Н.Уртнасан: Байгаль хамгаалах үндэсний бодлогоо сэргээе

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2023 оны 03 сарын 27

Энэ сард Олон улсын ойн өдөр, Дэлхийн усны өдөр тохиож, байгаль хамгаалах тухай судлаачид үгээ хэлж, хурал цуглаан ч цөөнгүй болж байна. Ойн М.Тунгалаг хэмээн олондоо нэрлэгдсэн судлаач манай сонинд ярилцлага өгөхдөө “Ойгоо эрүүл байлгах нь эдийн засгаа нэмэгдүүлэх том боломж” гэсэн бол түүхч О.Сүхбаатар “Усны тахилгыг сэргээвэл байгаль хамгаалахад нэмэртэй” гэсэн. Тэгвэл Усны хэмээгдэгч З.Батбаяр “Нүүдэлчид шиг усны ид шидийг ойлгодог, усаа хайрлан хамгаалдаг ард түмэн байхгүй” гэж хэвлэлд ярьжээ. Бид энэ удаа  “Байгаль, соёлын өвийг хамгаалах сан”-гийн ерөнхийлөгч, доктор Н.Уртнасантай ярилцсан юм.


-Уул ус тахих монгол зан үйл бол байгаль хамгаалж ирсэн үндэсний бодлого болохыг судлаачид хэлдэг. Гэтэл зарим хүн мухар сүсэг гээд тоодоггүй. Та үүнийг юу гэж үздэг вэ?

-Уул ус тахих ёс, монгол зан үйл маш гайхамшигтай. Энэ уламжлал хүн төрөлхтний түгээмэл үнэ цэнэтэй, учир нь байгаль хамгаалах асар их ухаан юм. Хүн өөрөө байгалийн бүтээгдэхүүн, салшгүй нэг хэсэг нь, тиймээс хүн анх үүссэн цагаас байгалиа шүтэж, биширч, айж, ашиглахаа ашиглаж амьдарч ирсэн. Энэ явцад эртний шүтлэгүүд, амьд амьтан болоод бөө, тэнгэр шүтлэгийг бий болгож, тэр нь явсаар уул ус, байгаль дэлхийгээ тахиж шүтдэг бүхэл бүтэн ёслол, зан үйл, бэлгэдлүүдийг бий болгосон.

Өөрөөр хэлбэл цогц системийг бүрдүүлсэн. Тахилгын энэ ёс зөвхөн монголчуудынх ч бус хүн төрөлхтөн, бүх улс орны ард түмэнд бий. Өөр өөрсдийн шүтлэг, тахилгын газруудтай  байдаг. Тэгэхээр уул ус тахих шүтлэгийг хүнээс салгаж болохгүй. Энэ мухар сүсэг огт биш. Харин хүний өөрийнх нь мөн чанараас ургаж гарсан, байгальтайгаа ойр  байх, түүнийг хайрлаж хамгаалах үзэл юм.

-Энэ үзэл хэзээ, хэдийнээс бий болов?

-Байгаль бол бүх юм шүү дээ, тэр бүхэн амьтай. Уул, ус, ургамал амьтан бүгд амьд учраас түүнд эзэн байх ёстой гэж хүн төрөлхтөн эрт цагаас үзэж ирсэн.

Тэр үзэл санаа явсаар сүрлэг уул, ус гол, маш нандин нуур цөөрөм, сонин тогтоцтой мод чулууг хүмүүс шүтдэг, ингэхдээ түүнд очиж хүслээ шивнэдэг, даатгадаг зан үйлүүд бий болсон. Үүнийг уул усаа тахих ёс, зан үйл гэж нэрлэдэг. Бүх ард түмэнд энэ ёс бий. Дэлхийд агуу тахилгатай уул ус, ой шугуй олон.

Тухайлбал, Африкийн шүтээн уул Килиманжаро, Хятадын Тянь Шань /Тэнгэр/ уул, Киргизийн Ариун уул буюу Сулейман уул, Оросын нутаг дахь “Хөх сувд” гэж нэрлэгддэг Байгаль нуур, эртний Грекийн Атос  /Ариун уул/ гээд ард түмэн нь тахиж шүтэж ирсэн шүтээнүүд байна. Гол мөрөн гэвэл бүр ч  олон  бий.

-Монголчуудын тахилга, шүтлэг бусдаас юугаараа онцлог вэ?

-Монголчууд нүүдэлчин ард түмэн. Суурин иргэншилтэй ард түмнээс юугаараа ялгаатай вэ гэвэл бэлчээрийн мал аж ахуй эрхэлж өдөр бүхэн уул ус, ой мод, ан амьтан, тэнгэр огторгуй, цаг агаар, уур амьсгалыг нарийн ажиглаж, байгаль дэлхийтэйгээ харилцдаг. Байгаль дэлхийгээ ингэж бүх талаар шүтдэг ард түмэн гэвэл монголчууд.

