З.Түвшинжаргал: Хийсэн бүтээснээрээ Цэдэнбал Филатоваг гүйцэх эмэгтэй төрийн зүтгэлтэн Монголд алга

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2023 оны 03 сарын 16

Эрдэм судлалын Ю.Цэдэнбал академийн Гүйцэтгэх захирал, гэр бүл судлаач З.Түвшинжаргалтай ярилцлаа.


-Эмэгтэйчүүд эрхээ хамгаалахаас илүү “Бид хэн болчихов” гэж дотогшоо өнгийж үзэх хэрэгтэй гэж “Эх орон ээжүүдийг дуудаж байна” чуулган зохион байгуулж байсныг санаж байна. Өнөөдөр Монголын эмэгтэйчүүд ямар байдалтай байна гэж судлаачийн хувьд дүгнэх вэ?

-Ер нь эмэгтэйчүүд дотоод руугаа хандсан, өөрсөд рүүгээ чиглэсэн, үр хүүхдүүд рүүгээ анхаарсан үйл ажиллагаа маш бага явуулдаг. Тиймээс хэдэн жилийн өмнөх тэр хурал дээр би Цэдэнбал Филатовагийн талаар хүмүүсээр зориуд яриулж, “Түүх мартахгүй” гэсэн илтгэл хүртэл хэлэлцүүлж байсан. Тэр эмэгтэй 1973 онд Монголын хүүхдүүдэд зориулан “Хүүхдийн төлөө фонд”-ыг байгуулснаас хойш бүхэл бүтэн хагас зуун жил өнгөрч байна.

Гэтэл энэ хугацаанд манай улс төрийн шийдвэр гаргах түвшинд, нийслэл, дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгч, УИХ-ын гишүүн, Төрийн сайд эмэгтэйчүүд маш олноор төрөн гарсан боловч юу хийж хэрэгжүүлсэн билээ. Урлаг соёлын салбараас хоёр эмэгтэй Улаанчулуутын хогийн цэг дээр нэг сургууль барьснаас өөр ясли, цэцэрлэг, эмнэлэг барьж байгуулсан юм байхгүй. Үүнээс ээжүүд, эмэгтэйчүүд бид ичдэг.

Шийдвэр гаргах түвшинд очсон эмэгтэйчүүд яагаад нэгдэж нийлж чаддаггүй юм бэ, сэтгэл байдаггүй юм уу, юу нь болдоггүй юм бэ. Санал санаачилга гардаггүй юм уу, гаргахаар болдоггүй юм уу.

Түүхэнд нь “Хүүхдийн төлөө фонд” байгуулж, 80-аад обьект барьж, бий болгосон жишиг байна. Түүнийх нь үр дүнг өнөөдөр ч бид хүртсээр байна. Тэр эмэгтэй монгол хүн биш, хийх албатай ч бус, гэтэл тэр бүхнийг санаачилж, зохион байгуулж бий болгосон. Гэтэл монгол эмэгтэйчүүд, ээжүүд төрийн өндөр албанд очиж суучихаад яахаараа нэгдэж нийлээд ийм зүйлүүдийг хийчихэж чаддаггүй юм бэ. Шүүмжилмээр байгаа биз дээ.

Хоёрдугаарт, энэ байдлаас ичмээр, энэ хүртэл явсандаа бид өөрсдөөсөө ч хүртэл ичиж байна. Иймээс эмэгтэйчүүд эрхээ хамгаалахаас илүү “Бид хэн болчихов” гэж дотогшоо өнгийж үзэх хэрэгтэй гэж хэдэн жилийн өмнөөс хэлж, ярьж, чадах ядахаараа янз бүрийн ажил зохион байгуулж ирсэн. 

-Том зүйл хийж бүтээхээ байг гэхэд  үр хүүхдээ хамгаалж, хайрлаж, зөв өсгөж чадахгүй эмэгтэй олширчээ. Сая мартын 8-ны үеэр гурван настай хүүг ээжийнх нь хамтран амьдрагч зодож хүчирхийлэн гэмтээж бэртээснээс ухаан оролгүй эмнэлэгт 7-8 хонож байна. Ийм тохиолдол олон гарсан. Энэ юутай холбоотой вэ?

