Д.Амарбаясгалан: Гишүүдийн тоог нэмснээр төр тогтвортой байна

Автор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 22

УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх асуудал хийгээд Улс төрийн намын тухай хууль, парламентын гишүүдийн тоог нэмэх зэрэг асуудлаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаас тодрууллаа.


-Энэ хаврын чуулганаар ямар, ямар асуудлыг голчлон хэлэлцэх вэ?

-УИХ-ын дарга хаврын чуулганы нээлт дээр хэлсэн үгэндээ энэ чуулган авлигатай тэмцэх нөхцөл, эрх зүйн орчныг сайжруулахад анхаарлаа хандуулна гэж хэлсэн. Тиймээс энэ чиглэл дээр төвлөрч ажиллаж байна. Мөн эрүүл мэндийн салбарт удаа дараагийн хийгдэж байгаа судалгаагаар ард иргэдийн хүлээлтэд хүрч хангалттай хэмжээний үйлчилгээг үзүүлж чадахгүй байна гэж гарсан.

Нэгдүгээрт, хэдийгээр гүйцэтгэлийн санхүүжилтэд шилжсэн ч гэсэн эрүүл мэндийн үйлчилгээ сул, хандлага, чанар гэдэг зүйл бахь байдгаараа байна гэсэн гомдол тасрахгүй байна. Нөгөө талаар эмийн чанарын асуудал маш ихээр хөндөгдөж байгаа. Монгол Улсад эртнээсээ хямд эмээр үйлчилнэ гэсэн ерөнхий ойлголтыг олон нийтэд өгснөөсөө болж бүрэн эдгээж чадах чанартай эм байхгүй байна. Нэг ёсондоо хоёр, гурав дахь зах зээлээс тодорхой үнэтэй орцуудыг нь хассан эмийг Монголд хэрэглэдэг зүйл хэвшсэн. Тиймээс Засгийн газрын зүгээс энэ асуудалд онцгой анхааран ажиллаж байна. Чанартай эмийг хэрэглэх боломж, сонголтыг Монголын эмийн салбарт бий болгоно.

-Энэ долоо хоногт Хөдөлмөр нийгмийн хам­гааллын сайдыг томилох уу?

-Энэ долоо хоногт сайдыг чөлөөлнө. Засгийн газрын тухай хуулиараа Ерөнхий сайд дараагийн сайдыг оруулж ирнэ.

-Хаврын чуулганаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх үү?

-Одоохондоо энэ чиглэлээр яригдсан зүйл манай бүлэг дээр алга. Манай МАН-ын байр суурь бол парламентын тогтолцоогоо төгөлдөржүүлэх, парламентын дархлаагаа сайжруулах гэдэг дээр байгаа. Сайжруулах гэдэг 2-3 төрлөөр авч үзэж байгаа. Геополитикийн хувьд одоогийн 76 гишүүнтэй парламент улс төрийн шийдвэр гаргаж байгаа байдлыг гадаад, дотоодын түвшинд ил тод байдаг тогтолцоонд өөрчлөлт хийх шаардлагатай.

Хоёрдугаарт, төлөөлөх чадварыг сайжруулах хэрэгтэй. Судлаачид нэг тэрбум төгрөгөөс дээш хэмжээний зардал гаргаж Их хурлын гишүүн болдог тогтолцоог өөрчил гээд байгаа. Гишүүдийн тоог нэмж, холимог тогтолцоог бий болгосноор төр тогтвортой байна. Төр тогтвортой байна гэдэг нь нэг нам тогтвортой байх гэдэг биш бодлого шийдвэр тогтвортой байх, парламентын сонгодог хэлбэр рүү нь явуулаач гэдэг.

Өнгөрсөн долоо хоногт улс төрийн намуудыг оролцуулсан олон улсын байгууллагын уулзалт хэлэлцүүлэг болсон. Бид тэнд очиж оролцсон. Парламент гэдэг өөрөө цаг үеэ дагаад хөгжиж явдаг зүйл. Улс орон ямар цаг үед жижиг мажиротар тогтолцоог, ямар үед нь томсгосон хэлбэрийг нь, аль үед холимог хэлбэрийг авч хэрэглэх вэ гэдгийг бий болгож, улс орныхоо тогтвортой байдлыг хангах, ардчилал эрх чөлөөг авч үлдэх, тусгаар тогтнолоо хадгалж үлдэхэд анхаарлаа хандуулах нь тогтолцооны өөрчлөлт. Түүнээс биш тогтолцоог өөрчилснөөр аль нэг нам ялахын тулд өөрчилдөг байж болохгүй гэдгийг бүх түвшинд ярьж байгаа.

