Дэлхийн тэрбумтан, дарангуйлагч М.Каддафи шиг олон улсад үнэд орох Монгол хүн төрөх вий!

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 16

Ойрхи дорнодын зэвсэгт мөргөлдөөн намжих болоогүй бололтой. Ливи улсад гэхэд л НАТО анхаарлаа хандуулсаар байна. Америк, Францчууд Ливийн тэнгэрт НАТО-гийн бөмбөгдөгч онгоцуудыг нисгэн сүрийг үзүүлсэн. Тус улсын сөрөг хүчнийхэн хүчтэй эсэргүүцсэн хэвээрээ. Сөрөг хүчин нь “Үндэсний шилжилтийн зөвлөл” гэгчийг байгуулан төрийн эрхийг 42 жилийн турш гартаа атгасан М.Каддафиг огцорсон тохиолдолд эх орондоо үлдэж болох юм гэж мэдэгдэж байлаа. Ливийн сөрөг хүчний тэргүүн хэлэхдээ “Асуудлыг тайвнаар шийдэхийг хүсвэл бид түүнийг албан тушаалаасаа огцорч, бүх хуарангаас цэргүүдээ татахыг санал болгож байна” гэсэн юм. Харин М.Каддафи “Эцсийн мөч хүртлээ тэмцэнэ” гэж байлаа. Түүнийг шүтэн бишрэгч эмэгтэйчүүдийн “арми” хүртэл зохион байгуулагдаж байв. Тэд хайртай удирдагч М.Каддафиг НАТО-гийн цэргүүд болон босогчдоос хамгаалахын тулд буу зэвсэг эзэмших сургууль дадлагад хамрагдаж эхэлжээ. Нэгэн Ливи бүсгүй “Бидний хүч чадлыг дутуу үнэлэх хэрэггүй. Бид байгаагаасаа илүү зүйлийг хийж чадна” гэсэн байв. Гэвч саяхан М.Каддафи өөрийн халдашгүй дархан байдлыг баталгаажуулж өгвөл эрх мэдлээсээ татгалзахад бэлэн байгаагаа мэдэгдлээ. Түүнийг хүлээн авах улс орнууд ч тодорч байна. Дарангуйлагч хурандаа М.Каддафиг хэлээн авахад бэлэн байгаагаа хамгийн түрүүнд илэрхийлсэн улс нь Франц боллоо. Парис М.Каддафи болон түүний гэр бүлийнхний Францын банкан дахь дансыг барьцаалах юм байна. Мөн Каддафиг Гааг дахь олон улсын шүүхээр ороход өмгөөлөх үүрэг хүлээхэд бэлэн байгаа ажээ. Америкчууд ч бас түүнд ая тал засахаас буцахгүй бололтой. Ийнхүү Ливийн дарангуйлагч үнэд орж байна. Учир юуных вэ. Францчууд эхний бөмбөгдөлтийн дараахан Ливид цөмийн хаягдлаа аваачиж булах тухай яриа гарч байсан. Ливийн нефть тэдэнд бас чухал болоод байна. Америкчууд ч бас нефтийн төлөө л тус улсын дотоодын үймээнийг далимдуулан журам сахиулагчийн дүрээр “тоглолт” хийж эхэлсэн юм. М.Каддафи дарангуйлагч байх нь тэдэнд огт хамаагүй. Гагцхүү ард түмэндээ бурхан мэт тахигдсан удирдагч тул түүний нэр хүндийг ашиглаж чадвал нефть, бусад баялаг нь тэдний гарт орох болж байна.

          Монголчууд баялаг дээрээ нохой шиг уралцаад эхэлбэл иймэрхүү хувь заяа тохиож болох л юм. Их гүрнүүд тухайн улс орны дотоодын үймээнийг хөөрхөн ашигладаг. Үүндээ дэлхийн “цагдаа” гэгддэг НҮБ, НАТО-г хөдөлгөж дөнгөдөг. Хэрвээ муу ёрын ийм зүйл тулгарвал хамгийн их үнэд хүрэх удирдагч нь тэгээд хэн байх бол оо. Сониучхан зангаар төсөөлөөд үзэхэд гэмгүй болов уу. Английн улс төрийн лидер Тони Блэйр шиг “Манайд чинь жинхэнэ лидер тун ховор болсон шүү дээ” гээд сууж байх уу. Сайн, муу ч гэсэн нэг хүн байж л таараа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байна. Хүлээн зөвшөөрөгдсөн улс төрч яах аргагүй мөн. Гэвч тэр Ливийн дарангуйлагч шиг аашлах хүн биш. Үхэж байсан ч улсаа худалдахгүй гэдэгт олон хүн итгэх биз. Харин өнөөх Н.Энхбаяр, С.Баяр мэтийн олигархи нөхөд М.Каддафи шиг хөглүүлж магадгүй. Ер нь тэгээд монголчууд маань цагаа тулахаар М.Каддафи мэтийн тэнэгүүд шиг цэргийн хүчээр ард түмэн рүүгээ дайрахгүй болов уу. Ливи, Монгол хоёр тэнгэр газар шиг ялгаатай. Ливид нийгмийн харанхуй бүдүүлгийн сүүдэр нөмөрсөн бол Монголд ядаж ардчилсан үзэл санааны үзүүр цухуйж байгаа биз дээ. Ардчиллын дархлаа тогтож буйг 2008 оны 7 сарын 1-ны үймээн самуун бас нэг талаар нотлоод өгсөн. Гэлээ гээд тайвширч болохгүй. Алт хүн төрөлхтөнд хамгийн их гай түйтгэр авчирсан металл. Монголчууд хэдэн жил алт ухлаа. Харийнханд ч нэлээд хэсгийг нь тавиад туучихлаа. Нүүрс, нефть, уран, бусад ховор метелл манайд мундахгүй их бий. Алтны нөөц одоохондоо дуусчихаагүй байна. Тиймээс үүн дээр “зодоон” гарч мэдэх юм. Өөр ховор металлын төлөөх “дажин” ч хол биш байх. Сүүлийн үед Монголд цөмийн хаягдал булшлах талаар олон улс орны удирдагчид саанаагаа чилээж байх шиг байна. Америк, Япон, Франц, бүр хар Арабууд хүртэл шүү. Ер нь хүмүүсийн хэт явцуурал, аминчхан сэтгэл, шунал тачаал дэлхийг сүйрүүлж байна. Монголын байгаль орчинд монголчуудын тэрхүү амиа хичээгч цөөн хэсэг нь гамшиг тарьдаг. Бас тэд гадаадынхантай баялгаа хувааж иддэг. Үүнд нь жирийн шударга иргэд маань дургүйцсээр байна. Тэгэхээр бодох юм их байгаа биз. Эв эеийг хичээж чаддаггүй өнөөгийн монголчууддаа энэ тухай сануулахад илүүдэх юм юу байхав дээ.  

Сэтгүүлч Б.Отгонбаяр. Zindaa.mn

Үндэсний чөлөөт мэдээллийн портал 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top