-Цэдэнбал Филатовагийн байгуулж байсан “Хүүхдийн төлөө фонд”-той адил Гэр бүлийн үндэсний фонд байгуулаач гэдэг санал санаачилгыг манай ТББ бас л хэдэн жилийн өмнөөс дэвшүүлж ирсэн. Төр, олон нийт, олон улсын санхүүжилттэй шилэн данс бүхий институц байгуулаач.

Аливаа улс орны анхан шатны хундаам болох нэгж бол гэр бүл. Гэр бүлийн асуудал улс орны хөгжил, тогтвортой хөгжлийн шатанд голлох үүрэгтэй.

Тийм учраас гэр бүлийн фондыг байгуулаач гэсэн. Олон сангаар дамжин орж гарч байгаа гадаад, дотоодын тусламжуудыг үр дүнтэй зарцуулах, тэр нь хөрсөн дээр бууж гэр бүлд, өрх гэрт нөлөөлдөг байхуйц хэмжээнд ажиллаач гэдгийг шийдвэр гаргах түвшинд хэлж ярьж, Гэр бүл хөгжлийн газарт тухайн үед очиж уулзаж байсан. Санал, санаачилга дэвшүүлж байхад авч хэрэгжүүлдэггүй нь харамсалтай. Тэгээд өнөөдөр зүгээр нэг аргацаасан байдлаар яваад байдаг.

Монголын төр “Алсын хараа 2050” бодлогын баримт бичгийг УИХ-аар баталж гаргасан. Түүнд гэр бүлийн чиглэлээр хийх ажил байна уу гэвэл байна. Гэхдээ нэг алдаа байгаа нь хүний хөгжил дотор гэр бүлийн сэдвийг оруулсан. Гэр бүл дотор хүний хөгжлийг авч үзэх болохоос хүний хөгжил дотор гэр бүл байна гэж юу байх вэ. Ямар ч хүн гэр бүлээс гадуур ургаж, цэцэглээд явчихна гэсэн ойлголт байхгүй л дээ. Гэхдээ юу нь юундаа орж вэ гэдэг алдаанаас илүүтэй тэнд тусгагдсан бодлого өөрөө хэрэгжихгүй байгаа нь өнөөдөр нийгэмд янз бүрээр илэрч байгааг бид харж, ярьж байна шүү дээ.

-Тэр бодлого хэрэгжсэн бол...?

-Мэдээж тэр бодлого хэрэгжсэн бол өнөөдөр гэр бүлийн болоод хүүхдийн хүчирхийлэл багасах ёстой. Гэр бүл дэх ахуйн орчны гэмт хэргийн үйлдлийн тоо цөөрөх учиртай шүү дээ. Гэтэл улам газар аваад, улам сэтгэл сэртхийлгэм, бүр хүний ёсноос гажууд асуудлууд үүсэж, нийгэмд ил гаргаж тавихааргүй онц хүнд, ноцтой  гэмт хэргүүд гарч байна. Муу мэдээллүүд сайн сурталчилгаа болдог гэгчээр буруу өнцгөөс мэдээлсэн зүйлүүд хүмүүст эргээд сэдэл өгдөг гэж хууль зүйн шинжлэх ухаан үзсэн, энэ салбарынхан үздэг юм билээ. Манайх тийм нөхцөл рүү яваад байгаа нь үнэхээр харамсалтай. Бид бага төрийнхөө учрыг олоогүй байж их төрийн учрыг хэзээ ч олохгүй. Ямар ард түмэн байна тийм төр засаг бүрэлддэг. Ямар төр засаг байна, тийм ард түмэн байдаг. Тэгэхээр судлаачийн хувьд би гэр бүлийн бодлого тууштай зөв хэрэгжиж байсан үе нь Цэдэнбал Филатова хэмээх гайхамшигтай эмэгтэй төрийн бодлогод оролцож байсан үе гэж хардаг. Тэр үед монголчууд сүүлийн 100 жилийн дотор хэзээ ч хаана ч байгаагүйгээр гэр бүл нь тогтвортой, үр хүүхэд нь эрүүл чийрэг, элэг бүтэн өсөж, өндийж байсан. Тийм хэмжээний бодлого хэрэгжүүлсэн нэг ч эмэгтэй төрийн зүтгэлтэн өнөөгийн  Монголд алга.

