Цагийн зүүгээ хөдөлгөх үү!

2023 оны 03 сарын 27

Цагийг зуны тоололд шилжүүлэн урагшлуулах талаар яамдаас Засгийн газар санал авч, энэ тухайгаа өнгөрсөн лхагва гарагийн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөж байсан ч Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга орон нутагт ажиллаж буй шалтгаанаар дараагийн долоо хоногт хэлэлцэхээр хойшлууллаа.

Сар шинийн баярыг нэг өдрийн өмнө хойно тэмдэглэхээс шалтгаалан лам харгүй маргалддаг шиг өөр хоорондоо цэц булаалдах сэдэв гарч ирсэн нь цагийн зүүг урашлуулах тухай Засгийн газрын дээрх санал болж, энэ тухай яриа сошиалаар иргэд талцах нэгэн шалтаг болов.

Сошиалд хөвөрч буй сэтгэгдлүүдээс цөөхнийг дурдахад “Орчин үеийн дижитал орчин бүх салбарт нэвтэрсэн энэ үед цагийг хөдөлгөж болохгүй. Үүрэн холбоо, банкууд жилд хоёр удаа цагаа нааш цааш өөрчлөөд байх боломжгүй болсон. Тэд дэлхийн бүх улсын банк, үүрэн, суурин сүлжээнүүдтэй цагаа тааруулсан байдаг. Тэгж байж гүйлгээ давхцахгүй, ярианы билл зөрүүгүй гардаг. Засгийн газрын тогтоолоор цаг өөрчилдөг тогтолцооноос болж давхар гүйлгээ, ярианы давхцал, давхар билл бодох зэрэг алдаа гарах магадлалтай”. “МИАТ-ын гадаад нислэг жилийн өмнө бусад улсын нисэх буудлуудтай нислэгийн цагаа тохирчихсон байдаг. Гэтэл цаг өөрчилбөл тэр цагаа манай хүсэлтээр засах боломжгүй. МИАТ-ын нислэг үйлддэг Нарита, Франкфурт, Москвагийн буудлууд гурав, дөрвөн минут тутамд нислэгийн хуваариараа онгоц нисгэж, буулгаж байдаг”.

“Монгол Улс банк, холбоо, IT, гадаад нислэг гээд бүх салбараараа дэлхийн бүтцэд орчихсон. Гадаад харилцагчид  Монголыг дагаад сервер дээрээ цагаа солих хүсэлгүй”. “Цаг шилжсэн шилжээгүй монголчууд түгжирдгээрээ түгжирч, өр зээлдээ баригддагаараа баригдаад амьдарна. Товчхондоо цаг урагшлуулснаар гарах үр өгөөж байхгүй, байлаа гэхэд сөрөг үр дагавар нь ашгаасаа давна”. “Цаг өөрчлөх маш буруу. Бүх системийн тохиргоог өөрчлөх зэрэг маш их ажил болдог. Цахим засаглалын тохиргоонууд бүгд алдагдана. Хүний тархи цагийн зөрүүг гаргах гэж зүдэрч эрүүл мэндэд сөрөг нөлөөлдөг. Эрт ажиллах салбарууд өөрсдөө ажлын цагаа зохицуулаад явж болно”. “Өглөө эрт босож сур, монголчууд шиг нойр ихтэй хүмүүс байхгүй” гэх зэргээр үзэл бодлоо уралдуулж байна.

Одоогоор АНУ, Канад, Австралийн өмнөд хэсэг, Европын голдуу 70 шахам орон цагийн хөдөлгөөн хийдэг ажээ. Уг нь монголчуудын хувьд энэ нь цоо шинэ сэдэв биш. Тэртээ 1960 онд Сайд нарын зөвлөл буюу өнөөгийнхөөр Засгийн газрын тогтоолоор ажлын цаг эхлэх хугацааг нэг цагаар урагшлуулах шийдвэр гаргаж байв. Тухайн цагт хүн бүр ажилтай, хүүхэд болгон сургуультай байсан тул үндсэндээ цагийн өөрчлөлт хийсэнтэй ялгаагүй шийд болж байжээ.

