“Унага” сургалтын төвийг үүсгэн байгуулагчдын нэг, хэл шинжлэлийн ухааны доктор Б.Атар-Эрдэнэтэй ярилцлаа. Тус төв дэлхийн 30 гаруй оронд амьдарч буй монгол хүүхдүүдэд зориулан эх хэл, уламжлалт зан заншлын онлайн сургалт явуулдаг юм.
-Дэлхийн олон оронд амьдарч буй монгол хүүхдүүдэд эх хэл, уламжлалт ёс заншлын хосолсон хичээлүүдийг онлайнаар заадаг юм байна. Сургалтын аргачлал, онцлог нь юу вэ?
-Бид сургалтын төв нээхээр 2019 оноос эхлэн ярьж, хөтөлбөрөө боловсруулж батуулаад 2020 оны дөрөвдүгээр сараас сургалтаа эхлүүлж байлаа. Онлайн сургалтын төвийн онцлог нь дэлхий даяар тархан суурьшсан монгол хүүхдүүддээ эх хэлний боловсролыг цахимаар олгож ирсэн. Хүүхдүүд эх хэлээ сурахын хажуугаар монгол өв соёлтойгоо танилцах, өвлөх боломжийг бүрдүүлсэн. Манай төв гадаадад амьдарч байгаа хүүхдүүдэд зориулсан тусгай хөтөлбөртэй. Хичээлийн бүх материалыг цахим хаягаар нь хүргүүлдэг. Манай төв онлайн орчинд ажилладаг туршлагатай мэргэжлийн багш нартай. “Унага” шатны хүүхдүүд маань “Үсэглэлийн баяр”-аа хийдэг, түвшингээ ахиулан суралцах боломжтой байдгаараа давуу талтай.
-Зарим улс оронд монгол сургууль байгуулсан байдаг юм билээ. Хамтарч ажилладаг уу?
-Зарим улс оронд монгол сургуулиуд бий. Гэхдээ тэд том хүрээг хамарч чаддаггүй. Хэдхэн хот, эсвэл тухайн хотын ойролцоох хүүхдүүд л очдог, хол байгаа нь хамрагдах боломж нь хязгаарлагдмал. Гадаадад олон жил амьдраад ирэхээр эх хэл нь алдагддаг, аав ээжүүдэд түүнийг шийдэх боломжгүй. Энэ байдлыг анзаарсны үндсэнд бид “Унага” сургалтын төвөө байгуулсан юм.
-Та бүхэн нийтдээ хэчнээн оронд сургалт явуулж байна?
-Бид нийтдээ дэлхийн 30 гаруй улсад сургалт явуулдаг. Малайз, Африкийн орнуудаас, Англи, АНУ, Япон, Солонгос гээд монгол хүн хаана байна, тэндээс манай сургалтад хүүхдүүд хамрагддаг. Ингэхдээ зөвхөн тухайн хот, нэг орчинд байгаа хүүхдүүд сургалтад хамрагдах бус магадгүй тэр хотод ганцхан монгол хүүхэд байсан ч, ер нь дэлхийн хаанаас хамрагдах боломжтой сургалтын төвийг онлайн хэлбэрээр бий болгосон.
-Багш нарын бүрэлдэхүүн, мэргэжил, ур чадвар дээр юу хэлэх вэ?
-Манай төв 20 гаруй багштай. Бид хэдийгээр эх хэлээрээ ярьж байгаа ч монгол хэлний хичээлийн заах арга барил гэж байх ёстой. Тиймээс мэргэжлийн багш нарыг урьж ажиллуулсан. Дээр нь маркетинг, санхүү, хүний нөөц, боловсон хүчний чадавх гэхээр яг л компанийн бүтцээр ажилладаг. Хамгийн гол нь бүх үйл ажиллагаа онлайнаар явагддагаараа онцлог.
-Үүсгэн байгуулагчдыг танилцуулж болох уу?
-Анх гурван хүн хамтарч үүсгэн байгуулсны нэг нь би. Нэг нь Америкт, нөгөө нь Монголд байгаа, миний хувьд БНХАУ-ын ӨМӨЗО-ны их сургуульд хэл шинжлэлийн докторын зэрэг хамгаалаад Монголдоо ирсэн. Бид цахимаар харилцаж, тус тусын ажлаа хийгээд явдаг.
-Эх хэл, соёлын сургалтад зөвхөн монгол хүүхдүүд л хамрагддаг уу. Гадаад иргэд монгол хэл сонирхож суралцах, хандах тал дээр хэр вэ?