Энэ уламжлалыг ХХ зуунд үзэл суртлын улмаас хэсэг хугацаанд хориглосон. Хатуу цаг үе байсан учир бүх шүтлэг тахилга зогсож, 1990 он гэхэд яаж тахидаг вэ, ямар утга бэлгэдэлтэй вэ, зан үйл нь ямар байх ёстой вэ гэдгийг мэддэг хүн байхгүй болж бараг мартагдсан. Зарим лам, ном мэддэг хөгшчүүл нууцаар уул усаа тахиж, үр хүүхдүүд, шавь нартаа өвлүүлж уламжлуулсан ч тэр нь маш цөөн.

1992 оноос шашин соёл үзэл суртлын хүлээснээс тайлагдаж, үндэсний өв соёл, зан үйлийг сэргээн хөгжүүлэхэд дэмжлэг болсон. Гэхдээ түүнээс өмнө  тогтоол гарч, уртын дуу, язгуур урлагийг хөгжүүлэх ажлууд эхлээд байсан ч тахилгын ёсыг шашны холбож үзээд огт дэмжиж байгаагүй.

Ардчиллын он жилүүдэд засаг төрөөс, янз бүрийн байгууллагууд сэргээх талаас арга хэмжээ авсан ч бүрэн сэргэж, зөв голдирол руу явахгүй дур дураараа, болсон болоогүй тахилгын зан үйлүүд хийж, овоо уул хадаг, архины шилээр дүүрч, эсвэл хөл толгой нь олдохгүй найр наадам хийх явдал газар авсан. Үндэсний өвийг ийм байдлаар сэргээж болох­гүй. Дээр нь мартагдаж, устаж үгүй болох дөхсөн зан үйлүүд олон бий, тэдгээрийг сэр­гээх, судлах, өвлөхөд анхаарал хандуулах хэрэгтэй.

-Энэ асуудалд манай улс хэр анхаарч ирсэн бэ?

-ЮНЕСКО-гоос 2005 онд биет бус соёлын өвийг хамгаалах конвенц гаргасан байдаг. Үүн дотор нь ардын зан заншил, зан үйл гол байрыг эзэлдэг.

-ЮНЕСКО-гоос монголчуудын  уул усаа тахих зан үйлийг бүртгэхдээ юуг гол үзүүлэлт болгосон бол?

-Тухайн үед ЮНЕСКО-гийн конвенцийн хоёр жагсаалт гарсан юм. Нэг нь соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалт, үүнд улс бүрээс төлөөллийн жагсаалтад оруулж болох зүйлүүдээ бүртгүүл гэсэн. Нөгөө нь яаралтай хамгаалах шаардлагатай өвийн жагсаалт, түүгээр мартагдах дөхсөн, устахад хүрсэн соёлын биет бус өвийг бүртгэж олон нийтийн хүч оролцоотойгоор хамгаалдаг.

Манай сангийнхан уул ус тахих монгол зан заншлаа аваръя, яаралтай хамгаалах шаардлагатай биет бус өвийн жагсаалтад бүртгүүлье гээд 2011 оноос эхлэн хөөцөлдсөн. Ингээд 2015 онд ЮНЕСКО-д илгээж, 2017 онд яаралтай хамгаалах шаардлагатай дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлсэн. Яаралтай хамгаалах шаардлагатай учраас ЮНЕСКО-гоос тодорхой санхүүгийн дэмжлэг үзүүлж хамгаалдаг. Тиймээс манай сан судалгаагаа үргэлжлүүлэн Монгол дахь уул ус тахих зан үйлийг сэргээн хөгжүүлэх төсөл бичиж илгээхэд “Яаралтай хэрэгжүүл, үнэхээр үнэ цэнэтэй мартагдах шахсан зан үйл байна. Сэргээх хэрэгтэй” гэснээр 2018 оноос эхлэн хэрэгжүүлсэн. Орон даяар ажил хэрэг болгох, ураг удам, нутаг усныханд ойртуулах үүднээс “Эх нутаг, өв соёлоо эрхэмлэн дээдэлье” гэсэн аяныг хоёр жилийн турш явуулах уриалга гаргаж, 2018 онд анх удаа соёлын өв хамгаалах чуулганд оруулсан. Төсөл, аян хоёр хоорондоо  нийцэж  үр дүнтэй хэрэгжсэн.

-Ямар дүгнэлтэд хүрэв?

-Бид Монголын дөрвөн бүсэд судалгааны баг ажиллуулсан. Тахилга шүтлэг бүхий газруудыг олж илрүүлж тогтоох, бүртгэл мэдээллийн сан бий болгох, орон нутгийн өвлөн уламжлагч, зохион байгуулагч нарт зөвлөгөө өгөх ажлыг зохион байгуулсан. Тахилга шүтлэг бүхий уулуудаар явж, тахилгат газрын баримтжуулалтыг хийсэн. Маш олон өвлөн уламжлагчтай уулзаж ярилцсан. Судалгааны дүнд Монгол Улс даяар тахилга шүтлэг бүхий газар нутгийн үндэсний бүртгэл, мэдээллийн сан бий болсон. Түүнд 890 гаруй тахилгатай газар бүртгэгдсэн. Соёлын өвийн төв болон манай санд энэ бүртгэл хадгалагдаж байна.