-Тэгэхээр гэр бүл рүү чиглэсэн  бодлого болохгүй байна гэдгийг та болоод танай ТББ шийдвэр гаргах түвшнийхэнд хэлж, сануулж ирсэн юм байна гэж ойлголоо. Яагаад хэрэгжүүлдэггүй юм бол?

-Шат шатны байгууллага руу нь очиж уулзаж, хэлж ярьсан. Агентлагийн даргад нь хүртэл очиж хэлж байлаа. Даргаар нь эрэгтэй хүн ажилладаг юм байна лээ. Би бол судлаач хүн, тэр газрын дарга болох гээгүй, гагцхүү гэр бүлийн бодлогыг зөв аваад явчих хүн тэнд байгаасай гэж боддог. Надад ажлын санал ирж л байсан, би судалгаа шинжилгээний хүн болохоос бодлого шийдвэр хэрэгжүүлэгч биш шүү дээ. Тиймээс тэр саналаас татгалзсан. Тэр албыг удирдаад  ажиллаад явах чадалтай эмэгтэйчүүд Монголд байна уу гэвэл байна. Эрэгтэй, эмэгтэй хүний хийж чадах ажил гэж бий. Олон тийш салж ажилладаг салбар гэж байна.

Гэр бүл дотор нийгмийн бүх салбар бий. Эмэгтэй хүн тэр болгон руу анхаарч ажилладаг. Эрэгтэй хүн, өрхийн тэргүүн бол гэр бүлийг эдийн засгийн хувьд тогтвортой байлгах чиглэл рүү анхаардаг. Гэтэл сүүлийн үед эмэгтэйчүүд ч эдийн засгаа чирж явах болсон. Стресс бухимдал их байх болсон. Сүүлийн үед эмэгтэйчүүд нас харгалзахгүй шат шатандаа архидан согтуурч, тамхи татаж, эр эргүүлж байна гэж шуугих болсон. Архи ууж, тамхи татах буруу ч эмэгтэйчүүдээ өмөөрөхөд тэд маань олон ачаа үүрээд зүтгэж байна шүү дээ.

Гэр бүл доторх олон салбар руу салж ажиллаж байтал эдийн засаг нэмэгдчихээр дааж давшгүй юм болно. Гэтэл эрчүүд нь хойш суусан маягтай, хүүхдээ харвал харчихна, зүгээр байж байвал байчихна гэсэн байдалтай. Эмэгтэй хүний үүрэг ихэсч стресс нь цаашаа депресс болж байна. Тэрийгээ арилгах гэж хүүхнүүд янз бүрийн аргаар үзэж байна. Түүний нэг нь тамхи татах, архи уух. Энэ буруу, үүнийг би өөгшүүлэхгүй.

Эмэгтэй хүн өөрийгөө яавал стрессдүүлэхгүй байх вэ гэдгийг хүртэл маш сайн боддог байх хэрэгтэй.

-Гэр бүл гэдгийг  тодорхойлж хэлбэл?

-Гэр бүл бол хайраар төдийгүй ухаанаар бүтдэг үнэт зүйлийн нэгдэл юм. Үүнийг манай эмэгтэйчүүд, ээжүүд, эрчүүд ер нь нийт түвшиндээ сайн ойлгоосой. Гэтэл сайн ойлгож өгөхгүй байна. Сүүлийн үед манайхан ганц бие ээжүүдийн асуудлыг нийгэмд маш сайн сурталчилж байна. Энэ нь гаднын бодлого уу, эсвэл монголчууд өөрсдөө оюун ухааны ийм  доройтолд орсон уу. Үүнийг би ойлгохгүй байна.

-Тэр нь юу гэсэн үг билээ?

