Монгол улсад мэргэжлийн хэл засалч багш бэлтгэж эхэлснээс даруй 60-аад жил болж байгаа билээ. Харин энэ хугацаанд энэ мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх байдал тасарч, боловсон хүчний хомсдолд ороход хүржээ.
Хэл засалч гэдэг бол хүүхэд болон насанд хүрэгчдийн хэл ярианы аливаа бэрхшээлийг засан сайжруулдаг нарийн нандин мэргэжил бөгөөд тухайн хүн хүсэл сонирхлоороо, сэтгэлээсээ мэрийж ажилладаг үр дүн нь илэрхий харагддаг өвөрмөц нэгэн мэргэжил юм.
Монгол Улсад мэргэжлийн хэл засалч тун цөөрсөн, хэл ярианы бэрхшээлтэй хүүхэд, иргэдийн тоо ихэссэн энэ үед Монголын хэл засалчдын “Өгүүлэхүйн чанад” холбоо, Буриадын бүгд найрамдах улсын боловсролын бодлогын хүрээлэнтэй хамтран нэг жилийн онлайн сургалтаар дээд боловсролтой иргэдийг хэл засалч мэргэжлээр дахин бэлтгэж эхэлсэн байна. Энэ ажил дэлхий дахиныг хамарсан Ковидын хатуу хөл хорионы үеэр эхэлсэн ба өнгөрсөн оны 6 дугаар сард анхны төгсөлтөө хийж 45 хүн хэл засалч гэдэг мэргэжлийг эзэмшин мэргэжлийн дипломоо авсан байдаг. Өнөөдөр эдгээр төгсөгчдийн дийлэнх нь хэл ярианы бэрхшээлтэй хүүхдүүдэд мэргэжлийн туслалцаа үзүүлэн ажиллаж байна.
Өнөөдөр тус мэргэжлээр 1 жил суралцаж төгссөн 2 дахь төгсөлтийн 40 багшид мэргэжлийн дипломыг нь гардуулах үйл ажиллагаа боллоо.
Хоёр дахь төгсөлтийн онцлог нь хөдөө орон нутгаас тухайлбал Ховд, Баян-Өлгий, Дорнод, Эрдэнэт, Дархан-Уул аймгуудаас сургууль цэцэрлэгийн багш нар хамрагдсанд оршино.
Тус арга хэмжээнд ОХУ-аас Монгол улсад суугаа Элчин Сайдын Яамны соёлын асуудал хариуцсан атташе Латышева Надежда Юрьевна, БШУЯ-ны Ерөнхий Боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газрын тэгш хамран сургах бодлого хариуцсан ахлах мэргэжилтэн А.Саруул, Монголын Хэл Засалчдын “Өгүүлэхүйн чанад” холбооны захирал МУГБ Ч.Ганбилэг нар оролцлоо. Тус хоёр байгууллага зөвхөн мэргэжил олгоод зогсохгүй төгссөн хэл засалчдынхаа мэргэжлийг байнга дээшлүүлэхэд илүү анхааран ажиллах юм. Тун удахгүй нэгдүгээр анги төгссөн хэл засалчдын 3 хоногийн мэргэжил дээшлүүлэх сургалт эхлэх гэж байгаа юм байна.
Сэтгэгдэл ( 0 )