-Сурагчдын 80 хувь нь бага насны хүүхдүүд байдаг. Насанд хүрэгчид ч сургалтад хамрагддаг. Тухайлбал, монгол хүнтэй гэр бүл болсон гадаадын иргэд, 20 нас хүртэл гадаадад амьдарсан монголоороо ярьдаг, ойлгодог хэрнээ бичиж чадахгүй залуус байна. Хамгийн өндөр настай суралцагч 62-той байсан. Гадаадад байгаа иргэдэд ойр зуурын хэлний мэдлэг чухал, жишээ нь англи хэл бол хэрэглээ. Тэгвэл эх хэл маш чухал, монгол хүнийг бий болгож байгаа үндэс нь тэр шүү дээ.
-Элсэлт, сургалт гээд танай бүх ажиллагаа онлайнаар явагдаж байна уу?
-Манай үйл ажиллагаа 100 хувь онлайнаар явагддаг. Сошиал орчноос, манай цахим хуудас, инстаграм дээрээс аль ч хэлээр мэдээлэл авч бидэнтэй холбогдох боломжтой. Суралцагчдын 90 хувь нь ийм байдлаар холбогддог.
-Тэгэхээр багш нар бол хаанаас ч холбогдож, хичээлээ заагаад явж болох нь ээ?
-Багш нарт тавих шалгуур бий. Тухайн орны хэлээр ярих учраас багш тусгай хэлтэй байх ёстой. Манай зарим багш Америкт ажиллаж, амьдардаг. Япон, Солонгос мөн адил. Тусгай хэл шаардаж байгаа орнуудад тэндээ ажиллаж, амьдарч байгаа багш нартай холбогдож хамтарч ажилладаг. Ер нь бол багш нарын 80 хувь нь Монголд байдаг. Гадаадад байгаа багш нар маань өндөр цалин мөнгө шаардаад байдаггүй. Ихэнх нь хүүхдүүдийг эх хэлээ зөв, сайн сураасай гэж сэтгэл зүрхээ зориулсан хүмүүс байдаг. Тэд байгаа орчноо мэдэрсэн, хүүхдүүд эх хэлнээсээ төсөөрч холдож байгаад сэтгэл нь эмзэглэдэг учраас энэ ажилд маш идэвхтэй, сэтгэлээсээ оролцож дэмждэг. АНУ-д монголчууд олон жил амьдарсан, тэр хэрээр хэлний боловсрол тулгамдсан байдаг. Тэр үүднээсээ бидний үйл хэргийг маш сайн ойлгож дэмждэг. АНУ-д амьдардаг нэг сурагчийн маань ээж мэргэжлийн багш хүн байдаг. Анх хүүхэд нь манай сургалтад хамрагдаж, эх хэлээрээ маш сайн ярьдаг болсон. Одоо ээж нь манай төвд багшилж байгаа.
-Сургалтын төвөө “Унага” гэж нэрлэсэн нь содон юм байна?
-Манай үүсгэн байгуулагчдын нэг нь маркетингийн мэргэжилтэй. Бид гурав ярьж байгаад энэ нэрийг сонгосон. Манай төв эх хэлний боловсрол олгохоос гадна монгол ёс заншил, өв соёлын хичээлүүд заадаг. Жишээ нь хичээлийн агуулгад, цагаан идээ, үндэсний хувцас, ёс заншил гэж юу болох тухай нарийн детальчилж заадаг.
Монголчууд адууг унага, даага, шүдлэн, хязаалан, соёлон, их нас гэж зургаан насаар нэрлэдэг. Дэлхийд адууг зургаан өөр нэршлээр нэрлэдэг өвөрмөц соёлтой улс орон Монголоос өөр хаана ч байхгүй. Англи хэлэнд гэхэд нэг настай морь, хоёр настай морь гэж нэрлэдэг. Хятад хэлэнд мөн адил. Унага бол хамгийн анхны шат, цааш даага, шүдлэн гээд явдаг. Тиймээс төвөө “Унага” гэж нэрлэсэн.
-Өөрөө хэл шинжлэлийн доктор хамгалсан гэлээ. Аль чиглэлийг нь сонгов?
-Нийгмийн хэл шинжлэлийн чиглэлээр суралцсан. Нийгмийн шилжилт хөдөлгөөн, нийгмийн давхарга, нийгмийн бүлгийн хэлний байдлыг судалдаг. Энэ нь манай сургалтын төвтэй холбогдоно. Жишээ нь, цагаачдын гэр бүл дэх хүүхдүүдийн хоёр дахь хэлний асуудал гэх мэт сэдвүүд үүнтэй холбоотой.
Монголчууд цөөхөн. Тиймээс эх хэл минь маш үнэ цэнтэй.
Дэлхийн том хотуудад хүн амын олонхыг харж сургууль нээдэг, нэг хотод 30-хан хүүхдэд сургууль нээх боломжгүй. Тэгэхээр онлайн сургалт нь төсөв зардал, хил хязгаар, цаг хугацаа гээд бүх талаас авч үзэхэд дэлхийгээр тархан суусан монголчуудад хамгийн тохиромжтой хувилбар.