-Өнөөдөр мэдээллийн бүхий л хэрэгслээр ганц бие ээжүүдийг рекламдаж байна. Ёстой мундаг, бүх юмаа өөрөө авч явж байна, хүүхдээ ч өсгөж байна, мөнгө төгрөг ч олж байна. Өөрөө ч гоё сайхан байна. Гоо сайхны хувьд ч их сайхан байна, царай зүс, бие хаа нь гоё, эрүүл зөв хооллодог мундаг гээд сурталчлаад байдаг. Гэтэл өсвөр үеийн охид би ганц ээж болж болох юм байна, ганц бие ээж байвал ийм гоё байх юм байна гэсэн ойлголт авч байна. Тийм ойлголтыг нийгэм нь өгөөд эхэлчихлээ.

Хэзээ байтал монгол гэр нэг баганатай байхдаа тогтвортой байсан юм бэ. Аливаа хүн төрөлхтний суурь бол эрэгтэй, эмэгтэй хоёр хүний харилцаан дээрээс үүссэн  учраас гажуудуулж болохгүй. Гажуудуулах юм бол мөхөл сүйрэл рүүгээ явах хэмжээний ийм харилцаа шүү дээ.

Бүрэн бүтэн амьдралаа авч үлдэж байгаа, өрх гэр бүлээ, амьдралаа хайраараа, ухаанаараа, эдийн засгаараа, өөр юу юу байдаг юм бэ, тэр бүхий л зүйлийн нийлэмжийг хангаж авч үлдэж, өнгөлж зүлгэж яваа тийм ээж, эмэгтэйг магтаж, сурталчилж байгаа нь маш цөөхөн. Сошиал дээр ч, хэвлэл мэдээллээр ч тэднийг гаргаж, магтаж, хойч үеийнхэнд, амьдралаа эхлүүлэх гэж байгаа залуу ээжүүд, эмэгтэйчүүдэд үлгэр дууриал болгож байгаа нь маш ховор. Бараг л байхгүй. Охин нь нөхөрт гарахад аав нь хөтөлж аваачаад сургаалаа хэлээд өгөх ийм элэг бүтэн, эрүүл зөв гэр бүлийг бүтээж яваа эмэгтэйчүүд байна гэдгийг ерөөсөө сурталчлахгүй байна. Нийгмээ зөв голдирол руу нь ингэж чиглүүлэхгүй бол манай залууст гэр бүлийн боловсрол дутагдаж байна.

-Өөрт чинь хандаж зөвлөгөө авч байгаа залуус хэр олон байна вэ?

-Ирээд асуудаг, зөвлөгөө авдаг охид, эмэгтэйүүд, залуус бий. Бидний хооронд ийм асуудал гарлаа, мөнгө төгрөгний харилцаан дээр ийм байна, хоорондын харилцаа тийм байна, одоо яах вэ. Бид хүүхдээ хүмүүжүүлж мэдэхгүй байна, яах вэ. Гэр бүлийнхээ бүрэн бүтэн байдлыг авч үлдэхийн тулд би юу хийх ёстой вэ  гээд тэдэнд олон асуудал үүсдэг.

Гэр бүлийн боловсролыг дунд сургуулиас нь заах ёстой юм. Суурь боловролд нь суулгаж өгөх хэрэгтэй.

Энэ бол хүний хамгийн том үүрэг хариуцлага. Үүнд багаас нь бэлдэхгүй бол мэдлэг өгөхгүй бол сургуулиа төгсөж гараад тэд хэн болох вэ. Хаана очиж үүнийг сурах юм бэ. Хэзээ, хэдийд хүүхэдтэй болох вэ гэдгээ төлөвлөх, хүүхэдтэй болохын өмнө бие эрүүл мэнддээ хэрхэн анхаарах, газтай ундаа уухгүй байх, генийн өөрчлөлттэй хүнс хэрэглэхгүй байх гэдгийг залуус мэддэг баймаар байна. Хэрэв ингэж чадвал өөрсдийнх нь хүсээд байгаа оюунлаг, манлайлагч хүүхэд төрнө. Тэгж чадахгүй ямар ч хариуцлагагүй байгаад, баар саваар хэсэж, шоудаж яваад хоорондоо унтчихдаг, тэгээд хүүхэдтэй болчихдог. Тэгээд “хүүхэдтэй болсон юм чинь суухаас даа” гээд суудаг.

Ямар ч хайр сэтгэлгүй, тэмүүлэл байхгүй, төлөвлөлт байхгүй гэр бүл болдог, ингээд хүүхэд нь эрүүл биш төрж байна, цаашлаад тэр гэр бүлийн амьдрал тогтвортой биш. Үүнийг зарим хүн хэлдэг “Залуус айл гэрдэж тоглоод болохоо байлаа” гэж. Ийм учраас гэр бүл тогтворгүй болж байна, гэр бүлийн хүрээнд гарч буй гэмт хэргийн гаралт нэмэгдсээр байна. Үүнийг шийдэхийн тулд бид хүний хөгжилд анхаарах ёстой. Хүнээ зөв хөгжүүлж байж л улс орон хөгжинө.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 18 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.179.25.222) 2023 оны 03 сарын 21

Үнэхээр байхгүй. Ягзөв ярьсан байна. Манйхан ерөөсөө бурууу ойлголттой байх юм. Жишээ нь Хүүхдийн ордонг хар. Нэмж хийсэн юм юу байна. Нийслэл болоод аймгуудын гайгүй гэх цэцэрлэгүүдийн байрыг хар. нэмсэн юм юу байна. Нэмсэн нь 2-3 жилийн настай, борооны ус гоожсон аймаар юмнудуу байна. Ер нь одоо нүдэнд нь мөнгө, яаж бага мөнгөөр босгоэ илүү дутууг нь авах бэ гэсэн бодол хүүхдийн байгууллагаар зогсохгүй нийтээд бүгдэд бий болоод бат бэх суулаа. Инээдтэй нь Төрийг 40 жил толгойлсон ерөнхийлэгчийнгхээ ганц хүү өвгөн болчихсон байхад нь ган ц байр өгө сэтгэл алга даа. Ичмээр. х т

0  |  0
Зочин(66.181.161.66) 2023 оны 03 сарын 17

Дөрвөдүүд л бэрээ өргөж мандуулах гээд буй юм байна. Айхтар чивэлтэй бэр дээ. Танай муу Цэдэнбалын танагийг барсан орос авгай даа. Түүх, архив сайн ух.

0  |  1
Зочин(66.181.161.66) 2023 оны 03 сарын 17

Өөрийнхөө хөрөнгөар барьчихсан юм шиг л ярих юм. Төр хутгасан хүн. Нэг талдаа Кремлийн даалгавар байсан. Нөгөө талдаа орос эхнэрийн өөдгүй увайгүй шунал, хүсэл хэргээ хийсэн. Комунист түрэмгий зарчим гэж байна. Эхлээд ганц нэг зүйлээр ивээж буян болж харагдах ба түүнээс цаашлаад энэ зүйлсээрээ түрий барин систем рүү халддаг. Энэ авгай хэдхэн жилийн дотор бүхэл бүтэн улсыг баллахаа дөхсөн. Хэмжээ нь хэтрээд цаадуул нь тавиулаа буцааж татсан. Цэдэнбалынхаа хүртэл мууг хангалттай үзсэн авгай шүү. Хүүхэд шиг зоддог байсан. Ус цасанд ч оруулдаггүй. Эдийн шуналтай балиар авгай.

0  |  1
No(77.24.7.205) 2023 оны 03 сарын 17

Ийм тэнэг судлаач байгаад яахавдээ. Цаг хугацаа өнгөрөх тусам Цэдэнбалыхан урвагчид гэдэг нь харагдаж байна

0  |  1
зочин(202.21.108.24) 2023 оны 03 сарын 17

40 -50 жилийн өмнө Орос авгайгийн байгуулж бидэнд үлдээсэн Хуримын ордонд одоо ч хуримаа хийж, цэцэрлэгүүдэд нь хүүхдээ сурган, Эх нялхсын эмнэлэгт төрж, эмчлүүлж, Найрамдал зусланд хүүхдүүдээ амрааж, хүүхдийн паркад зуны зугаатай өдөртөө өнгөрөөж байгаа нь үнэн. Хүнийг дандаа харлуулж муулж байх нь Монгол хүний зан биш дээ. Муухай Монгол зан зарим хүнээс гараад байна шүү.

1  |  0
Зочин(202.9.46.224) 2023 оны 03 сарын 17

Маш зөв ярьсан байна. Нийгэмдээ үлгэр жишээ болж явахыг хүсэж байна. Сүүлийн үед ганц бие хүүхэдтэй эмэгтэйг их сурталчилж байгаа нь өсвөр үеийн охидуудад буруу мэдээлэл өгч байна. Энэ бол үнэн шүү дээ. Цэдэнбал Филатова хийсэн бүтээснээрээ гүйцэх эмэгтэй төрийн зүтгэлтэн Монголд үнэхээр байхгүй л байна даа.

1  |  1
Зөнч(139.5.218.215) 2023 оны 03 сарын 17

Маанагаараа битгий гайхуул,КГБ -тэр хүнийг удирдаж байсан.

0  |  1
Нэргүй(202.126.90.155) 2023 оны 03 сарын 17

Бузар баян авгай бж дээ

0  |  1
зочин(66.181.160.108) 2023 оны 03 сарын 17

яадаг байсан тэр орос авгай чинь өнөөгийн сайд нэр зүүсэн гишүүн гээд байгаа хэдэн авгай нараас арай өөр байсан нь үнэн шүү ямар ч аргаар бариулж байгуулж өгсөн барилга байшин нь одоо ч байж л байгаа биздээ хүнийг гүүчилэх биш төрт шургалж сууж чадаж байгаа юм чинь хийх зүтгэлтэй байж хийх хэрэгтэй ш дээ төри байгаа авгай нар

1  |  1
Хмсо(66.181.161.190) 2023 оны 03 сарын 16

Үхсэний чинь орос авгай одоо үед ингэжбодвол арай

0  |  0
Уншигч(192.82.78.96) 2023 оны 03 сарын 17

Нэг орос авгайгийн ард бүхэл бүтэн улсын КГБ ажиллаж байсан шүү дээ, манай Цэдэнбалыг дараа нь яаж тусшаарлаж устгалаа, түүнийг бид мартах учиргүй.

2  |  1
Ай??(64.119.22.140) 2023 оны 03 сарын 16

Том гүрэн ард нь бсан шүү дээ

0  |  0
Zochin(66.181.161.229) 2023 оны 03 сарын 16

Iim balai yum bichihe bolioch,ter avgai nohroo atgaj bsn,iim yum medehgui bj zz

1  |  0
зочин(202.21.100.210) 2023 оны 03 сарын 16

Анас Тасиа мама чинь захиргаадалт, дарангуйллаар л ажил хийлгэж байсан байхдаа

2  |  0
7(66.181.160.88) 2023 оны 03 сарын 16

Үнэн шүү

0  |  0
Зочин(202.9.40.239) 2023 оны 03 сарын 16

Мөн яриваа, ийм байгууллага байгуулагдхаар л гэр бүл тогтворжиж хүүхэд хүчирхийлэл зогсоно гэнэ кк, энэ бүхэн чинт хүмүүжлээс хувь хүний төлөвшил удам судраас болж байгаам. Эцэг эхчүүд мөнгө бас дахин мөнгө гэсэн үзлээр хүүхдээ хүмүүжүүлэхээр яахын, хүн байхын утга учрыг үлгэрлэж өсгөх ёстойм

2  |  1
Зочин(66.181.161.219) 2023 оны 03 сарын 17

Төр хутгасан байдлаараа л толгой цохино. Түүний хийсэн бүтээсэн юм гэж ярихгүй. Хүүхдийн фондоор түрий барьж хөндлөнгөөс нөхрийнхөө ажилд оролцож Монголчуудад уршиг тарьсан Кремлийн тагнуул авгай. Иймэрхүү журам бус байдлаар гэр бүл, төр хутгах гэж оролддог буруу жишгийг монгол эмэгтэйчүүдэд тогтоосон хүн. Одоо жаахан дэвжиж яваа айлын эхнэрүүдээс Филатовач хандлага үнэртдэг.

4  |  1
Зочин(202.21.108.60) 2023 оны 03 сарын 16

Маш зөв ярьсан байна. Цаашид нийгэмдээ үлгэр жишээ болж яваарай. Амжилт.

2  |  3
Top