Өвөл, зуны цагийн хуваарьт албан ёсоор шилжиж байсан үе нь 1985 он. Сайд нарын зөвлөлийн тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын сүүлийн долоо хоногийн ням гарагаас есдүгээр сарын сүүлийн ням гараг хүртэл орон даяар цагийн тооллыг нэг цагаар урагшлуулан, ажил үйлчилгээний эхлэх цагийн хуваарийг хэвээр мөрдөж байхыг тогтоожээ. Уг шийдвэрийг 14 жилийн турш мөрдөж 1999 онд хүчингүй болгов. Хоёр жилийн дараа 2001 онд дахин сэргээж 2005 онд мөрдөхийг зогсоожээ. 2015-2016 оны үед дахин мөрдөж, 2017 онд ахин цуцалж байсан өвөл, зуны цагийн хуваарийг энэ удаа буцаан сэргээх талаар ирэх долоо хоногт хэлэлцэхээр болоод байна.

Зуны улиралд цаг урагшлуулахын сайн тал нь эрчим хүчний хэмнэлт, мөн иргэд ажлаас эрт тарж орон гэртээ байх цаг илүү болж, үр хүүхдэдээ анхаарал тавих, тэдэнтэйгээ хамт байх цаг илүү болно хэмээн үздэг. Ажил эрхэлдэг хүмүүс гэртээ эрт харих учир гэмт хэргийн гаралт тодорхой хэмжээгээр буурдаг гэнэ. Иргэд зуслан, эдлэн газартаа хувийн аж ахуй эрхлэх боломж нэмэгдэнэ гэх үндэслэл бас хэлдэг.

Хүндрэлтэй тал нь ялангуяа цэцэрлэгийн хүүхэд, сургуулийн бага, дунд ангийн сурагчид, архаг, суурь өвчтэй хүмүүс, өндөр настнуудын биологийн цагт өөрчлөлт орж, тэр хэрээр дахин зохицох хугацааг урт богино хэмжээгээр туулж дархлаа суларч өвчлөмтгий болдог талаар эрүүл мэндийн салбарынхан ярьдаг. Тэр бүү хэл малын сүү саалийн хэмжээ ч тогтворгүй болж, үнээ саах хугацаа нэг цагаар урашлахад сүүний гарц тодорхой хэмжээгээр буурдаг талаар судлаачид хэлсэн байдаг.

Тухайлбал, Төрийн соёрхолт, академич Л.Лхагва хэдэн жилийн өмнө энэ талаар хэлэхдээ “Хоногийн цагийг гэнэт урагшлуулж, хойшлуулах нь бие махбодын дасан зохицох чадвар, биохэмнэлийн нийлэмжийг зориудаар алдагдуулж, дасан зохицлын эмгэг үүсэхэд хүргэдэг” гэжээ. Хаврын улиралд нар наашилж, өдрийн гэгээтэй хугацаа нэг хоёр минутаар уртассаар бүтэн цагийн зөрүү гарахад 30 гаруй хоног шаардагддаг бөгөөд үүнд хүн, амьтан ямар нэг зовуурь, шаналгаагүйгээр дасдаг ажээ. Намрын цагт мөн л нэг хоёр минутаар өдөр богиноссоор 40 гаруй хоногийн дараа нэг цагийн зөрүү гарахад бие махбод аяндаа зохицдог. 

Цаг урагшлуулах талаар академич Л.Лхагвын хэлснээр “Хүний махбодын энэхүү дасан зохицох зүй тогтлыг хайхралгүйгээр цагийг гэнэт урагшлуулж, хойшлуулах нь стрессийн цочмог нөлөө, сэтгэл түгшлийн дарамт, сэтгэл санааны тавгүйтэл бий болгодог. Энэ нь хүний биеийг хямраана, өвчлүүлнэ. Үүнийг шинжлэх ухаанаар батлаад байна. Хүүхэд өглөө босохдоо нэн хойрго болж нойрмоглох, сурагчдын анхаарал сарнин, хайхрамжгүй болж, дүйнгэтэх, хичээл дээр унтах, юм ойлгох чадвар нь мууддаг. Ялангуяа хүүхдийн дархлааны тогтолцоо төгөлдөршиж амжаагүй байдаг учраас биеийн эсэргүүцэл илт суларч, өвчлөмтгий болно” гэжээ.

