Ширгэхээс нь өмнө хамгаалбал сэргээхээс бага зардал гарна

Автор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 24

Өнөөдөр Дэлхийн усны өдөр тохиож байна. Харамсалтай нь манай улсад сүүлийн жилүүдэд 300 гаруй горхи, булаг, гол мөрөн ширгэсэн гэсэн мэдээтэй энэ өдрийг угтаж байгаа юм. Тэр ч бүү хэл Хөвсгөл нуурын цэнгэг усны эх үүсвэрийг бүрдүүлдэг Дархадын хотгорт 300 орчим гол, нуур байсан боловч цөлжилтийн улмаас 200 орчим нь ширгэсэн гэж үздэг.

Ингэж ширгэсэн нууруудын нэг Дархадын хотгорын Цойцон хэмээх нуурыг эргэн сэргэх 70 хувийн боломжтой гэсэн дүгнэлт гаргаж, манай улсын эрдэмтэд ч нуурыг сэргээх бүрэн боломжтой гэж үзсэн учраас БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Дархадын хотгорын цөлжилтийг багасгах, Рэнчинлхүмбэ сумын Цойцон нуурыг нөхөн сэргээх" төслийг санаачлан хэрэгжүүлсэн байдаг. Энэхүү ажилд нийтдээ 800 гаруй сая төгрөг зарцуулж, ноднин жилийн наймдугаар сараас Цойцон нуурын ай сав усаар тэжээгдэж сэргэж эхэлсэн байна.

Тэгвэл саяхан бас Өмнөговь аймгийн нутагт МАК-ынханы хийсэн хиймэл нуур сансраас харагддаг болсон гэсэн мэдээлэл цахим орчинд явсан. Энэ нь цас, бороо, үерийн усыг хуримтлуулснаар бий болгосон нуур бөгөөд усны шувууд хүртэл ирдэг болсон аж. Мэдээж ийм хэмжээний хиймэл нуурыг бий болгоход чамгүй хэмжээний зардал гарсан нь ойлгомжтой.

Тиймээс булаг шанд, гол мөрнийг ширгэж үгүй болохоос нь өмнө хайрлан хамгаалж, цэнгэг усыг ширгээхгүй байх талаас нь хүн бүр анхаарал хандуулж хэвших нь дахин сэргээх зардлыг хэмнэнэ. Мэдээж ингэж чадаагүйгээс буюу ус мөрөн ширгэсний дараа учрах аюул, эрсдэл нь алт мөнгөөр хэмжигдэхээргүй их байх билээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top