм билээ. Түүнээс хойш эмч болохгүйн тулд хаашаа ч хамаагүй явж ямар ч мэргэжил байсан сурна гэж зүтгэсэн. Ээж “Анагаахын дээдэд шалгалт өг” гэхэд нь би орохгүй, ажилчин болно гээд л зөрсөн. Сүүлдээ “Өөрөө мэд” гэснээр би Багшийн дээд сургуульд нийгмийн ухаанаар шалгалт өгч сэтгүүлч мэргэжлээр суралцсан.

-Ажлын анхны гарааг хаанаас эхэлж байв?

-Би сэтгүүлч мэргэжил эзэмшиж ирээд Монгол телевиз одоогийн МҮОНТ-ийн улс төр, мэдээллийн редакц /одоогийн ММ агентлаг/-д орсон юм. Анх сурвалжлагч, редактороор ажиллаж эхлээд сүүлд тоймч, гаргагч, хөтлөгч гээд бүгдийг хийсэн. Тэнд 5-6 жил ажилласны дараа телевиз маань бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийж, би “Цацал” нэгдэлд ажиллаж, залуучууд, нийгмийн чиглэлээр нэвтрүүлэг хийх болсон. “Үе тэнгийнхэн”, “Миний маргааш”, “Эргэх холбоо”, “Энэрэхүйн увидас” гээд нэвтрүүлгүүд хийнэ. Сард 80-120 минутын нэвтрүүлэг хийх нормтой. Хажуугаар нь нэгдэл болгон “Цагийн Хүрд”-ийг долоо хоног тус бүр дааж авч хийнэ. Өмнө нь улс төр, мэдээллийн редакцид ажиллаж байсан болохоор намайг энэ чиглэлд нэлээд анхаарч ажилла гэсэн үүрэг өгдөг байлаа.

Ажил мэргэжлийнхээ буянаар үндсэндээ 18 аймаг, хөдөө сумдаар томилолтоор ажиллаж ургац, төл, зуд, ган, гал түймэр, тэмдэглэлт томоохон ой, залуусын фестиваль наадам, нам эвлэлийн их хурал гээд нийгмийн амьдралын бүхий л хүрээний талаар газар дээрээс нь сурвалжилж, Налайхын уурхайн гүнд хүртэл өдөржин зураг авч, сурвалжилга бэлдэж явлаа. Телевиз бол баг хамт олноороо сэтгэл нэгдэж уран бүтээл хийдэг онцлогтой. Би төгсөж ирснээсээ хойш 10 жил ажиллаад 1993 онд Мэдээлэл, Радио, Телевизийн Улсын Хорооноос Монголын радио, телевизийн тусгай сурвалжлагчаар ОХУ-д томилогдон Москвад очиж ажилласан.

-Тэр үеийн онцлог юу байв?

-Тэр үед Монгол Улсын Засгийн газраас хөрш хоёр оронтойгоо хийсэн хэлэлцээрийн дагуу харилцан тусгай сурвалжлагч суулгадаг байсан юм. 1990-ээд оны дундаас төсөв санхүүгийн хүндрэлээс үүдэн больсон байдаг. Бид Монголоос оператортойгоо хоёул ажилладаг. Тэд нар маань дүрсээ авахдаа л бараг план планаар нь бодож монтажтай нь буулгачихдаг гайхалтай чадварлаг, ажилдаа сэтгэлтэй хүмүүс байсан. Материалаа олох, бичих, орчуулах, илгээх, машинаа жолоодох бүх ажлыг өөрсдөө хийнэ. Том орны телевизүүд бол тусдаа багтай. Тухайлбал, редактор, найруулагч, оператор, хөтлөгч, дууны найруулагч, орчуулагч, эвлүүлэгч, гэрэлтүүлэгч, туслах, жолооч, инженер техникийн ажилтнууд гээд бүрэн бүтэн баг техник хэрэгсэлтэйгээ орж ирнэ. Нэг телевизийн суваг гэхэд ийм хэмжээнд ирж байхад бид хоёулхнаа бүгдийг амжуулдаг байлаа.