-Сонгуулийн хуулийг өөрчлөх хугацаа үлдсэн юм уу. Өмнөх жил гэдгийг 2023 он гэж ойлгох уу?

-2023 оны зургаадугаар сар дуустал хугацаанд сонгуулийн хууль өөрчлөгдөх боломжтой гэсэн үг. Мөн Улс төрийн намын тухай хууль давхар явж байгаа. Ер нь улс төрийг, улс төрийн намуудыг хууль бус санхүүжилтээр хангадаг байдлыг татгалзах байдлыг бий болгохоор зорьж байгаа. Энэ хууль батлагдсанаар улс төрийн нам хэд байх юм. Одоо байгаа хэд нь ямар хэмжээнд төлөвшсөн байх юм гэдгийг тодорхой болгоно.

-Намаас нэр дэвших хүмүүсийн сонгон шалгаруу­лалтад ямар өөрчлөлт орох вэ. Намдаа хэдий хэр хандив өгснөөсөө шалтгаалан квот авдаг гэсэн яриа байдаг шүү дээ?

-Бидэнд юу хэрэгтэй байна вэ гэхээр улс төрийн намууд XXI зууны чиг хандлагыг барьж ажиллаж чадах улс төрийн институц хэрэгтэй байгаа юм. Мөнгө өгөөд нэр дэвшдэг байдлыг хуулиар хаах ёстой. Ингэсэн тохиолдолд улс төрийн нам нь эрхээ хаалгадаг байх хэрэгтэй. Тухайн хүнийг насан туршид нь нэр дэвшүүлэхгүй байх арга хэмжээ авдаг байх боломж нь ч нээлттэй. Харин холимог тогтолцоог бий болгосноороо жендерийн эрх тэгш байдлыг хангаж чадна.

Хоёрдугаарт, нийгмийн бүлгүүдийн төлөөллийг хамруулна. Жишээлбэл, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, малчид, гадаадад амьдарч байгаа иргэдийн төлөөллийг оруулах боломж гарч ирнэ. Бидэнд хөгжлийнхөө хурдтай гараанд гарахад энэ холимог тогтолцоо ихээхэн нэмэр үзүүлнэ гэж харах ёстой. Нөгөө талаасаа залуу үе, шинэ улс төрийн зүтгэлтнүүдийг бэлтгэж, соёлжуулж гаргаж ирэхэд холимог тогтолцоо өндөр үүрэг оролцоо оруулна.

-Гишүүдийн тоог ямар үндэслэлээр 152 болгоно гэж байгаа юм бэ?

-Нэгдүгээрт, манайтай ижил төстэй орнуудын судалгааг авч үзэж байгаа. Үүнээс харахад нэг гишүүн нийт сонгогчдынхоо нэг хувиас доош хувийг төлөөлснөөр тойрогтоо эзэн болж чаддаг гэсэн дүгнэлтийг гаргасан байна. Харин одоо манай улсад нэг гишүүн 1.3-1.4 хувийг төлөөлж байгаа. Өнөөдөр манай улс 3.4 сая хүн амтай болчихсон. Ирээдүйн 30 жилд хүн ам маань таван сая болно гэсэн статистик тоон үзүүлэлт бий. Тиймээс ирэх жилүүдийнхээ хүн амын өсөлттэй холбоотойгоор энэ тоо бодогдож гарч ирж байгаа юм. Түүнээс биш 76 хүнийг ажилтай болгох гээд байгаа зүйл огт биш.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Gh(139.5.218.135) 2023 оны 03 сарын 22

Erguu maluudiin toog nemj bolohgui yun nemeh eniig ch songoj bolohgui

0  |  0
S(141.156.129.149) 2023 оны 03 сарын 22

50 baihad hangalttai.\nUSA shig bol 3 , yun nemeh

0  |  1
Зочин(202.21.108.5) 2023 оны 03 сарын 22

76 луйварчидаа яая даа гэж байж юу яариад л байна даа.

1  |  1
Top