Мөн холоос ажил, сургуульд явдаг хүмүүс, хүүхдүүдийн хувьд гэрээс гарах цаг мөн нэг цагаар урагшлах учраас илүү ядрах, орой эрт тарлаа ч зуны цагт цагаан гэгээ оройтож татрах учраас гадаа гэгээтэйд унтах гэвч нойр хүрэхгүй, өглөө үүрийн харанхуйгаар босож чадахгүй стресст орох зэрэг сөрөг нөлөө ихтэй. Эрчим хүчний хувьд ч орой цахилгаанаа хэмнэлээ ч өглөө харуй бүрийд эртлэн босож гэрлээ асаах тул ахуйн хүрээнд хэмнэлт төдийлөн гарч чаддаггүй талтай.

Гэтэл НЭМҮТ-өөс зуны улиралд эрт босох нь эсрэгээрээ биеийг сэргээж, амьдралын идэвхийг нэмэгдүүлж, стресст орох магадлалыг бууруулдаг гэжээ. Ямар боловч Засгийн газар удахгүй цагийн зүүг хөдөлгөх үү, хэвээр үлдээх үү гэсэн шийдвэрээ гаргана. Хэрэв зуны цагийн хуваарьт шилжвэл эрчим хүчний хэр хэмнэлт гаргаж, ямар үр дүнд хүрснийг ирэх намар тооцоолж сонсгох биз ээ. Ямар боловч хүний бие махбод шинэ цагийн хуваарьт дастал эмнэлгийн ачаалал нэмэгдэж болзошгүй бас нэг тал байгааг мартаж болохгүй нь.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ажлаа өглөө 7цагт эх(192.82.77.42) 2023 оны 03 сарын 28

Залхуу монголчууд

0  |  0
о(103.57.92.240) 2023 оны 03 сарын 27

болио

0  |  0
ХХК(103.212.118.237) 2023 оны 03 сарын 27

Medeej , Turiin albanii hulgai hiij , ajil hiih durgui hurdan darga nart bno .

0  |  0
ИРГЭН(202.55.188.118) 2023 оны 03 сарын 27

ЯМАР ХЭРЭГГҮЙ ЮМАА ОДОО БОЛЬ ӨӨР ХИЙХ АЖИЛ ЗӨНДӨӨ БНА. ХУВИЙНХАН ХОЁР НАРНЫ ХООРОНД АЖИЛАА ХИИГЭЭД БОЛООД Л БНАААХ

1  |  0
Зочин(192.82.88.80) 2023 оны 03 сарын 27

Болиочээ. Ядаж хүүхдүүдийн хичээл тараг. Ядаж цагийн зүүг битгий хөдөлгө. Өөр хийх юм алга уу Та нарт ???

1  |  0
zochin(192.82.83.109) 2023 оны 03 сарын 28

mash zov arga hemjee. tsag uragshluulahiig demjij bn.

1  |  2
Зочин(150.129.141.145) 2023 оны 03 сарын 27

Цагаар бүү оролддоо ядахнаа цагаар бүү оролд

2  |  0
Zochin(64.119.21.132) 2023 оны 03 сарын 27

Mash zuv zuitei tsegtsei bichjee.

1  |  0
цаг(202.179.21.207) 2023 оны 03 сарын 27

цаг хадөлгөхөөс өөр ажил чадахгүй төрийн албаа өгөөд төрхөмдөө буцвал таарна. энэ зүйлийг бичсэн хүнд хэлэхэд ард түмэн талцаал хэрэлдээд байсан зүйл үгүй шүү.хөгширөөл юм уншаад ойлгохоо байсан байна та! их дургүй бгаа.

2  |  0
бябуу(202.179.21.207) 2023 оны 03 сарын 27

тэр хэмнэлтийг нь яахуу?! хуваагаад гусахуу?! хэдэн олигархи нь.

0  |  0
Ж(103.57.93.199) 2023 оны 03 сарын 27

ямарч хэрэггүй

1  |  0
Top