Судалгааны материалуудыг эмхэтгэн говь, хангай, зүүн, баруун бүсийн нутаг дахь тахилгат газрууд, зан үйлийн тухай дөрвөн ном хэвлүүлж тухайн аймаг, сум, өвлөн уламжлагч нарт тараасан. Өөрөөр хэлбэл, уул ус тахих монгол зан үйлийг уламжлалт дэг жаягийн дагуу сэргээн хөгжүүлэхэд гарын авлага болох юм. Тулгамдсан асуудлаас илүү нэг том дүгнэлт хийсэн нь уул ус тахих монгол ёс монгол оронд амьдрах чадвар нь нэгэнт бий болжээ. Цаашид устаж үгүй болох аюул үгүй болсон. Энэ ёс эртний уламжлалынхаа дагуу сэргэхийн сацуу шинэчлэгдэж байгааг судлаачид тогтоосон. Одоо уламжлал, шинэчлэлийнхээ жам ёсоор явж байна.

-Шинэчлэгдсэн зүйлүүдийг хэлж өгнө үү?

-Тахилгыг уламжлалын дагуу эртний ёсоор хийж байгаа ч бэлгэдэл нь ойлгогдохгүй хоцрогдсон зүйлүүд алга болж байна. Жишээ нь, овоон дээр ирэг гаргаж, толгойг нь залдаг ёс байлаа, тэр ихэнх нутагт өөрчлөгдсөн ч ганц хоёр газарт үлджээ. Шинэ зүйлүүд нь тахилгат газруудыг ураг удмаараа тахиж, ургийн бичгээ үйлдэж, ургийн баяраа утга төгөлдөр  хийж, хишиг даллага авдаг болжээ.

-Цаашид анхаарах ямар асуудал байна вэ?

-Нэгдүгээрт, уламжлал шинэчлэлийн асуудал байна. Монголд бурхны шашны хийдүүд, лам нар тахилгын зан үйлийг хийж байна. Тэдэнтэй эвлэрэхгүй бөөгийн ёсоор тахина гэж зөрчилдөх, нутгийн иргэдтэй зөвшилцөхгүй байх явдал мэр сэр гарч байна. Энэ асуудлаа хамтарч хэлэлцээд зөвлөмж гаргах хэрэгтэй. Тахихад бөөгийн ямар зан үйл байна, бурхны шашны ямар зан үйл байна вэ, орчин үеийн ямар зан үйл байна тэр бүгд нэг дор байж болно шүү дээ. Судалгааны явцад бид ийм дүгнэлтэд хүрсэн. Тахилгын үеэр бие биеэ хажиглаж, зөрчилдөх, хэл ам хийх нь ёсонд харш. Иймд нэгдсэн хэлэлцүүлэг хийж шийдэх хэрэгтэй юм. Нөгөө талаас уул ус тахих зан үйл явж байгаа ч тахилгатай газруудад хөгжлийн хөтөлбөрүүд, уурхайн ажил, эрдэс баялаг ашиглах, лиценз олгох асуудлуудтай зөрчилдөж байна. Ноён уулыг ухсан, шүтлэгтэй газруудад лиценз олгосон гэсэн хэл ам сүүлийн хэдэн жил тасарсангүй. Хөгжлийн том бүтээн байгуулалт хийхдээ хэдэн мянган жилээр уламжлан тахиж шүтэж ирсэн, одоо шүтээд байж байгаа газрын иргэдтэй уулзаж зөвшилцөхгүй нэг өдөр очоод шууд ухаж болохгүй. Энэ бол ашигт малтмалыг ашиглахгүй гэсэн үг биш. Шүтээн газрыг хөндөлгүй, иргэдтэй зөвшилцөж хөтөлбөр хэрэгжүүлж болно шүү дээ. Энд шийдэл гаргадаг зарчим хэрэгтэй.Бас нэг асуудал нь бүх шатны сургуулийн сурах бичигт тахилга, шүтлэгтэй газрын мэдээллийг тусгах хэрэгтэй байна. Хүүхэд өвгөд дээдэс, эцэг эхийнхээ шүтдэг газарт дагаж очиж тахилгад оролцохдоо маш том хүмүүжил, мэдлэгийг олж авч, уул усаа хайрлах ухаан суудаг. Сум орон нутагт энэ талаар аялал хийх, мэдээлэл өгөх ажил орхигджээ.

-Төрөөс уул ус тахихыг дэмжиж, төрийн тахилгат 10 хайрханыг онцолсон. Дэмжиж байгаа боловч бодит байдалд ард түмний эх нутгаа шүтэж, хайрлаж байгаа  дорвитой ажил болгож чадахгүй байна. Энэ талаар та юу хэлэх бол?

-Шүтлэгийн арга хэмжээг хэтэрхий баяр цэнгэл болгож, худалдаа наймаа, хог хаягдал тарьж орхидог болсон байна. Иймд төрөөс болон орон нутгийн засаг захиргааны байгууллагууд журамлах шаардлагатай. Ард түмний хүсэл зориг, шүтлэг бишрэлийг цогц байдлаар илэрхийлсэн арга хэмжээ болгох нь зүйтэй.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top