Бид тухайн үед улсаа төлөөлж очсон болохоор Монголынхоо бүхий л хэвлэл, мэдээллийн хэрэгслийг материалаар хангахыг хичээдэг байсан. Москвагийн аль өнцөг буланд Монгол-Оросын харилцаа хамтын ажиллагаатай холбоотой арга хэмжээ, үйл явдал болж байна, Монголд элэг сэтгэлтэй ямар хүн хаана байна, сууж байгаа орны улс төр, нийгэм эдийн засгийн нөхцөл байдал, урлаг соёл гэхчлэн манайтай холбож болох, мэдвэл зохих ямар л мэдээ, мэдээлэл байна, тэдгээрийг олж авахаар зүтгэнэ. Сайхан сэдэв сурвалжилга олбол бөөн баяр Монгол руугаа явуулахын тулд байрандаа ирээд үүр цайтал орчуулна. МОНЦАМЭ рүү дамжуулна. Тэндээсээ Монголын бүх сонин, сэтгүүл хэвлэл мэдээллийн байгууллагад тараагддаг байсан юм. Хамгийн гол нь мэдээ, мэдээллээ телевизээс гадна Монголын сэтгүүл, сонин гээд хэвлэлүүдийнхээ төрөл, жанрт тохирсон байдлаар орчуулж бэлдэж явуулдаг байлаа.

-Тэр үеийн Оросын амьдрал, нийгмийн нөхцөл байдал ямар байв?

-1993-1996 оны Оросын нийгмийн нөхцөл байдал амаргүй байсан. Хоёр орны харилцаа ерөнхийдөө зогсонги байдлаас дулаарч эхэлж байсан, Монголд ардчилал, олон намын систем, олон ургалч үзэл бий болж, Оросын цэргүүдийг гаргасны дараах үе. Дээр нь Орос оронд “Престройк” эхлээд өөрчлөлт шинэчлэл өрнөж, Оросын парламент хоёр танхимтай болж байсан үе. Орос Чечений хооронд дайн эхэлсэн үе шүү дээ. Оросын улс төрийн байдал ороо бусгаа, бужигнаантай. Москвагаар Будённый шиг таван хошуутай малгай, шинель өмсөж буу үүрсэн хүмүүс хөлхөж, дайны байдалтай, түгшүүртэй болчихсон байсан.

Тэнд байсан CNN-ийн сэтгүүлчид хамгийн өндөр барилга дээр гараад шууд нэвтрүүлэг дамжуулаад л... Бид доогуур нь явж бужигнаан дундуур зураг авч, мэдээ, сурвалжилга, нэвтрүүлгээ бэлдэж байсан. Цагаан ордны хажуугаар том машинууд хажуудчихсан, зарим нь дээшээ харчихсан, Арбатын гудамжинд гал авалцаж байхад бид шууд нэвтрүүлэг хийчихдэггүй юм гэхэд өөрсдийн хэмжээнд мэдээ, сурвалжилгаа бэлдэж явсан. Ингэхдээ нэгэнт тэнд томилогдож очсон сурвалжлагч учраас хоёр улсын харилцаанд л илүү анхаарч байлаа.

-Тухайн үед хоёр орны харилцаанд гарч байгаа дулаарал юугаар илэрхийлэгдэж байв?

-Намайг тэнд тусгай сурвалжлагчаар ажиллаж байх үед манай төрийн гурван өндөрлөг Орост айлчлал хийсэн. Төрийн гурван өндөрлөг айлчилна гэдэг хоёр улсын харилцаа ихээхэн ойртож ирж байгаа гэсэн үг. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд чухал хэрэгтэй гэрээ, хэлэлцээрт гарын үсэг зурна. Анхны Ерөнхийлөгч П.Очирбат, УИХ-ын дарга Н.Багабанди, Ерөнхий сайд П.Жасрай нарын айлчлалын үеэр тэнд сууж байгаа тусгай сурвалжлагч болж байгаа үйл явдлыг бүгдийг амжиж сурвалжлан багтааж мэргэжил, хурдны дээд түвшинд ажиллах үүрэг хүлээдэг. Тэр айлчлалуудын үеэр бидэнд ОХУ-ын төрийн өндөрлөгүүд, яамд албаны томоохон төлөөлөгчидтэй уулзах боломжууд гарч байсан.