-Бид сургалтын чанар гэж их ярьдаг. Энэ талын судалгаа байдаг уу?
-Сургалтын чанарын үнэлгээнээс гадна хөтөлбөр, агуулга маш чухал. Монголд улсын шалгалт авч тухайн хүүхдийг оноогоор дүгнэдэг. Бидний хувьд одоогоор тийм үнэлгээ хийхгүй. Харин сургалтын хөтөлбөрийг багш нар хамтран боловсруулсан. Монголд байгаа хүүхдүүд эх хэлээрээ ярьдаг, ойлгодог, үгийн баялагтай, сурах бичгээ үзээд сураад явж байгаа. Гадаадад байгаа хүүхдүүд тийм боломжгүй, дээр нь хоёрдогч хэлийг зааж байгаа гэдэг утгаараа хүндрэлтэй. Дээр нь тэнд байгаа хүүхдүүд сэтгэхүйн хувьд ч өөр байдаг. Тиймээс тусгай хөтөлбөр боловсруулж хичээлээ системтэй заадаг.
-Тухайлбал?
-Нэг жишээ хэлье. Манай өв соёлын хичээлүүдээр шагайгаар тоглодог уламжлалт тоглоомуудын талаар хичээл ороход нэг сурагч гэртээ хариад уйлсан байсан. Тэр хүүхэд өөрөө цагаан хоолтон учраас “Та нар хонь, ямааг алж идээд ясаар нь тоглож байна, өөр тоглох юм олддоггүй юм уу” гэсэн байгаа юм. Тэгэхээр сэтгэлгээний хувьд өөр байгаа нь харагдаж байгаа биз. Хичээлийн цагийн хувьд мэдээж стандартаа барьдаг. Сургалтын агуулга, хичээлийн хувьд гадаадад амьдарч, өсөж торниж буй хүүхдүүдэд тохирч байгаа гэж үздэг. Өнгөрсөн хоёр жил бид нийтдээ 2000 гаруй хүүхэд эх хэл, монгол соёлын боловсрол олголоо. Одоо ч үргэлжлүүлээд сургалт явуулж байна.
-Гадаадад амьдардаг эцэг, эхчүүдэд хүүхэд нь монголоороо ярихгүй, мэдэхгүй байна гэдэг том бэрхшээл. Гэтэл Монголд бол эцэг эхчүүд хүүхдээ орос, хятад хэлний сургалттай цэцэрлэгт оруулах болсон. Энэ талаар та юу хэлэх бол?
-Хүүхдээ цэцэрлэгээс нь шууд орос, хятад хэл эзэмшүүлж байгааг би хувьдаа зөвтгөж чаддаггүй. Эх хэлээ анхнаас нь цэгцтэй зөв сурсан хүүхэд дараа нь ямар ч хэлийг төвөггүй сурна. Монгол хэл өөрөө алтай язгуурын хэл, зарим гийгүүлэгч, авиа нь бусад хэлэнд байдаг. Монголчууд англи хэлийг маш амархан сурдаг. Япон, солонгос хэлийг ч амархан сурдаг нь тийм учиртай.
Тэгэхээр монгол хэлэндээ тогтоогүй хүүхдүүдэд хоёр дахь хэлийг оруулж ирэхээр гаднаа монгол хүн шиг, дотоод сэтгэхүй нь гадаад хүн шиг болж төлөвшиж байна.
Эцэг, эхчүүд үүнийг сайн ойлгож, ухамсарлаасай. Өөрт тохиолдсон нэг жишээг хэлэхэд, Австралид сургууль төгсөөд тэндхийн компанид ажилд ороход олон шалгуулагчаас намайг сонгосон. Тэдэн дунд англи хэлтэй, АНУ-д төрж өссөн монгол оюутан ч байсан. Яагаад намайг авсан бэ гэвэл монгол хэлэндээ сайн байна, Монголд ажиллах учраас ярианы чадвар өндөр байх ёстой гэж үзсэн. Англи хэл бол хэрэглээ, түүнээс биш монгол хүний үнэт зүйл, мөн чанар биш шүү дээ. Монгол хүүхдүүд Д.Нацагдоржийн, О.Дашбалбарын шүлгүүдийг уншаад, сонсоод огшдог бол гадаадад өөр хэлээр сурч өсөж төлөвшсөн хүүхдүүд яруу найргийн утгыг ойлгож баярлаж хөөрч огшихгүй. Энд л гол ялгаа нь байгаа юм.
Дэлхийд англи хэлтэй хүн нэг тэрбум байгаа бол монголчууд гурван сая гаруй. Бид хэл, соёлынхоо үнэт зүйлийг гүнзгий ойлгож, мэдрэх ёстой. Эх хэлний чадвар өндөр байвал бидний өрсөлдөх чадвар улам нэмэгдэнэ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )