Цагдаагийнхан түүхт 90 жилийн ойгоо өргөн тэмдэглэж байна

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 16

Энэ  жил Монгол улсад Цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойн баяр тохиож байгаа юм. 

Тиймээс тус байгууллагын үе үеийн албан хаагч, нийт хамт олон ойн баярынхаа хүрээнд олон арга хэмжээ зохион байгуулж байгаагийн нэг нь “Монгол төрийн цагдаа цогцолбор”-ыг барьж байгуулсан явдал юм. Энэхүү цогцолборыг Баянзүрх дүүргийн 10, 12 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Туул голын дагуу зурваст байгуулсан бөгөөд өчигдөр цогцолборын нээлтийн үйл ажиллагаа болсон. Цагдаагийн байгууллага нийслэлийн захиргаанаас гаргасан цэцэрлэгт хүрээлэн байгуулах саналыг дэмжиж, эхний бүтээн байгуулалтыг хийсэн нь энэ бөгөөд цагдаагийн албан хаагчид “Монгол төрийн цагдаа цогцолбор” болоод “Цагдаагийн алдар хөшөө”-өө өөрсдийн хүч хөдөлмөрөөр 38 хоногийн хугацаанд барьж байгуулсан байна. 

“Монгол төрийн цагдаа цогцолбор” Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн нэг хэсэг болж байгаа юм. Нийт  1280 га талбайд цэцэрлэгт хүрээлэнг байгуулахаар төлөвлөж, таван жилийн хугацаанд бүрэн гүйцэд барина гэж тооцоолж байгаа. Түүхт 90 жилийн ойн баярын арга хэмжээ өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд үргэлжилнэ. Өнөөдөр ёслолын парад, урлагийн мотоциклчид, бөмбөрчдийн тоглолт болон 500 хүний бие хамгаалах урлагийн үзүүлбэр, тусгай бүлгийн болон эрэлч нохойн үзүүлэх тоглолт, морьтой үзүүлбэр, шүхрийн буулт зэргийг зохион байгуулах юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top