Өнөөдөр л гэхэд хоёр хөршдөө тусгай сурвалжлагч суулгамаар л байна шүү дээ. Манайх мөнхийн хоёр хөрштэй. Дэлхийн тэргүүлэх зэргийн бодлого хэрэгжүүлдэг хоёр хөрштэйгөө сайн харилцаатай байна гэдгээ гадаад бодлогынхоо тэргүүлэх чиглэлд тунхаглачихсан байгаа. Залуу сэтгүүлчид маань гадагшаа гарч, тэнд болж байгаа үйл явдал, нийгэм, эдийн засаг, амьдралынх нь бүхий л хүрээнд болж буй үйл явдлыг өөрсдийн нүдээр харж монгол сэтгэл оюунаараа дамжуулан ард түмэндээ дамжуулах хэрэгтэй.

Бид гуравдагч хөршийн талаар их ярьж байна. Гуравдагч хөрш бол манай хоёр хөрштэй эн тэнцүү бидэнд чухал. Хамтын ажиллагаа, эдийн засаг, улс орны урагшлах, хөгжих дэвшихэд, оршин тогтноход онцгой үүрэгтэй. Тиймээс тэдэнтэй ч гэсэн бид харилцаа тогтоож, тусгай сурвалжлагчаа суулгах хэрэгтэй юм.

Залуу сэтгүүлчдээ хөгжүүлмээр байна. Техник технологийн хувьд дижитал цахим эрин гэж яриад байдаг.

Хэдийгээр бид интернэт ашиглан цахим орчинд бүхнийг ойртуулж авчраад хараад байгаа юм шиг боловч аливаа юм амьд хэлбэрээрээ, бодит монгол оюун сэтгэхүйгээрээ орж боловсруулагдаад монгол хөрсөн дээр буугаад ирэхээрээ өөр.

-Сэтгүүлч хүнд хэл чухал. Та бол орос, англи, герман хэл үзэж, АНУ-д мастер хамгаалсан уу?

-Би Орост зургаан жил оюутан байж, гурван жил ажилласан. Дараа нь ХБНГУ-д хэсэг хугацаанд ажиллаж амьдрахын зэрэгцээ Хумболдтын их сургуульд герман хэл сурсан. Тэндээсээ АНУ-д очиж, Вашингтоны их сургуульд англи хэл үзэж, мастерт бизнесийн удирдлага, маркетингийн чиглэлээр суралцаж төгссөн. Монгол Улсаас АНУ-д суух Элчин сайдын яаманд дипломатаар дөрвөн жил ажилласан. Тэнд хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах, ёслол, төрийн бус байгууллага хариуцсан дипломат ажилтан байлаа.

-Гадаад олон жил ажиллаж, амьдарч, Монголоо сурталчилсан, дэлхийн соёлыг эх орондоо “импортолж”, хүмүүсийн оюун санааг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсны хувьд та хүмүүст юу хэлэхийг хүсдэг бол?

-Хүн болгон хил даваад л хэн нэгний нэрээр биш бүгдээрээ “Монгол хүн” гэж нэг л нэртэй болдог. Тиймээс Монголоо сэтгэл зүрхэндээ тээж, хайрлаж яваасай, Монголоо зөв сурталчилж оюутан сурагчид онцгой сайн сурч, ажил хөдөлмөр эрхэлж байгаа нь биширмээр гүйцэтгэлтэй байгаасай.

Энэ монгол оюутан онцгой шүү, энэ монголоос ирээд ажиллаж байгаа гайхалтай хүн шүү хэмээн уулзаж, учирсан хүн нь бахархаж баярлаж яваасай гэмээр байна. Сурсан болгон нь өөрт нь төдийгүй Монгол эх орны минь хөгжилд хэрэгтэй.

-Та Монголдоо буцаж ирээд ямар ажил эрхэлсэн бэ, мэргэжлийнхээ ажлыг үргэлжлүүлсэн үү, эсвэл?

-Эх орондоо 2007 онд эргэж ирээд НҮБ, Засгийн газар хоорондын төсөл дээр ажилласан. Тухайн үед дэлхий нийтийн том арга хэмжээ, “Далайд гарцгүй болон дамжин өнгөрөх улс орнуудын худалдаа ба худалдааг хөнгөвчлөх” сэдэвт худалдааны сайд нарын төвшний бага хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулах байлаа. Дэлхийн 102 оны төлөөлөл оролцсон. Үүний дүнд Далайд гарцгүй болон дамжин өнгөрөх улс орнуудын Ази дахь салбар Монголд байгуулагдсанд би баяртай байдаг.

Төслөөс хойш удалгүй салбартаа ирж Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагт Гадаад сурталчилгаа, харилцаа хариуцсан ерөнхий редактор, Ерөнхий захирлаар ажилласан. МОНЦАМЭ агентлаг бол 100 жилийн түүхтэй, Ази, Номхон далайн 30 гаруй орны үндэсний мэдээллийн 40 гаруй агентлагуудтай холбоотой ажилладаг, теле студи байгуулах гэж байх үед очсон учир мэргэжлийн камер, тоног төхөөрөмжтэй болох ажлыг гардан хийсэн. Үүний дүнд дэлхийн 40 гаруй үндэсний мэдээллийн агентлагуудтай цагаан мэдээ, фото мэдээнээс гадна дүрстэй мэдээ солилцдог болсон. Өдөр тутамд улс бүрээс ирсэн мэдээнүүдээс шилдгийг “Тop” шалгаруулдаг бөгөөд “Top” мэдээгээр манай дүрстэй мэдээнүүд шалгарч эхэлсэн юм.

Мөн МОНЦАМЭ агентлагт ажиллаж байхдаа Ази, Номхон далайн 40 гаруй орны үндэсний мэдээллийн агентлагуудын удирдах байгууллага OАNA-гийн Гүйцэтгэх зөвлөлийн 33, техник редакцийн 27 дугаар хуралдааныг Улаанбаатар хотноо зохион байгуулж байлаа. Түүнд 30 гаруй орны төлөөлөл оролцож, хамтын ажиллагаа, мэдээлэл солилцох арга барилын талаар туршлага солилцсон.

Түүнчлэн МСНЭ-ийн Ерөнхий нарийн бичгийн даргаар мэргэжлийн салбараа удирдан чиглүүлэх хариуцлагатай албанд зүтгэсэн. Тэр хугацаанд өөрийн сэтгүүлчдийг чадавхжуулах, МСНЭ-ийн гадаад харилцааг хөгжүүлэх, олон улсын сэтгүүлчдийг хүлээж авах, форум зохион байгуулах, дэлхийн сэтгүүлчдийн хуралд оролцох, Франц, Тунист болж буй арга хэмжээнд оролцож, Монголын сэтгүүлчдийн дуу хоолойг хүргэх ажлуудыг хийсэн.

2016 онд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан ASEM-ын дагалдах есөн арга хэмжээний нэг болох “Редакторуудын дугуй ширээний ярилцлага”-ыг 40 гаруй орны Ерөнхий редокторуудын түвшинд амжилттай зохион байгуулсан. Монгол Улсаа дэлхий нийтэд сурталчлан таниулах нь миний амьдралын хүсэл зорилго салшгүй нэг хэсэг болж дээ. Өнгөрсөн 2021 оны аравдугаар сараас 2022 оны дөрөвдүгээр сар хүртэл Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо зохион байгуулагдсан дэлхийн экспо “Dubai expo 2020”-д Монгол Улсынхаа үзэсгэлэнг гаргахад зөвлөхөөр ажиллаж дэлхийн 194 орон оролцсон тус экспод Монгол улсынхаа төрийн далбааг мандуулж, Монголын павилионы үзмэр, үзэсгэлэнгээс гадна Монголын өдөрлөг, Монголын бизнес форум зохион байгуулсан нь дэлхийн олон орныхны анхаарлыг татсан.

Одоо МҮОНРТ-ийн Үндэсний Зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаа бөгөөд миний ажлын анхны гараагаа эхэлсэн унаган байгууллага учраас тогтвортой жигд, орчин цагийн техник технологиор үйл ажиллагаагаа идэвхтэй сонирхолтой, өгөөжтэй өвөрмөц хэлбэр агуулгаар явуулж, контент бүр нь улс орныхоо язгуур эрх ашгийн төлөө зогсолтгүй урагшилж байгаасай гэж зорьдог юм. Саяхан зохион байгуулагдсан МСНЭ-ийн 18 дугаар Их хурлаас Хяналтын зөвлөлийн даргаар сонгогдсоноор салбарынхаа удирдлагын багт залгамж халаа, ирээдүй хойч сэтгүүлчдээ ёс зүйтэй, мэргэжлийн өндөр түвшинд бэлдэхэд гар сэтгэл нийлэн ажиллах хариуцлага хүлээгээд байгаа.

 

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top